Монголд гийрийн спорт өдгөө бүх нийтийн биеийн тамир болон хөгжиж буй. Туухайгаар хичээллэсэн хүн биеэ хөгжүүлэхээс гадна аливаа бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван туулахад суралцдаг. Монголын хүчний байгууллагын алба хаагчид ажлынхаа онцлог, байдлаас хамаараад энэ спортоор түлхүү хичээллэдэг. Тэдний нэг нь Монголын гийрийн спорт сонирхогчдын холбооны ерөнхий шүүгч, дасгалжуулагч, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн тамирчин Н.Мадигайым. Тэрбээр туухайтай нөхөрлөж, амжилт гаргаж яваа. Шавь нараа спортоор хүмүүжүүлэн, төлөвшүүлэхийн зэрэгцээ бусдыг ч эрүүл, чийрэг болгохыг зорьж ажилладаг түүнтэй ярилцлаа.
-Спортын төрлүүдээс гийр хамгийн хүнд төрөлд багтдаг. Тиймээс зөв, техниктэй сурах ёстой. Харахад бөөрөнхий төмөр ч гэлээ өдөр бүр өргөхөд зориг, тэвчээр шаарддаг. Энэ спорттой нөхөрлөсөн цагаасаа эх орондоо хөгжүүлэхээр зорьсон. Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд төрсөн. Манай нутагт бөхийн спорт төдийлөн хөгжөөгүй. Бидний үеийнхэн Улаанбаатарт оюутан болж ирснийхээ дараа бөхийн төрлүүдэд тамирчид хэрхэн амжилт гаргаж байгааг харсан. Гийрийн спорт тамир суулгаж, эрхтэн системийг хөгжүүлдэг онцлогтой. ОХУ-ын шигшээ багууд, цагдаа, зэвсэгт хүчнийнхэн нь энэ спортоор хичээллэдэг. Гийрээр хичээллэхэд том талбай шаардлагагүй. Гэртээ, байгууллагынхаа албан тасалгаанд ч хичээллэж болно.
-Оросын тамирчдын амжилт гаргадаг нууцыг туухайтай холбож ярих юм билээ.
-Гийрийн спорт Оросоос гаралтай. Тиймдээ ч олимпын спортын нэг төрөл болгохоор шаргуу хөөцөлдөж байна. Монголчууд төмөр төдийхнөөр хардаг туухайг хойд хөршийнхөн эртнээс спортын төрлүүдтэй хамт хөгжүүлж ирсэн. Туухай эртний түүх өгүүлдэг спорт. Оросын I Пётр хаан монголчуудын довтолгооноос хамгаалахын тулд тариачдаа туухайгаар хичээллүүлсэн гэдэг. Харин XIX зууны сүүлчээр хүндийг өргөлтийн нэгэн төрөл болж хөгжсөн. Оросын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг гэгддэг Петр Францевич Санкт-Петербург хотод XX зууны эхэн үед сонирхогчдын клуб байгуулснаар гийрийн спорт хөгжихөд том түлхэц болсон юм билээ. Тэрбээр Оросын анхны тэмцээнийг 1948 онд Москва хотод зохион байгуулсан бол 1962 оноос гийрийн спортын орчин үеийн түүх эхэлсэн. Жилээс жилд хөгжсөөр орон нутгийн иргэд, арми, флот, хүчнийхний хичээллэх боломжтой газруудад туухай байрлуулсан гэдэг. Оросууд спортод амжилт гаргаж ирсний нууц үүнтэй холбоотой. Европчууд энэ спортын давуу талыг мэдэж, тэднээс суралцаж эхлээд байна.
-Та жүдо, самбо бөхөөр барилддаг байхдаа гийр лүү урвасан гэсэн. Тууштай үргэлжлүүлсэн бол амжилтаас атгах ч байсан юм бил үү?
-Би аавынхаа талаас бөхийн удамтай. Аав минь аймгийн алдарт уяач, төрсөн ах нь улсын харцага О.Бахыт. Авга ах залуудаа үндэсний, чөлөөт бөхөөр барилдаж, “Хоршоолол” нийгэмлэгт дасгалжуулагчаар олон жил ажилласан. Намайг бөх болгохоор багаас минь ноцолдуулж, нутгийн хүүхдүүдтэй бэлтгэл хийлгэн тэмцээнд оролцуулдаг байв. Ахын минь амжилт, хөдөлмөрийг төр, засаг үнэлж, 2006 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол, МҮОХ “Алтаночир”, “Олимпын алдар” одонгоороо шагнасан юм. Бөхийн спорт хөгжсөн Улаанбаатарт хүүхэд байхдаа ирж, бэлтгэл базаасан бол амжилт гаргах байжээ гэж хожим харамсаж билээ. Батлан хамгаалахын их сургуульд сурдаг байхдаа самбо бөхөөр гурван жил барилдаж, насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Жүдо, самбо бөхөд үеийнхнээсээ хожуу хөл тавьсан надад тэр үед амжилт гаргах амаргүй санагдсан. Намайг самбогоор барилддаг байхад Гавьяат дасгалжуулагч Г.Үүрцолмон багш гийрээр хичээллэхийг зөвлөсөн юм. ОХУ-ын Улаан-Үдэд 2016 онд болсон туухай өргөлтийн дэлхийн цомын тэмцээнд 73 кг-ын жинд оролцож, III байрт шалгарлаа. Миний хувьд хичээллээд удаагүй байсан тул тэмцээнд тамирчдыг ямар шалгуураар өрсөлдүүлж, аваргаар тодруулдгийг сайн мэдэхгүй өрсөлдсөн. Гадаадын томоохон тэмцээнд анх оролцохдоо Оросын тамирчдын хүч, бярыг хараад гайхаж байлаа. Дараа нь БНСУ-ын Сөүл хотод 2017 онд туухай өргөлтийн ДАШТ зохион байгуулахад багаараа оролцсон. Сонирхогчдын төрөлд манай эмэгтэй тамирчин түрүүлж, би мэргэжлийнхэд VII байр эзэлсэн юм.
-Гийртэй нөхөрлөсөн цагаасаа давуу талыг нь хэр мэдрэв?
-Гийрээр хичээллэсэн үеэсээ хүмүүст давуу талыг нь ойлгуулахаар ярьж, зөвлөсөн ч ойшоогоогүй, бүр хүлээж авахыг ч хүсдэггүй байлаа. Тэр үед жигтэйхэн дургүйцэж байсан хүмүүс одоо туухайгаар хичээллэхээр найз нөхөд, гэр бүлээ дагуулж ирдэг болсон. Туухай эрүүл мэндэд хэрэгтэйг олон хүн өөрийн биеэр мэдэрч, ойлгодог болжээ. Туухай өргөхөд биед хуримтлагдсан хор гадагшилж, сэтгэл санаа тайвширч, анхаарал төвлөрдөг. Би энэ спортын ач тусыг мэдэрсэн тул бусадтай хуваалцахыг хүсдэг юм.
-Та цахим хуудсандаа туухайгаар хичээллэж, амжилт хэрхэн гаргах тухай сонирхолтой зөвлөгөө оруулдаг. Олон хүн өөрт тань шавь болох санал тавьсан байна билээ.
-Тийм ээ, надтай хамт хичээллэхийг хүсвэл саналыг нь дуртай хүлээж авдаг. Миний дагагчид өглөө болгон дасгал хийж, өөрийн биед гарсан өөрчлөлтийнхөө талаар сэтгэгдлээ хуваалцдаг юм. Туухай нас харгалздаггүй спорт тул найман настай балчраас 80 настай буурал хүртэл хичээллэх боломжтой. Хүмүүс эрүүл мэндээсээ илүү ажилдаа анхаарал хандуулдаг. Тэр хэрээр эмээр хооллодог өвчтөн олон болж байна. Байнга суудаг ажилтай хүмүүс цайны цайгаараа 10-20 минут туухай өргөхөд эрүүл, идэвхтэй, эрч хүчтэй амьдарна. Би туухайгаар хичээллэдэг байхдаа жүдогийн дэвжээнд хамт бэлтгэл хийсэн тамирчны кимоногийнх нь ханцуйг урчихаж билээ. Тийм зузаан өмсгөлийн ханцуйг тасартал татсанаа өөрөө ч их гайхсан. Туухай биед ямар их хүч, бяр суулгадгийг тэгэхэд мэдэж байв.
-Дасгалжуулагчийн үүрэг бол тамирчдаа спортоор хүмүүжүүлэхээс гадна олныг биеийн тамираар хичээллүүлж эрүүл, чийрэг болгоход чиглэдэг шүү дээ.
-Хүмүүс эмийн эмчилгээнээс татгалзаж, зөв хооллох, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжихийг эрхэмлэдэг болжээ. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Дасгалжуулагчийн хувьд хүмүүсийг эрүүл, идэвхтэй амьдруулахын төлөө өөрийн мэдэх, чадах зүйлээр тус болохыг боддог. Монгол өрх болгон гэртээ туухайтай болох хэрэгтэй. 21 аймгийн 360 сумын иргэд туухайтай нөхөрлөөд эхэлбэл өвчин, стресст амархан өртөхгүй. Гийр нарийн техниктэй спорт. Хэрвээ алдаа гаргавал гэмтэх эрсдэлтэй. Тиймээс биеийнхээ онцлогт тохируулж, 8, 16, 24, 32 кг-ын туухайнаас сонгож хичээллэх нь зүйтэй.
-Гэр бүлийнхнээ ч туухай руу уруу татсан уу?
-Тэгсэн. Эхнэр минь туухайгаар хичээллэдэг. Надтай хамт өглөө бүр дасгал хийдэг. Би бэлтгэлээ таслахгүйн тулд төлөвлөгөө гаргадаг. Өдөр бүр 50 суниаж, 24 кг-ын хос туухайг 10 минут тасралтгүй өргөдөг. Манайх хоёр хүүхэдтэй. Хүү минь одоогоор туухайгаар хичээллэхэд нас нь балчир байна. Намайг дуурайгаад хоёр гартаа бидон бариад өргөдөг юм. Тамирчин хүн зөвхөн өөрөө амжилт гаргахын төлөө бус, гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, сурсан зүйлээ ойр дотныхондоо зааж, хамт хөгжих ёстой. Би найз нөхөд, хамт олон, хөршүүддээ туухайгаар хичээллэхийг зөвлөдөг. Хөвсгөл аймгаас нэг залуу надтай хэд хоногийн өмнө холбогдож, 10 туухай худалдаж авсан. Тэрбээр “Энэ спортын давуу талыг хичээл зүтгэлээс тань харсан болохоор нутгийнхандаа зааж өгөхийг хүсдэг. Таны дасгал хийхийг өмнө нь зүгээр харж суудаг байсан бол одоо гэр бүлээрээ өглөө бүр туухай өргөдөг боллоо” гэсэн байна лээ. Гийрийн спорт орон нутагт хөгжих суурь энэ мэтчилэн тавигдаж байгаад баярладаг. Туухайгаар хичээллэсэн хүүхэд их спортод хөл тавихад бие бялдрынх нь суурь хөгжил болдог юм шүү дээ. Монголд батлан хамгаалах, зэвсэгт хүчин, цагдаа, цэргийн байгууллагын ажилтан, алба хаагчид энэ спортоор хичээллэн амжилт гаргаж эхэллээ.
-Тамирчдаа ямар арга барилаар бэлтгэл хийлгэдэг вэ?
-Дасгалжуулагч багш тамирчдынхаа биеийн онцлог, зан чанар, сэтгэл зүй, ар гэрийн дэмжлэг, эрхэлж буй ажил гээд бүх талаас нь сайтар судалсан байх ёстой. Миний хувьд тамирчдаа бие, сэтгэл зүйн онцлогт нь тохируулж, хүнд, хөнгөн жинд бэлтгэл хийлгэхдээ нарийн техникүүдийг заадаг. Тухайн дасгалжуулагчийн ур чадварыг шавь нарынх нь амжилтаас харж болно. Манай тамирчид гадаадынхнаас бяр, хүчээр илүү. Спортоос сурсан миний нэг зүйл бол шавь нараа системтэй бэлтгэл хийлгэх. Энэ нь амжилт гаргахад маш чухал болохыг ойлгосон. Тамирчин болгон өөрийнхөө бэлтгэлийн талаар тэмдэглэл хөтөлдөг байх хэрэгтэй. Хөтөлсөн тэмдэглэлээсээ биедээ гарч буй өөрчлөлтүүдийг мэдэх нь хамгийн үр дүнтэй. Би спорт сонирхогчдод зориулж гийрийн спортын гарын авлага, ном бичихээр материал цуглуулж байгаа.
-Монголд гийрийн спортыг дэмждэг хүн олон байдаг уу?
-Бий бий. Чөлөөт бөхийн “Төгс” дэвжээний захирал Б.Бат-Эрдэнэ Хятадаас авчирсан туухайнаасаа бэлэглэхдээ “Та бүхэн эх орондоо гийрийн спортыг хөгжүүлэхэд тус дэм болоорой. Танд хүүгийнхээ хүчний бэлтгэлийг даатгая. Хүүг минь бэлтгэл хийлгэж, гийрийн спортын гайхамшгийг хүмүүст хүргэж, сурталчлаарай” гэсэн. Бид гийрийн олон улсын тэмцээнд оролцохдоо гадаадын тамирчин, дасгалжуулагчдын арга барил, ур чадварыг харж, туршлагаас нь чамгүй судалсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг жилд нэг удаа зохион байгуулдаг. Манай хүчний байгууллагын 1000 гаруй тамирчин тэмцээнд өрсөлддөг. Би анги, байгууллагуудын тамирчдыг бэлтгэл хийлгэхдээ өөрийн сурсан зүйлүүдээ багшийнхаа арга барилтай хослуулж заадаг. Олон улсын гийрийн холбооноос Монголд тэмцээн зохион байгуулах санал тавьсан. Бид энэ жил олон улсын тэмцээнийг ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшиллоо. Монголын тамирчид гийрийн спортоор дэлхийд танигдаж, гадаадынхантай эн тэнцүү өрсөлддөг болсон. Тиймээс дэлхийн чанартай тэмцээнийг эх орондоо хийх боломжтой.
-Айл болгоны хаяанд хэвтдэг туухай Монголын спортын нэгэн төрөл болж хөгжиж байгаа нь сайн хэрэг шүү.
-Туухай бүх нийтийн биеийн тамир болон хөгжиж байна. Хөдөөгийн айлууд гэрээ туухайгаар даруулдаг байсан бол өдгөө өөрсдөө хичээллэж, хоймортоо залдаг боллоо. Би мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийдэг байхдаа хоёр гарынхаа алганы арьсыг хууртал туухай өргөдөг байсан. Хүчний, бөхийн спортын тамирчид 32 кг-ын туухайг эхэндээ их басангуй хардаг. Эвийг нь олохгүй өргөөд амархан цуцдаг. Гэтэл ОХУ-ын, 60 кг-ын жинд барилддаг бөхчүүд 32 кг-ын хос туухайг 10 минутын турш цуцахгүй өргөчихнө. Гол нууц нь техниктэй хичээллэхэд байдаг. Манай бөхчүүдтэй нэг жинд барилддаг тэдний амжилт гаргадаг гол зүйл нь ерөөсөө энэ. Бэлтгэлээ системтэй хийж, тэмдэглэл хөтөлсний давуу тал амжилтаас нь харагддаг юм.
-Монголд үйл ажиллагаа явуулдаг төмөрлөгийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах санал тавьж, туухай цутгуулан спорт сонирхогчдод хүргэж эхэлсэн гэв үү?
-Тийм ээ. Гийртэй нөхөрлөсөн цагаасаа эх орондоо хөгжүүлэхийг зорьсон зорилго минь түрүүчээсээ биелж байна. Тамирчид, спорт сонирхогчид Орос, Хятадад бус Монголд үйлдвэрлэсэн туухайгаар хичээллэн, амжилт гаргаж байгаа. Сонирхуулахад, эрчүүдээс илүү эмэгтэйчүүд энэ спортоор сонирхож хичээллэдэг. Тэд эм уухгүйгээр эрүүлжиж, хэвийн байдалдаа орж байна. Хүн дотор эрхтнээ эрүүл байлгавал урт насалдаг. Архаг хууч өвчнийг спортын дасгал хөдөлгөөнөөр анагааж болдгийн энгийн жишээ энэ. Хүмүүс гийрээс идэвхтэй амьдрах эрч хүч авч байгааг харах нь надад сайхан байдаг. Энэ ташрамд, гийрийн спорт сонирхож буй залууст “Хичээллэхээр шийдсэн бол биедээ тохируулж туухайнаас бага жинтэйг нь сонгоорой. Мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлийг системтэй хийхэд богино хугацаанд амжилт гаргана. Туухайгаар хичээллэхэд биеэ хөгжүүлэхээс гадна сэтгэлийн тэнхээтэй байхад суралцдаг юм” гэж хэлье.