Монголын кино урлагт авьяас, ур чадвараа зориулж буй залуу уран бүтээлчийг онцоллоо. Э.Очгэрэл 2009 онд Кино урлагийн “Харцага” дээд сургуульд найруулагч, зураглаач мэргэжил эзэмшсэнээсээ хойш дэлгэцийн 20 гаруй уран бүтээлд ажиллажээ.
-Та кино урлагтай хэрхэн холбогдсон бэ?
-2007 онд оюутан байхад манай ангид зураглаач Д.Ангараг нэг найруулагчийн хамт ирсэн юм. “Зураглаачийн туслахаар ажиллаж чадах хүүхэд байвал гараа өргө дөө” гэхэд нь өргөчихсөн. Түүнээс хойш хажуугаас нь салахгүй, уяатай юм шиг л явж, дэлгэцийн уран бүтээлд ажиллаж эхэлсэн юм. Ахаас их ч зүйл сурсан.
-Зураг авахын юу нь тийм сонирхолтой гэж?
-Сонирхдог биш, дурладаг гэх нь зөв байх. Багаасаа нийтэч хүүхэд байсныг хэлэх үү, баг, хамт олонтойгоо бужигнах дуртай. Тийм болохоор ажлаа дуртай, сэтгэл өег хийдэг.
-Бүрэн хэмжээний ямар киноны зургийг анх авсан бэ?
-Нэлээд хэдэн жил зураглаачийн туслах хийж байгаад, 2013 найруулагч З.Батболдын “Бурхан өршөө” кинонд ерөнхий зураглаачаар анх ажилласан. Бие даан ажиллана, мөн хүндэлж явдаг найруулагчтайгаа хамтарна гэхэд нэлээд эмээсэн ч даваад гарсан даа.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн кинонд ажиллав?
-“Амьдралын амт”, “Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Ану хатан”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Туршилтын хосууд”, “Аз жаргал” гээд 20 гаруй уран бүтээл бий.
-Жилд хэчнээн уран бүтээлд ажиллаж амждаг вэ. Гэртээ амрах үе ховор уу?
-Зун, намар бол гэртээ байдаггүй шүү дээ. Ихэвчлэн зураг авах талбайд л ажилтай байж таардаг. Өвөл л гэртээ амардаг юм уу даа.
-Одоо аль студид харьяалагддаг вэ. Нэлээд олон кинонд ажиллалаа. Бие даан уран бүтээл хийх бодол бий биз дээ?
-Чөлөөт уран бүтээлч. Зураглаач З.Содбилэг гэж дүүтэйгээ баг болж ажиллаад найман жил болж байна. Их авьяаслаг, мэдрэмжтэй, тууштай залуу бий. Би кино урлагийн тогоонд дөнгөж л орж байна. Өөрийгөө илүү сайн хөгжүүлээд, нас 40 гарсны дараа бие дааж уран бүтээл хийнэ гэж боддог. Яарч адгах зүйл биш шүү дээ.
-Б.Балжинням гуайгаас авхуулаад зураглаачаас найруулагч болсон жишээ олон. Та найруулагч болъё гэж боддог уу?
-Би Х.Энхжаргал, Ц.Энхболд багшийн шавь. Гэхдээ сургуулийг нь төгсөөд л шууд найруулагч болчихгүй. Сурах, мэдэх, туршлага хуримтлуулах зүйл арвин. Түрүүн хэлсэн дээ, цаг нь болохоор бие даасан бүтээлээ хийж, багш нараа баярлуулна аа.
-Гадаадын ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байв. Ажиллах, зураг авах аргын хувьд манайхнаас ямар ялгаатай вэ?
-Солонгосчуудтай хамтарч үзсэн. Их чөлөөтэй сэтгэдэг, ажлаа дуу шуутай хийдэг хүмүүс юм билээ. Ямар нэгэн дүрэм, онолд баригддаггүй. Ур чадварын хувьд манай уран бүтээлчид гологдохгүй. Гол нь техник, технологийн хувьд хоцрогдмол. Хоцрогдол нь хүмүүсээс биш, техникээс шалтгаалж байна гэж боддог.
-Киноны зураг авах бүртээ та шинэ содон зүйл туршсан харагддаг. Энэ мэт туршилтуудыг байнга хийж, шинийг эрэлхийлдэг биз?
-Мэдээж. Хичээж явна. Сүүлийн үед бүр ч чөлөөтэй сэтгэж, дүрмээс гажиж, шинэ содон зүйл туршиж, сонирхолтой ажилламаар санагдаад байгаа юм.
-Гадаадын алдартай зураглаач нар ажилласан уран бүтээл бүртээ нэг дүрслэл, эсвэл зураг авах аргыг заавал ашиглаж, өөрийн ажилласан уран бүтээл гэдгийг “тамгалдаг”. Та тэгдэг үү?
-Алдартай зургийн найруулагч нар тэгдэг л дээ. Би тэр оргилд л хүрэхийн тулд суралцаж явна.
-Киноны зураг авах явцад зөвхөн зураглаачид л тулгардаг бэрхшээл юү вэ. Хамгийн хэцүү нөхцөлд зураг авсан кино тань аль нь бол?
-Мэдээж техник. Олон техниктэй харьцдаг болохоор. Гэхдээ бэрхшээл тулгарахаасаа тулгарахгүй нь их. Зураг авах ажил эхлэхийн өмнө бэлтгэлээ сайн базаадаг учраас тэр. Б.Батбаатар найруулагчийн “Гэм” киноны зургийг өнгөрсөн өвөл авсан юм. 12 цагийн турш гадаа балгасанд зураг авах амаргүй байсан шүү. Олон цаг гадаа хүйтэнд байлгахаар камер царцана, өөрөө даарч чичирнэ.
-Түүхэн болон монгол ахуй харуулсан кино бүтээхийн тулд хөдөө зураг авахад цахилгаангүй газарт техник хэрхэн ашиглахаас эхлээд дэд бүтцийн асуудал тулгардаг шүү дээ. Мөн сая ярьсанчлан халуун, хүйтэнд камер, гэрэл халах, хөлдөх гээд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалсан бэрхшээл гарна. Үүнийг хэрхэн шийддэг вэ?
-Ганцхан зураг авахад биш, кино багийнхан ямар ч цахилгаан, гар утасны сүлжээгүй газарт очно. Тийм үед цахилгаан үүсгүүр тусгайлан авч явдаг. Яг мэргэжлийн, зориулалтын үүсгүүр манайд миний мэдэхийн ганц л бий. Гэхдээ түрээс нь их өндөр. Тэгээд киноны зардал, төсвөө хэмнэхийн тулд жижиг моторууд авч явна. Нөгөөх нь дуу ихтэй. Кино багийн хангамж, нөхцөл боломж, цаг үеийн байдал, халуун, хүйтэнд зохицоод л ажилладаг даа.
-Нэгэнт энэ салбарт ажиллаж байгаа хойно бусад уран бүтээлчийн киног мэдээж үздэг байж таарна. Хамтарч ажиллахыг хүсдэг найруулагч бий юү?
-Залуу найруулагч нартай ажиллах дуртай. “Бэрх шагай” кинонд Ч.Билгүүн найруулагчтай гар нийлж ажилласан. Америкт зохиолч, найруулагчаар төгсөж ирсэн чадварлаг залуу.
-Зураг авах үед найруулагчтай санал зөрөлдөх үе гарна биз?
-Гарна шүү. Тийм үед зургаа хоёр янзаар авчихдаг юм. Найруулагчийн хүссэнээр болон өөрийнхөөрөө. Ялгааг нь найруулагч нар дараа нь харчихдаг.
-Гадаадын алдарт зураглаач, өөрийн орны ахмад уран бүтээлчдийн бүтээлийг үзэж, суралцдаг байх. Хүндэлж, үлгэрлэдэг зураглаач тань хэн бэ?
-Тэр, энэ гэж нэр цохох хэцүү. Төрөл бүрийн кино үзэж, тэдгээрээс санаа авч, өөрийнхтэйгөө хослуулахыг хичээдэг.
-“Найруулагч, зураач, зураглаач нь киноны тулгын гурван чулуу”, бас “Кино бол хуурах урлаг” ч гэдэг. Зураглаачийн хийц, дүрслэл, эвлүүлгийн шидээр кино “амилдаг” шүү дээ. Та уран бүтээлдээ өөрийн ямар онцлогийг шингээхийг хүсдэг вэ?
-Тухайн киноны төрлөөс шалтгаалж, найруулагчийн хэлэх гэсэн санааг дүрслэлээр бүрэн илэрхийлэхийг зорьдог.
-Олон улсын уран бүтээлд зураглаачийн бүтэн баг өөр өөр ажил үүргийн хуваарьтай ажилладаг. Гэтэл манайд ганц, хоёр хүн л нуруундаа үүрэх нь элбэг. Киноны продюсерууд зураглаач нарын хөдөлмөрийг үнэлж чаддаг уу?
-Үнэлэмж нэг үеэ бодвол гайгүй болсон шүү. 4-5 жилийн өмнө бол хэцүүхэн л байлаа. Хүмүүс зураглаачийн ажлыг камерын товчлуур дараад л болчихдог гэж хардаг шиг байгаа юм. Тэр улаан товчлуурыг дарахад ур ухаан, чадвар мэдрэмж шаардана. Гадаадын томоохон кинонд зөвхөн зураглаачийн багт л 30-40 хүн ажиллана шүү дээ. Дрон зураглаач, усан доторх, зодооны хэсгийн гээд л олон төрлийнх бий. Манайд бол хэдхэн хүн л бүгдийг нь хийдэг.
-Үзэгчдэд хүргэх дараагийн уран бүтээлийнхээ талаар яриач?
-Цар тахлын улмаас үзэгчдэд хүргэж амжаагүй хэд хэдэн уран бүтээл бий. “А артист” фильмийн “Хөх тавилан”, найруулагч Б.Батбаатарын солонгосчуудтай хамтарсан “Six de¬mons”, “Гэм” гэх зэрэг сонирхолтой төрлүүдээр бүтээсэн кино байна. “Voo” аппликэйшн болон “Оранж” энтертайнментийн “The search” 20 ангит киноны зургийг аваад бараг дуусаж байна.
-Сүүлд найруулагч Ч.Билгүүний “Бэрх шагай” кинонд ажилласан гэлээ. Үлгэрийн сэдэвт, уран зөгнөлт кинонд ажиллах “амттай” байв уу?
-Амттай байлгүй яах вэ. Ийм төрлийн кинонд ажиллахыг их хүсэж байсан юм. Гэхдээ маш хариуцлагатай. Манайд киноны уран бүтээлчид 42 жилийн дараа үлгэрийн кино хийсэн нь тэр. Хүүхэд байхаасаа сонсож, уншсан үлгэрүүдээ кино болгож “амилуулах”-д гайхалтай байлаа.