Залуу найруулагч Ч.Билгүүнийг “Уран бүтээлч” буландаа урилаа. Дэлгэцийн урлагт дурлаж яваа түүнтэй үзэгчдэд хүргэхээр ажиллаж буй уран бүтээл, цаашдын зорилгынх нь талаар ярилцсан юм.
-Та АНУ-д кино найруулагч мэргэжил эзэмшсэн юм билээ. Аль сургуулийг нь төгссөн юм бэ?
-Би нийслэлийн 17 дугаар дунд сургуулийг төгсөөд, Цэргийн их сургуулийн хөгжмийн сургуулийг цохивор хөгжимчин буюу бөмбөрчнөөр дүүргэсэн. Ингээд АНУ явж, Хавайн “Brigham young university”-д тайз, дэлгэцийн уран бүтээлийн зохиолч, найруулагчаар суралцаж төгссөн юм.
-Яагаад энэ мэргэжлийг эзэмшихээр шийдэв?
-Багаасаа хөгжим сонирхож, энэ чиглэлээр сургууль төгссөн, урлагт дуртай минь л нөлөөлсөн байх. Бас бичих гэж оролддог байлаа. Залуу насандаа өөрийгөө төрөл бүрээр сорихыг хүсдэг минь нөлөөлсөн болов уу.
-Оюутан байхдаа кинонд ажилласан уу?
-“Hawaii five-0” гэж цувралын гуравдугаар бүлэг, 2014 онд дэлгэцэд гаргасан “Гозилла” кинонд дадлагаар ажилласан. Мөн Чикагогийн “Бродвэй” театрт эротик хөгжимт жүжиг, Хавайн Ази, Номхон далай орнуудын соёлын төвд “Ha: Breath of life” шоу тоглолтод оролцож байлаа.
-Эх орондоо хэзээ буцаж ирсэн бэ. Ирснээсээ хойш хэчнээн уран бүтээлд ажиллав?
-2014 онд сургуулиа төгсөөд л ирсэн. Олон уран бүтээлд оролцоогүй ээ. Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан “Дайчи” киноны найруулагчаар, “Эмоци” продакшны “Гурван найз: Эргэж ирсэн нь” киноны зохиолчоор, “Choi Hainzan” фильмийн “Woman” кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан.
-Бие даасан эхний уран бүтээлээ “Бэрх шагай” нэртэйгээр үзэгчдэд хүргэхээр ажиллаж буй юм билээ. Эл уран бүтээлийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-“Бэрх шагай” бол уран зөгнөлт, үлгэрийн сэдэвтэй кино. Нэгдүгээрт, миний сурсан төрөл энэ. Зөгнөлт, тэр дундаа уран зөгнөлт, шинжлэх ухааны зөгнөлт, үлгэрийн гэхчлэн төрөлд дуртай. Хоёрдугаарт, манайд мэргэжлийн түвшний, тусгай эффектийн нүүр хувиргалт хийдэг ганц уран бүтээлч байдаг нь Г.Хос-Эрдэнэ. Тэрбээр надад ийм уран бүтээл хамтран хийх санал тавьсан юм. Бидний хүсэж, бодож явсан зүйл нэг уран бүтээлд огтлолцсон хэрэг. Киноны зохиолыг “Болдоггүй бор өвгөн”, “Алтан шагай, “Мөнгөн шагай”, “Хатан бүүвэй баатар” зэрэг монгол ардын долоон үлгэрээс сэдэвлэж бичсэн. Мөн киноны бүх харилцан яриаг зүйр цэцэн үгээр орлуулснаараа онцлог. 1000-аад зүйр цэцэн үг ашигласан.
-Анхны киногоо яагаад уран зөгнөлт, тэр дундаа үлгэрийн сэдэвтэйгээр бүтээхээр зориглов. Манайд энэ төрлийн киног сүүлийн 42 жил буюу “Бушхүүгийн үлгэр”-ээс хойш хийгээгүй.
-Мэдээж амар байгаагүй. Хүндрэл ч гарсан. Жишээ нь, кинонд хөрөнгө оруулдаг продакшн, продюсерууд хуучинсаг болох нь анзаарагдсан. Шинэ зүйл турших, ойрын жилүүдэд хийгээгүй төрлөөр кино хийх хүсэлтэй найруулагч нарыг дэмждэггүй юм билээ. Азаар бид маш сайн продюсертой таарсан. Мөн энэ төрлийн киног яг л стандартын дагуу хийх ёстой. Гэтэл манайд киноны стандарт ярьдаг, барьдаг уран бүтээлч хэр олон билээ. Жүжигчнээс энгийн биш, хэтрүүлэн тоглохыг шаардана. Нөгөө л К.С.Станиславскийн систем, жүжиглэх найман техник огт биш. Түрүүн хэлсэн дээ, киноны харилцан яриаг зүйр цэцэн үгээр орлуулсан гэж. Ахмад жүжигчдэд зүйр цэцэн үгээр харилцан ярихад асуудалгүй. Гэтэл залуу жүжигчдийн хувьд хэрэглэх нь битгий хэл, сонсож байгаагүй үгс бий. Зургийн найруулгын хувьд стандарт 33 өнцөг байх ёстой гэх мэт. Хамгийн гол нь тусгай эффектийн нүүр хувиргалт, зураачийн ажил мэргэжлийн өндөр түвшинд байх шаардлагатай. Бид энэ бүхнийг барьж ажиллахыг хичээсэн.
-Киноны зургийг хаана авав. Пост продакшны ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй вэ. Үзэгчдэд хэзээнээс хүргэх бол?
-Киноны зургийг өнгөрсөн зун 45 хоногийн турш авсан. 80 орчим хувийг нь Булган аймгийн Хялганатад, үлдсэн хэсгийг Дундговь аймгийн Их газрын чулууны ойролцоо авсан. Гүйцэтгэл 70 хувьтай байна. Эл уран бүтээлээ цахимаар нээх хүсэлгүй байгаа. Киноны түүх, уран бүтээлчдээ хүндэлж театруудаар нээнэ. Цар тахал хэзээ намжиж, кинотеатрууд үүдээ нээнэ, тэр үед л үзэгчдэд хүргэнэ дээ.
-“Бэрх шагай”-д ойрд камерын өмнө гараагүй ахмад уран бүтээлч, залуу жүжигчдийг сонгож тоглуулсан байна. Үлгэрийн кинонд тоглох жүжигчдийг хэрхэн сонгов?
-Гавьяат жүжигчин Б.Базаррагчаа ахыг Болдоггүй бор өвгөнд тоглуулахаар киноны зохиолоо бичиж байхдаа л шийдчихсэн. Гадаадад олон жил амьдарсан болохоор ч тэр үү, жүжиглэх арга барил нь арай өөр санагддаг, таалагддаг. Түүний гэргий, жүжигчин С.Сарангэрэл Шулам эмгэн, жүжигчин, найруулагч В.Агар Муур багш, залуу жүжигчин Б.Хишигбаяр Монхоодой хурганы дүрд тоглосон. Нүүр, биедээ тусгай баг зүүж, будуулчихаад бүтэн өдөржин зургаа авхуулах жүжигчдэд хүндрэлтэй байсан нь ойлгомжтой. Тэгээд кинонд тоглох санал тавихад ч их сонирхож, нааштай хүлээж авсан. Хүмүүсийн багаасаа сонсож өссөн үлгэрийн баатруудыг амилуулах нь жүжигчдэд сонирхолтой ч тэр хэрээрээ хариуцлагатай шүү дээ.
-Та уран бүтээлдээ шинэ, содон хүмүүстэй ажиллах сонирхолтой юу, эсвэл аль болох гар нийлж дадсан уран бүтээлчтэйгээ хамтрах бодолтой найруулагч уу?
-Гар нийлдэг хүмүүстэйгээ ажиллах нь илүү амар. Кино бол багийн ажил шүү дээ. Тэгэхээр ойлголцол хамгийн чухал. Мэдээж шинэ уран бүтээлчдийг ч сонгож хамтарна. Ингэхдээ надтай болон миний ажиллаж дадсан уран бүтээлчидтэй нийцэх хүмүүс сонгож таарна.
-Киногоо бүтээх явцад туршилт хэр олон хийсэн бэ. Манайд энэ төрлийн кино хийгээгүй удсан учраас техник, тоног төхөөрөмж мэдээж дутмаг, бас хоцрогдмол байх. Тэгэхээр орлуулах, “монголчлох” гээд янз бүрээр оролдсон, туршсан байлгүй.
-Олон туршилт хийсэн. Эрсдэл ч тэр хэрээр өндөр. Монгол гэрийн шалыг эргэдэг тайз маягаар засаж, бүтэн эргүүлж зураг авч үзлээ. Их газрын чулуу орчмыг тэр чигээр нь гэрэлтүүлж, маш өргөн хүрээг хамруулан зураг авсан. “Монголчилсон” зүйл ч олон. Уран бүтээлчдээрээ их бахархлаа. Хэрэв ийм зургийг АНУ-д авъя гэвэл маш өндөр өртөгтэй, олон тоног төхөөрөмж шаардлагатай. Гэтэл манай уран бүтээлчид түүнтэй дүйцэхүйцээр хийж, орлуулж чадсан.
-АНУ-д сургууль төгсөж ирээд, эндхийн кино урлагийн тогоонд орж ажиллахад танд ямар хүндрэл гарав. Сургалт, арга барилын ялгаанаас авхуулаад танилын хүрээ ч асуудал үүсгэж болох юм.
-Яг үнэн. Манай олон уран бүтээлч нэг сургуулийн дээд, доод дамжааныхан, нэгнийгээ эчнээ мэддэг. Харин гадаадад сургууль төгссөн хүмүүст харилцаа хамгийн эхний, хамгийн том асуудал болдог нь үнэн. Нөгөө талаас, Монголын кино урлаг дэлхийнхээс 50 шахам жилийн хоцрогдолтой. Ажиллагаа, менежмент, үйлдвэрлэл огт өөр шатанд гарчихаад байхад л хуучинтайгаа зууралддаг. Тийм хүмүүсийн дунд орчин үеийн, шинэ стандартын талаар ярьж, дуугарахад ч хэцүү. Гэхдээ хэцүүг давж болдгийг “Бэрх шагай”-д ажиллах үедээ мэдэрлээ. Залуу уран бүтээлчид ч өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх, давж сэтгэх, Монголоос гарч дэлхийд өөрсдийгөө харуулах хүсэл эрмэлзэлтэй нь харагдсан.
-Сүүлийн жилүүдэд зомби, мумми, цус сорогч зэрэг Холливудын брэнд сэдвээр бусад орны найруулагч нар кино хийж байна. Цаашлаад өөрсдийн шинэ супер баатруудын түүхийг ч бүтээж байгаа. Тэр хэрээр олон улсын үзэгчид тухайн орны киног сонирхох боллоо. Таны “Бэрх шагай”-г гадаадын үзэгчдийг татах болов уу?
-Үнэндээ хэлж мэдэхгүй юм. “Гэсэр”, “Жангар”-ын туульс, монгол ардын үлгэр дэлхийд анхдагч гэж би итгэдэг. Буруу ч байж магад. Гэхдээ “Бэрх шагай”-г гадаадынханд үзүүлбэл “Монголын үлгэр бас сонин, сонирхолтой” гэж үнэлнэ хэмээн найдаж байгаа. Нүүр улайхгүй болов уу. Харин надад Монголын үзэгчид хэрхэн хүлээн авах нь сонирхолтой санагдсан. Түрүүнд хэлсэнчлэн, ухаан орсон цагаасаа сонссон үлгэрийн баатруудаа дэлгэцээр яаж үзэхийг, хүлээж авахыг нь хармаар байна.
-Дараагийн уран бүтээлээ төлөвлөсөн үү?
-“Бэрх шагай-2” киноныхоо зохиолыг бичиж эхэлсэн. Мөн дээр дурдсан брэндийг яагаад монголчууд үзүүлж болохгүй гэж. Солонгосчууд зомбитой кино хийж болоод байна шүү дээ. Тэгвэл монгол зомби ямар байж болох вэ. Бүр ч сонирхолтой хийж болох юм биш үү.
-Киноны зөгнөлт төрлөөр дагнах нь, тийм үү?
-Тийм санаа бий. Би өөрөө ч энэ төрөлд дуртай. Уран бүтээлийн гараагаа эхэлж буй залуу найруулагч учраас сууриа зөв тавья гэж боддог юм. Үүний тулд өөрийнхөө дуртай, сонирхдог төрлөөр хийх нь дээр байх. Бусад төрлөөр хийж үзэх бодолтой ч яарахгүй байна. Тэдгээр төрлөөр бүтээдэг мундаг найруулагч манайд олон бий.
-Цаашдаа ч кино зохиолоо өөрөө бичих үү. Найруулагч хүн өөрөө кино зохиолоо бичих нь давуу талтай юу?
-Кино бол эвлүүлгийн урлаг. Зохиолоо бичихдээ л эвлүүлэг, авах зургаа төсөөөлчихдөг нь давуу тал байх. Мөн тулааны хэсэг, пиротехник, график гэхчлэн хийцийн хувьд гарч болзошгүй эрсдэлээ тооцож, гаргалгааг нь олчихдог. Энэ бүхнийг зохиолдоо тусгадаг нь бас давуу тал. Хийх кино бүхнийхээ зохиолыг өөрөө л бичнэ.
-Таны бусад найруулагчаас ялгарах давуу тал юу вэ?
-Нэгдүгээрт, харилцааны чадвар, хоёрдугаарт, киноны стандарт. Киноны зохиол, төлөвлөгөө, при продакшн буюу зураг авч эхлэхээс өмнөх бүх ажлаа яг стандартын дагуу байлгахыг би хичээдэг. Энэ ажлыг бат нот хийж чадвал зургийн ажил мөн стандартын дагуу, хүндрэлгүй явагдана. Ингэснээр пост продакшны гүйцэтгэлд ч алдаа, бэрхшээл гарахгүй. Энэ стандартыг би бодоод олчихсон юм биш. Миний заалгасан зүйл. Энэ стандарт, системийн дагуу гадаадын олон найруулагч бүтээлээ хийж байна. Өнгөрсөн жил “Оскар”- ын наадмын шилдгээр шалгарсан БНСУ-ын “Шимэгч” кино миний яриад байгаа стандартын хамгийн ойрын, хүмүүсийн сайн мэдэх жишээ.