Улсын хүүхэд, залуучуудын театрт авьяас билиг, залуу насаа зориулж явсан жүжигчин А.Цэгмэд, Б.Ганхүү нарыг “Тэд” буландаа онцоллоо. А.Цэгмэд багаасаа гимнастикаар хичээллэсэн бөгөөд улсын шигшээ багийн тамирчин байсан. Дунд сургуулиа төгсөөд л тэрбээр Улсын драмын театрт дагалдан жүжигчнээр ажиллан, улмаар Улсын багшийн дээд сургуулийн кино драмын анги дүүргэж, Улсын хүүхэд, залуучуудын театртай амьдралаа холбожээ. Түүний театрт тоглосон дүрүүдийн олонхыг эрэгтэй хүүхдийн дүр эзэлдэг. Тэдгээрээс Х.Зандраабайдийгийн “Задын чулуу” жүжгийн ноорхой хүүгийн дүрдээ тэрбээр хамгийн хайртай. Харин Р.Доржпалам найруулагчийн “Өндөр ээж” киноны Сүрэн эмчийн дүрээр камерын өмнө анхгарч, түүнээс хойш 50 гаруй жил урлагт үнэнчээр зүтгэж явна.
Б.Ганхүү цэцэрлэгт байхаасаа л шүлэг уншдаг, “Миний сайхан ээж” дууг дуулаад ээжийгээ уйлуулчихдаг охин байж. Тэрбээр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг ЗХУ-ын Ардын жүжигчин Владимир Михайлович Велсийн удирдлагад төгсөөд Улсын хүүхэд, залуучуудын театрт хуваарилагдаж, уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Тус театрын тайзнаа анхлан “Үүрэг хүлээсэн цагт” жүжгийн гол дүр Асенинад тоглон гарсан аж. Сэргэлэн туулай, адтай жаал, өхөөрдөм охин, үзэсгэлэнт бүсгүйд чадмаг “хувирч” байсныг нь Ч.Нацагдоржийн “Миний чин зоригт бяцхан найз”, Д.Батбаярын “Гэгээ”, Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн дүрүүд нь батална.
Таныг олонд хамгийн тод таниулсан дүр аль нь бол?
Цэгмэд: “Өндөр ээж” киноны Сүрэн эмчийн дүрээ нэрлэж болох юм. Тус киноны зургийг 1968 оны өвөл Мааньт, Баянчандманьд авхуулж байлаа. Тайзны уран бүтээлээс гэвэл Улсын драмын театрт дагалдан жүжигчнээр ороод удалгүй Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн бага хүү Идэрт тоглосноо хэлнэ.
Ганхүү: 1975-1991 он хүртэл Улсын хүүхэд, залуучуудын театрт ажиллахдаа 60 гаруй жүжгийн гол болон туслах дүрд тогложээ. Ч.Нацагдоржийн “Миний чин зоригт бяцхан найз”-ын Батуулай, Д.Гармаагийн “Эрх гүнж”-ийн ядуу хүү Цолмон, Д.Батбаярын “Гэгээ”-гийн Жасрай хүү, Ч.Чимэдийн “Хүний санаа”-гийн Нямаа охин зэрэг онцлох дүр бий. Эдгээр дүрээрээ улсын уралдааны шилдгээр ч шалгарч байлаа. Дэлгэцийн уран бүтээлээс “Саруул талын ерөөл” киноны баян Балбарын авгайн дүрээ хэлэх байна.
Өнөөгийн жүжигчдийг хараад залуу насаа дурсдаг байх. Таны ямар алдааг тэд битгий давтаасай гэж боддог вэ?
Цэгмэд: Залуу жүжигчдийг аливаа уран бүтээлд ажиллахдаа дүрээ маш сайн бодож, бодсоноо гүйцэд илэрхийлж тоглоосой гэж хүсдэг.
Ганхүү: Залуудаа, тэр тусмаа эхэн үеийн зарим уран бүтээлдээ арай хийсвэр хандаж, алдсан санагддаг юм. Залуу жүжигчдэд тухайн уран бүтээл, дүрээ тогтож, учир ухааныг нь олж тоглоосой гэж хэлмээр санагддаг.
Мөрөөдье. Бүтээсэн дүрүүдээсээ алинд нь залуу үеийн төрхөөрөө дахин тогломоор байна вэ?
Цэгмэд: Мөрөөдвөл үү. С.Михалковын “Хулчаахай” жүжгийн эр туулайн дүрд тоглож байлаа. Тэр дүрдээ дахин тогломоор байна.
Ганхүү: Н.Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Тонягийн дүрдээ тогломоор байна.
Хүүхэд ахуй насны тань хамгийн том мөрөөдөл юу байв. Тэр мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
Цэгмэд: Багадаа “Бушуухан л том хүн болж, бүхнийг чаддаг болох сон” гэж мөрөөддөг байв. Одоо ч мөрөөдлийнхөө төлөө л зүтгэж явна. Хийж чадаагүй, чадахаар оролдож буй, дутуу зүйл зөндөө.
Ганхүү: Сурагч байхдаа сургуулийнхаа урлаг, спортын бүх л арга хэмжээнд оролцдог завгүй охин байв. Харин аравдугаар анги төгсөх хавар нэг кино үзлээ. ЗХУ-ын Ардын жүжигчин Людмила Гурченко-гийн тоглосон кино. Түүнээс хойш “Түүн шиг болох сон” гэж мөрөөдөж, жүжигчин болсон юм.
Амьдралаас олж авсан хамгийн үнэт зүйл тань юу вэ?
Цэгмэд: Амьдралаас олж авсан хамгийн үнэт зүйл минь миний хоёр хүү, ач нар минь.
Ганхүү: Амьдралаас авсан хамгийн үнэтэй зүйл бол миний мэргэжил. Мэргэжил минь намайг 50-иад жил тэжээж, тэтгэж, сургаж, хүмүүжүүлж, ухааруулж, жаргааж байна.
Хүн хүүхдийнхээ хүүхдийг илүү хайрладаг гэдэг юм билээ. Та
хэр чанга ээж байв. Одоо ач, зээ нартаа хошуу дэвсдэг үү?
Цэгмэд: Ач нарынхаа багш, бас найз нь байхыг хүсдэг. Гэхдээ чанга талдаа эмээ. Ач нартаа чихэр болон хортой хүнсний бүтээгдэхүүн өгдөггүй. Тэд минь эмээгээсээ ааруул, ээзгий л нэхдэг. Бас хамтдаа шатар, даам тоглодог. Намайг тоглохгүй гэхээр бүр шаарддаг шүү.
Ганхүү: Би хатуу ч биш, зөөлөн ч биш ээж. Залуу байхад уран бүтээл, ажил гэж гүйгээд, хүүхдүүдтэйгээ хамт л томоожсон, өссөн. Харин одоо ач нараа их хайрлаж, эрхлүүлдэг шүү.
Та түмэнд хүндлэгдсэн уран бүтээлч. Залуудаа чамгүй олон уран бүтээлд тоглосон жүжигчин. Харин одоо уран бүтээлч хүнийхээ хувьд юу хүсдэг бол?
Цэгмэд: Намайг “Туслах дүрийн мастер” гэх зэргээр хүмүүс хэлдэг л юм. Гэхдээ биш. Харин спортын мастер бол мөн шүү. Надад гол дүр цөөн. Тиймээс “Гол дүрд тоглох сон” гэсэн шуналаар дүүрэн. Гэвч дүрийг шүүрч авах боломжгүй тул хүлээсээр л байна. Сүүлд NTV телевизийн үзэгчдэд одоо хүргэж буй “Нийслэл хүүхэн” кинонд гол дүрд ажиллалаа. Үзэгчид дүнгээ тавих биз.
Ганхүү: Радио, телевиз, тайз, дэлгэцийн гээд олон төрлийн уран бүтээлд оролцож явлаа. Одоо ч “Сайхан уран бүтээл хийх сэн” гэсэн хүслээр дүүрэн явдаг.
Таны өнөөдрийг хүртэл амьдралдаа баримталж ирсэн зарчим юу вэ?
Цэгмэд: Эрхэмлэж, баримталдаг хэдэн зүйл бий. Чин сэтгэл, амьдралын эмх цэгц, монгол жудаг, шударга чанар.
Ганхүү: Олонтой эвсэг байж, аливаад хүлээцтэй хандахыг эрхэм болгосоор ирсэн дээ.