Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бидний амьдарч буй орчин доройтож, мөнх цаст уул, мөсөн голууд хайлах, далай, тэнгисийн усны түвшин нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жил бүр өсөж буй. Дэлхий дахинаа тулгарсан эл аюулд манай орны газар нутаг өртөж, хүн амын эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж буй. Хүн төрөлхтөн байгальд ээлтэй амьдарч, мэдлэгээ арвижуулах нь аюулын эсрэг тэмцэх томоохон арга гэж зарим судлаач үздэг. Залууст мэдлэг олгох зорилгоор БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сангийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Азийн сантай хамтран хэд хэдэн ажил эхлүүлжээ. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн боловсрол, олон нийт, жендер хариуцсан мэргэжилтэн Ш.Аминзултай ярилцлаа.
-Манай орон хуурай, эрс тэс уур амьсгалтай. Монгол орны уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдал, олон улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, үр дагавар, эрсдэл нь дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй. Манай орны газар зүйн байрлал, онцлог, эдийн засагт гол дэмжлэг болж буй томоохон салбарууд нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөхөд ихээхэн нөлөөлж байна. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын температур 2.25 градусаар дулаарсан нь дэлхийн дундаж өөрчлөлттэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Мөн 45 жилийн хугацаанд хүйтэн өдрийн тоо 15 хоногоор буурч, халууных нь 24-өөр нэмэгдсэн бол дулааны улиралд орох хур тунадас багасаж, хуурайших хандлагатай болсон. Хүчтэй салхи, цасан шуурга, аадар бороо, аянга, цахилгаан, үер, ой, хээрийн түймэр, ган, зуд зэрэг цаг агаараас үүдэлтэй гамшигт үзэгдэл жилд дунджаар 54 удаа тохиодог байжээ. Харин сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлт ямар сөрөг нөлөөтэйг илтгэх биз ээ.
-Сүүлийн үед хүмүүс байгальд ээлтэй амьдрахыг эрмэлзэх болжээ. Хаягдал их хэмжээгээр үүсгэхгүй байж мод тарих нь байгальд ээлтэй аж төрөх амьдралын хэв маяг гэж боддог ч уур амьсгалын өөрчлөлтөд төдийлөн анхаардаггүй. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд өдөр тутам юу хийх ёстой бол?
-Байгальд ээлтэй амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүмүүс 3R буюу дахин ашиглах, боловсруулах, бууруулах зарчим баримтлах болсон. Мөн хогоо ангилж хаях, хэрэгцээгүй зүйлээсээ татгалзах, мод тарих зэргээр байгалиа хамгаалж байна. Эдгээр нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь хүний оруулж буй том хувь нэмэр. Гэхдээ дэлхийн долоон тэрбум гаруй хүний цөөхөн хэсэг нь л ийм хандлагатай. Тиймээс хүлэмжийн хийг ихээр ялгаруулж буй эрчим хүчний хэрэглээгээ хүн бүр багасгах, жимс, ногоо зэрэг ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх шаардлагатай байна. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан шаардлагатай тохиолдолд шатахууны хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийн талаар бусадтай санал солилцож, мэдээ, мэдээлэл олон хүнд түгээх нь бидний зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг. Хүмүүс энэ талаар мэдээлэлтэй болсноор хүлэмжийн хий бага ялгаруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад анхаарал хандуулж эхэлдэг.
-Хүн амын дийлэнх хувийг залуу үеийнхэн эзэлдэг гэдгээрээ манайх онцлогтой. Залуучууд өдөр тутмын амьдралд байгальд ээлтэй хэв маягийг нутагшуулахаар танай байгууллага сүүлийн үед олон ажил зохион байгуулж байгаа гэсэн. Өдгөө ямар ажил хийж байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах зорилгоор 2011 онд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор БОАЖЯ-нд шинэ алба байгуулсан юм. Эл алба нь өнгөрсөн оны тавдугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хэмээх төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж өргөжсөн. Манай төв нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг. Өнгөрсөн хугацаанд иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг олгох зорилгоор сургалтууд зохион байгуулж, ном хэвлүүлж байв. Харин энэ удаа Азийн сантай хамтран залууст мэдлэг олгох зорилгоор “Бидний мэдэхгүй уур амьсгал” подкаст хийж байгаа юм. Залуу хүмүүс ном, сонин, сэтгүүл уншиж, зурагт үзэхээс илүү чихэвч, ухаалаг утас ашиглан интернэтийн сүлжээнд хүссэн үедээ холбогдож, өөрт хэрэгтэй мэдээллийг сонгох болжээ. Манай улсад төрөл бүрийн подкаст сүүлийн үед ихээхэн хөгжиж, сонсогчид нь ч өдөр бүр нэмэгдэж байна. Алхах, замын түгжрэлд саатах, ажлаа хийхдээ давхар сонсох боломжтой учир подкаст хэвлэл мэдээллийн хүчтэй хэрэгслийн тоонд багтах болсон учраас сонгосон юм.
-Танай подкастыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголын анхны подкаст учир хүмүүс их сонирхож байгаа. Хоёр сарын хугацаанд багагүй сонсогчтой болсны олонх нь 25-35 насных. Хүн амын дийлэнх хувийг эзэлдэг эдгээр насныхан уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэгтэй болсноор байгальд ээлтэй амьдрах хэв маягийг нутагшуулах боломжтой.
Гурван долоо хоногт нэг удаа подкастын шинэ дугаар гардаг бөгөөд мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг онцлогтой. Цаашид уур амьсгалын өөрчлөлтийн талаар залуус ямар бодолтой байгааг сонсож, санал солилцохоор төлөвлөөд байна. Мэдлэг өгөхөөс гадна сонсож, харилцан ярилцах нь илүү үр дүнтэй болов уу.