Хуучир хөгжмийн аялгууг сонсогч түмэнд түгээн, сонорыг нь мялааж яваа уран бүтээлчийн нэг нь О.Амаржаргал. Тэрбээр энэ хөгжимтэй 1996 оноос нөхөрлөн, олон уран бүтээл туурвиж буй. БНСУ-ын Соёл, урлагийн их сургуульд 2014 онд ардын хөгжим судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан хуучирч бүсгүй “Love train” бие даасан анхны тоглолтоо “Black box” театрт өнгөрсөн аравдугаар сарын 31-нд үзэгчдийн хүртээл болгосон юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
- Танд хөгжим сонсох, эвсэл өөрөө тоглохын аль нь сайхан бэ?
-Аль аль нь. Заримдаа сонсож, заримдаа тоглож таашаал авдаг.
-Монголчуудын эртнээс эгшиглүүлж ирсэн чавхдаст хөгжмийн зэмсгийн нэг нь хуучир. Өвөрмөц аялгуутай байдгийн гайхамшгаас нь сонирхуулж яриач?
-Хуучир торгон мэдрэмж шаарддаг хөгжим. Торгон мэдрэмжийг хэр их ашиглаж эгшиглүүлнэ хүний сэтгэлийн нандин утсыг төдийчинээ хөдөлгөдөг. Сонгодог хөгжмөөр төлөөлүүлбэл үндэсний найрал хөгжимд хийлийн үүргийг хуучир гүйцэтгэж, үндсэн гол аяыг тоглодог юм.
-Уламжлал, шинэчлэлийг урлагт хэрхэн тэнцүүлэх хэрэгтэй гэж боддог вэ. Хөгжмийн хөгжлийн талаарх бодлыг тань сонсъё.
-Уламжлал, шинэчлэл хоёрыг тэнцүү авч явах хэрэгтэй. Хуучир хөгжмөөр жишээ болгоё. Анх дөрвөн утастай байсан хөгжмийг хөглөхөд төвөгтэй гэх шалтгаанаар хоёр утастай болгосон. Лувсан хуурч дөрвөн утастай хуучраар тууль хайлдаг байсныг академич Ц.Дамдинсүрэн гуай тэмдэглэсэн байдаг юм. Энэ нь нүүдэлчин монголчуудын үзэх жүжиг, сонсох хөгжим, унших номыг нэгэн зэрэг орлож, нэг жүжигчинтэй театрын үүрэг гүйцэтгэж байв. Дөрвөн утастай хуучраар тууль хайлах, магтаал, ерөөлд илүү тохиромжтой. Дөрвөн утастай хуучраар тоглохоо болихтой зэрэгцээд энэ хөгжмөөр туурвисан уран бүтээл, өв соёл дагаж устах аюултай юм. Хуучир хоёр утастай болсноор нарийн мэргэжлийн зохиол бүтээл тоглох боломж бүрдсэн зэрэг давуу тал бий. Ардын урлагийн хувьд уламжлал, шинэчлэлийн аль алийг зэрэгцүүлэн авч явах нь чухал гэж боддогийн учир энэ.
-Ардын урлагийг уламжлалт язгуур хэв загвараар нь тоглоход үзэгчид хэр хүлээж авдаг вэ?
-Ардын урлагаа шимтэн сонсдог үзэгчид ямар ч цаг үед байсан, хойшид ч байх нь лавтай. Ардын урлаг монгол хүний ухамсар, омогшлыг өдөөж байдаг. Өнөөдөр ардын урлагийн уран бүтээлчид өөрийн олж харсан өнцгөөрөө уран бүтээлээ туурвиж байна. Урлагийг хүлээн авах хүн бүрийн мэдрэмж харилцан адилгүй учраас уран бүтээлчдийн хувьд төрөл бүрийн хувилбараар хүргэх нь байж болох зүйл гэж боддог. Хамгийн гол нь айргийн хөрөнгө шиг ардын урлагийн уламжлалт хэв загвар, дуу дуурьслыг тэр чигээр нь өвлөн тээж, уламжлуулан түгээх бүлэг заавал байх ёстой. Хэн ч сонсохгүй, үзэхгүй байсан ч үүнийг өвлөн тээгчдийг бодлогоор дэмжиж, уламжлуулах ёстой юм. Өдгөө цаг үедээ нийцүүлэхгүй, үзэгчдээ тандахгүйгээр уран бүтээл хийх амаргүй. Уран бүтээлчид ч гэсэн хүн учраас амьдрах ёстой шүү дээ. Тиймээс л бодлогоор дэмжих нь зүйтэй. Даяаршил хүчтэй өрнөж буй энэ үед бид өөрийгөө алдахгүй явах, ондооших гол чиг шугам нь хэл, соёл, ардын урлаг гэж боддог. БНСУ-д 200 жилийн өмнө хааны ордонд тоглож байсан хөгжмийн бүтээлийг одоо ч тэр хэвээр нь тоглосоор байна. Хааны ордны хөгжмийн оркестр нь улсаас санхүүждэг, сар бүр тоглох тогтсон хуваарьтай. Хэдийгээр тоглолт бүрт үзэгчдийн танхим дүүрэн байдаггүй ч гаднын жуулчид, солонгос судлаачдын заавал очих ёстой газарт зүй ёсоор ордог.
-Хөгжмийн урлагийн ирээдүйн чиг хандлагийг хэрхэн төсөөлдөг вэ?
-Би ирээдүйг гэгээлгээр харах дуртай. Хүмүүс нэг үеэ бодвол хүүхдээ хөгжим тоглуулан сургаж, өөрөө ч ойлгохыг хичээдэг болсон байна. Монголын хөгжмийн урлаг ирээдүйд театр дүүрэн сонсогчтой болно гэдэгт итгэдэг. Урлагийг ойлгож хүндэлдэг сонсогчид байгаа цагт уран бүтээлчид бүтээлээ туурвисаар байна шүү дээ.
-Та ямар хөгжим сонсох дуртай вэ?
-Сэтгэлд хүрч, сайхан мэдрэмж төрүүлж буй хөгжмүүдийг сонсох дуртай. Миний хувьд өдөр бүр сонсох хөгжим өөр байдаг. Тухайлбал, өчигдөр сонгодог, өнөөдөр уртын дуу, маргааш уянгын дуу гэх мэт.
-Хуучир хөгжмөөр хэзээ тоглож сурав?
-Хөгжим бүжгийн коллежод 1996 онд Д.Бодьсүрэн багшийн удирдлагад хуучир хөгжмийн ангид элсэн суралцсан. СУИС-д Ж.Цэнгэлмаа багшийн удирдлагад бакалаврын зэрэг хамгаалсан юм. 2014 онд БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд ардын хөгжим судлал мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Ингэж бодохоор 1996 оноос өнөөг хүртэл суралцсаар явна.
-Эвэр бүрээч О.Чинбаттай та хэзээнээс хамтрах болсон юм бэ?
-Өмнөд Солонгост суралцаж, үзэж харсан зүйлээ эх орондоо хийх хүсэл эрмэлзэлтэй ирсэн. Гэвч хоёр улсын орчин нөхцөл тэс өөр. “Санаа байвч сачий хүрэхгүй” гэдэг үг байдаг даа. Хүсэж эрмэлзсэн зүйлдээ хэзээ хүрэх вэ гэж бодож байтал хөгжмийн зохиолч, продюсер, эвэр бүрээч О.Чинбат менежерээр ажиллах санал тавьсан юм. Багаасаа нэг сургуульд сурч, нэгнээ сайн мэддэг болохоор саналыг нь хүлээн авч, хамтарч уран бүтээл хийхээр шийдсэн. “EB proartist studio”-г байгуулж, энэ цаг үеийн шилдэг гэсэн хөгжимчдийг нэгтгэсэн “Хөгжимтэй аялал” төслийг 2018 онд санаачлан хэрэгжүүллээ.“EB proartist studio” маань одоо “EB produc¬tion” болж, олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж байна. Авьяас, чадвартай уран бүтээлчдийг 2019 онд нэгтгэн “Номад групп”-ийг байгууллаа. Бид их урлаг хэмээх агуу айлд өөрийн жим гаргаж, хүмүүсийг алхуулах сан гэж зорьж байгаа. Тиймдээ ч авьяас, хөдөлмөрийг дэмжин, чанартай, сонирхолтой уран бүтээл туурвиж, өөрийн чадах зүйл, салбарынхаа онцлогоор нийгэмд бага ч болов хувь нэмэр оруулж, гэгээ нэмэхийг чин сэтгэлээсээ хүсдэг.
-“Номад групп”-ийн хамт олны уран бүтээлийн сан хэр арвин болсон бэ?
-Групп маань хөгжим, бүжгийн хамтлагаас бүрддэг. Өнгөрсөн жил БНСУ-ын Кванжу хотод “Номад” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан. Бидэнд уран бүтээлээ толилуулах танхим одоогоор алга. Гэсэн ч нөөц боломждоо тулгуурлан шинэ өнгө төрхтэй “Номад групп”-ийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Уран бүтээлч хүн байнга эрэлхийлж явдаг. Шинэ зүйл туршихад хамгийн чухал нь юу байдаг вэ?
-Цаг хугацаа. Бид эхлээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Цугларч, давтаад л байгаа хэрнээ үр дүнд хүрэхгүй мэт мэдрэмж төрдөг байв. Эхний уран бүтээлүүд бусдыг дуурайчихсан ч юм шиг санагддаг байсан. Уран бүтээлээ шантрахгүй хийхэд өөрийн гэсэн өнгө төрхөө олдог юм билээ. Үүнд уйгагүй хөдөлмөр, цаг хугацаа, туршлага, шаардлагатай.
-“Бодол” нэртэй цомог гаргасан байх аа?
-Тийм ээ. Л.Мөрдоржийн нэрэмжит, үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд 2008 онд оролцож, гуравдугаар байрт шалгарсан юм. Үүнээсээ урам авч “Бодол” нэртэй анхны цомгоо хэвлүүлсэн. Тухайн үед цомог гаргах нь моод болж байлаа.
-Хөгжим тоглохдоо хэр их боддог вэ?
-Хөгжим тоглохдоо бүх ноотыг бодож тоглодог. Таван минутын бүтээлд олон ноот бий. Ганц л ноотыг нь бодохгүйгээр тоглоход тухайн хөгжим утгагүй болдог. Ноотноос ноотны хооронд бодол хөвөрч байдаг юм шүү дээ.
-“Love train” нэртэй бие даасан анхны тоглолтоо өнгөрсөн намар толилуулсан. Тоглолтдоо хэр удаан бэлдэв?
-Бодож байснаасаа ч богино хугацаанд бэлдсэн. Монголд хувийн хэвшлийнхэн урлагийн үйл ажиллагаа явуулах амаргүй. Бэлтгэлийн байр, хөгжим, хувцас, тайзнаас эхлээд бүх зүйлд хөрөнгө мөнгө яригддаг. Ганцхан цагийн тоглолт боловч олон хүний хүч хөдөлмөрөөс бүрддэг. Би бие даасан тоглолтоо хэзээ нэгэн өдөр хийнэ гэж хүсдэг байсан мөрөөдлөө биелүүлсэн. Хамт олны минь дэмжлэгээр тоглолт маань ч сайхан болсон.
-Монгол, солонгос хуучирт ялгаа байдаг уу?
-Хэлбэрээрээ адилхан хэрнээ хөгжмийн зэмсэг, утас, дуугаралтаараа ялгаатай. Тоглох арга барил нь хүртэл өөр. Солонгос хуучрыг гараар атгаж, Монголынхыг хуруугаараа гүйлгэж тоглодог. Солонгос хуучрыг гараар атгаж тоглодог тул хурдан, техник шаардсан бүтээл тоглоход бэрхшээлтэй. Монгол хуучраар хурдан хэмнэлтэй хийлийн зохиолуудыг хүртэл тоглох боломжтой.
-Хөгжим тоглох үед сэтгэл тань их хөдөлдөг үү?
-Уйлна, инээнэ. Хөгжмийн зохиолч юу илэрхийлэхийг зорьж, бүтээлээ бичсэнийг хөгжимчин өөрийнхөө зураглалаар дотоод сэтгэлдээ буулгадаг юм. Тухайлбал, миний тоглолтод зориулж хөгжмийн зохиолч Д.Ариунболд “Хавар” хэмээх хөгжим зохиосон. Тэр хөгжмийг сонсохоор улирал бус, хүний сэтгэлийн хаврын өнгийг зурагласан санагддаг. Тухайн хөгжмийг дотоод сэтгэлдээ кино зохиол шиг зураглаж бичээд, түүнийхээ дагуу хөгжмөө тоглодог.
-Уран бүтээлчдийг гэр бүлийнхэн нь ойлгож, дэмжих чухал байдаг шүү дээ. Гэр бүлийнхэн тань хэрхэн дэмждэг вэ?
-Уран бүтээлчдэд цаг зав хомсхон байдаг. Ар гэр, үр хүүхдэдээ зав гаргаж чадахгүй явах ч үе бий. Би гэр бүлдээ баярлаж явдаг. Гэр бүлийнхэн маань үнэ цэнтэй зүйлийг минь ойлгож, хүндэлнэ гэдэг хамгийн том дэмжлэг юм даа.
-Эмэгтэй хөгжимчид амьдрал зохиож, уран бүтээлээ түр завсарлах нь түгээмэл байх юм аа?
-Хөгжимчин хүн алдагдсан цаг хугацаагаа эргүүлж нөхөх их хэцүү. Хүүхэд төрүүлж, хоёр жил хөгжим бариагүй бол яг тэр чигтээ л үлдэнэ. Хөгжимчин мэргэжил ийм л “харгис”. Хоёр жил завсарлаж, хөгжмөө тоглоход нэлээд хөдөлмөр шаардана. Сурчихсан юм чинь боллоо гэж боддог мэргэжил ерөөсөө биш. Өдөр бүр бэлтгэл хийж, цаг тутамд суралцаж, хөгжихийг шаарддаг.
-Хэдэн нас хүртлээ хөгжим тоглоно гэж боддог вэ?
-Хуруунууд минь хөдөлж байвал хөгжмөө тоглосоор л байна. Заавал тоглох ёстой болохоор тоглодог юм биш шүү дээ. Хөгжим тоглохгүй бол нэг зүйл дутуу мэт санагдаад байдаг юм. Хөгжмөөс хүртдэг мэдрэмжийг өөр юугаар ч нөхөшгүй. Хөгжим бие, сэтгэлийн минь хэрэгцээ. Тиймээс л сэтгэлээ баясгахын тулд хөгжим тоглодог.
-Хуучир хөгжим цуглуулдаг гэл үү?
-Янз бүрийн хийцтэй 10 гаруй хуучир бий. Вьетнамд явахдаа хуучир шиг хийцтэй хэрнээ арай өөр хөгжим байхаар нь худалдаж авсан. Тайвань, Тайланд, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг Азийн оронд хуучиртай төстэй хөгжим олон бий. Хүмүүсийн тухайн цаг үед хамгийн их сонирхсон зүйл л дэлхий дахинд тархдаг. Хуучир тийм л хөгжим байсан болов уу гэж боддог.
-Хөгжимчин хүн ямар байх ёстой юм бол?
-Манай концертместр багш Ц.Уртнасан “Хөгжимчин хүн тайзан дээр хаан байхын тулд бусад цагт боол бай. Боол мэт бөхөлзөж, хүнээс үг сонсож хөдөлмөрлө. Тэгж байж чи тайзан дээр хаан байна” гэж хэлдэг байсан. Хөгжимчин хүн ийм л байх ёстой.
-Хөгжмийг ойлгох, мэдрэхийн аль нь чухал юм бэ?
-Мэдрэх нь чухал. Ойлгохгүй байсан ч үгээр илэрхийлж боломгүй мэдрэмжийг хөгжим хүнд өгдөг. Хөгжим сонсоод хүн өөрийн эрхгүй хөөрч баярладаг, эсвэл гунигладаг. Энэ болгон чинь хүнд хөгжим үйлчлээд үүнийг нь мэдрээд байгаагийн илрэл. Би хөгжмийг “сэтгэлийн хоол” гэж боддог. Хүний биед хоол хэрэгтэй шиг сэтгэлийг тайтгаруулан баярлуулах хүч нь хөгжим юм.
-Монгол, Солонгосын хамтарсан “Номад урлагаар уулзъя” хөтөлбөр хэрэгжүүлэхэд та оролцдог байх аа?
-Би СУИС-ийн хамтын ажиллагаатай, БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тус улс соёл урлагтаа онцгой анхаарал хандуулдаг улс. Тэр хэрээрээ дэлхийд соёл, урлагаа сурталчлан таниулахын тулд олон контент төсөл санаачлан хэрэгжүүлдэг. Манай улс Сочон хоттой 2015 оноос олон талаар хамтран ажиллаж байгаагийн нэг нь соёл урлагийн салбар юм. БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Олон улсын соёлын харилцааг дэмжих агентлагаас зохион байгуулж буй бүс нутгийн соёлын солилцооны шилдэг контент шалгаруулах, дэмжих төслийг 2019 оноос зохион байгуулж байгаа. Энэ төсөлд Сочон хотын Үндэсний бүжгийн чуулга, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын хамтарсан “Номад урлагаар уулзъя” хөтөлбөр шалгарч, тэргүүн байр эзэлсэн юм. Монголын талын төслийн удирдагчаар би ажилладаг. Цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулсан. Төслийн хүрээнд СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнуудын дунд “Нүүдэлчдийн дүрслэл” уран зургийн уралдаан зохион байгуулж, шилдэг бүтээлүүдээр “Сэнгэрари” галерейд үзэсгэлэн гаргасан. Энэ үеэр “Номад групп”-ийнхэн уран бүтээлээ толилуулсан юм.