“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжихийн тулд монголчууд ямар төрлийн хоол хүнсийг голчлон хэрэглэх ёстой вэ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны дарга, хоол зүйн ухааны доктор Ж.Баясгалантай ярилцлаа.
-Коронавирусээс сэргийлэхийн тулд монголчууд хоол хүнсэндээ нэлээд анхаардаг болсон нь анзаарагдаж байна. Ялангуяа дархлаа дэмжих хүнсийг чухалчилж байгаа. Үүнд ямар ямар хоол хүнс багтах вэ?
-“Ковид-19”-ийн улмаас иргэдийн хоол хүнсний хэрэглээ нэмэгдэж, өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, халдварын тохиолдол нэмэгдэж, хөл хорионы арга хэмжээ авахтай холбогдуулан иргэд хоол хүнс их хэмжээгээр нөөцөллөө. Нэг хэсэг нь хүнсний хомсдолд орж, зарим нь хэтэрхий их хэмжээгээр авснаас муутгаж, хог хаягдал үүсгэж байна. Хүнсний дэлгүүр орохоос өмнө хэрэгтэй зүйлсээ л худалдан авах жагсаалт гаргадаг хүн цөөхөн. Үүнээс болж шаардлагагүй олон зүйл авдаг. Хөргөгчийнхөө багтаамж, аль хүнсийг хэдэн градуст хадгалах, муудах, эсэхийг нь тооцохгүйгээр худалдаж авсан зүйлс “хог” болдог. Гэтэл эдийн засгийн хямралд орсон, ажилгүй, орлогогүй иргэд өнөө маргаашийнхаа хоолонд санаа зовж сууна. Гэр хорооллын захын дэлгүүрүүдэд ургамлын тосыг граммаар нь зарсаар байна. Цар тахлаас сэргийлэх хөл хорионы үед иргэд мөнгөгүй болсон нь худалдан авалтад шууд нөлөөлж байгааг дэлгүүрийн худалдагчид ярьсан. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний хэмжээний судалгаагаар хүн амын дунд аминдэм, эрдсийн дутал (биед хэрэгцээтэй бодис дутагдсанаас үүсэх эмгэг) өндөр байгаа нь тодорхой болсон. Ялангуяа Д, А аминдэм, төмөр их хэмжээгээр дутагдсан байсан. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдүүдийн 21 хувь нь төмөр, 70 хувь нь А, 90 хувь нь Д аминдэмийн дуталтай, хангалтгүй нөөцтэй гэсэн дүн гарсан юм. Аминдэм, бичил тэжээлийн дутал бүх насны хүнд байна. Бид хоол хүнсээрээ дамжуулж аминдэм, тэжээлээ авах ёстой. Жишээ нь, А аминдэмийг луувангаас авч болно. Харин Д аминдэм манай уламжлалт хоол хүнсэнд ховор тул нэмэлтээр уух хэрэгтэй.
-“Ковид-19”-ийн улмаас олон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа зогсож, иргэдийн олонх нь орлогогүй болсон. Үүний улмаас айл өрхүүд хоол хүнсний хомсдолд орж байгаа. Энэ талаар танай байгууллагынхан судалсан уу?
-Одоогоор энэ талаар хийсэн судалгаа байхгүй. Асуумж авахдаа заавал нүүр тулж ярилцдаг учраас цар тахлын үед хоол тэжээлийн судалгаа хийх боломжгүй. 14 орны 11 300 орчим хүнийг хамруулсан судалгаагаар Д аминдэмийн дутал нь амьсгалын замын цочмог халдвараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдгийг тогтоосон. Мөн ханиадтай 11 306 хүүхдэд өдөр бүр С аминдэм өгөхөд багачуудын өвчлөл 14, насанд хүрэгчдийнх найман хувиар буурсан үр дүн гарсан байна лээ. Тиймээс хоол хүнсээр авч чадахгүй байгаа аминдэмээ нэмэлтээр уух нь зөв. Д аминдэмийн дутал хүн амын дунд өндөр байна. Судалгаанаас харахад 6-59 сартай хүүхдийн 90, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д аминдэмийн дуталтай. Тиймээс нэмэлтээр уух шаардлагатай. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх нь дархлаа дэмжихэд тустай. Тухайлбал, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимс, жимсгэнийг түлхүү хэрэглэхийг зөвлөе. Аньс, нэрс, чацарганын шүүс уух хэрэгтэй. Мөн аль болох шөлтэй хоол идэж, А, С, Д, Е аминдэмээр баялаг жимс, жимсгэнэ, ногоон навчит хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, ногоон бууцай, яншуй, жууцай, вандуй, цэцэгт байцай, хаш, хулуу, сонгино, саримсыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэвэл хүчил, шүлтийг тэнцвэржүүлж, дархлааг дэмждэг. С, Д аминдэмээс гадна цайрын бэлдмэл дархлаа дэмжиж, халдвараас сэргийлдэг.
-Монголчууд аарц, адуу, хонины махтайгаа байхад алзахгүй гэх хүн цөөнгүй. Та хоол зүйн ухааны доктор хүний хувьд уламжлалт хоол хүнс нь коронавирусээс сэргийлэх давуу тал гэж хэлэх үү?
-Коронавирус бол дэлхий нийтэд шинэ халдвар. Тиймээс “Ковид-19”-өөр өвчилж, эдгэрсэн хүмүүсээс юу идэж, уусан, хэрэглэсэн талаар асууж, судалж, дүгнэлт гаргасны үндсэн дээр л үүнд тодорхой хариулах боломжтой. Түүнээс биш, уг өвчин нас, хүйс, үндэс угсаа ялгахгүй учир ямар нэг зүйлд найдан хэтэрхий хэнэггүй хандах нь эрсдэлтэй. Тархвар судлаачдын баг манайд ажиллаж байна. Цаашид “Ковид-19”-тэй холбоотой эрдэм шинжилгээний олон материал гарах байх. Бид хоол тэжээлийн талаар судалгаа хийж, шийдвэр гаргагчдад нөлөөлж, бодлогын бичиг баримтаа боловсруулсан. Одоо судалгааны үр дүнд анализ хийх, мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажил чухал. Монголчуудын хувьд сүү, аарц, хоормог буцалгаж, халуун бүлээнээр нь уух боломжтой. Гэдэсний ашигтай бичил биетийг дэмжиж, хорыг биеэс гадагшлуулдаг тул тараг, сүү, цагаан идээгээ түлхүү хэрэглэхийг зөвлөе.
-Монголчуудын олонх нь аминдэм, эрдэс тэжээлийн дуталтай байна. Хүн амын дунд аминдэм, эрдэс тэжээлийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар юу хийх хэрэгтэй вэ?
-Ухуулга, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж, зөв зохистой хооллолтын талаар хүмүүст сайн ойлгуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас санаачлан 0-5 насны хүүхдэд А аминдэмийг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан өгч байгаа. Мөн олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл олгож буй. Энэ онд А аминдэмийн хэрэглээний талаар заавар гаргасан. 21 аймгийн эрүүл мэндийн ажилтнуудад энэ талаар сургалт явуулахаар төлөвлөсөн. Нэг үеэ бодвол иргэд мэдээллийг олон сувгаар авдаг боллоо. Тиймээс эрүүл зөв хооллолт, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг таниулан сурталчлах нь нэн чухал.
-Баруун болон хангайн бүсийн хүн амын дунд иодын дутал илэрч байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бамбайн бахлуур илрүүлэх судалгааг 1992 онд улсын хэмжээнд зохион байгуулж, иод дутал хүн амын дунд их байгааг илрүүлэн, хүнсний давсыг анх иоджуулсан. Давсыг иоджуулснаар бамбайн бахлуур өвчнөөс сэргийлж чадсан. Манай улсын айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээ өндөр. Гэхдээ нийт хүн амыг иод дутлын эмгэгээс бүрэн сэргийлэхийн тулд үндэсний болон бүс нутгийн хэмжээнд иоджуулсан давсны хэрэглээ 90 хувиас дээш байх шаардлагатай. Гэтэл Улаанбаатар хот болон баруун, хангай, төвийн бүсийн өрхийн хэрэглээ үүнээс доогуур байна. Ялангуяа баруун бүсийн хүүхэд, эмэгтэйчүүдийн шээсэн дэх иодын дундаж голч хэмжээ хангалтгүй түвшинд байсан.
-Мөн хүн амын дунд илүүдэл жин, таргалалт санаа зовоож буй. Хөл хорионы энэ үед жин нэмэх, хөдөлгөөний дутагдал үүсэхээс сэргийлэх талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Хөл хорионд орсон үед илүүдэл жин хүн бүрт асуудал үүсгэсэн гэхэд хилсдэхгүй. Манай улсад таргалалт чимээгүй тахал болсон нь олон судалгаанаас харагддаг. Тиймээс бид эрүүл, олон нэр, төрлийн хүнсийг зохистой хэрэглэх, баяжуулсан хүнсний ач холбогдлын талаар сургалт, сурталчилгаа хийхээр төлөвлөлөө. Ерөнхийдөө тав хүртэлх насны хүүхдийн 11.7, 6-11 насныхны 28.6, 15-49 насны эмэгтэйчүүдийн 46, эрэгтэйчүүдийн 49 хувь нь илүүдэл жинтэй байна. Илчлэг ихтэй, тэжээллэг чанар багатай хоол хүнс голчлон хэрэглэдэг нь илүүдэл жин үүсэхэд нөлөөлдөг. Мөн хүүхдүүдийн дунд далд чихрийн хэрэглээ их байна. Өөрөөр хэлбэл, чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг. Дэлгүүрийн ихэнх хүнс нь импортын бараа, бүтээгдэхүүн. Үндэсний үйлдвэрийнх нь өртөг өндөртэй учраас иргэд чихэр, давсны агууламж ихтэй, гадаадын бүтээгдэхүүн сонгож байна. Хүүхдэдээ хоол бэлдэж өгөхөөс бус, чипс, хийжүүлсэн ундаа зэрэг бэлэн бүтээгдэхүүн авч өгдөг. Эдгээр нь тэжээллэг чанаргүй, илчлэг ихтэй учир хүүхдийг таргалуулж, хоолны дуршлыг бууруулдаг. Монгол хүний хооллолтын “Гэр” зөвлөмжийг бид насны бүлгээр нь гаргасан тул өөрт тохирсон мэдээллийг тэндээс авч болно. Жишээлбэл, ногооноор тэмдэглэсэн нь эрүүл хүнс бол шар өнгөтэй хэсэгт байгаа нь тохируулан хэрэглэх хүнс юм. “Гэр” зөвлөмжийн дээд хэсэгт тэмдэглэсэн хүнсийг хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Аливаа хүнсийг огт хорьж болохгүй, гол нь зөв хэмжээгээр зохистой хэрэглэх нь чухал. Нэг төрлийн хүнсийг тогтмол биш, аль болох олныг хэрэглэх нь хүний биед чухал нөлөөтэй. Дахин хэлэхэд, аминдэм, эрдэс агуулсан хоол хүнс, аньс, нэрс, чацаргана, зөгийн бал, цагаан гаа, самартай ус, сүүтэй цай сайн ууж, аль болох шөлтэй хоол хэрэглэхийг зөвлөе. Хүнсний ногоо, жимс, жимсгэнээс гадна булчин мах төгс уураг болдог учир хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Хэдийгээр хоол хүнсээр коронавирусийн халдвар дамжих нь батлагдаагүй ч хүнсний бүтээгдэхүүн авахдаа бээлий өмсөх, олон зүйлд хүрэхгүй байх, уут сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал, үйлдвэрлэсэн он, сарыг харах, 100 граммд агуулж буй аминдэм, эрдэс, уургийн хэмжээг тооцож сонголтоо хийгээрэй.
-Нийгмийн эрүүл мэндийн нэг чухал хэсэг нь зөв зохистой хооллолт. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудлаар танай байгууллага судалгаа гаргадаг. Сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцахгүй юу?
-Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудлаар үндэсний хэмжээний судалгааг тав таван жилийн хугацаатай хийдэг. Хамгийн сүүлийнх нь 2016-2017 оны судалгаа. 21 аймаг, есөн дүүргийн тав хүртэлх настай хүүхэдтэй 2249 өрхийг хамруулсан. Тодруулбал, 6-11 насны 1755, жирэмсэн 2220, нөхөн үржихүйн насны 1944 эмэгтэй, 15-49 насны 1984 эрэгтэй, нийт 9554 хүн хамруулсан томоохон судалгаа болсон. А, В, Д, төмөр, иод зэрэг бичил тэжээлийн дутагдал, илүүдэл жин, таргалалтын байдлыг судаллаа. Мөн анх удаа хүнсний баталгаат байдлыг судалсан. Хүнсний баталгаат байдал гэдэг нь хүн бүр бүхий л цаг хугацаанд эрүүл, идэвхтэй амьдрахад шаардлагатай аюулгүй, тэжээллэг, хүссэн хоол хүнсээ хангалттай хэмжээгээр хэрэглэх, бие махбодын болон нийгэм, эдийн засгийн боломжтой байх нөхцөлийг хэлдэг. Энэ судалгаанд хамрагдсан нийт өрхийн 65 хувийнх нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, 14 хувь нь хүнс хүрэлцэхгүй гэдэгт санаа зовнидог, 28 хувь нь идэхийг хүссэн хүнсээ хэрэглэж чадахгүй буюу хүнсний баталгаат байдал нь дунд зэрэг алдагдсан байв. Харин 23 хувь нь шаардлагатай хэмжээний хоол хүнс байхгүй буюу хүнсний баталгаат байдал нь ноцтой алдагдсан гэсэн дүн гарсан.
-Анх удаа хийсэн судалгаагаар айл өрхийн 23 хувьд хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсан гэдэг нь анхаарал хандуулах асуудал байна. Ямар асуумжаар ийм дүгнэлтэд хүрсэн бол?
-Долоо хоногт айлын хөргөгчид ямар ямар хүнс байх ёстойг тооцдог юм. Монгол хүний эрүүл, зөв хоол хүнсний “Гэр” зөвлөмжид заавал хэрэглэх ёстой зургаан нэр, төрлийн хүнсийг онцолсон. Зөвхөн мах, гурилаар хязгаарлагдахгүй. Гурил, гурилан бүтээгдэхүүнээс нүүрс ус, махнаас уургаа авах ёстой. Жимс, жимсгэнэ, хүнсний ногооноос аминдэм, эрдэс, сүү, сүүн бүтээгдэхүүнээс нэмэлт аминдэм, уургаа авна. Мөн загас, олив, малын гаралтай зэрэг төрөл бүрийн тосноос ч хэрэгтэй тэжээлээ авдаг. Энэ бүхнийг хүн амьдралынхаа туршид зөв, зохистой хэрэглэх хэрэгтэй. Аливаа нэг зүйлийг хэтрүүлэх, эсвэл дутаах биш. “Танай гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь идэхийг хүссэн хоол хүнсээ хэрэглэж чадсан уу”, “Маргаашийн хоол хүнсэндээ санаа зовдог уу” зэрэг тодорхой асуултад хариулт авч, судалгааны дүнгээ гаргасан. Мөн Үндэсний статистикийн хорооноос хүнсний баталгаат байдлын талаар арай өөр тоо баримт гаргасан судалгаа бий.
-Зургаан нэр, төрлийн хүнс гэдгийг илүү тодруулахгүй юу?
-Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, гурил олив, загасны зэрэг ашигтай тос юм. Тухайлбал, “Гэр” зөвлөмжид зааснаар сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөрт 3-4 нэгж хэрэглэх ёстой. 250 мл буюу нэг аяга сүү хоёр нэгжтэй тэнцдэг. Аарц 30 гр нь нэг нэгж болдог.
-Дараагийн таван жилийн судалгааг энэ онд хийх үү?
-2022 онд хийх ёстой.