СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Цэнд-Аюушийн Чинзориг даамын ертөнцөд цахиур хагалж яваа нэгэн. Тэрбээр Малайзын Куала Лумпур хотод 2012 онд болсон Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол Монголд 2016 онд зохион байгуулахад нь аваргаар шалгарч байв. Тэгвэл дараа жил нь Польшийн Дабки хотод 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ-д 17 хүртэлх насны ангилалд аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анатолий Протодьяконовтой өрсөлдөж, мөнгөн медаль өвөртлөн шагналын тавцанд зогссон билээ. Эх орондоо зохион байгуулдаг УАШТ-д таван удаа түрүүлсэн түүтэй ярилцлаа.
-Оюуны спортын тамирчид олон жил хичээллэж амжилт гаргадаг. Ямар хүний удирдлагад анх хичээллэв гэдгээс ярилцлагаа эхлэх үү?
-Би Дорноговь аймгийн Сайншанд сумд төрж, өссөн. Нутагтаа даамын спортын суурийг тавьж, хөгжүүлсэн Ш.Өвгөн багшийн удирдлагад анх хичээллэж, спортын замналаа эхлүүлсэн. Ур чадвараа ахиулах шаардлагатай болсон тул ОУИМ Г.Ганжаргал, спортын мастер Э.Энх-Эрдэнэ нартай нөхөрлөж, үргэлжлүүлэн хичээллэж байна.
-Тамирчид өөрийн хүсэл сонирхолд тулгуурлаж спорттой нөхөрлөдөг. Даам таны хобби юу, эсвэл амьдралын тань зорилго уу?
-Даам бол миний хобби. Би хүүхэд байхдаа сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, шатрын дугуйланд явдаг байсан, аль ч төрөлд нь хоёр сараас дээш хугацаагаар суралцаагүй. Гэсэн ч аав, ээж минь намайг тууштай бус гэж зэмлэж байсангүй. Тэд шинэ зүйл туршдаг байсан хоббиг маань илрүүлэн, цааш хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Харин даамын дугуйланд хичээллэж эхлэхдээ л өөрийн эрхгүй татагдсан. Анхны тэмцээнээ ер мартдаггүй юм. Сумынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 7-10 насны ангилалд мөнгөн медаль хүртчихээд их урамшиж билээ.
-Тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй нэг бус таарсан байх. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж, хөлөг дээрх тулаанд оролцдог вэ?
-Европын орнуудад даам өндөр хөгжсөн.Тэр хэрээрээ шилдэг тамирчидтай. Оролцсон тэмцээн бүртээ үе тэнгийнхээ тэр тусмаа дэлхийн нэртэй тамирчидтай учраа таарч, эн тэнцүү өрсөлддөг. Тэдэнтэй тоглохдоо сандарч, өөртөө эргэлзсэн удаа бий. Надад сэтгэл зүйгээ бэлддэг ямар нэгэн онцгой арга байхгүй. Сандарлаа багасгах гэж хичээх, эсвэл айдсаа дарахыг оролдох тусам улам хүчтэй илэрдэг. Тиймээс тухайн үед аль болох тайван байхыг хичээдэг юм. Хожиж, хожигдохоос илүү тэр үед мэдэрсэн айдас, сандрал, хөөрөл, догдлол дараа нь үнэ цэнтэй санагддаг.
-Ширээний ард суугаад өрсөлдөгчөө харах үед ямар мэдрэмж төрдөг бол?
-Тоглолт эхлэхээс өмнө өөрөөсөө ур чадвараар илүү байж мэдэх өрсөлдөгчөө хараад бага зэрэг айдас төрнө, эсвэл өөртөө итгэлтэй, тайван байдал ч мэдрэгдэнэ. Мэдрэмж бол түр зуурын л зүйл, тоглолтын явцад өөрчлөгдөх боломжтой.
-Польшийн Дабки хотод 2017 онд 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын ДАШТ болоход та 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль зүүсэн. Монголын даамчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа V байрт шалгарсан. Аваргын төлөө ямар улсын тамирчинтай өрсөлдсөн тухайгаа сонирхуулаач?
-Тамирчдын хувьд ДАШТ бол маш том сорилт. Тэр сорилтыг амжилттай давахад өрсөлдөгчид хурцалж өгдөг. Аваргын төлөө ОХУ-ын тамирчин Анатолий Протодьяконовтой өрсөлд
сөн гэхээсээ илүү эрч хүч, урам зориг авсан. Тэрбээр тэмцээн өндөрлөхөөс бүтэн нэг тавилын өмнө аваргалсан юм. Ийм байхад өөрийгөө өрсөлдсөн гэж хэлэхэд жаахан ичмээр. Гэхдээ надад бусад өрсөлдөгчөөсөө илүү гарах боломж байсан болохоор тоглолтдоо анхаарал хандуулж, ялалт байгуулснаар мөнгөн медаль хүртсэн.
-Тамирчин хүн өрсөлдөгчөөсөө суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг. Дэлхийн аварга даамчнаас тоглолтын онцлог, арга барил, ямар давуу тал олж харав?
-Тэр тэмцээнээс их зүйл ойлгосон. Нэгдүгээрт, зоригтой байх. Тэрбээр өөрийн өргүүддээ хурц, эрсдэлтэй байрлал үүсгэн, сайн тооцоолж тоглосон нь бусдаас ялгарах нэг онцлог нь. Хоёрдугаарт, өөртөө итгэлтэй. Өмнө нь нэг бус удаа түрүүлж, дэлхийн аварга болсон түүнээс тайван, өөртөө итгэлтэй байдал маш хүчтэй мэдрэгддэг. Хамгийн сэтгэл догдлуулсан агшин гэвэл сүүлчийн өрөг санаанд орж байна. Тэмцээн өндөрлөх өдөр БНХАУ-ын тамирчинтай тоглосон. Миний хувьд түүнийг заавал хожиж байж л медаль хүртэх байв. Өмнөх өдөр нь Г.Ганжаргал багштай холбогдож зөвлөгөө авсан минь их тус болсон. Багш миний өрсөлдөгчийг судалж үзээд “Ер нь бол сонгодог (классик) болон гадсан (коллийн) байрлалаар тун аятайхан тоглож байна. Тиймээс тоглолт нэгэн хэвийн үргэлжилбэл чамд ашиггүй байх талтай. Ямар нэгэн гэнэтийн цохилт, комбинацад оруулах хэрэгтэй” гэж зөвлөсөн. Би багшийнхаа энэ зөвлөгөөг санаж, тоглосон. Тоглолтын дунд хэсэгт бяцхан өгөөш хаяхад тэрбээр миний аргад ороод ирэв. Алдаж нүүхэд нь хожих итгэл төрсөн шүү.
-Хожиж яваад хожигдох, хожигдож яваад хожих нь байдаг. Та ийм зүйлтэй зөндөө тулсан байлгүй.
-Ялалт, ялагдал бол тамирчин хүн бүрийн туулдаг зүйл. Гэхдээ сургамж нь маш үнэтэй. Өрөг дуусахаас өмнө хэзээ ч түрүүлж дүгнэлт хийж болохгүй. Өөрөөр хэлбэл, тэмцээн дуусаагүй байхад баярлах, эсвэл сэтгэлээр унах нь хүссэн үр дүнгээс холдуулна уу гэхээс ойртуулахгүй.
-Гадагшаа тэмцээнд байнга оролцох заримдаа амаргүй санагддаг уу. Ирээд хичээлээ нөхөх хэрэг гарна. Тийм үед ангийн нөхөд тань дэмжиж, тусалдаг байв уу?
-Сурагч байхдаа гадаадад тэмцээнд оролцохоор байсхийгээд явна. Би тийм ч сайн сурлагатай хүүхэд байгаагүй. Багш нар мэддэг болохоор надад их сайн ханддаг сан. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа гэж магтаад, дүн ч гайгүй тавьдаг.
-Монгол Улс тамирчдаа хэрхэн дэмжвэл амжилт гаргах боломжтой вэ?
-Оюуны спортын төрлүүдээс хамгийн дэмжлэг муутай нь даам. Тамирчид гадаадын тэмцээнд оролцохдоо өөрөө зардлаа даадаг. Авьяастай даамчид санхүүгийн боломжгүйгээс болоод оролцохгүй үлддэг тохиолдол бий. Тиймээс улсаас санхүүжилт, зардал мөнгөний дэмжлэг үзүүлээсэй. Ингэх нь ирээдүйдээ, иргэдийнхээ оюунд хийж буй хөрөнгө оруулалт юм. Энэ нь зүгээр үр ашиггүй бэлэн мөнгө тараахаас огт өөр зүйл.
-Өөрийг тань дагаж даам тоглоод, өдгөө хамгийн хүчтэй өрсөлдөгч болсон найз байдаг уу?
-Сонирхож тоглодог найзууд байдаг ч хүчтэй өрсөлдөгч болсон нь одоогоор алга. Тэд даамыг амархан, хичээл зүтгэл шаардахгүй гэж ойлгодог болохоор хэзээ ч сонирхогчийн түвшнээс ахиж чаддаггүй. Намайг өнгөцхөн хараад хүмүүсийг хялбархан хожоод буй шалтгаан нь ямар нэгэн нууц байна, үүнийгээ заагаад өгөөч гэх зэргээр ханддаг.
-Сайн найзтайгаа тэмцээнд таарах ямар байдаг вэ. Хэдий анд ч гэлээ ялалтын төлөө ана мана үзэлцдэг биз?
-Надтай өрсөлдөгч байж байгаад найз болсон хүн олон. Хэдий сайн найз ч гэлээ ширээний ард суугаад, даам өрсөн бол өрсөлдөгч. Хөлөг дээр ширүүн “дайн” өрнүүлсний дараа л хожигдсон тал гар барьж, юун дээр алдсанаа асуух байдлаар ярилцдаг юм. Энэ бол тамирчдад байдаг хамгийн сайхан зүйл.
-“Биеийн хүчээр ганцыг, сэтгэлийн хүчээр мянгыг ялна” гэдэг. Даам ухааны цараа, уран нүүдэл шаарддаг спорт. Монголын алдартай тамирчдаас хэн таны хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ. ОУИМ Г.Ганжаргал, Р.Манлай, эсвэл Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг үү. Тэдэнтэй таарч тоглосон уу?
-Таны дурдсан тамирчид бол эх орноо дэлхийд таниулсан шилдэг даамчин. Улсаа төлөөлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг. Би бүгдтэй нь тэмцээнд таарч тоглосон ч эн зэрэгцэх болоогүй. Гэхдээ тэдэнтэй зүгээр л өгөө, аваатай байдаг уу гэвэл үгүй шүү. Ширүүхэн, бүр ана мана өрсөлддөг.
-Олон өрсөлдөөнөөс Чинзоригийг хэр тамирчин бэ гэдгийг сорьж шалгасан тэмцээн бий байх. Хаанахын тамирчинтай тоглохдоо хамаг авьяас, ур чадвараа гаргав?
-Тоглолт бүртээ гэж хариулмаар байна. Зарим нэгтэй нь тухайн үеийн сэтгэл зүй, өмнөх тоглолтын харьцаа зэргээс шалтгаалж хүчин чармайлт бага гаргаж тоглох үе байдаг. ОУИМ Г.Ганжаргал, Р.Манлай, Д.Эрдэнэбилэг, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Хашчулуун, Ц.Сүхбат зэрэг шилдэгтэй яалт ч үгүй өөрт байгаа бүх нөөцөө шавхан тоглодог.
-Хамгийн сүүлд ямар медаль зүүж, шагналынхаа тоог ахиулсан бэ?
Өнгөрсөн жилийн есдүгээр сарын сүүлчээр Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн. Гэрийнхнээс минь гадна ангийн нөхөд, найзууд минь дэмжин баяр хүргэхэд их урам авсан шүү.
-Амжилтад хүрэхэд тань тусалсан олон хүн байдаг байх. Хэнд хандаж баярлалаа гэж хэлэх вэ?
-Өөрийгөө амжилтад хүрсэн гэхэд арай эрт байна. Өдий зэрэгт хүрэхэд, мөн даамаар замнах суурийг минь зөв тавьсан ээждээ их баярлалаа. Ямар ч үед урам хайрладаг хамгийн сайн дэмжигч, унах үед татаж босгодог хүн бол ээж минь. Намайг хэзээ ч няцааж байгаагүй, үзэл бодол, сонирхлыг минь сонсож ирсэн. Хүүдээ итгэдэг, хойшид ч итгэсээр байхаа үргэлж илэрхийлдэг.
-Даам, шатар, ой тогтоолтын тэмцээнд монголчууд тэргүүлж, оюун ухааны өндөр чадавхтай гэдгээ харуулсаар байна. Үүнд таны амжилт үүрэг, оролцоо ч нөлөөлж буй гэж боддог.
-Бидэнд дэлхийн орнуудын иргэдээс илүү гоц, гойд зүйл байхгүй. Оюуны спортын тамирчдын амжилт үзүүлдэг гол зүйл нь хичээл зүтгэл, хөдөлмөр. Тухайн тамирчныг амжилт гаргасны дараа манайхан “Бидний цусанд ген байгаа, угаас толгой сайтай” гэх зэргээр ярьдаг. Энэ үг нь амжилтын төлөө тамирчдын зарцуулсан асар их хөдөлмөрийг үл ойшоож байгаатай ялгаагүй санагддаг.
-Хөл хорионы үед өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Хөл хорионы үеэр өөрийгөө ямар зожиг хүн бэ гэдгийг мэдлээ. Сургуулийнхаа нөхөдтэй уулзалгүй удаж байна. Чөлөөт цагаараа Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг (CFA)-ээс зохион байгуулдаг “CFA research challenge”-д оролцож, зав гарвал нь ном уншиж байна. Энэ ташрамд, даам сонирхогчдод хандаж “Амжилт заавал гаргана, цол авна гэхээсээ илүү тоглож байх агшиндаа мэдэрч буй мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө дамжуулан өөрийгөө таних боломжтой. ХХI зуунд өөрийгөө таних нь хамгийн чухалд тооцогдох чадварын нэг болсон шүү” гэж хэлье.