Аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь стандартын шаардлага хангаж байгаа, эсэхийг тохирлын үнэлгээний байгууллагууд тогтоодог. Тэгвэл тухайн тохирлын үнэлгээний байгууллага ийм үнэлгээ хийх чадамжтай, эсэхийг Үндэсний итгэмжлэлийн төв (ҮИТ) шалган тогтоох үүрэгтэй. Өнгөрсөн оны сүүлчээс бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус төвийн дарга С.Соронзонболдтой ярилцлаа.
-ҮИТ өмнө нь Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын харьяанд үйл ажиллагаа явуулж байсан. Хараат бусаар ажилласнаар ямар ач холбогдол, давуу тал бий болсон бэ?
-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталсан. Үүний дагуу тохирлын үнэлгээний итгэмжлэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлж, бие даасан, хараат бусаар явуулах зорилгоор Засгийн газраас 2018 онд 270 дугаар тогтоол гарган, ҮИТ байгуулж, дүрмийг нь баталсан. Өөрөөр хэлбэл, хоёр жил орчмын өмнө бие даасан байгууллага болох боломж бүрдсэн юм. Харамсалтай нь, зарим шалтгааны улмаас нэлээд хугацаа алдлаа. Харин СХЗГ-ын шинэ удирдлага манай байгууллагыг тусад нь гаргахад ихэд анхаарч, шаардлагатай хөрөнгийг 2020 оны төсөвт суулгуулсан. Улмаар Шадар сайд Я.Содбаатар томилогдонгуутаа бидэнтэй уулзаж, төвийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан. Үүний дагуу манай төв өнгөрсөн оны наймдугаар сарын 13-нд улсын бүртгэлд бүртгүүлэн, бие даасан хуулийн этгээд болж, СХЗГ-аас үйл ажиллагаагаа тусгаарлалаа. Ингэснээр үндэсний итгэмжлэлийн байгууллага хууль, эрх зүйн шинэ орчинд ажиллах боломж бүрдсэн. Бие даан үйл ажиллагаа явуулсны ач холбогдол, давуу тал маш их. Ганц жишээ дурдахад, өмнө нь тохирлын үнэлгээ хийдэг буюу бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг стандарт, шаардлагад нийцсэнийг баталгаажуулдаг, мөн олон төрлийн лабораторид хөндлөнгөөс итгэмжлэл олгодог хоёр байгууллага нэг бүтцэд, нэг удирдлагатай байв. Энэ нь ашиг сонирхлын зөрчил бий болгосон. Мөн бодлого боловсруулдаг бусад талын оролцоо нь бидний үйл ажиллагаандаа баримталдаг олон улсын стандартын зарчимтай нийцэхгүй байсан зэрэг хүндрэл байсан. Харин хараат бус болсноор Монгол Улсын тохирлын үнэлгээний байгууллагын сорилт, баталгаажуулалтын үр дүнг олон улс хүлээн зөвшөөрч, гаалийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх, хугацаа хэмнэх зэрэг давуу талтай.
-Одоогоор хэдэн байгууллага итгэмжлүүлэх хүсэлт гаргаж, хэд нь гэрчилгээ авсан бэ. Итгэмжлүүлэх хүсэлтэй байгууллага манайд хэр олон байдаг бол?
-Өнгөрсөн онд манайх хүн хүч цөөтэй, “Ковид-19” цар тахлын хүнд нөхцөлд ажилласан. Гэхдээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, их, дээд сургуулийн багш, эрдэмтэд, аж ахуйн нэгжийн сорилтын лабораториудын чанарын менежер, техникийн шинжээч зэрэг орон тооны болон гэрээт үнэлгээний 80 гаруй мэргэжилтэн, техникийн шинжээчдийг итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцуулж, багагүй ажил амжууллаа. Шинээр итгэмжлүүлэх, итгэмжлэлээ сунгуулах зэргээр 182 байгууллага өнгөрсөн онд манайд хүсэлт ирүүлсэн. Үүнээс одоогоор 104-т нь итгэмжлэлийн гэрчилгээ олгосон. 31-ийнх нь итгэмжлэлийн үнэлгээг хийж, үүрэг даалгавар хүргүүлсэн. Үлдсэн 47 байгууллагын материалыг судалж байгаа. Цар тахал, хөл хорионы улмаас орон нутаг дахь байгууллагуудад үнэлгээ хийх зарим ажлыг хойшлуулсан. Нөхцөл байдалтай уялдуулан цаашид алсын зайн үнэлгээ зохион байгуулахаар дүрэм журамдаа өөрчлөлт оруулж байгаа. Мөн Засгийн газраас баталсан Чанарын дэд бүтцийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын ноос, ноолуурын холбоо” ТББ-ын дэргэдэх баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг итгэмжилсэн. Үүний үр дүнд Монголд чанар, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг нотлох боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, манай улс хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, “ногоон” технологиор ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг баталлаа. Экспортыг нэмэгдүүлэхэд эдгээр хүчин зүйл, уг баталгаажуулалтын байгууллагын үүрэг оролцоо их.
-ҮИТ олон улс, бүс нутгийн итгэмжлэлийн байгууллагуудын гишүүнээр ажилладаг. Тэдгээр байгууллагын гишүүд ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг вэ?
-Манай байгууллага олон улсын гурван томоохон байгууллагад гишүүнчлэлтэй, тэдгээрийн Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэн. 2004 онд APAC-д жинхэнэ гишүүнээр, 2007 онд ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-д гишүүн байгууллагаар, 2009 онд IAF (Олон улсын итгэмжлэлийн форум)-д гишүүнээр элссэн. Гишүүн орны хувьд бидний гол үүрэг бол итгэмжлэлийн байгууллагын олон улсын ISO/IEC 17011 стандартыг хангах юм. Тохирлын үнэлгээний итгэмжлэлийг олон улсын түвшинд явуулах нь гишүүн орнуудад экспортолж буй бараа, бүтээгдэхүүний сорилт туршилт, хэмжил зүйн үр дүнг давтан гүйцэтгэхгүйгээр харилцан хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Гадаад улсын баталгаажуулалтын зарим байгууллага манай аж ахуйн нэгжүүдийг “Стандартын шаардлага хангаж байна” гэж үнэлэн, гэрчилгээ өгч, багагүй төлбөр авсан тохиолдол өнгөрсөн хугацаанд цөөнгүй гарсан. Бидний сайн мэддэг ISO9001 стандартыг хэрэгжүүлсэн гэсэн батламж гэрчилгээ л дээ. Мэдээж нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагууд нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн менежменттэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгууллагад гэрчилгээ өгсөн тохиолдол бий. Тэр нь ч сайн хэрэг. Үүний хажуугаар чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн, эсэх нь эргэлзээтэй, зөвхөн мөнгө төлсөн байгууллагад гэрчилгээ өгсөн нь ч байна. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарт маш их анхаарч, багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан, үйл ажиллагаа нь тогтворжсон байгууллагад хохиролтой. Өөрөөр хэлбэл, тендерт ороход зориулж юм уу, хүмүүсийн ярьдгаар зөвхөн “гангараа” болгох маягаар мөнгө төлөөд авчихсан бол ISO9001 стандартын үнэ цэнийг үгүй хийж, шударгаар авсан байгууллага хохирно. Бас хэрэглэгч ч хохирно, итгэл алдарна. Иймэрхүү асуудлыг цэгцлэх, Монгол Улсын тохирлын үнэлгээний салбарыг бодлогоор дэмжих, шударга өрсөлдөх боломж бүрдүүлэх зорилгоор шинэчлэн баталсан хуульд нэг заалт оруулсан. Тодруулбал, аль ч улсын аж ахуйн нэгж Монголд тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулахаар бол үндэсний итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлэхээр заасан. Түүнчлэн Үндэсний итгэмжлэлийн төв бие даасан хуулийн этгээд болсон даруйдаа Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг бүртгэх журам баталж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүллээ.
-Тохирлын үнэлгээ явуулах аж ахуйн нэгж заавал итгэмжлэгдэх ёстой юу?
-Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт гэж бий. Үүнд дурдсан бүтээгдэхүүнд зөвхөн итгэмжлэгдсэн байгууллага тохирлын үнэлгээ хийхээр хуульчилсан. Мөн зарим салбарын хуульд итгэмжлэлтэйгээр явуулахаар заасан үйл ажиллагаанууд ч бий. Үүнээс бусад тохиолдолд итгэмжлэлд хамрагдах, эсэх нь тухайн байгууллагын эрх, сонголт. Байгууллагууд өрсөлдөх чадвар, нэр хүндээ дээшлүүлэх зэрэг зорилгоор хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулалт хийлгэдэг. Тэрхүү баталгаажуулалтын байгууллага хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёрын гүүр болж, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ гэдгийг нотолж байгаа. Тиймээс тухайн баталгаажуулалтын байгууллага итгэмжлэгдвэл мэдээж давуу тал болно.
-Байгууллагуудыг ямар шалгуур үзүүлэлтээр итгэмжилдэг юм бэ?
-Бүх үйл явц нь стандартын дагуу байх, ёс зүйтэй, өндөр хариуцлага, бүх талын нөөцтэй байх шаардлага тавьдаг. Нөгөө талаар итгэмжлэгдсэн гэдэг нэр хүндийг буруугаар ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, шударга өрсөлдөөнийг хааж, стандартын шаардлагаа биелүүлдэг бусад байгууллагын үйл ажиллагаанд хохирол учруулсан ноцтой асуудал, тохиолдол мэр сэр гарч байна. Жишээлбэл, нэг баталгаажуулалтын байгууллага зөвхөн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлтэй, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани, төрийн бус байгууллагыг дороо байгуулчихсан. Тэр хамаарал бүхий компани, төрийн бус байгууллагынхаа нэрээр зөвлөх үйлчилгээний ажил олно. Ингэхдээ баталгаажуулах дээр санаа зоволтгүй “манай” байгууллага бий гээд гэрээ байгуулчихна. Тэгээд зөвлөх үйлчилгээг нь авсан байгууллагууддаа богино хугацаанд өөрсдөө аудит хийгээд, сайн байна гээд гэрчилгээ олгоод, мөнгө авдаг. Энгийнээр хэлбэл, ийм бай, тийм бай гэж зөвлөсөн байгууллага өөрийнхөө хийсэн ажлыг шалгаад, сайн байна гэж дүгнэдэг. Өмнө дурдсанчлан, чанарын төлөө маш их хөрөнгө оруулж, менежмент, цаг хугацаа зарцуулсан, үйл ажиллагаа нь тогтворжсон болон “хулхи” байгууллага хоёр яг адилхан “гэрчилгээ” авчихлаа гэж бодъё. Гэтэл “хулхи” этгээдээс нь болж хэрэглэгч хохирвол яах вэ.
-Үүнд хариуцлага тооцох ямар зохицуулалт манайд байдаг вэ?
-“Хулхи” гэрчилгээнд итгээд бараа, ажил, үйлчилгээ авсан хэрэглэгч л хохирно. Ийм асуудал газар авбал тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэгчдэд, энэ салбарынханд хэн итгэх вэ. Үнэхээр чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн байгууллага бол хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн түрүүнд тавьж, хохирол учирсан тохиолдолд залруулах механизм нь бүрдсэн. Тийм тохиолдол бүрт манайх магадлах шалгалт явуулж, итгэмжлэлийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч байгаа. Стандартын шаардлага хангаж чадахгүй бол заавал итгэмжлэгдэх албагүй шүү дээ. Энэ арга хэмжээ зарим байгууллагад мэдээж таалагдахгүй. Гэхдээ л бид энэ салбарыг хамгаалж, хуулиар олгосон, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үүргээ биелүүлэх ёстой.
-Нэг удаад хэр хугацаатай итгэмжлэл олгодог вэ?
-Анх удаа бол хоёр жил, дахин хамрагдсан бол дөрөв хүртэлх жилийн хугацаатай итгэмжилдэг. Мөн итгэмжлэгдсэн байгууллагууд хууль, стандартын шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байгаа, эсэхийг жил бүр магадлах ёстой. Урьд нь бид ажлын ачааллаас шалтгаалаад энэ ажлыг орхигдуулсан. Харин өнгөрсөн оны эхнээс бид магадлах үнэлгээг цөөнгүй байгууллагад хийж эхлүүллээ. Үр дүнтэй ажил болж байгаа. Жишээлбэл, дээр хэлсэн баталгаажуулалтын байгууллагаас хууль, стандарт зөрчсөн том, жижиг 17 зөрчил илэрч байна. Яаж ийм байгууллагыг итгэмжилсэн юм бэ гэмээр. Иймэрхүү байгууллагуудад эхний ээлжид албан ёсоор анхааруулж, хугацаатай үүрэг даалгавар өгч буй. Энэ нь үр дүнд хүрэхгүй бол итгэмжлэлийг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ авахаас өөр аргагүй.
-Хэрэглэгчид аль байгууллага итгэмжлэгдсэн талаарх мэдээллийг сонирхох нь гарцаагүй. Тэдгээрийг таниулах чиглэлээр танай байгууллага ажилладаг уу?
-Үндэсний итгэмжлэлийн төв энэ онд итгэмжлэлийн үйл явцыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн. Итгэмжлэл нь тохирлын үнэлгээний байгууллага стандартыг нэгбүрчлэн дагаж, хэрэгжүүлж буй, эсэхийг хянадаг маш нарийн чимхлүүр, цаг авсан ажил. Үүнийг цахимжуулснаар бага нөөцөөр их ажил амжуулах юм. Нөгөө талаар бид итгэмжлэл олгосон байгууллагуудыг олон нийтэд таниулах үүрэгтэй. Тиймээс байгууллагынхаа цахим хуудсыг шинэчилж буй. Түүнчлэн энэ онд эрүүл мэндийн лабораториудын итгэмжлэлд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж төлөвлөсөн. Энэ чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.