“Эрч” спорт хорооны тамирчин, ОУХМ Н.Нямтуяа жүдо, самбо, кураш бөхөөр хичээллэдэг. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь болж, бөхийн спортод хөл тавьсан тэр үеэс түүний амжилтын зам зурайсан гэдэг. Тэрбээр жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зүүсэн бол Казахстаны курес бөхийн ДАШТ-д мөнгө, Узбекистаны кураш бөхийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль өвөртөлсөн амжилттай. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий гурван удаагийн аварга юм. Түүнтэй ярилцлаа.
-Бөхийн төрлүүдээр хичээллэж, амжилт гаргаж яваа эмэгтэйчүүдийн нэг нь та. Шагналын салхиа алтан медалиар хагалж, баярлан догдолсон мөч олон бий гэдэгт итгэж байна.
-Тийм ээ, тэр сайхан дурсамжтай мөчүүдээ санахаар нүдэнд харагдах шиг болдог. Би самбо бөхийн УАШТ-д оролцож, шагналын тавцанд гурван удаа зогссон. Өмнө нь 2017, 2019 онд түрүүлэн аварга болж байв. 2008 оноос дасгалжуулагч Г.Үүрцолмон багшийн удирдлагад самбо бөхөөр хичээллэсэн. Бэлтгэл хийлгэхдээ гийртэй (туухай) хослуулдаг онцлогтой, манай багш. Гийр хүчний бусад дасгалаас өвөрмөц, биеийн бүх булчин, шөрмөсийг ажиллуулахаас гадна кардио дасгал болдог давуу талтай. Туршлагатай багшийнхаа хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн ачаар амжилт гаргаж явна.
-Волейболд дуртай охины сэтгэл жүдо бөхөд татагдсан нь сонирхолтой санагддаг.
-Бөхийн спортод хөл тавихаасаа өмнө волейбол тоглодог байлаа. Волейболын тэмцээн хаана болно тэнд үзэх гээд очно. Үнэнийг өгүүлэхэд тухайн үед бөх болохыг тэгтэл их хүсээгүй. Нэг өдөр ах маань надад “Чамайг харж, удаан ажиглалаа. Чи угаасаа бөх болох хүн. Спортын төрлүүдээс жүдог л сонго, чамд тохирно. Тууштай хичээллэвэл амжилтад хүрнэ. Амьдралын чинь гол чиг болох энэ спортоор хойшдоо хоолоо олж иднэ шүү” гэж зөвлөөд Ц.Шийрэв багшид шавь оруулахаар дагуулж явсан. Хэрвээ ах минь намайг шахаагүй бол өдийд амжилтын тухай ярихгүй л байсан болов уу. Намайг зөв зам руу хөтөлсөн ах, амжилтын тавцанд гаргасан багшдаа баярладаг. Би бөхийн спортоор хичээллээгүй бол сайхан сэтгэлтэй, сайн хүмүүстэй учрах байсан болов уу гэж хааяа боддог юм. Сайн багш, гэр бүл, найз нөхдийнхөө тус дэмийн хүчинд өдий зэрэгтэй яваа.
-Бөх болохыг хүсдэггүй байсан таныг дэвжээнд үлдтэл хэн нөлөөлөв?
-Жүдо бөхөд их сонин тохиолдлоор хөл тавьсан. Ц.Шийрэв багш манай сургуулиар ирж, бөхийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдтэй уулзаж, клубтээ бэлтгэл хийхийг урьсан юм. Багш биднийг өдөр бүр суниалгаж, олсонд авируулж, бэлтгэл хийлгэхдээ мэх заан, маш сайн давтуулан, тэмцээн үзүүлж, туршлага хуримтлуулдаг байсан. Бөх болно гэж зорьж очсон ангийнхаа хүүхдүүдээс ганцаараа үлдсэн нь би. Тамирчин хүнийг спорт олон зүйлээр сорьдог. Жүдо, самбо бөх эр зориг, тэсвэр хатуужил шаарддаг. Надад шантарсан өдөр олон ч өөрийгөө зоригжуулж, дэвжээндээ үлдсэн. Жүдо бөхийн дэвжээнд бэлтгэл хийхээр анх ирэхдээ Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од багшийг харчихаад ямар их бахархсан гээч. Тухайн үед хамт бэлтгэл базаадаг байсан ах, эгч нар минь амжилт, авьяас, ур чадвар, зан чанараараа бидэнд үлгэр дуурайл болдог байв.
-Самбо бөхийн шигшээ багт хүчтэй өрсөлдөгч олон. “Хүч” спорт хорооны тамирчин Б.Сайнбуян, “Алдар”-ын Б.Эрдэнэт-Од нартай та өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д ана мана хүч сорьсон шүү дээ.
-Тамирчдаас хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг нь Б.Сайнбуян. Самбо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д түүнтэй нэг бус удаа таарсан. Бид нэг дасгалжуулагчийн удирдлагад олон жил бэлтгэл сургуулилалт хийсэн болохоор нэгнийхээ барилдааны арга барил, техникийг мэднэ. Самбо бөхөөр олон жил хичээллэсэн түүнийг өөрт байгаа бүх зүйлээ шавхаж хожсон удаа ч бий. ДАШТ-ээс хүрэл, дэлхийн тулааны спортын II их наадамд оролцож, самбо бөхөөр алтан медаль хүртсэн туршлагатай тамирчин. Өнгөрсөн жилийн УАШТ-д мөн л түүнтэй таарсан. Хожчихоод аваргын төлөөх барилдаанд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Эрдэнэт-Одтой хүч үзэж түрүүлсэн.
-Залуу тамирчдаас “Женко” клубийн тамирчин Ц.Буянжаргал ч самбо бөхөөр сайн барилддаг. Түүнд ялагдаж яваад хожсон санагдана.
-Тэгсэн. Түүнтэй өнгөрсөн жилийн тэмцээнд учраа таарсан. Анх удаа барилдсан тул арга техникийг нь мэдэхгүй, ялах амаргүй байлаа. Түүний багш нь Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа. Шавиа тэмцээнд амжилттай оролцуулахын тулд бэлтгэл сайн хийлгэсэн нь барилдааны явцаас анзаарагдсан. Манай бөхчүүд дэвжээнд гарахын өмнө “Чамтай төстэй мэх хийж, учраагаа хожиж байсан. Тонгордог, шиддэг мэхтэй” гэж хэлсэн. Надад тэр үед түүнийг хожиж, ДАШТ-д оролцоно гэсэн бодол төрж байлаа. Би түүнд ялагдаж яваад ялсан. Дасгалжуулагч багшийнхаа “Өөртөө итгэлтэй, зоригтой барилд” гэж зөвлөснийг санаж өрсөлдсөн. Энэ ташрамд, залууст “Жүдо, самбо бөх гэлтгүй спортоор хичээллэсэн ямар ч хүн зөв бодолтой, сэтгэлийн хат, тэвчээртэй, бие даах чадвартай болдог” гэж хэлье.
-Нөхөр тань жүдо, самбо бөхөөр барилддаг. Эхнэрээ дэмжээд үзэгчдийн дунд суугаа харагддаг.
-Нөхрийг минь Г.Пүрэвбаатар гэдэг. Самбо, жүдо, үндэсний бөхөөр барилдаж, +100 кг-ын жинд хүч үздэг юм. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медальтай. Хонконгод болсон жүдо бөхийн олон улсын тэмцээнд өрсөлдөөд түрүүлсэн. Нөхөр минь өөрийгөө гэхээс илүү намайг үргэлж дэмждэг юм. Гэр бүлийнхэн минь ойлгодог болохоор спортоор олон жил, тууштай хичээллэж байна. Би зарим үед өрсөлдөгчдөөсөө илүү хэрнээ зориг дутдаг шиг байгаа юм. Нөхөр минь тэмцээнтэй үед ингэж, тэгж барилдвал болно гэж зөвлөдөг. Тэмцээнээс медаль хүртвэл ээждээ хамгийн түрүүнд хэлж, баяраа хуваалцдаг. Биднийг тэмцээнд оролцох, бэлтгэл хийх гээд завгүй явахад ээж ар талыг маань найдвартай хариуцдаг.
-Нөхрийн тань талын ах дүүс авто спортын тамирчин. Тэд “Дакар ралли”-д уралддаг. Хэдий спортын өөр төрөл ч гэлээ ах нараасаа суралцах зүйл байдаг уу?
-Тийм ээ, ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт ах нар минь 2019 онд болсон “Дакар ралли”-д хурд сорьж, хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын авто спорт сонирхогчдыг баярлуулсан. Надад тэднээс сурах зүйл их. Тамирчин хүн сонгосон спортдоо тууштай байж, эцсийг нь хүртэл зүтгээд үр дүнг нь харах хүсэл эрмэлзэл үргэлж төрүүлдэг юм.
-Шигшээ багийн тамирчид Олон улсын “Найрамдал” төвд бэлтгэлээ базааж эхэллээ. Самбо бөхийнхөн ч зүгээр суухгүй байх.
-Бидэнд цар тахлын үед бэлтгэл хийх боломж, бололцоо бага. Гэсэн ч өөрийгөө дайчилж хүн бүр хичээж, бэлтгэлээ базааж байгаа.