Монголын буудлагын спортын үндэсний шигшээ баг, “Автохим” ХХК-ийн тамирчин, ОУХМ Э.Энхмаа ирээдүйтэй залуу тамирчдын тоонд зүй ёсоор багтдаг. Тэрбээр гаргасан амжилтаараа спорт сонирхогчдын танил болоод удаж буй. Кувейт улсад 2015 онд болсон залуучуудын Азийн АШТ-д Э.Энхмаа өрсөлдөж, багаараа мөнгө, хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл дараа жил нь Якутын Сахад зохион байгуулсан Азийн хүүхдийн наадмаас мөнгө, бүх ард түмний XIV наадмаас мөнгө, хүрэл медаль өвөртлөн, шагналын буухиагаа үргэлжлүүлсэн. Түүнээс хойш хоёр жилийн дараа Аргентины нийслэл Буэнос-Айрест болсон Залуучуудын олимпын наадамд оролцон, холимог багийн төрөлд Унгарын тамирчин Залан Пеклертэй нэг баг болж, Мехсикийн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж, аваргаар шалгарсан юм. Залуучуудын УАШТ-ээс 10 алт, 11 мөнгө, таван хүрэл медаль хүртээд буй түүнтэй ярилцлаа.
-Манай буудлагын тамирчид энэ жилийн тэмцээнийхээ салхийг амжилттай хагаллаа. Кувейтийн буудлагын холбооноос зохион байгуулсан шейх Салман Аль Сабахын нэрэмжит Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Тус тэмцээний хийн урт бууны дасгалд Азийн орны 45 тамирчин өрсөлдлөө. Медаль зүүнэ чинээ бодоогүй надад буудлагын тэмцээнийг цахимаар зохион байгуулна гэхэд нь ер төсөөлөгдөхгүй байв. Тэмцээн өндөрлөсний дараа л түрүүлснээ мэдсэн.
-Та удам дамжсан тамирчин. Буудлагаар аав шигээ хичээллэхийг багаасаа мөрөөдсөн байх.
-Тийм ээ. Би 11 настай байхдаа буудлагын спортыг сонирхож, аав, ээжээсээ хоёр жил гуйж билээ. Учир нь энэ спортоор хичээллэх тамирчид 13 нас хүрсэн байх гэсэн шалгууртай. Энэ наснаас өмнө орвол буугаа даахгүй, халширч шантардаг тохиолдол цөөнгүй гардаг гэсэн. Аав минь намайг 2013 оны намар Техник спортын төв клубт дагуулж очоод өөрийн багш, урт бууны дасгалжуулагч Б.Энхжаргалд шавь оруулсан юм. Багш минь 2017 онд гавьяаныхаа амралтыг авахад шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад хичээллэж байна. Хүүхэд байхдаа аавыгаа буудлагаар хичээллэдгийг нь мэдсэнээс хойш буу шагайж үзэхийг маш их хүсэх болсон.
-Туршлагатай тамирчидтай бэлтгэл хийсэн анхны өдөр ямар санагдав?
-Хаалгыг нь татаж орсон эхний өдрөө “Хөөх, ямар гоё газар вэ” гэж бодож байлаа. Надад хамгийн их таалагдсан зүйл гэвэл хамт олных нь уур амьсгал. Хөл тавьсан эхний өдрөөс л тэд эерэг сэтгэгдэл төрүүлсэн болохоор үргэлж хамт баймаар санагдаж билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл ах, эгч нар маань өөрийн ур чадвар, туршлагаасаа харамгүй хуваалцан, зааж зөвлөсөөр байна.
-Энэ спортоор хичээллээд удаагүй байхдаа Кувейт улсад 2015 онд зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа тамирчидтай амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн санагдана.
-Баг болж оролцсон туршлагагүй гурван тамирчин өндөр оноо авч шигшээд шалгарна гэдэг том амжилт шүү дээ. Бид гадаадын томоохон тэмцээнд анх удаа оролцож байгаа болохоор амжилт гаргах талаар бодоогүй л дээ. Гадаадын тамирчид тэмцээнд хэрхэн өрсөлддөгийг харж, туршлага хуримтлуулах зорилгоор оролцсон юм. Төсөөлж байснаасаа илүү амжилт гаргасан болохоор урам авч их баярласан. Тэр тэмцээнээс хүртсэн мөнгө, хүрэл медалиа бэлгэшээж, шагналынхаа хамгийн дээр залдаг. Түүнээс хойш медалийнхаа буухиаг таслалгүй өнөөг хүрлээ.
-Багш, аав хоёр тань тухайн үед таныг амжилт гаргана гэж бодож байсан болов уу?
-Үгүй ээ, тамирчин болоод удаагүй байсан болохоор багш, аав, ээж намайг амжилт гарна гэж бодоогүй байх аа. Биднийг хилийн дээс алхаж, газар үзэхдээ гадаадад буудлагын тэмцээн ямар болдгийг харж, тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулаад ир” гээд явуулсан юм. Тэмцээнээс медаль өвөртлөөд эх орондоо ирэхэд багш минь бөөн баяр болж угтсан. Азийн орнуудаас Энэтхэг, БНСУ, Ираны тамирчид өндөр амжилт гаргадаг. Миний хувьд олон улсын тэмцээнд оролцдог тамирчдын зан чанар, сэтгэл зүйн байдал, бэлтгэл хэр хийж, амжилт хэрхэн гаргаж байгааг нь судалдаг.
-Халширч, бэлтгэлдээ явмааргүй санагдсан үед багш тань хэрхэн зөвлөж, буцааж авчрав?
-Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж ирсэн надад эхний жил нүд ирмэхийн зуур өнгөрсөн. Хоёр дахь жилээс нь халширч, хааяа бэлтгэлдээ явмааргүй санагдаж, аль болох зугтах гээд байдаг болсон. Багш буу шагайлгаад хөл чилтэл зогсоох нь хэцүү. Надад бэлтгэл хийх амаргүй санагдаж, түр завсарласан удаа бий. Хэдий шантарсан ч хүн өөрийнхөө сонирхсон зүйлээсээ удаан холдож чаддаггүй юм билээ. Б.Энхжаргал багш тэтгэвэрт гаргахдаа өөрийнхөө шавь Ж.Ганхуягийн удирдлагад намайг шилжүүлээд удаагүй байв. Багш нэг өдөр “Чамд буудлагаар хичээллэж, тамирчин болох ирээдүй бий. Ямар нэгэн зүйлд дасаж, идэвхгүй болдог үе хүнд байдаг. Тиймээс өөрийгөө хүчлэх шаардлагагүй. Нэг хэсэг амар. Тайван бодож, дүгнэлт хийгээд ир” гэж зөвлөсөн юм. Хамт олноосоо сурсан зүйл надад их бий. Ах, эгч нарын минь зааж, зөвлөсөн бүхэн алхам тутамд хэрэг болдог. Буудлага сэтгэл зүйн спорт, тэр хэрээрээ мэдрэмж шаарддаг. Хичээллэх тусам тамирчны зовлон, жаргалыг мэдэрч, сэтгэл улам татагдсан. Сүүлдээ буудлагаас холдож чадахгүйгээ мэдэрч, сонголттойгоо эвлэрлээ. Тэр үеэс энэ спорт миний зорилго, тэмүүлэл, амьдрал минь болсон.
-Танай гэрт спортын тухай яриа байнга өрнөдөг байх аа?
--Гэртээ спортын тухай яриа өрнүүлэх нь ховор. Миний хувьд чөлөөт цагаараа тухтай амрахыг боддог. Тэмцээнтэй үед аав, ээжийн минь харцнаас амжилттай оролцоосой гэж бодож байгаа нь андашгүй. Буудлагын спорт бусад төрлөөс ялгарах онцлог бий. Бөх, тулааны тамирчид шиг сэтгэл хөдлөл, хүч бяр, хурд хөдөлгөөн биднээс тэгтэл их гардаггүй. Тайван байж, анхаарлаа төвлөрүүлж тэмцээнд оролцоно. Товчхон хэлбэл бясалгаж бодох нь илүү. Энэ утгаар яривал сэтгэл зүйн хувьд хөөрөл, догдлол багатай гэж болно. Өрсөлдөгчөөсөө илүү өөртэйгөө өрсөлдөж амжилт гаргадаг. Тиймээс өөрийгөө ялан дийлэх чадварт түрүүлж суралцдаг юм.
-Таныг хүүхэд байхын аливаад шантарч буцдаггүй зантай гэж сонссон шүү.
-Би өмнө нь сэтгэл хөдлөл ихтэй байлаа. Буудлагаар хичээллэснээс хойш тайван, хүлээцтэй болсон. Анх хичээллэж байсан үеэ бодвол одоо өөртэйгөө ярилцан, аливаа зүйлд шийдвэр гаргахдаа эргэцүүлэн бодож, дүгнэлт хийдэг. Сэтгэл зүйн хувьд ч өөрийгөө ялж, ямар ч их ажилтай байсан ачаалал дааж сурсан.
-Тамирчдад завтай өдөр хомс. Хааяа олддог чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Чөлөөт цаг гарвал өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Би МУИС-ийн улс төр судлалын ангид сурдаг юм. Өөрөө сонирхож сонгосон болохоор мэргэжилдээ дуртай. Улс төр судлал олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг. Надад багш нарын минь зааж байгаа хичээл их сонирхолтой. Өглөө хичээлдээ гүйж, өдөр нь бэлтгэл хийсээр орой л гэрийн бараа хардаг гээд цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг байлаа. Хүн завгүй тусмаа их ажил амжуулсан байдаг юм билээ. Миний хувьд сургууль, бэлтгэл, гэр гэсэн жимээр завгүй явдаг ч хичээл, спортын аль алийг нь хослуулж урагшлахыг хичээдэг.
-Гадаадын тамирчдын зарим нэгтэй нь найз болсон биз?
-Буэнос-Айрест 2018 онд болсон залуучуудын олимпын наадмын холимог багийн төрөлд Унгарын тамирчин Залан Пеклертэй нэг баг болж оролцсон. Хамтдаа хичээсний хүчинд түрүүлж, алтан медаль хүртэж байв. Бид одоо ч найз нөхдийн холбоотой, цахим хуудас, инстаграмаар холбогддог. Гадаадад зохион байгуулсан тэмцээний үед тааралдвал мэндэлж, нэгэндээ амжилт хүсдэг юм.
-Сүүлийн үед ямар фирмийн буугаар онч сорьж байна вэ?
-Энэ спортоор хичээллэхээр ирсэн хүүхдүүдийг Техник спортын төвөөс бэлтгэл хийх буугаар хангадаг. Ур чадвараа хөгжүүлэн, тодорхой түвшинд амжилт гаргасан тамирчид өөрийн сонгосон буугаар тэмцээнд оролцох шаардлагатай болдог. Би гурван жилийн өмнө “Feinw¬erkbau 800” загварын хамгийн сүүлийн үеийн буу худалдаж авсан. Буудлага өртөг өндөртэй спорт. Хийн урт бууны тамирчид фирмийн сайн буу худалдаж авахад наанадаж 10-12 сая төгрөг зарцуулна шүү дээ.
-Буудлагаар хичээллэх сонирхолтой залууст туршлагатай тамирчны хувьд зөвлөөч.
-Тамирчин болохоор зорьж байгаа бол эрүүл мэндээ эн тэргүүнд тавих хэрэгтэй. Спортод эрүүл байж амжилт гаргана шүү дээ. Буудлагаар хичээллэхээр бол сэтгэлийн хөөрлөөр бүү сонго. Сайн судалж, өөрийгөө тууштай байж чадах, эсэхийг тунгаасны эцэст хөл тавиарай. Энэ спортод хараанаас илүү мэдрэмж, тэвчээр хамгийн чухал. Хүүхэд, залуус тэвчээр, зориг дутсанаас шантардаг. Амжилтад амар хүрдэг спорт гэж хаана ч байхгүй. Спортын талбарт зорилготой, тэвчээртэй нь үлддэг. Энэ ташрамд, намайг өдий зэрэгт хүргэж, амжилтаас атгуулсан дасгалжуулагч С.Энхжаргал, Ж.Ганхуяг багш нартаа, мөн ямар ч үед үргэлж дэмжсээр ирсэн Техник, спортын төвийн хамт олон, тамирчдадаа баярлаж явдгаа уламжилъя.