“Удам залгамж” буландаа залуу уран бүтээлч Б.Замиланг урилаа. Тэрбээр Гавьяат жүжигчин, бүжигчин, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн охин юм. “Говийн домог” уран сайхны киноны Эгээрэл гүнжийн дүрд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр тун удах-
гүй UBS телевизийн бүтээсэн “Нарны садан”-гаар үзэгчидтэй дахин “уулзах” аж.
-Урлагийн мэргэжил сонгоход ээжийн тань нөлөө их байсан уу?
-Урлагийн хүн болоход ээжээс гадна аав ч бас их нөлөөлсөн гэж боддог. Аав минь төгөлдөр хуур хөгжимд үнэхээр дуртай. Тийм болохоор охиноо тэр хөгжмийг эгшиглүүлэхийг харахыг хүсдэг байсан юм билээ. Тэгээд л намайг зургаан настайд Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын Консерватор)-д шалгуулсан. Жаахан байсан болохоор хаашаа, юунд явж буйгаа ойлгоогүй. Энд, тэнд янз бүрийн хөгжим дуугарсан байшин руу ороход миний үеийн зөндөө хүүхэд шавчихсан байсныг санадаг. Шалгуулахаар ороход нэлээд хэдэн багш суучихсан байв. Тэдний дунд их гоё гартай орос багш байсныг ер мартдаггүй. Ингэж төгөлдөр хуурын ангид шалгуулж тэнцээд урлагийн хүн болох гараагаа эхэлсэн.
-Гэхдээ урлагийнхан хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх дургүй байдаг юм билээ. Таныг урлагийн мэргэжил эзэмшихэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав гэртээ байх үедээ төгөлдөр хуур, гитар, морин хуур гээд хөгжим тоглоно, дуулна. Ээж ч намайг бага байхаас л янз бүрийн тоглолтод дагуулж явдаг байлаа. Урлагийн олон мундаг хүнийг хажуугаас нь харж өссөн болохоор яалт ч үгүй л холбогдчихсон. Урлагийн хүний амьдрал амаргүй, тодорхой хэмжээний золиос гаргаж амжилтад хүрнэ гэдэг. Золиос гэдэг нь гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг хугацааг хэлсэн хэрэг л дээ. Тэр утгаараа урлагийнхан хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх дургүй байх. Харин миний аав, ээж эсэргүүцээгүй.
-Харин ч нэлээд дэмждэг бололтой.
-Би Хөгжим бүжгийн коллеж төгсөөд Япон Улсад хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцахаар төлөвлөөд байв. Гэхдээ гэнэт л төлөвлөгөөгөө өөрчилж, СУИС-д сурч жүжигчин болохоор шийдээд ээж, аавдаа хэлсэн. Тэд намайг СУИС-д элссэнээс хойш нэг ч удаа сургууль руу ирж байгаагүй. Намайг жүжиглэж буйгаар төсөөлдөггүй байсан байх. Харин одоо зөвлөгөө, шүүмж харамгүй хэлдэг шүү. Яг л голыг нь олж хэлдэг учраас тэднийхээ үгийг сайн сонсдог.
-Хувь уран бүтээлч Б.Замилан гэхээс илүү Гавьяат жүжигчин, бүжигчин Д.Энхгэрэлийн охин гэж хэлүүлэх үе бишгүй байх. Тийм үед ямар санагддаг вэ?
-Урлагт арын хаалга байхгүй. Намайг СУИС-д элсэлтийн шалгалт өгөх үед ээж минь тус сургуулийн Бүжгийн урлагийн сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байв. Шалгалтын дараа “Ээж нь багшилдаг юм чинь тэнцэх нь аргагүй шүү дээ” гэж оюутнууд ярихыг сонссон. Тэр үед “Цаг хугацаа бүхнийг харуулна даа” гэж бодоод л өнгөрч байлаа. Олон хүн Д.Энхгэрэлийн охин гэдгээр минь мэддэг болохоор тэр хэрээр хариуцлагатай байхыг хичээдэг. “Ээж чинь мундаг хүн биз дээ. Чи яагаад тэр чанарыг нь дуурайгаагүй юм бэ” гэж харьцуулах хүн ч цөөнгүй. “Говийн домог” кинонд шалгуулж байхдаа ч аав, ээждээ дуулгаагүй. Би муу мэдээ, эсвэл бүтээгүй зүйлийг хэлэхийг хүсдэггүй. Тус
киноны нээлтийн дараа л ээж минь намайг анх удаа жүжигчин гэж харсан гэсэн.
-Таны ямар зан чанар ээж, аавтайгаа адилхан бэ?
-Аль алиныг нь дуурайсан байх. Бага байхад аав “Ээжийнх нь инээдтэй, дураараа чанар миний охиноос харагддаг” гэдэг байв. Мөн аавыгаа дуурайгаад жаахан зөрүүд, алиа зантай. Аав, ээжийнхээ мундаг зан чанар, зөв дадал хэвшлүүдийг өөртөө бий болгохыг хичээдэг. Ямар ч хүн бусдын сайн чанаруудыг өөртөө дадал зуршил болгож, суулгаж болдог гэж боддог.
-Олны танил, уран бүтээлч хүний хүүхэд байх хэцүү юү?
-Ээж минь олны танил гэхээс илүү танил олонтой хүн. Хийж бүтээсэн зүйлийг хамт олон нь үнэлдэг, хүндэлдэг, уран бүтээлээрээ хүмүүст танигдсан нь бахархмаар. Бусдын хувьд сурган хүмүүжүүлэгч, бүжиг дэглээч, бүжгийн багш, “Уулзах сан” гэж хүсдэг хүн. Харин миний хувьд ээж. Ээжээрээ үнэхээр бахархдаг.
-Хэр дүрсгүй охин байсан бэ. Ээж, аавынхаа чихнээс хонх уясан тохиолдол олон уу?
-Багадаа нүд нь эргэлдсэн, маш нүүрэмгий охин байсан. Аав минь Японд долоон жил ажиллаж, амьдарсан юм. Аавыг хол байхад ээж байнга дүрс бичлэг хийж, явуулдаг байсан нь одоо бараг манай гэрийн архив болчихож. Заримдаа тэдгээр бичлэгийг үзэж баясдаг. Бичлэг дээр над шиг сахилгагүй хүн байхгүй. Багадаа нүүрэмгий байсан ч Хөгжим бүжгийн коллежод сурах үедээ их бүрэг болсон. Магадгүй хөгжим намайг дотогшоо болгосон байх. Харин СУИС-д эсрэгээрээ. Ээж, аавынхаа чихнээс хонх уяхаасаа илүү санааг нь зовоосон тохиолдол их байх.
-Ээжийнхээ аль уран бүтээлийг хамгийн тод санадаг вэ?
-Багадаа ажилдаа явж буй мэт л ээжийгээ дагадаг байлаа. “Түмэн эх” чуулгад ажилладаг байхад нь өдөр бүр үзэгчдийн суудлын хамгийн эхний эгнээнээс тоглолтыг нь үздэг байв. Ээжийн оролцдог бүх үзүүлбэрийг цээжилчихсэн. Тэр үеийг одоо ч тод санагддаг.
-Аав, ээжийн тань удамд урлагийн авьяастай хүн олон байдаг уу?
-Ээжийн минь дүү Д.Баярт, бэр эгч Б.Норовбанзад нар бүжигчин мэргэжилтэй. Хоёулаа “Улаанбаатар” чуулгад ажилладаг. Манай гэр бүлийнхэн дунд бүжигчин олон.
-Аав Д.Болор-Эрдэнэ тань морин хуурч. Та ХБК-д төгөлдөр хуурч мэргэжил эзэмшсэн. Гэртээ хөгжим, урлагийн тухай яриа өрнүүлдэг үү?
-Манай гэрт өдөр бүр л хөгжим, урлагтай холбоотой яриа өрнөдөг. Мэргэжил, сонирхол нэг болохоор ярихгүй байна гэж үгүй. Уран бүтээлчдийн шинээр гаргасан дуу хөгжим, кино гэхчлэн бүгдийг нь хамж шимээд л ярьдаг.
-Дүү тань балетын гоцлооч болохоор Монгол Улсын Консерваторт суралцаж байгаа юм билээ. Урлагийн мэргэжил эзэмшиж
буй хоёр охиндоо ээж, аав тань юуг хамгийн их захидаг бол?
-“Аливаа ажлыг сэтгэлээсээ хий. Эхэлсэн ажлаа заавал дуусга. Цагийн юм цагтаа” гэж их хэлдэг. Урлагт сахилга бат, хариуцлага чухал. Ээж минь багш болохоор ч тэр үү, заримдаа оюутнуудад ханддаг шигээ л зэмлэнэ, магтана. Аав минь “Хийхийг хүссэн зүйлээ зоригтой хий. Гэхдээ ямар ч үр дүнд хүрсэн хариуцлагаа өөрөө хүлээж сурах ёстой” гэдэг. Хариуцлагатай мөчтэй нүүр тулахад аав, ээжийн үг орой
руу ордог юм билээ.
-Ээжийнхээ үүсгэн байгуулсан “Хүн” театрт та харьяалагддаг уу?
-Мэдээж харьяалагддаг. Манай гэр бүлийн үнэт зүйл шүү дээ. Дүү бид хоёр театрынхаа цэвэрлэгч, өлгүүрчнээс авхуулаад арын албыг нь хашдаг.
-Та уран бүтээлч хүний амьдралыг нүдээр харж өссөн. Харин өөрөө уран бүтээлч болоод жаргал, зовлонг нь биеэр мэдрэхэд ямар санагдаж байна вэ?
-Үзэгчид бэлэн болсон уран бүтээлийг үзээд, үнэлэлт дүгнэлт өгдөг. Гэтэл тухайн уран бүтээл хэр олон хүний хөлс, хүчээр бүтсэнийг тэр бүр мэддэггүй. Урлагийн мэргэжил хэцүү, шантармаар ч түүнийг давж, өөрийгөө харуулж чадвал бахархмаар шүү.
-Уран бүтээлч хүнд авьяас, хөдөлмөрөөс гадна аз тохиож амжилтад хүрдэг мэт санагддаг. Оюутан байхдаа найруулагчдын нүдэнд өртөж уран бүтээлийн гараагаа эхэлдэг нэгэн байхад сургуулиа төгсөөд хаана, хэрхэн ажиллахаа мэдэхгүй яваа нь ч бий. Та хэр азтай вэ?
-Би маш азтай. Миний бодлоор хүн бүрт аз тэгш тохиодог байх. Харин тэр азыг боломж болгож чадсан нь амжилтад хүрдэг мэт санагддаг. Аав минь “Миний охинд аз заавал тохионо. Тэр үед харин бэлэн л байх ёстой” гэсэн нь санаанд орж байна. Сайхан гэр бүлд охин нь болж мэндэлсэн минь миний хамгийн том аз, заяа.
-“Говийн домог” кинонд тоглохоосоо өмнө дүрийн сонгон шалгаруулалтад оролцож байсан уу. Тус кинонд хэрхэн тоглосон бэ?
-“Говийн домог”-оос өмнө дүрд шалгуулж байгаагүй. Анхны уран бүтээл минь. Өөрийнхөө хэрхэн тоглосныг дүгнэж чадахгүй нь. Кино багийнхныхаа итгэлийг алдахгүй хариуцлагатай байж, найруулагчийн үгийг сайн сонсож ажиллахыг л хичээсэн дээ.
-Түүхэн кинонд тоглох ямар байв. Та монгол ахуйтай хэр ойр өссөн бэ?
-Би хотын унаган охин болохоор монгол ахуй, морь малаас хол өссөн. Наана нь бэлтгэх хугацаа байгаагүй болохоор зургийн талбайд очсон хойноо л морь унах, нум сум харвах бэлтгэл хийж эхэлсэн.
-Шинэ уран бүтээлийн санал хэр их ирдэг вэ?
-“Говийн домог”-ийн дараа сургуулиа төгсөх, хичээлдээ шамдах шаардлагатай байсан учраас киноны саналууд ирсэн ч тоглож чадаагүй. Яг одоо UBS телевизийн “Нарны садан” нэртэй, мөн л түүхэн төрлийн кинонд зургаа авхуулж байна.
-Ер нь дэлгэцийн уран бүтээлд дагнан ажиллах бодолтой юу?
-Одоогоор баттай шийдсэн зүйл алга. Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэдэг дээ. Түүний адилаар тайзан дээр гарах боломж олдвол өөрийгөө дайчлан ажиллана.
-Үүнийг л бүтээчих юм сан гэж шунадаг дүр бий юү?
-Би киноны эсрэг дүрүүдийг их онцолж хардаг. Эсрэг дүр чадвартай, сайн байвал эерэг, гол дүр тодордог. Тиймээс өөрийгөө эвдэж өөрөөр харуулах, үзэгчид ч тааварлахааргүй дүрд ажиллах сан гэж хүсдэг. Хүний сэтгэл хөдлөл, өөрчлөлт их сонирхолтой. Сэтгэл зүйн олон хувирлыг өөрөөрөө илэрхийлэх амаргүй ч жүжигчний мэргэжлийн гайхамшиг нь яг үүнд л оршдог гэж боддог. Хүн нэг л амьдрал туулж өнгөрүүлдөг бол жүжигчид уран бүтээлээрээ хэдэн өөр амьдралаар амьдарч чаддаг. Тэр болгонд сэтгэлийн өөр өөр хөдлөл мэдэрнэ. Мэргэжлээ сонгосон шалтгаан минь энэ.
-Ойрын зорилт болон хэтийн зорилгоосоо хуваалцаач?
-Ойрынх гэвэл өөрийгөө аль чадахаараа хөгжүүлэхийг зорьж байна. Сурахаар бодож төлөвлөсөн зүйл ч олон бий. Залуудаа аль болох л хөгжиж, дэвжих хэрэгтэй. Хэтийн зорилгоо энд дурдалгүй үлдээе.