“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Анударь 2019 онд Эстонийн Таллин хотод болсон чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгө, Унгарын нийслэл Будапештэд зохион байгуулсан 23 хүртэлх насныхны чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн амжилттай. Мөн ОХУ-ын чөлөөт бөхийн олимпын анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын АШТ-д хоёр жил дараалан түрүүлж, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль өвөртөлж, эх орондоо шагналын хуртай ирж байв. Үеийнхээ тамирчдаас ур чадвараараа цойлж, амжилтаа жилээс жилд ахиулж яваа түүнтэй ярилцлаа.
-Чөлөөт бөхийн спортод найзтайгаа их сонин тохилдлоор хөл тавьсан гэдэг. Тамирчин болоход хэн залж, урагшлуулав?
-Би 2013 онд чөлөөт бөхийн спортод хөл тавьсан. Тэр үед Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд сурдаг байлаа. Биеийн тамирын багш нэг өдөр “Чөлөөт бөхийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хүүхэд байна уу” гэж асуув. Оролцох хүүхэд гараагүй тул багш “Б.Энхцэцэг, Н.Анударь хоёр барилд” гэлээ. Найз минь намайг бодвол биерхүү, бяртай. Тэр тэмцээнд Б.Энхцэцэг түрүүлж, би хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний үеэр дасгалжуулагч П.Чулуунбаатар багш бидэнтэй уулзаад “Та хоёр чөлөөт бөхөөр хичээллэх үү, Спортын төв ордонд очиж бэлтгэл хийгээрэй” гэж хэлсэн. Түүнээс хойш гурван сарын дараа найзтайгаа энэ спортоор хичээллэсэн. Тэмцээнд санаандгүй оролцож, багштайгаа таарсандаа одоо ч баярладаг. Биднийг тамирчин болох үеэс багш, клубийн ах, эгч нар минь зөвлөж, урагшлуулсан.
-Дэвжээнд бэлтгэл базаасан анхны өдөр ямар сэтгэгдэл төрөв?
-Их сонирхолтой санагдаж билээ. Намайг хичээллэхээр анх ирэхэд Э.Даваачимэг эгч бэлтгэлийн заал руу дагуулж орсон. Дэвжээнд бэлтгэл хийж байгаа ах, эгч нарыг харчихаад хэзээ нэгэн цагт тэдэн шиг амжилт гаргана гэсэн бодол төрж билээ.
-Тамирчин хүнд сэтгэлээр унаж, шантрах үе бишгүй. Тийм үед өөрийгөө хэрхэн зоригжуулж, бэрхшээлийг яаж давдаг вэ?
-Хэдий бөхөөр хичээллэдэг ч гэлээ бие, сэтгэл минь төмөр биш шүү дээ. Хүн л юм чинь баярлаж гомдоно, халширч шантарна. Тийм үед “Энэ хүртэл урагшлах гэж ямар их хичээл зүтгэл гаргаж, саад бэрхшээлийг даван туулсан билээ. Зорьсондоо хүрэхэд үүнээс ч хэцүү зүйлүүд хүлээж байгаа. Иймхэн юманд амархан бууж өгөхгүй шүү” гэж өөртөө хэлдэг.
-Тамирчид магтаал, зэмлэл аль алийг нь сонсож амжилтаас атгадаг. Багш, дасгалжуулагч нартаа хатуухан үгээр шүүмжлүүлж байв уу?
-Би магтаал, зэмлэл, шүүмжлэлд нэг их ач холбогдол өгдөггүй. Надад өөрийн гэсэн зорилго байдаг болохоор өмнөх зүйлээ сайн хийхийг хичээдэг. “Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсана” гэдэг үг бий. Ямар ч үед өөртөө итгэлтэй байхын тулд бэлтгэлдээ анхаарал хандуулдаг. Тамирчдын туулдаг амаргүй замаар би ч бас замнаж яваа. Тууштай байж зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө зоригжуулж, дэвжээнд гардаг. Тиймээс нэг жинд зодоглодог тамирчид миний хүчтэй өрсөлдөгч.
-Бөхөөр хичээллэх шийдвэр гаргахад гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол?
-Манайхан намайг дэвжээнд анх гарсан үеэс өнөөг хүртэл маш сайн дэмжсээр ирсэн. Аав минь “Хүн дуртай зүйлээ хийвэл аз жаргалтай байдаг юм. Миний охин зорьсондоо заавал хүрээрэй” гэж захидаг. Тэд одоо миний хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч болсон. Намайг тэмцээнд оролцох бүрт догдолж үздэг.
-Таны барилддаг жинд хүчтэй өрсөлдөгч олон. Тэднээс хамгийн сонирхолтой, дайчин, шийдэмгий барилдаан өрнүүлдэг нь хэн бэ?
-Миний үлгэр дуурайл авдаг бөхчүүдийн нэг бол Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг эгч. Түүний өөртөө итгэлтэй, шийдэмгий, тайван, хөдөлмөрч зан их таалагддаг. Өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн УАШТ-д оролцохдоо жин хасаж 50 кг-д хүч сорьсон. Жин нэмэхээс илүү хасахад их ядардаг. Миний жинд барилдсан бөхчүүдээс хамгийн хүчтэй нь Ц.Намуунцэцэг эгч байв. Би тэр тэмцээнээс хүрэл медаль хүртсэн ч өөрийнхөө санасанд хүртэл барилдаж чадаагүй. Ялагдал минь сургамж болж үлдсэн болохоор зорьсондоо хүрэхийн тулд илүү хичээх ёстойг ойлгосон. Жингийнхээ тамирчидтай тэмцээнд нэг бус удаа таардаг болохоор барилдааных нь арга барилыг мэднэ. Тэднийг хожихын тулд ур чадвар, ухаан чамгүй шаарддаг шүү.
-Таны хувьд 2019 он шагналын хуртай байсан. Залуучуудын ДАШТ, Азийн АШТ, “Монголиа опен”, “Байгал опен” олон улсын тэмцээнээс медаль авсан шүү дээ.
-Бүгдэд нь өөрийгөө сайтар бэлтгэж хичээсэн. Өрсөлдсөн тэмцээн бүрээсээ медальтай ирсэндээ одоо ч сэтгэл өндөр байдаг.
-Тэр жил Унгарын Будапешт хотод болсон 23 хүртэлх насны ДАШТ-ий 53 кг-ын жинд зодоглож, хүрэл медаль хүртэхдээ Польшийн Агата Марта Валерзак, Украины Кристина Бережа гээд хүчтэй учраатай таарсан. Тэднийг хэрхэн ялж, хагас шигшээд шалгарав?
-Өрсөлдөгчдийнхөө барилдааны бичлэгийг уйгагүй үзэн судалж, багштайгаа тактик, төлөвлөгөө боловсруулан, ухаан зарцуулсны үр дүн гарсан. Дэвжээнд барилдахдаа ажиглаж харсан бүхнээ хэрэгжүүлж, хүчтэй өрсөлдөгчийг буулгаж авсандаа баярладаг. Будапештэд болсон ДАШТ-д ах, эгч хоёр минь намайг дэмжихээр Польшоос ирж байлаа. Дэлхийн дэвжээнд “Монголын бөх” гээд зарлахад өөрийн эрхгүй сэтгэл огшдог. Медаль хүртсэн агшнаа үгээр илэрхийлэхэд ч багадмаар санагддаг.
-Медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Беларусийн тамирчин Катарина Пискускаяг оноогоор цэвэр ялж, шагналын тавцанд зогссон барилдаан чинь бөхийн хорхойтнуудыг баярлуулсан. Тэр барилдааны хамгийн сэтгэл хөдөлгөсөн агшин юу байсан бэ?
-Тэр тэмцээнд сэтгэл догдлуулсан мөч олон байсан. Бэлтгэлээ сайтар базаасан тул сандарч, эмээгээгүй. Өөртөө итгэлтэй байсан тул түүнийг хожно гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд байлаа. Барилдаанаа ялалтаар өндөрлүүлээд дэвжээнээс буухдаа багийнхаа тамирчид, багшийнхаа баярласныг харах л хамгийн сайхан агшин байв. Өөрөөсөө хүчтэй тамирчныг хожчихоод их баярласан. Дэлхийн дэвжээнд хүч үзэх нь Монголд болдог тэмцээнд зодоглохоос өөр гэдгийг тэр үед илүү мэдэрсэн дээ.
-“Будапешт-2018”-ын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүногоос даагаа нэхэх бодол байдаг уу. Тэндээс ийм зорилго тээж ирсэнд тань эргэлздэггүй.
-Тийм ээ, түүнтэй өмнө нь залуучуудын ДАШТ-д алтан медалийн төлөө таарч барилдаад 7:3-аар хожигдсон юм. Багштайгаа бичлэг үзэж, мэхнүүд бэлдсэн ч хараахан хийж чадаагүй. Бид хойшдоо дэвжээнд олон таарч барилдана. Алдаагаа засаж, хожихын төлөө бэлтгэл хийж байгаа. Хэрвээ дахиж барилдвал даагаа заавал нэхнэ.
-Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландад зохион байгуулахад та Узбекистаны бөхийг оноогоор ялж яваад, ялагдсан.
-Тэр тэмцээнийг ерөөсөө мартдаггүй юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөхтэй зодоглон 6:0-ээр ялж яваад хожигдсон. Тэрбээр барилдааны цаг дуусахаас өмнө миний гарыг холбож дараад цэвэр хожсон. Казахстан, Киргизийн бөхчүүд хүчтэй, барилдахдаа гар өргөж шиддэг. Тэд энэ мэхээ тэмцээн дуусгахаас өмнө тооцоолж, амжиж хийдэг юм билээ. Тиймээс барилдааных нь техник, мэхээс нь ч гэсэн суралцаж байгаа.
-Шилдгүүдтэй барилдахаар дэвжээнд гарахын өмнө багш тань юу гэж зөвлөдөг вэ?
-Дэвжээнд гарахын өмнө багш “Миний охин өөртөө итгэлтэй, сайхан барилдаарай. Чи чадна” гэж хэлдэг. Надад багшаас, дэвжээнийхээ ах, эгч нараас сурсан зүйл их бий. Бөхийн спорт намайг хөгжүүлж, амьдралын ухаан, хүнийг хүндлэх, харилцааны ёс зүйд сургаж, эерэг хандлагатай болгосон. Намайг унаж, босох үед үргэлж хамт байдаг багш, гэр бүл, найз нөхдөдөө “Баярлалаа” гэж хэлье.
-Хэдий найз ч гэлээ тэмцээнд бол өрсөлдөгч болдог шүү дээ. Харин дэвжээнээс буугаад сайхан нөхөрлөдөг биз?
-Өсвөр насны аварга шалгаруулах тэмцээнд Б.Энхцэцэг найзтайгаа өрсөлдөгч болж барилдсан удаа бий. Түүнээс хойш дахиж таараагүй. Бид чөлөөт бөхөд хөл тавьсан цагаасаа нөхөрлөж, нэгнийгээ хурцалж өдий хүрлээ. Цаашдаа ч хамтдаа зорьсондоо хүрэхийг хичээнэ гэж боддог.
-Шагналынхаа салхийг анх хагалсан медалиа харахаар дэвжээн дээрх дурсамж тань сэргэдэг бaйх?
-Тэгдэг шүү. Хамгийн анх дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүгээд гэртээ ирэхэд манайхан баярлаад, урам хайрлаж билээ. Тэр хүрэл медаль бөхийн дэвжээнээс хүртсэн анхны шагнал маань болохоор үнэ цэнтэй санагддаг юм. Миний хувьд чөлөөт бөхөөр анх зүгээр л сонирхож хичээллэдэг байсан бол одоо амьдралын минь томоохон зорилго болжээ.
-Чөлөөт бөхөөр хичээллэдэг үеийнхэндээ урмын үг хайрлаач. Шантраад буцах гэсэн нэгнийг нь дэвжээнд эргүүлэн авчрах ч юм бил үү.
-Тамирчин хүн хөдөлмөрч, сахилга баттай байхад хэзээ нэгэн цагт амжилтад хүрнэ. Зорьсондоо хүрэхийн тулд тууштай хичээгээрэй. Хүн болгонд боломж байдаг. Өөртөө байгаа авьяасаа давуу тал болгож хөгжүүлэх хэрэгтэй. Хүсэл, мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлсэн бол үр дүнг нь заавал хараарай. Хичээж зүтгэвэл амжилт ойрхон байдаг.