Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсын их, дээд сургуулиуд өнгөрсөн оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас цахимаар сургалт явуулах болсон. Энэ жил улс даяар хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь өрхийн орлого буурахад нөлөөлсөн учир цахим сургалтын төлбөрийг хөнгөлөх хэрэгтэй гэж оюутнууд үзэж буй. Сургалтын чанар, үр дүн, төлбөрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхтэй ярилцлаа.
-Оюутнууд цахим сургалтын төлбөрийг бууруулахыг шаардаж, сургуулийнхаа удирдлагад хүсэлт гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Сургуулийн урсгал зардал багассан учир төлбөр бууруулах боломжтой гэж тэд үзэж байгаа. Оюутнуудад хөнгөлөлт үзүүлэх боломж бий юү?
-Бид өнгөрсөн хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орны боловсролын салбарын системийг Монголын их, дээд сургуулиудын онцлогт тохируулан нэвтрүүлэхээр багагүй ажил хийжээ. Үүний нэг нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах боломжтой цахим сургалтын систем. Цар тахлын улмаас ихэнх орны их, дээд сургуулиуд ийм төрлийн сургалт зохион байгуулах болсонтой манай улс ч хөл нийлүүлэн алхаж байна. Оюутнууд цахим сургалтын чанар, үр дүн, зардлыг харгалзан үзэж, төлбөрийг бууруулах хүсэлт ирүүлсэн учир БШУЯ-наас судалж, зарим шийдвэр гаргалаа. Монгол Улсын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд Коронавируст халдвар (Ковид-19)-ийн цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Эл тогтоолд заасан хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн төлбөрийг бууруулах талаар тусгаагүй. Тиймээс Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.8-д заасны дагуу БШУЯ өмчийн хэлбэр харгалзахгүй, бүх шатны боловсролын байгууллага суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэн тооцох түр журам баталлаа. Уг журамд цахим хичээлд хамрагдсан оюутны ирц, идэвх, чадвар, явцын дүнг харгалзан сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх заалт тусгасан. Мөн ар гэрийн санхүүгийн боломжид суурилан уян хатан нөхцөлөөр хэсэгчлэн, хугацаа тохиролцон төлбөр тооцох, тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэх зэрэг үүрэг өгөөд байгаа. Их, дээд сургуулиуд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дотоод дүрмийн дагуу дээрх түр журмыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
-Зарим их, дээд сургуулийн удирдлага төлбөрөө бууруулах нь алдагдалтай гэж үзсэн. Чухам ямар үндэслэлээр ингэж дүгнэх болов?
-Их, дээд сургуулийн захирлууд сургалтын төлбөрөө бууруулах боломжгүйгээ илэрхийлсэн. Цахим хичээлийн агуулга, хугацаа танхимынхтай ижил, багш нар оюутнуудтай нэгбүрчлэн, тулж ажиллах шаардлагатай тул төлбөрийг бууруулах боломжгүй гэж үзэж байгаа. Багшийн ачаалал ихэссэн энэ үед цалин, урамшууллыг нэмэх шаардлагатай. Гэхдээ эхлээд цахим системийн хөгжүүлэлт, хурдыг сайжруулахаар их, дээд сургуулиуд багагүй хөрөнгө зарцуулж буй. Тиймээс багш, оюутны эргэх холбоог сайжруулах, цахим хичээл бэлтгэх, заах арга зүйг илүү боловсронгуй болгохоор их, дээд сургуулиудад БШУЯ-наас дэмжлэг үзүүлэх чиглэл барьж байна. Цаашид цахим сургалтыг тасралтгүй явуулах, дэд бүтэц, программ хангамжийг сайжруулах, интернэт сүлжээний хурд, хүртээмж, серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн.
-Цахим хичээлийг үр өгөөжгүй гэж үзэх оюутан цөөнгүй. Танай яамныхан энэ талаар судалгаа хийв үү?
-Их, дээд сургуулиуд цахим хичээлийг зохион байгуулахдаа интернэтийн хурд, хүчин чадлыг нэмж, техникийн сааталгүйгээр дамжуулахад анхаарч байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард хөл хорио тогтоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн үеийнхтэй харьцуулахад нөхцөл байдал өдгөө нэлээд сайжирчээ. Цахим сургалт эхлэх үед оюутан, эцэг, эхчүүд багагүй гомдол гаргасан юм. Эдгээр гомдлын дийлэнх нь техникийн бүрэн бүтэн байдал алдагдсанаас болсныг илрүүлж, шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Мөн их, дээд сургуулийн оюутнуудын дунд өнгөрсөн оны хаврын улирлын хичээлийн цахим сургалтын талаар судалгаа хийлээ. Судалгаанаас зарим оюутны голч дүн өсөж, сайжирсан нь харагдсан. Сургалтыг чанартай, үр өгөөжтэй болгохоор профессор, багш нарт хяналт, шаардлага тавьж байна. Тиймээс оюутнууд хугацаандаа хичээлээ хийж, идэвхтэй суралцах шаардлагатай.
-Одоогоор оюутны хөгжлийн зээлийг олгох, эсэх, хэрхэн хамрагдах нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хоёр улирлын турш энэ зээлийг олгоогүй. Ирэх улиралд эл зээлийг хэчнээн оюутанд олгохоор болов?
-Засгийн газар энэ сарын 13-ны хуралдаанаараа оюутны хөгжлийн зээлийн талаар хэлэлцэж, үргэлжлүүлэн олгохоор болсон. Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдал зарласан нь иргэдэд санхүүгийн хүндрэл учруулсан гэж үзэн ийм шийдвэр гаргаад байгаа. 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх мэргэжлийнхээс бусад чиглэлээр суралцаж буй 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй 5028 оюутанд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэсэн.
-Өнгөрсөн хоёр улирлын турш олгоогүй оюутны хөгжлийн зээлийг нөхөн төлөх үү?
-2020 оны хавар, намрын улиралд шаардлага хангасан, тодорхой тооны оюутныг зээлд хамруулсан. Тухайлбал, 2019-2020 оны хичээлийн жилийн II улиралд 1971 оюутанд 2.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Харин 2020-2021 оны хичээлийн жилийн I улиралд 2782 оюутанд дөрвөн тэрбум төгрөгийн зээл өгчээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлд хамрагдаж чадаагүй залууст мэргэжил харгалзахгүйгээр нөхөн олговор өгөхөөр болсон.
-Их, дээд сургуулийн цахим систем доголдох тохиолдол цөөнгүй. Хэт их ачааллаас болж гацаж, тасалдаж буй системийг сайжруулах боломж бий юү?
-Өнгөрсөн хичээлийн жилийн хаврын улиралд их, дээд сургуулийн цахим сургалтын үйл ажиллагаатай холбоотой системийн ачаалал тодорхой түвшнүүдэд хэлбэлздэг байсан. БШУЯ дээд боловсролын сургалтын байгууллагуудаа үүрэн телефоны оператор компаниудтай холбон, интернэтийн төлбөрийг тодорхой хувиар буурууллаа. Сургуулиуд цахим системээ хөгжүүлж, түүндээ тохирсон хурдтай интернэт сонгож, харилцагч компанитайгаа гэрээгээ сунган ажилладаг. Жишээлбэл, хамгийн олон оюутантай ШУТИС “Мобиком”, “Юнител” компанитай хамтран программ хангамж, цахим сургалтын систем, интернэтийн хүчин чадлаа өргөтгөсөн. Уг хоёр компанийн сүлжээг ашиглан оюутнууд цахим сургалтдаа үнэгүй хамрагдах боломжтой. Тус сургуульд одоогоор системийн ачаалал үүсээгүй. Бусад сургуульд ч мөн адил сонгосон үүрэн телефоны оператор компанийн интернэтийг ашиглан сургалтын системээ өргөжүүлж байна.