Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай ярилцлаа.
-Манай сонинд анхлан ярилцлага өгч буйд баярлалаа. Монгол судлаач хүн манай улсад Элчин сайдаар ажиллахаар ирсэнд бид тун их олзуурхаж байна. Та яагаад монгол судлаач, бүр хүннү судлаач болсныг ярилцлагын эхэнд асуумаар санагдлаа.
-Би багаасаа түүх сонирхсон. Эхлээд Грек, Ромын домгийг уншиж, дараа нь Унгарын эртний домог ярианаас бид Хүннүтэй ямар нэгэн байдлаар холбоотой, нүүдлийн соёл иргэншилтэй байсныг олж мэдсэнээс хойш түүх миний сэтгэлийг бүр ч их татсан. Монголчууд ч бас нүүдлийн соёл иргэншилтэй байсныг түүхийн эх сурвалжуудаас мэдсэний дараа танай улсад ажиллаж байсан унгар хүмүүсээс маш сонин зүйлсийн талаар сонсоод энд ирэх санаа төрсөн л дөө. Унгар өвөг дээдсийнхээ соёл иргэншлийг шимтэн судалж, улмаар хүннү өв уламжлал гэж яг юу вэ гэдгийг мэдэхийг хүссэн учраас Монгол судлалыг сонгосон. Нэг удаа аав, ээж хоёрыг автобусны буудал дээр зогсож байхад нэгэн монгол эмэгтэй зам асууж л дээ. Тэд тэр эмэгтэйд туслахад, хариуд нь хуучин монгол үсэгтэй ил захидал бэлэглэсэн юм билээ. Аав надад түүнийг өгсөн. Ил захидлыг анх хараад “Ийм үсгийг би хэзээ ч уншиж чадахгүй” гэж бодож байсан ч хэдхэн жилийн дараа монгол бичиг сурсан. Нөгөө ил захидлыг уншиж чадсандаа үнэхээр баяртай байлаа.
-Танд манай улсын юу нь дотно санагдаж, гүн сэтгэгдэл төрүүлдэг вэ?
-Би Монголын хөдөөд очих дуртай. Монгол хүмүүс сайхан сэтгэлтэй, гадаад хүмүүст тусалдаг, хөдөө нь тайван, байгальд ойрхон байж чаддаг. Монгол Улс түүхийн дурсгалаар элбэг. Тэр бүхнийг нүдээр үзэж, Унгарын түүх, соёлын дурсгалуудтай харьцуулан судлах зайлшгүй хэрэгтэй. Хөдөө явж байхад Унгар, Монгол хоёр улс ямар нэгэн байдлаар холбоотой гэмээр ижил зан үйл, ёс заншлын зүйл их олон харагддаг. Мөн би монгол хоолонд дуртай. Мах нь маш гоё амттай. Зарим хоол нь манай өвөг дээдсийн идэж байсан идээ ундтай их төстэй санагддаг. Ер нь би Монголд байх дуртай, чин үнэндээ монгол хүний сэтгэлд хайртай. 1990- ээд оны дундуур намайг МУИС-ийн Монгол судлалын сургуулийн оюутан байхад манай багш нар, ялангуяа докторын диссертацыг минь удирдагч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ж.Болдбаатар багш маань бүхий л талаар надад их тусалсан. Багш минь надад хэзээ ч хатуу үг хэлж байгаагүй. Энэ мэт олон сайхан дурсамж байдаг учраас Монголд сурсан үе минь сэтгэлд хамгийн гэрэл гэгээтэй санагддаг.
-Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 70 жил болжээ. Өнгөрсөн онд түүхт ой тохиосон. Гэхдээ цар тахалтай холбоотойгоор ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн зарим арга хэмжээг хойшлуулж, цаг сайхан болохоор хийхээр болж буй юм билээ. Та энэ талаар тодруулахгүй юу?
-Унгар, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. 1957 онд соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсанаас хойш бүхий л салбарын харилцаа хөгжсөн. Тэр дундаа хөдөө аж ахуй, боловсролын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж байна. Энэ гэрээний хүрээнд олон зуун монгол оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр манай оронд суралцах боломж бүрдсэн юм. Хамтын ажиллагааны уг гэрээг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шинэчлэн хэрэгжүүлсээр ирсэн. Мөн Унгарын геологичид Монголд 420 худаг гаргаж, 1.3 сая га газрыг усаар хангах боломж бүрдүүлсэн. Малчид одоог хүртэл “Унгарын худаг” хэмээн ярьдаг шүү дээ. Судлаачид, уран бүтээлчид, зохиолчид хамтарч, ном гаргаж, кино хийсэн байдаг. Монголын эртний түүх, соёлын дурсгалт газруудыг судлах хамтарсан экспедицүүд ч байгуулан ажиллуулсан. Социализмын үед Унгарын Засгийн газраас оёдлын үйлдвэр, Дарханы “Мах комбинат”, “Биокомбинат” зэрэг үйлдвэрийн барилга байгууламжууд барьж, Монголын талд хүлээлгэн өгсөн түүхтэй. Бид одоо ч жижиг, дунд үйлдвэрийг Монголд хөгжүүлэх бодлоготой байна. Манай хоёр орны ард түмний харилцаа, холбоог энд дурдахгүй өнгөрч болохгүй. 1970-аад оны сүүлчээр Монголд 2000 орчим унгар хүн ажиллаж байсны тэн хагас нь Улаанбаатарт байсан. Тэд Монголд 1-2 жил ажиллахдаа Монголыг гэх сэтгэлтэй болсон. Бид хамтдаа бүтээж, хөгжсөн энэ мэт сайхан түүх олон бий.
Харамсалтай нь, 70 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг цар тахлын улмаас хойшлуулсан. Гэхдээ ирэх намар Унгарын соёлын өдрүүдийг Улаанбаатарт зохион байгуулж, хоол унд, соёл, дуу, бүжгээ монголчуудад таниулахаар төлөвлөж байна. Мөн тэр үеэр хоёр орны бизнесийн салбарынхны уулзалтыг хийх санаатай. Унгарын талаас хүнсний болон бусад бүтээгдэхүүн, технологийг танилцуулна. Үүнээс гадна бид энэ жил хэд хэдэн дурсгалын самбар, хөшөөг Улаанбаатар хотод байршуулахаар зохих шатанд ярилцаж байна. Жишээлбэл, 1920-иод оны үед Монголын үндэсний анхны театр болох “Бөмбөгөр ногоон” болон анхны цахилгаан станцын зураг, төслийг хийсэн Йозеф Гелета, Д.Сүхбаатар жанжны эмч байсан Андор Радноти нарт зориулсан дурсгалт самбарыг хийж, байршуулна. Мөн энэ жил Унгар, Монголын археологийн экспедицийн 60 жилийн ой тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан Бэлхийн аман дахь Хүннүгийн ноёны булшны дэргэд дурсгалын хөшөө байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн энэ жил нэлээд хэдэн ном, товхимол гаргаж, унгар соёл иргэншлийг монголчууддаа танилцуулна. Эдийн засаг, соёлын иймэрхүү арга хэмжээг зохион байгуулах нь үр дүнтэй гэж бодож байна. Улаанбаатарт Унгарын кино өдрүүд, Унгарт Монголын кино өдрүүдийг зохион байгуулахад ч бэлэн.
-Монгол, Унгарын харилцааны томоохон бэлгэ тэмдэг нь “Биокомбинат” гэгддэг. Үүнийг шинэчлэх ажил таныг Элчин сайд байхад ямар үр дүнд хүрнэ гэж хэлж чадах вэ?
-Унгар, Монголын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сонгино дахь “Биокомбинат”-ыг өргөтгөх төслийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж, дараа сард нь вакцины үйлдвэрийн шав тавьсан. Төслийн хэрэгжилтэд цар тахал нөлөөлж байгаа ч удахгүй цаг сайхан болоход ажлын явцыг түргэсгэх санаатай байна.
-Унгар Улсын Засгийн газраас жилд 200 монгол оюутанд тэтгэлэг олгодог. Хамруулж буй оюутны тоогоор жишвэл ийм хэмжээний дэмжлэг, боловсролын салбарын хамтын ажиллагаа өрнүүлдэг улс манайхаас өөр олон байдаг уу. Цаашид хамрах хүрээ нь хэр өөрчлөгдөх бол?
-Түрүүнд хэлсэнчлэн манай хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг бол яалт ч үгүй боловсролын салбар. Унгарын Засгийн газраас жил бүр 200 монгол оюутныг боловсролын тэтгэлэгт хамруулан сургаж байгаа нь энэ салбарт хэрэгжүүлж буй төслүүдээс Хятад, Оросын дараа томоохонд орох юм. Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тоо өөрчлөгдөхгүй. 200 бол том тоо. Гэхдээ Монголын тал хүсэлт тавивал суралцах чиглэлийн тоог 200 дотроо жаахан өөрчилж болно. Аль нэгэн салбарыг чухал гэж үзвэл тэр чиглэлд тухайн онд оюутнуудаа түлхүү явуулж болно гэсэн үг. Жишээлбэл, хэрэв хөдөө аж ахуйг илүү чухал гэж үзвэл бид хүсэлтийн дагуу ярилцах боломжтой.
Мэдээж үүнээс гадна цаашид боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон боломж бий. Тухайлбал, Европын Холбооны “Эразмусплас” болон НҮБ-ын FAO-гийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд монгол оюутнуудыг сургаж болно. Манай улс хэдийгээр жижиг ч гэсэн Европын түвшний боловсрол олгодог.
-Усны салбарт хамтран ажиллах хүсэлтээ манай талаас удаа дараа илэрхийлж байгаа. Тухайлбал, таныг итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол орны говийн бүсэд барьж буй төмөр замыг дагасан 1000 км усжуулах хоолой татах судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон талаар дуулгасан. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Ус бол Унгарын эдийн засгийн гол салбар. Манай мэргэжилтнүүд 50 жилийн өмнө Монголд усны нарийвчилсан судалгаа хийсэн. Тийм учраас одоо бид энэ салбарын хамтын ажиллагааг сэргээх, хөгжүүлэх талаар ярилцаж байна. Ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд ч бэлэн. Гэхдээ том хэмжээний төслүүд учраас бид нарийн судлах хэрэгтэй.
-Та Элчин сайдын албаа дуусгаад судлаачийн ажилдаа илүү төвлөрч ажиллах, эсэхийг эцэст нь тодруулъя.
-Элчин сайдаар томилогдсоноос хойш ажил ихтэй байгаа учраас хавар хүртэл эрдэм шинжилгээний ажлаа хийж амжихгүй нь бололтой. Гэхдээ хамтын ажиллагааны олон гэрээ, төсөл хэрэгжүүлж болно. Би өнгөрсөн арваннэгдүгээр сард Унгараас ирээд тусгаарлалтад байхдаа эртний Унгарын шаcтир, шүлэг, тууль гээд нэлээд хэдэн орчуулга хийсэн. Уг шаcтируудад эртний Унгарын нүүдлийн зан заншил болон бөө мөргөлийн зан үйлийн талаар нэлээд тодорхой зүйлүүд бичиж үлдээсэн байна. Харин шүлэг, туульд Төв Азийн дайчин эмэгтэй Муланыхтай төстэй түүхийг дурдсан байсан нь сонирхол татсан. Бүтээлүүдээ бэлэн болгоод монгол хэлээр ном болгон хэвлүүлнэ. Бас ирэх зун хөдөө явж, хээрийн судалгаа хийх санаатай. Гэхдээ өмнөх шигээ судалгааны ажил хийхгүй. 2019 онд Унгарт байхдаа бичсэн Хүннү болон Хятадын харилцааг хүннүгийн талаас нь шинжилсэн судалгаа бүхий “Торгоны зам болон Хүннү” номоо орчуулж, монгол хэлээр хэвлүүлэх төлөвлөгөөгөө яваандаа хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Монголын Хүннүгийн археологийн олдворуудыг нэгтгэсэн номыг унгар хэлээр орчуулж, Унгарт хэвлүүлнэ. Мөн миний төлөвлөгөөнд байгаа нэг сайхан санаа бол Монгол орны тухай жуулчдад зориулсан нэг гоё ном, эсвэл каталог гаргах явдал. Гэхдээ үүнийгээ хэзээ биелүүлэх юм, бүү мэд. Цаашдаа монголчуудын амьдрал, байгаль, соёл, монгол сэтгэл, гайхамшгийн талаар Унгарт танилцуулах санаа бас бий.
-Баярлалаа. Шинэ албанд тань амжилт хүсье.