Монголын хоккейн шигшээ багийн тамирчид Азийн аварга шалгаруулах “Challenge cup of Asia” тэмцээнээс 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, 2018, 2019 онд медалийнхаа өнгөө хувиргаж, аварга болсноор дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрх өвөртөлсөн. Тэгвэл Шведэд 2017 онд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлуулж байв. Багийнхаа хоккейчидтой медалийн төлөөх тоглолтуудад оролцож, “Азийн шилдэг хамгаалагч”, “Шилдэг тоглогч”-оор шалгарсан ОУХМ З.Батгэрэлтэй ярилцлаа.
-Хоккейн спортод хөл тавьсан замналаас тань ярилцлагаа эхэлье?
-Аав, ээж хоёр хотоос ирэхдээ надад хоккейн тоглоом авчирч өгч байв. Түүгээр нь тоглож сураад ааваас бусдыг нь хождог боллоо. Аавын найз З.Очирхуяг ах манайд ирэхдээ миний тоглохыг хараад “Ах нь энэ спортоор хичээллэдэг юм. Хоёулаа тоглоё” гэхэд аав “Нэг болзол тавья. Чи хүүтэй минь тоглоод хожигдвол хоккейн цохиур бэлэглэ. Хэрвээ хожвол хэлснийг чинь өгье” гэв. Түүнийг 10:0-ээр хожин цохиуртой болж тэшүүрээр гулгаж сурсан. Дархан-Уул аймгийн Шарын голын II арван жилийн сургуулийн сурагч байхдаа байрныхаа ах нар, үеийнхээ нөхөдтэй мөсөн талбайд гулгаж өнжинө. Нэг өдөр биднийг тоглож байтал Б.Жаргал багш уулзаад “Хэд хоногоос тэмцээн болно, та нар оролцох уу” гэдэг юм байна. Бөөн баяр бололгүй яах вэ, тэр дороо л зөвшөөрч, Багануурт болсон хоккейн тэмцээнд анх удаа оролцон, шагналынхаа салхийг мөнгөн медалиар хагалж байснаа ер мартдаггүй. Тэр тоглолтоос хоккейн тэмцээний талаарх анхны ойлголттой болж билээ. Хоккейтэй хувь заяагаа холбосон миний түүх ингэж эхэлсэн. Надтай хамт гулгадаг хүүхдүүд алсдаа ажил, мэргэжлээ сонгож, хоккейгоос холдоход би ганцаараа үлдэж байлаа.
-Хүүхэд байхдаа Японыг зорьж, хоккейн сургалтад хамрагдаж байсан гэл үү?
-Тийм ээ, тус улсын Күрүзова мужийг 2002 онд зорьж, хоккейн сургалтад хамрагдсан. Тухайн үед сургалтад 160 орны хүүхдүүд ирж байв. Тэр сургалтын ачаар хоккейн спортын талаар ерөнхий ойлголттой болж, олон зүйл сурсан. Надтай хамт хоккей тоглодог найзууд “Чи Япон явж, сургалтад хамрагдсанаас хойш шал өөр болсон” гэж байв. Манайх Шарын голд амьдардаг байлаа. Би нэг эгчтэй, айлын бага хүү. Манайхан намайг ойр зуурын зүйлд байнга гүйлгэнэ. Гэрээсээ өдөрт хэдэн удаа гардаг ч байсан юм бүү мэд. Орон сууцын тавдугаар давхарт амьдардаг байсан тул шатаар өгсөх, буух нь нэг талаар бэлтгэл болдог байв.
-Уйгагүй хичээснийхээ дүнд амжилтад хүрсэн байх нь.
-Тамирчин хүн амжилтад амархан хүрдэггүй. Хоккейгоос өөр зүйл боддоггүй байсан би гэр бүлтэй болсноосоо хойш мэргэжлээрээ ажиллах, эсвэл спортдоо үлдэх үү гэсэн сонголттой тулгарсан. Надад ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцох амаргүй санагдсан тал бий. Эхнэртэйгээ энэ талаар ярилцахад “Чи ийм их зүйлийн ард гарчихаад хоккейгоо орхиж болохгүй. Шигшээ багт тамирчин дутаж мэднэ. Чиний хэрэг гарсан болохоор багийнхан тань дуудсан байх, тэмцээндээ оролц” гэж зөвлөлөө. Гэр бүл минь ингэж ойлгож, дэмжсэний ачаар спортдоо үлдэж, тэмцээнд алгасалгүй оролцож байна.
-Шигшээ багт хэрхэн хөл тавьж байв. Анхны тэмцээн урам өгч, хойшид тоглох итгэл, найдвар төрүүлсэн үү?
-Би шигшээ багийн тамирчдыг хараад хэзээ нэгэн цагт тэдэн шиг болчихоод хилийн дээс алхаж, газар үзэх сэн гэж мөрөөддөг байв. Хоккейн нэлээд хэдэн тэмцээнд оролцсоны дараа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, сэлгээний тамирчин боллоо. Тэр үед надад “Одоохондоо туршлагагүй болохоор тоглолтод алдаа гаргаж болзошгүй. Тиймээс хэдэн тэмцээн үзье” гэсэн бодол төрөв. Шигшээгийн ах нарыг хэрхэн тоглохыг нь харж судаллаа. Шигшээ багт хөл тавьснаас хойш гурван жилийн дараа Турк улсад 2011 онд болсон шайбтай хоккейн ДАШТ-д оролцсон юм. Миний хувьд хоккейн томоохон тэмцээнд анх удаа тоглосон болохоор гадаадын баг, тамирчдаас суралцаж, багагүй туршлага хуримтлуулсан.
-Хоккей хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй спортын нэг. Тэмцээнд оролцоход сэтгэл тань хэр догдолдог вэ?
-Би тэмцээний өмнө сандардаггүй. Дасгалжуулагч, багийн ахлагчийн хэлсэн үгийг бодож, аль болох тайван байхыг хичээдэг. Бие халаалт хийх зуураа эсрэг багийнхаа тамирчдын бие, сэтгэл зүйн байдал, бэлтгэл хэр базаасныг ерөнхийд нь ажигладаг юм. Монголынхоо хоккейчдын тоглолтыг дэмжиж суугаа үзэгчдийн хашхирахыг сонсоод өөрийн эрхгүй огшдог шүү. Миний хувьд анхаарлаа хандуулдаг гол зүйл бол тоглолт. Өрсөлдөгчөө хожихын тулд эцсээ хүртэл тоглох нь бидний гол зорилго.
-Азийн аварга шалгаруулах “Asian сhallenge cup” тэмцээнд манай хоккейчид амжилттай оролцдог. Энэ тэмцээнд анх тоглох болсноо сонирхуулаач?
-Хөгжиж байгаа орнуудын тамирчдын тоглолтын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор энэ тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Монголын шигшээ багийн тамирчид тус тэмцээнд 2013 оноос хойш тасралтгүй оролцож, дөрвөн хүрэл, нэг мөнгө, хоёр алтан медаль хүртсэн амжилттай. 2018, 2019 онд түрүүлж, Азийн хошой аваргаар шалгаран шайбтай хоккейн ДАШТ-д оролцох эрх авсан. Монголд битүү дээвэртэй хоккейн хоёр ч мөсөн талбай удахгүй ашиглалтад орно. Бид жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ тасралтгүй базаавал илүү амжилт гаргах боломжтой.
-Шведэд 2017 онд болсон бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс Монголын тамирчид хүрэл медаль зүүсэн. Тэр тэмцээнд анхны гоолыг ОУХМ Ж.Баярсайхан оруулсан байх аа?
-Тэгсэн. Манайхан тэр жил түрүүлэх зорилготой Шведийг зорьсон. Монголын хоккейчид Украины багийг хожиж, дэлхийн аваргаас анх удаа хүрэл медаль авч байв. ОУХМ Ж.Баярсайханыг анхны гоол оруулахаас эхлээд сэтгэл их догдолж, самсаа шархирсан шүү. Бүр баярлаж хашхирсаар байгаад миний хоолой сөөчихөж билээ. Багтаа ОХУ-ын гурван легионер тамирчныг урьж, хүч сэлбэсэн нь амжилт гаргахад их нөлөөлсөн. Монголын шигшээ багийн тамирчдын амжилт ОХУ-ын хоккейн “Байкал-энергия” багийг олон жил дасгалжуулсан Евгений Выборов хэмээх хүнтэй салшгүй холбоотой. Тэрбээр одоо зөвлөх дасгалжуулагчаар ажилладаг. Хоккей тоглох арга барил, тоглолтын техникийг сайн мэднэ. Энэ хүн Монголын бөмбөгтэй хоккейн шигшээ багийн тамирчдыг бэлтгэж, суурийг нь тавьсан. Манай тамирчид түүний арга барил, тактикаар тоглодог. Биднийг ДАШТ-ээс хүрэл медальтай ирснээс хойш олон залуу хоккейн спортоор хичээллэх болсон.
-Та 2018, 2019 онд “Азийн шилдэг хамгаалагч”-аар шалгарсан санагдана.
-Монголын тамирчид Филиппиний Манила хотод 2018, Малайзын Куала Лумпурт 2019 онд зохион байгуулсан “Asian challenge cup” тэмцээнд дараалж түрүүлэхэд би “Азийн шилдэг хамгаалагч”-аар хоёр удаа шалгарсан юм. Өнгөрсөн жил бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий шөвгийн дөрөвт тунахад багийнхаа “Шилдэг тоглогч”-оор тодорч, оросуудын уламжлалт эсгий гутлаар шагнуулсан. Хоккейчдын хувьд эсгий гутлаар шагнуулна гэдэг хамгийн нэр хүндтэй байдаг. Хойд хөршийнхөн хүндтэй зочноо ирэхэд давс, талхтай угтаж, эсгий гутал бэлэглэж үддэг. Энэ нь монголчуудын хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтдаг ёстой адил. Манай багаас Г.Тамир, Ж.Баярсайхан, Ц.Ган-Очир гээд эсгий гутлаар шагнуулсан хүн нэг бус.
-Дараагийн ДАШТ-д залуу тамирчдаас хэнийг сойхоо ярилцсан уу?
-Бөмбөгтэй хоккейд хурд их шаарддаг. Нэг хурдаа авсан тамирчныг гүйцэх амаргүй. Залуу тамирчдаар багаа бүрдүүлдгийн учир нь энэ шүү дээ. Гадаадын орнуудад шайбтай, бөмбөгтэй хоккейн шигшээ баг тус тусдаа байдаг. Тиймээс манайхан бөмбөгтэй хоккейн тамирчид бэлтгэн шигшээ баг бүрдүүлж байгаа. Шайбтай хоккейн цохиур урт, бөмбөгтэйнх богино байдаг тул бэлтгэл сургуулилалт хийх нь хүртэл өөр. Тамирчид тоглолтын арга барил техниктэй нь танилцаж сурах, дасан зохицохоос авхуулаад цаг хугацаа, хөдөлмөр их зарцуулдаг. Бид гадаадын тэмцээнд тоглохдоо залуу тамирчдыг жил бүр авч явдаг юм. Шигшээ багийн шилдгүүд хэзээ нэгэн цагт зодог тайлж таарна. Тэгэхээр халаагаа бэлдэхийн тулд залуу тамирчдыг сонгох шаардлагатай болно. Миний хувьд хоккейг эр зориг, тэсвэр хатуужил шаардсан жинхэнэ эрчүүдийн спорт гэж ойлгодог. Би залуучуудаараа бахархдаг. Манай багийн залуусын ихэнх нь Дарханы Шарын гол, Орхон, Багануур, “Отгон од”, “Бласт”, “Бласт автомотив” клубээс сонгож авсан тамирчин.