Жендерийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяртай жендерийн эрх тэгш байдал, хэвшмэл ойлголтын талаар ярилцлаа.
-Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны 2020 оны судалгаагаар эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхгүй байгаа гол шалтгааныг тодруулахад “гэрийн ажилтай учраас” гэж хариулжээ. Энэ нь эмэгтэй хүн гэрийн ажил хийх, хүүхдээ өсгөх ёстой гэсэн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй юү?
-Нэг талаас хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмж дутмаг зэрэг бодлогоор зохицуулах шаардлагатай асуудлаас үүдэлтэй. Нөгөөтээгүүр, бидний төдийлөн анзаардаггүй буюу жендерийн хэвшмэл ойлголтын далд нөлөө үүнд их байгаа нь үнэн. Гэхдээ хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь манай улс төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудал. Азийн хөгжлийн банк болон Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж, өдгөө дуусах шатандаа орж байна. Эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн, жендерийн боловсролыг бүх нийтэд олгох сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг өргөн хүрээнд өрнүүлсэн уг аяныг явуулснаар олон нийтийн дундах хэвшмэл ойлголт тодорхой хэмжээнд өөрчлөгдөж, аливаа ялгаварлан гадуурхалтад шүүмжлэлтэй хандах соёлыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байгаа.
-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлаад 10 жил болжээ. Гэтэл яагаад хэвшмэл ойлголтоо халж чадахгүй байна вэ?
-Уг хуулиар баталгаажуулсан долоон салбар, хүрээн дэх хэвшмэл ойлголтыг арилгах чиглэлд төр, төрийн бус, олон улсын болон хөгжлийн туслалцааны байгууллагууд идэвхтэй ажилласаар ирсэн. Хууль хэрэгжүүлж эхэлснээс хойш улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, гэр бүлийн харилцаанд хангалттай биш ч гэсэн тодорхой ахиц дэвшил гарсан юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. УИХ болон орон нутгийн сүүлийн хоёр удаагийн сонгуульд өрсөлдөн, сонгогдсон эмэгтэй нэр дэвшигчдийн тооны амжилтаа бататгаж чадсан. Мөн гэрийн хөлсгүй хөдөлмөр эрхэлдэг эрэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн. Хөрөнгө эзэмшсэн байдлыг харахад ч хүйсийн тэнцвэрт байдлын зөрүү тодорхой хэмжээгээр буурсан байгаа. Түүнчлэн олон нийтийн байгууллагуудын оролцоо нэмэгдсэнээр жендерийн чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг идэвхтэй явуулах үндэсний чадавх бэхэжсэн юм. Үүнээс гадна төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хүрээнд жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэг нэмэгдэн, урьдчилан сэргийлэх ажлууд идэвхжиж эхэлсэн зэрэг олон сайн үр дагавар гарч байна.
Харин хүүхэд асрах чөлөөг аавд бус, зөвхөн ээжид нь олгохоор зохицуулсан, өндөр бүтээмж, цалин орлого бүхий салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихгүй, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрийг хадгалах квотыг (хуулиар тогтоосон) хэрэгжүүлэхгүй байх гэх мэтчилэн хууль эрх зүйн шинэчлэл хийх, түүнийг хэрэгжүүлэх түвшинд анхаарах шаардлагатай.
2016 онд дээрх хуулийн дунд хугацааны стратегийн хэрэгжилт 60.1 хувьтай гэж үнэлэгдсэн. Өнгөрсөн онд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг мэргэжлийн судалгааны байгууллагаар гүйцэтгүүлсэн бөгөөд дүнг нь удахгүй танилцуулна.
-Эмэгтэй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, эсэх нь тодорхойгүй, зөвхөн нам дотроо нэрээ дэвшүүлэхэд л сөрөг хандлага үзүүлж байна. Энэ талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Эмэгтэй нэр дэвшигчийг нүд үзүүрлэдэг бол жендерийн хэвшмэл ойлголттой гэсэн үг хэмээн жендерийн шинжээч Д.Мөнхөө гуай хэлсэн байдаг. Олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сургалт явуулах нь манай хорооны үндсэн үүрэг бөгөөд бид энэ чиглэлээр ажилласаар байна.
Сонгуулийн үйл явцтай холбогдуулан нэр дэвшигчийг хүйсийн шинжээр нь ялгаварлан гадуурхах, доромж үг, хэллэг хэрэглэх, дээрэлхэх зэрэг хандлага гарсан тохиолдолд ХЭҮК, цагдаагийн байгууллагад хандах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд олон улсын шүүхэд ч бид хандаж болно.
-ҮСХ-ны мэдээллээс үзэхэд төрийн байгууллагуудад ажиллаж буй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин авдаг юм байна. Ийм ялгавартай байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Ижил албан тушаалтай хэрнээ эрэгтэй, эмэгтэй ажилтанд зөрүүтэй цалин өгдөг, эсэх талаарх судалгаа манайд одоогоор байхгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн дундаж цалин, орлого тодорхой хувиар бага нь үнэн. Учир нь эмэгтэйчүүд ихэвчлэн эрүүл мэнд, боловсрол, соёл гэх мэт хөдөлмөрийн үнэлэмж багатай салбарт олноор (бараг нэг хүйсийн төлөөлөлтэй) ажиллаж байгаа учир тэдний цалингийн хэмжээнд шууд нөлөөлдөг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас ижил үнэ цэн бүхий ажилд адил цалин, хөлс олгох зөвлөмж бидэнд удаа дараа өгсөн. Одоо УИХ-аар хэлэлцэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүнийг илүү оновчтой тусгах шаардлагатай. Түүнчлэн жендерийн хэвшмэл ойлголт, хандлага нь мэргэжил сонголтод хүртэл нөлөөлж, хөдөлмөрийн зах зээлд ажиллагсдын цалин, орлогын зөрүүтэй байдлыг үүсгэж байгаа. Тиймээс тодорхой салбар дахь ажилтнуудын хүйсийн харьцаанд квот тогтоох зэргээр түр, тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой.
-Үндсэн хуульд зааснаар хэнийг ч хүйсээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэвэрт гарах насыг яагаад зөрүүтэй хуульчилсан юм бол?
-Эмэгтэйчүүдийн хүйсийн онцлог, хэрэгцээ, шаардлага, хүүхэд төрүүлэх, өсгөн бойжуулахад зарцуулж буй цаг хугацаа, ачаалал, бүтээмж зэргийг харгалзан үзэж, тодорхой давуу эрх олгох нь жендерийн ялгаварлан гадуурхалтад тооцогддоггүй. Гэвч хүн амын дундаж наслалт өссөн, мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү нэмэгдсэн зэрэг хүчин зүйлийг харгалзан, эдийн засгийн бодит тооцоо судалгаанд үндэслэж, энэ чиглэлээр салбарын яамнаас холбогдох шийдлүүдийг дэвшүүлэх боломжтой.
-Үл хөдлөх хөрөнгө нь голчлон нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдгаас эмэгтэйчүүдэд үүнийг барьцаалж зээл авах, бизнес эрхлэх боломж хомс юм билээ. Энэ ялгааг хэрхэн арилгах боломжтой вэ?
-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгө эзэмшлийн хувьд хүйсийн илт, ялгаа зааг ажиглагддаггүй. Энэ нь зөвхөн бүртгэлтэй эд хөрөнгийн тухайд хийсэн дүн ч нөгөөтээгүүр, өрхийн хэрэгцээний санхүүг эмэгтэйчүүд түлхүү зарцуулж байна гэсэн ҮСХ-ны судалгаа бий. Харин уламжлал, соёлын хувьд эрэгтэй хүүхдэдээ хөрөнгө өвлүүлэх нь одоо хүртэл түгээмэл байгаа. Барьцаа хөрөнгийн гачигдал гэхээс илүүтэй эмэгтэйчүүд голчлон гэрийн хөлсгүй хөдөлмөр хийх, хүүхдээ асран хамгаалах, мөн гэр бүлийн хүрээний болон өөрийнх нь жендерийн хэвшмэл хандлага, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал зэрэг нь бизнес эрхлэхэд сөргөөр нөлөөлсөөр байна.
-Өмнө нь “Эмэгтэйчүүд хөгжилд” хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж иржээ. Харин одоо “Жендер ба хөгжил” гэсэн үе шат руу шилжээд байна. Энэ хооронд хэрхэн өөрчлөгдөв?
-Манай улс “Эмэгтэйчүүд ба хөгжил” гэсэн гол үзэл баримтлалтайгаар жендерийн асуудалд хандаж ирсэн бол “Жендер ба хөгжил” хандлага руу шилжээд тодорхой хугацаа өнгөрсөн. Энэ нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдэд тулгардаг жендерийн асуудлуудад ижил хэмжээнд ач холбогдол өгдөг болсон гэсэн үг. Тодруулбал, хүйсээс үл хамааран хэн ч хөгжлийн үйл явцад тэгш оролцож, үр шимээс нь адил хүртэх боломж бүрдүүлэхэд анхаарлаа хандуулна гэж ойлгож болно.
-УИХ, Засгийн газрын жендерийн талаар баримталж буй бодлого хэр үр дүнтэй байна вэ. Төрийн байгууллагуудын шийдвэр жендерийн мэдрэмжтэй байж чаддаг уу?
-Энэ талаарх судалгаа, дүн шинжилгээг мэргэжлийн хүмүүс хийж, танилцуулах нь оновчтой. 2016 онд Хууль тогтоомжийн тухай хууль баталсан. Үүнийг дагалдуулан гаргасан Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор хууль, тогтоомжийн төслийн урьдчилсан, мөн хэрэгжилтийн болон үр дагаврынх нь үнэлгээг хэрхэн хийх аргачлалуудыг баталсан. Уг аргачлалд жендерийн эрх тэгш байдлыг хангасан, эсэх талаар асуулга байгаа ч өнгөрсөн хугацаанд нэр төдий гүйцэтгэж ирлээ. Тиймээс манайх хуулийн төсөл дэх жендерийн нөлөөллийг хэрхэн үнэлж, дүгнэх талаар зөвлөмж, удирдамж боловсруулан туршиж байгаа.
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрэгтэй, эмэгтэй хүмүүст ажил эрхлэх боломжийг тэгш олгох ямар зохицуулалт оруулж байна вэ?
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцооны түвшин дэх зөрүү 16 хувьтай. Үүнийг багасгахад дээрх хуулийн шинэчлэл бодитой нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, ажил, ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр бага насны хүүхэдтэй (гурван нас хүртэлх) эх болон ганц бие эцгийн хөдөлмөрлөх нөхцөлийг харгалзан үзэхээр тусгасан. Энэ нь эмэгтэйчүүд эдийн засгийн хараат бус байх, санхүүгийн ачааллаа хуваалцах, хамтдаа хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Мөн хүчирхийлэл, гэр бүл салалтад тодорхой хэмжээнд нөлөөлдөг хөлсгүй хөдөлмөрийн тэгш бус хуваарилалтаас урьдчилан сэргийлэх өргөн агуулгатай зохицуулалт. Ажил, ар гэрийн тэнцвэрийг хангаснаар төрөлт нэмэгдэн, манай улс урт хугацаанд ажиллах хүчээр тасрахгүй байх, эдийн засаг өсөх давуу талтай. Гэр бүл болон ажлын байран дахь жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшнийг 63.2 хувь хүртэл өсгөх боломжтой гэж Азийн хөгжлийн банк тооцоолсон. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшнийг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүн 16.1 хувиар дээшлэх боломжтой юм.
-Бэлгийн сэдэлтэй яриа хүртэл ажлын байрны бэлгийн дарамтын нэг хэлбэр. Ажлын байрны бэлгийн дарамтын эерэг зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?
-Төслийн наймдугаар зүйлд ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаан дахь дарамтыг хориглох тухай тусгасан. Тухайлбал, 8.2-т нь “Ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үгээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлж, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалт оруулсан. Ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд дарамтад өртсөн гэж үзсэн хүн ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй. Дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гарсан гомдлыг шийдвэрлэх асуудлыг ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд тусган хэрэгжүүлэх учиртай.
-Хүүхэд хөхүүлэх өрөө гаргаж өгөх, зайнаас ажиллах зэрэг шинэ нөхцөлийг төсөлд тусгажээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Одоо хэлэлцэж буй хуулийн төслийг харвал ажлын цагийг зөвшилцсөний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шинэ заалт тусгасан байна лээ. Ингэснээр ажилтан болон ажил олгогчийн хооронд үүсэх үл ойлголцлыг урьдчилан шийдвэрлэх боломжтой. Тухайлбал, ажлын цагийг зөвшилцөн багасгах боломж, зайнаас ажиллах нөхцөл, хүүхэд хөхүүлэх өрөөг ажил олгогч өөрийн боломжоор тохижуулах, хүүхдээ хөхүүлэх хугацааг нь хоёр цаг болгож нэмэгдүүлэх зэрэг дэвшилт зохицуулалт бий. Ганц бие, гурав хүртэлх насны хүүхэдтэй эцгийн хувьд ч эмэгтэй ажилтантай адил нөхцөлтэй ажиллах боломжийг хуульд тусгасан. Дарамтгүй, зохистой ажлын байр бий болгох тогтвортой хөгжлийн зорилтыг ингэж дэмжиж байгаа нь сайшаалтай. Энэ нь зөвхөн ажил олгогчид хүлээлгэж байгаа үүрэг бус, хөдөлмөрийн зохистой харилцааг бий болгохын тулд хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр сэтгэл хангалуун, өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг хуулиар олгохоор зорьж буй гэж харж байна.