Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Ч.Уранбилэгийг “Залуус” буландаа урилаа. Түүнтэй цахимаар холбогдож ярилцсанаа хүргэе.
-Та жүжигчний мэргэжил хаана эзэмшив. Дэг жаяг хатуу, мэргэжлийн шалгуур өндөртэй театрын уран бүтээлч болохоор шийдсэн шалгаан тань юу вэ?
-Би Цагдаагийн академид орж, хуульч мэргэжилтэй болохоор бэлдэж байлаа. Тэр үед найз минь Орхон аймгийн Хүүхэлдэйн театрын драмын дугуйланд суралцдаг байв. Нэг удаа найзтайгаа уулзахаар дугуйланд очихдоо багштай нь танилцсан юм. Тэр үед их гоё санагдсан. Яагаад ч юм би жүжигчин болж чадах ч юм шиг. Тэр өдрөөс хойш л “Би жүжигчин болох ёстой. Би театрт байх хэрэгтэй” гэж бодсон. Гэхдээ хэн нэгэн жүжигчнийг хараад “Энэ хүнтэй адилхан болох юм сан” гэж огт бодож байгаагүй. Хэн нэгнийг дуурайх дуртай биш. Би зүгээр л өөрөөрөө байхыг хүсдэг. Тэгээд л жүжигчнээр суралцахаар шалгалтад бэлтгэсэн. Харамсалтай нь, тэр үед ээж минь хүндээр өвдөж, би их сургуульд суралцаж чадахааргүй болсон. Ажил хийх ч шаардлагатай болов. Тэгээд нэг өдөр л зориг гарган Хүүхэд, залуучуудын театртаа дагалдан жүжигчнээр орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Театрын дарга Д.Бэхбилэг, найруулагч Е.Баярмагнай, уран сайхны удирдаач Х.Бямбабаатар, эл театрт ажиллаж байсан ахмад уран бүтээлчдээ багшаа гэж бодож явдаг. Театрынхаа залуу жүжигчин Г.Мишээлийн бичсэн “Чаплинд нулимс бий юү” зохиолыг нэг хүний жүжиг хэлбэрээр анх найруулсан. Өөрөөрөө овоглох уран бүтээл туурвихад сэтгэл их хөдөлсний зэрэгцээ асар их хариуцлага мэдэрсэн. Дараа нь мөн л Г.Мишээлийн зохиолоор “Итгэлийг эвдэгч” нэг хүний жүжиг найруулсан.
-Багаасаа урлагт дурласан уу?
-Цэцэрлэгт байхаасаа л. Багадаа цонхныхоо хөшгийн араар орж байгаад “Гавьяат жүжигчин Уранбилэг дуулна” гэж өөрийгөө зарлаад л дуулдаг охин байлаа.
-Залуу уран бүтээлчдийн олонх нь орон нутагт бус, Улаанбаатар хотод ажиллахыг урьтал болгодог. Харин та яагаад Орхон аймагт ажиллахаар шийдсэн юм бэ?
-Урлагийн мэргэжил эзэмшсэн залуусын олонх нь олны хөлийн газар, тэр дундаа Улаанбаатар хотыг зорьдог. Тэднийг буруутгах аргагүй. Зах зээл, эрэлт хаана байна, тэнд төвлөрөх нь зүйн хэрэг. Харин миний хувьд Орхон аймгийн унаган хүүхэд. Төрсөн газартаа их хайртай, холдох дургүй. Өөрийнхөөрөө байж чаддаг газар минь. Тиймээс эргэн тойрны хүмүүстээ өөрийн чадах зүйлээр бэлэг барьж, тэднийгээ баярлуулж амьдрахыг хүссэн. Нөгөө талаас би байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдардаг. Эндээ би хүссэн мэргэжлээрээ сурч, театрынхаа тайзан дээрээс үзэгчидтэй уулзаж буйдаа сэтгэл хангалуун байдаг.
-Гараагаа ямар уран бүтээлээр эхэлсэн бэ. Өнгөрсөн хугацаанд хэчнээн уран бүтээл олон нийтэд хүргэв?
-“Хүүхэлдэйн концерт”. Хүүхэлдэйг барьж, дуулуулж, бүжиглүүлээд л. Их гоё мэдрэмж шүү. Драмын жүжгийн хувьд Карл Гольдонигийн “Хоёр эзний ганц зарц” сонгодог инээдмийн жүжигт эрэгтэй, эмэгтэй хоёр дүрд тоглож байлаа. Одоогоор хүүхдийн болон драмын 30 гаруй жүжигт тоглоод байна.
-Залуу уран бүтээлч орон нутгийн театрт өсөж хөгжих боломж бий юү. Танай театрын зүгээс залуу уран бүтээлчдээ хэрхэн дэмждэг бол?
-Мэдээж өсөн дэвжих, хөгжих боломж бий. Театр байна, тайз байна. Хүсэл тэмүүлэл л байвал ажиллах боломж, нөхцөл нь бий. Тэгээд ч хийхийг хүсвэл заавал театраас боломж, бололцоо олгохыг хүлээх шаардлагагүй шүү дээ. Хүсэж буйгаа өөрсдөө бие даагаад, зориглоод хийхэд л болно.
-Орон нутгийн үзэгчид театрын урлагийг хэр сонирхдог вэ. Үзэгчдээ хэрхэн бэлтгэж байгаа вэ?
-Нэг үеэ бодвол театрын үзэгчийн тоо нэмэгдсээр байгаа. Хүүхдүүд манай театрын хүүхдийн уран бүтээлд их дуртай. Тэд чинь театрын маань ирээдүйн үзэгч шүү дээ.
-“Гэгээн Муза” олон улсын театрын наадамд та амжилттай оролцож, шагнал хүртсэн. Тус наадамд “сойсон” бүтээлүүдийнхээ тухай ярихгүй юү?
-Тус наадмын үнэнч үзэгч байлаа. 2018 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нэг хүний жүжгийн төрөлд Г.Мишээлийн “Нохойн хурим”, “Итгэлийг эвдэгч” хоёр уран бүтээлээр өрсөлдөж, хоёулаа шилдгээр шалгарсан. “Нохойн хурим”-д чөтгөрт эзэмдүүлж, өөрөө өөртэйгөө тэмцэж буй гэлэнмаа охины тухай өгүүлдэг бол “Итгэлийг эвдэгч” бол арьс цайрах өвчтэй Барнаб гэх залуугийн тухай жүжиг.
-“Гэгээн Муза” наадмын шилдгээр шалгарсны дараа уран бүтээлийн тань өнгө аяс өөрчлөгдсөн үү. Хэсэгтээ л нэг хүний жүжигт дурлах шиг санагдсан.
-Яг тийм. Нэг хүний жүжигт хэсэгтээ л дурласан. Бас драмын жүжгийн дүрүүдэд ажиллах арга барил жаахан өөрчлөгдсөн болов уу.
-Одоо жүжгийн ямар төрөлд илүү дурлаж, ажиллахыг хүсэж байгаа вэ?
-Жүжгийн бүх л төрөлд дуртай. Учир нь амьдралын олон өнгийг мэдрэхийг хүсэж байна.
-Тайзны уран бүтээл болгож үзэгчдэд хүргэхийг хүсдэг зохиол байдаг уу. Таны эмзэглэж явдаг сэдэв юу вэ. Хэзээ тэр сэдвээ уран бүтээлдээ тусгах бол?
-Байгаа. Сэтгэлийн гүндээ бол хэдийн бэлэн болгочихсон нэг бүтээл бий. Харин тайзан дээр хэзээ, хэрхэн “амилуулах”-аа мэдэхгүй юм. Би нийгмийн цөөнхөд сэтгэл их зовдог. Энэ сэдвээр бүтээл хийхийг хүсдэг. Шүүмжлэх хүн олон л гарч ирэх байх. Гэхдээ тэд чинь энэ бөмбөрцгийн л нэг хэсэг.
-Ингэхэд та олон улсын уралдаан, наадамд оролцож байв уу. Ямар амжилт үзүүлж байв?
-“Unima” гээд хүүхэлдэйн театр, хүүхэлдэйн урлаачдын наадамд оролцож, шагнал хүртэж байлаа. Мөн БНХАУ-ын Чинду хотод болсон хүүхэлдэйн уралдаант наадамд “Шанзны гурвал” үзүүлбэрээрээ шилдэг бүтээлийн шагнал хүртсэн.
-Театрынхаа ахмад уран бүтээлч, залуу жүжигчидтэй хамтран ажиллаж байхдаа та тэднээс юу “авч үлдэх”-ийг хүсдэг вэ?
-Мэдээж хүн бүрт авууштай чанар, суралцах зүйл бий. Тэдгээрийг нь олж харахыг хичээдэг. Би залуу жүжигчидтэй ажиллаж, тэдний эрч хүчийг мэдрэх дуртай.
-Энэ хүнийг л уран бүтээлдээ тоглуулж, хамтарч ажиллах юм сан гэж боддог уран бүтээлч бий юү?
-Гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгчтэй ажиллаж үзэх сэн гэж хүсдэг. Бас УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнийг нэрлэмээр байна.
-Таны уран бүтээлдээ баримталдаг зарчим юу вэ?
-Бүх зүйлийг чин сэтгэлээсээ, хариуцлагатай хийхийг эрмэлздэг. Хэн нэгний нүд, сэтгэлийг хуурахгүйгээр өөрт мэдрэгдэж буйг үзэгчдэд хүргэхийг боддог.
-Эзэмшсэн мэргэжил тань өнөөдрийг хүртэл таныг хэрхэн өөрчлөв. Ямар эерэг дадал суулгав. Эсрэгээр, та юуг золиосолсон бэ?
-Биедээ суулгах хамгийн гол зүйл бол хүн чанар. Цаг хугацаа өнгөрөх тусам мэргэжил минь миний биед уусаж байгаа мэт санагддаг. Эерэг дадал, зуршлаа тоочвол олон. Жишээ нь, цагийн менежменттэй байх, дасгал хөдөлгөөн хийх гэх зэрэг. Золиосолсон зүйл ч их. Ялангуяа гэр бүлдээ гаргах цаг зав хомс. Хүүхдүүдийнхээ багад гэртээ биш, театртаа л өнждөг байлаа. Баярын өдрүүдээр хүүхдүүдтэйгээ авхуулсан зураг бараг байдаггүй гээд бодохоор харамсалтай байгаа биз.
-Хамт олонтойгоо хийх дараагийн уран бүтээл тань ямар байх бол. Төлөвлөсөн үү?
-Хүүхдийн болон драмын жүжиг хүргэхээр төлөвлөсөн. Мөн хоёр хүний жүжиг хийх санаа бий.
-Ирэх жилийн “Гэгээн Муза”-д дахин бүтээлээрээ өрсөлдөх үү?
-Мэдээж бүтээлээ сойно. Амьтай байх, амьд буйгаа мэдрэхийн тулд зүтгээд л байна даа.