Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Ө.Батцэцэг Олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA)-ны туслах шүүгчийн зэрэглэлтэй болж, энэ жилийн олон улсын шүүгчдийн жагсаалтад эмэгтэй шүүгчдээс анх удаа албан ёсоор багтсан юм. Тэрбээр 2018 оноос эхлэн үндэсний дээд болоод I лигт туслах шүүгч, эмэгтэйчүүдийн лигт талбайн шүүгчээр ажиллаж буй. Түүнийг эрэгтэй шүүгчдийн гүйх ёстой фитнес шалгууруудыг гүйцэтгэж чаддаг, ирээдүйн чадварлаг шүүгч хэмээн энэ спортын хүрээллийнхэн дүгнэдэг юм билээ.
Завхан аймгийн Улиастайд 2014 онд “Дуулиан 2020”-ийн хүрээнд “World vision cup” урьдчилсан шатны футзалын тэмцээнд тэрбээр өрсөлдөж, улмаар Бразилд зохион байгуулахад нь “Дэлхийн зөн” байгууллагын шугамаар Монголоо төлөөлж оролцохдоо хөлбөмбөгийн амтыг мэдэрсэн гэдэг. Сонирхуулахад, түүнээс гадна Б.Хаш-Эрдэнэ, Э.Галбадрах, Э.Ариунболд, Р.Жаргалсайхан нар олон улсын шүүгчдийн жагсаалтад бичигдсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны шүүгч болсон танд баяр хүргэе. Тус холбооноос ямар хариу ирэх бол гэж их хүлээв үү?
-Хүнийг хүсэл, тэмүүлэл нь урагшуулдаг. Би Монголын хөлбөмбөгийн холбоонд шилдэг шүүгч болно гэж анх хөл тавьж байлаа. Тиймээс зорьсон зорилгодоо хүрсэндээ сэтгэл өндөр байна. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд материалаа явуулчихаад өөртөө итгэл муутайхан түгшиж суусан. Тэндээс ямар ч хариу ирсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг бодсон. Шийдвэр гаргахыг хоёр ангиллаар боловсруулдаг юм. Эхнийхэд нь тэнцэхэд холбооны хамт олон, ойр дотнын хүмүүс баяр хүргэж бахархана, нөгөөд нь тэнцээгүй тохиолдолд сэтгэл зүй хэр хүлээж авах вэ, энэ удаа бүтээгүй бол дараа жил өрсөлдөх боломж бий” гэх зэргээр тооцоолох хэрэгтэй байдаг. Монголын хөлбөмбөгийн холбоо бодлого төлөвлөгөөндөө олон улсын шүүгч бэлтгэх зорилт тавьсны үр дүнд өөрийгөө Монголын анхны ФИФА зэрэглэлтэй эмэгтэй шүүгч боллоо гэж бодож байна. Надад халширч, шантармаар үе гардаг байсан ч өөрийгөө ялж ирсэн. Ялалтаасаа урам авч, дараагийн хийх зүйл рүүгээ тэмүүлдэг байв. Өмнөө тулгарсан бэрхшээлд бууж өгөлгүй даван туулсны ачаар өнөөгийн амжилтад хүрсэн. Энэ бүхний гол түлхүүр нь өөрийгөө ялсны үр дүн юм.
-Та Завхан аймаг дахь математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний “Жавхлант”цогцолбор сургуульд суралцаж төгссөн юм билээ. Өөрт тань орчуулагч болох хүсэл төрөөгүй юү?
-Хүүхэд байхаасаа хөлбөмбөг сонирхсон. Манай сургуулийн биеийн тамирын багш, аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Я.Болормаа энэ спортод сонирхолтой хүүхдүүдийг дэмждэг байлаа. Багш минь нутагтаа хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийг хамт хөгжүүлэх зорилгоор хичээллүүлдэг байсан юм. Би аймгийнхаа хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ангийнхаа найман охинтой баг бүрдүүлэн оролцож түрүүлсэн. Спортын талбарт ялалт, ялагдал, баяр хөөр, хор шар, тэмцэл дүүрэн байдгийг тэр тэмцээнээс анх мэдэрч билээ. Багийн маань ялалт сайхан дурсамж үлдээж, хөлбөмбөгт дурлах хүсэл, эрмэлзлийг төрүүлсэн. Бид аваргаар шалгарсныхаа дараахан Ховд аймагт зохион байгуулсан баруун бүсийн АШТ-д оролцох боллоо. Тэнд тоглохдоо хэсгээсээ ч гарч чадалгүй ялагдчихаад шарандаа уйлж байсан. 15 аймгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг өрсөлдсөн тэмцээнд тус аймгийн баг тэргүүлсэн. Эмэгтэйчүүдийн баг нь өмнө нь УАШТ-д оролцсон тул биднийг туршлагаараа илүүрхэж хожсон юм. Аймагтаа АШТ-ийг зохион байгуулсан болохоор дасгалжуулагч нь багийнхаа тамирчдыг эртнээс бэлтгэж, нойр амралт, сэтгэл зүй, хэрхэн хооллохыг нь хүртэл нарийн зохицуулсан байлаа.
-Эгчийг тань аймгийнхаа сагсан бөмбөгийн тэмцээнд шүүгчээр ажилладаг гэж сонссон. Өөрийнхөө сонирхдог спортод дүүгээ урвуулаагүй хэрэг үү?
-Ангийнхаа нөхдийг сагсан бөмбөг, волейбол тоглож байхад би бөмбөг өшиглөөд гүйж явдаг боллоо. Аймагт зохион байгуулсан хөлбөмбөгийн тэмцээн үзэж суусан надад тамирчдын эсрэг багийнхаа хаалганд гоол оруулах их амархан санагдаж билээ. Амархан санагдсан хөлбөмбөгийг өөрөө тоглож эхлэхдээ ямар их бэлтгэл сургуулилалт хийн, техник, тактиктай тоглодог болохыг ойлгосон юм. Ээж намайг хөлбөмбөгийг сонгоход таатай хүлээж аваагүй. Би тэр үед аймгийнхаа сургуулийн сурагчдын удирдах зөвлөлийн дарга байв. Ээжид энэ ажил таалагддаг байсан болохоор их дуртай. Миний өмсөх хувцсыг өглөө эрт бэлдэж тавьчихаад “Миний охинд одоо юу хэрэг болох вэ” гээд байн байн асуудаг сан. Охиноо ирээдүйд нийгмийн салбарт ажиллаж, амжилт гаргана гэж итгэдэг байсан болов уу. Ээждээ хөлбөмбөгөөр цаашид замнах болсноо хэлтэл “Миний охин эрчүүдийн спортоор яах юм бэ, өөр зүйл сонирхож, сонгох нь дээр биш үү. Эмэгтэй хүүхдэд сагсан бөмбөг тохирно” гэж билээ. Харин ах нар минь дуртай дэмжсэн. Гэрийнхнээсээ спортоор хичээллэсэн нь эгч, бид хоёр. Ээждээ Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч болсноо дуулгахад “Аан тийм үү, баяр хүргэе охиндоо” гэж урам хайрласан ч сэтгэлдээ намайг өөр сонголт хийхийг хүсдэг нь хэвээрээ байх шиг санагдсан.
-Өөрт тань шүүгч болох санал хэн тавив?
-Улаанбаатарт оюутан болж ирэхэд Я.Болормаа багш хөлбөмбөгийн сургалт болох тухай дуулгасан. Надад тэр үед шүүгчийн сургалтын талаар ямар ч ойлголт байсангүй. Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч Д.Түмэнбаяр ах шүүгчийн анхан шатны сургалтыг удирдан явуулахдаа “Хөлбөмбөг бол шударга спорт, хэнийг ч нас, хүйс, үндэс, угсаагаар нь ялгаварладаггүй. Үүнийг хамгийн ойроос мэдрэх боломжтой хүн бол шүүгч. Тэр дундаа эмэгтэй шүүгч олон улсад эрэлттэй байдаг. Тиймээс бэлтгэх зорилготой байгаа” гэж хэлсэн нь намайг шүүгч болохоор шийдвэр гаргахад нөлөөлсөн. Монголд хөлбөмбөгийн тэмцээн шүүдэг эмэгтэй найман шүүгч бий. Эмэгтэйчүүд шүүгч байхын тулд эрчүүдээс хоёр дахин илүү хөдөлмөрлөдөг. Шүүгчид бие бялдрын бэлтгэл, дүрмийн мэдлэг, тоглолт унших гээд бүх ур чадвараа шалгуулж, тэнцсэн тохиолдолд тэмцээн шүүх эрх авдаг. Монголын хөлбөмбөгийн холбоо улиралд дөрвөн удаа шүүгчийн сургалт зохион байгуулан шалгалт авч, шат шатанд нь боловсон хүчин бэлтгэдэг. Талбайд эрэгтэй, эмэгтэй шүүгч гарахад тэнгэр, газар шиг ялгаатай үнэлдэг. Эрэгтэйчүүд бие бялдар сайн, хурд, эрч хүчтэй болоод ч тэр үү эмэгтэйчүүдийг өөр шигээ тэмцээн шүүнэ гэдэгт итгэл үнэмшил багатай байдаг. Монголын хөлбөмбөгийн холбоо эрэгтэй, эмэгтэй ч бай шүүгчийн сургалтын шалгалтад тэнцсэн байх ёстой гэсэн бодлого баримталдаг. Манай эмэгтэй шүүгч нар шалгалтын болзлыг хангасан учраас тоглолт шүүж байгаа. Тоглолт шүүх эхэн үед дасгалжуулагчдад зэмлүүлж, хатуу үг сонсох энүүхэнд. Хааяа сэтгэлээр унасан үедээ талбайд гарч тоглох сон гэж боддог. Шүүгч болж байхдаа дахиж тоглохгүй нь дээ гэж бага зэрэг харамссан. Би эмэгтэйчүүдийн лигийн тоглолтыг шүүх дуртай. Талбайд гараад зогсож байхад багийнхантайгаа тоглоод гүйж явсан дурсамжууд маань нүдэнд харагдах шиг болдог.
-Эмэгтэй шүүгчид хоорондоо хэрхэн санал нэгдэж, хамтарч ажилладаг вэ?
-Эмэгтэй шүүгч нартаа их хайртай, тэднээрээ бахархаж, ажлыг нь хүндэлдэг. Бид нэг гэр бүл шиг зорилготой болсон. Ямар ч үед сэтгэл нэгдэн ажиллаж чаддаг. Хамт олны минь эвсэг байдал, халуун дулаан уур амьсгал намайг урагшлуулж, шүүгч болоход их түлхэц болсон. Шүүгчийн сургалтад сууж байхад эмэгтэй хүнд хөлбөмбөгийн шүүгч болох эр зориг, тэсвэр хатуужил шаардсан амаргүй сонголт шиг санагдаж билээ. Шүүгчийн ажлаас эмэгтэй хүн байтугай эрчүүд ч шантардаг. Тоглолт хэрхэн шүүдгийг мэдэхгүй хэрнээ шүүгч болохоор ирж байсан надад бүх зүйлийг заан зөвлөж, чиглүүлж өгсөн хүн бол футзалын ОУХБХ-ны элит шүүгч Р.Жаргалсайхан ах. Тэрбээр миний бэлтгэл сургуулилалт, сэтгэл зүй, хооллолтыг хариуцдаг. Шүүгчдээс Д.Түмэнбаяр ах эмэгтэй шүүгчдээ илүү ойлгож, өмнө нь тулгамдсан асуудлыг нь хамт шийдэхийг хичээдэг. Миний хувьд түүнийг зорилгодоо үнэнч гэж дүгнэдэг. Ямар нэгэн зүйл төлөвлөсөн бол үр дүнг нь заавал хардаг зантай. Түүнгүйгээр Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн хэлтсийг төсөөлөх аргагүй.
-Баг тамирчдыг нэг зорилгод нэгтгэхэд дасгалжуулагчийн ур ухаан нөлөөлдөг шүү дээ.
-Тийм шүү. Манай холбоо “Найман жил, найман зорилго” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Монголд өмнө нь багаа удирддаг А зэрэглэлийн дасгалжуулагч байгаагүй. Одоо ийм дасгалжуулагчидтай болсон тул үндэсний шигшээ багийг удирдах боломжтой. Үүнээс өмнө үндэсний шигшээ багийн тамирчид гадаад дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцдог байлаа. Гадаад хүмүүсийн сэтгэлгээнээс монголчууд энэ спортыг хэрхэн ойлгож, хүлээн авч буй байдал нь хүртэл өөр. Монгол дасгалжуулагчид үндэсний шигшээ багаа удирдах болсон нь амжилтад хүрэхэд нэг алхам ойртсон гэж боддог. Миний хувьд дасгалжуулагч, тамирчдынхаа амжилтаар бахархдаг. Шүүгч талбайд сэтгэл хөдлөлөө гаргах нь байдаг л зүйл. Бид нойр хоол, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа хугаслан байж, энэ спортын хөгжлийн төлөө зүтгэж байгаа. Үзэгч, хөгжөөн дэмжигчид ялалтыг хуваалцдаг ч ялагдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Ялагдлыг зөвхөн тамирчид дасгалжуулагчтайгаа л хуваалцдаг. Тоглолт үзэхээр ирсэн үзэгчид тамирчдынхаа хожил, хожигдлыг хуваалцдаг байх хэрэгтэй. Хөлбөмбөгийн спорт тамирчин, дасгалжуулагчдаас гадна шүүгч, хөгжөөн дэмжигчидтэй байж цогцлон хөгждөг.
-Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч, “Дэрэн”клубийн шилдэг тоглогч О.Цасан-Охин 2018 онд Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтод багаа амжилттай удирдсан санагдана.
-Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид Зүүн Азийн АШТ-д эхний шатанд тоглоход ямар их хөдөлмөр зарцуулж, амжилтад хүрдгийг мэдэрсэн. Манайханд хөлбөмбөгийг эрчүүдийн спорт гэж ойлгодог хандлага байдаг. Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг О.Цасан-Охин ахалж, Зүүн Азийн АШТ-д эсрэг багтаа 2:00-ээр хожигдож яваад 3:2-оор хожихыг хараад сэтгэл огшсон. Би тэр үед “Хүмүүс ээ, энэ тоглолтыг дэмжээд үзээрэй” гэж бүр орилж, хашхирмаар санагдаж билээ. Үндэсний шигшээ багт тоглож байгаа охид хөлбөмбөгт амжилт гаргахын тулд өөрийнхөө дуртай зүйлээс татгалзаж, ар гэрийн амьдрал, хичээл сургууль, бэлтгэл сургуулилалт гээд олон зүйлийг зохицуулдаг. Амжилтад ур чадвар, туршлага, авьяасаас гадна энэ бүхэн нөлөөлдгийг ч харлаа. Тэгэхээр тамирчид ялалт, ялагдлаасаа суралцах хэрэгтэй. Хожил, хожигдол зөвхөн өнөө маргаашийг аргацаасан зүйл бус харин ирээдүйд шүүгчээр бэлтгэгдэх том сорилт юм.
-Шүүгч тоглолтыг зөв, шударга шүүхээс гадна ажилдаа ёс зүйтэй, өндөр үүрэг хариуцлагатай хандах ёстой биз.
-Олон улсын шүүгч ямар хэмжээнд байх ёстой тэр шалгуурт нь бид тэнцэхийн тулд өөрийгөө тал бүрээс нь хөгжүүлсэн байх шаардлагатай. Би одоо 23 настай. Энэ наснаас эхэлж Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн шалгуурт тэнцэж, тэмцээн шүүх эрхтэй болдог юм. Миний төлөвлөснөөр зорилго минь биеллээ. Би нийгэмтэйгээ хөл нийлүүлж, өөрийгөө хөгжүүлэхийг үргэлж хичээдэг. Үзэгчид хөлбөмбөгийн шүүгчийг хижээл насны хүнээр төсөөлдөг. Цаг хугацаа, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр спортын ертөнцөд ч гэсэн хувьсал өрнөж байна.
-Шүүгч болчихоод ямар багийн тоглолтуудыг анх шүүж байв?
-Биднийг шүүгч болоход эхлээд хүүхдийн багийн, дараа нь нас, насныхны тоглолт, I, II лигийн тэмцээнийг шүүлгэдэг юм. Би 10 насныхны тоглолтыг анх шүүхдээ их сандарсан. Тэдний тоглолт яаж дууссаныг ч сайн санадаггүй юм. Миний хувьд насанд хүрэгчдийнхээс илүү хүүхдийн тоглолт шүүх дуртай. Тэднээс хүсэл эрмэлзэл, цайлган, гэнэн томоогүй зан, гэмгүй хор шар, эсрэг багийнхаа хаалганд гоол оруулчихаад талбайд баярлан хөөрч буй сэтгэлийнх нь догдлолыг олж хардаг. Надад дэмжиж үзсэн гэр бүл, найз нөхдийнх нь амжилтыг нь хуваалцаж байгаа уур амьсгал сайхан санагддаг. Тийм үед ажлынхаа сайхныг илүү мэдэрдэг юм. Хүүхдүүд их өхөөрдмөөр хөөрхөн. Тэмцээний дараа “Эгч ээ, та тоглолтыг шударга, зөв шүүсэн шүү” гэж баярласнаа илэрхийлдэг. 2018 оноос дээд лигийн тэмцээнийг шүүж эхэлсэн. Дээд лигийн тэмцээнд 16-гаас дээш насныхан өрсөлддөг. Өнгөрсөн жил талбайд 15 удаа гарлаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч болоход дээд лигийн тоглолтыг тогтмол шүүсэн байх ёстой гэсэн шалгуур байдаг юм. Манай шүүгчийн хэлтсийнхэн итгэл тээж намайг томилдог. Хянагч шүүгч миний шүүсэн тоглолтуудад оноо өгнө. Хамгийн дээд оноо нь 10 байдаг. Шүүгчийн шүүсэн тоглолтуудын оноо 8-8.5-аас дээш байж, нийлбэр дүнгээр олон улсын шүүгч болох эрх нээгддэг юм. Дээд лигийн тоглолт өрсөлдөөнтэй бас сонирхолтой болдог. Өнгөрсөн жил дээд лигт Монголын хөлбөмбөгийн 10 баг гадаадын легионергүй тоглосон нь онцлох зүйл байлаа. Багуудын тоглолтод шүүгчийнхээ ур чадвар, үүрэг хариуцлагыг харуулсан гэж боддог. Туг бариад, шүгэл зүүгээд талбайд гарахад шүүгчийг өндөр хариуцлага хүлээж байдаг юм шүү дээ.
-Монголын спортын талбарт амжилт гаргасан Батцэцэг нэртэй тамирчин цөөнгүй бий. Та ч бас тэдний нэг боллоо.
-Би хүүхэд байхдаа Батцэцэг нэртэй хүмүүсийг цуглуулаад сайн үйлсийн аян хийх сэн гэж боддог байлаа. Гэхдээ энэ нэрэндээ тийм ч дуртай байгаагүй. Гэрийнхнээсээ “Надад яагаад ийм нэр өгсөн юм бэ” гэж асуудаг байлаа. Надад Анужин, Энхжин, Маралгуа гэдэг нэр өгсөн ч болоосой гэж боддог байхдаа Монголын уран бүтээлчдээс Гавьяат цол хүртсэн Н.Батцэцэг гэж жүжигчин байдгийг, чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнд С.Батцэцэг хэмээх бөх амжилт гаргасныг, “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд Т.Батцэцэг нэртэй бүсгүй түрүүлснийг мэдээд нэрээ голохоо больcон. Нэр нэгтэй бүсгүйчүүдийг судлахад салбар салбартаа амжилт гаргаж яваа нь сайхан санагдсан. Магадгүй, яг одоо миний энэ ярилцлагыг уншиж суугаа нэр нэгтэй бүсгүйчүүд байвал надтай холбогдоорой гэж хэлье.