Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг "OMC Hair world" буюу дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд монгол хүн оролцож, эх орныхоо нэрийг олон улсад өргөж чаджээ. Хуримын нүүр будалтын төрлөөр алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон Б.Энхчимэгийг өнөөдрийн онцлох зочноор урив. Тэрбээр, Монголын гоо сайхны салбарт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан нэгэн. Тодотгож хэлбэл, “Ээгий” косметиксийн үүсгэн байгуулагч, “Үндэсний шилдэг Трэйнер”-ийн цомын эзэн юм. Түүнтэй 2021 оны трэнд нүүр будалт, арьс арчилгаа болон дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцлаа.
-Юуны өмнө дэлхийн хэмжээний “OMC Hairword Online Сhampionship" гэх тэмцээнд дэлхийн аварга болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг “OMC Hair world” тэмцээн 75 дах жилдээ болсон. Уг тэмцээн Франц улсад болох байсан боловч “Ковид-19”-оос шалтгаалан анх удаа Online хэлбэрээр зохиогдсон.
"OMC Mongolia" буюу Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоогоор дамжуулан 15 дахь жилдээ уг тэмцээнд ур чадвараа сорьлоо. Үсчин, гоо сайханчдын өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцож, олон шагналын эзэд болсондоо баяртай байна. 35 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр сарын хугацаанд үс, хумс, нүүр будалтын төрөлд бэлдэж, олон орны 2000 гаруй хүний 10.000 орчим бүтээлтэй өрсөлдсөн. Ингээд манайхан хуримын нүүр будалтаар дэлхийн аваргын цом, эрэгтэй үсний креатив төрлөөр мөнгөн медаль, хүрэл медаль, үсний эмэгтэй тайралтаар хүрэл медаль, хумсны Фантазны төрлөөр III, V байр эзэлж амжилттай оролцлоо.
Монгол Улс анх удаа нүүр будалтаараа аваргын цом, эмэгтэй үсний тайралтын төрөлд анхны хүрэл медаль авсан. Мөн хумс засалтын төрөлд ч анх удаа оролцоод хүрэл медаль авч байгаа болохоор бусад улс орны оролцогчид Монголын талаар маш их сонирхож байсан.
Өмнө нь мэргэжил нэгт найзууд, ах эгч нар уг тэмцээнд оролцож амжилт үзүүлж байв. Энэ жил бид залгамжлаад оролцлоо. Цаашидаа ч залуус дээрх тэмцээнд өөрсдийн ур чадвараа таниулна гэдэгт итгэж байна. Өдийг хүртэл дасгалжуулсан бүх трэйнерүүддээ баярласнаа хэлмээр байна. Миний хувьд өмнөх жилийн хувийн амжилтаа дээшлүүлж чадлаа.
-Бие даан хэдэн төрөлд оролцсон бэ ?
-Гурван төрөлд оролцсон. Тодруулбал, Bridal make up-Хуримын нүүр будалтаар Дэлхийн аварга, Stage make up буюу тайзны нүүр будалт төрөлд 10 дугаар байр, Smokey make up -гоёлын смоки будалтын төрөлд 11 дүгээр байрт шалгарлаа.
-Яагаад мэйк ап артист болохоор шийдсэн бэ?
-Нүүр будалттай холбоотой ямар нэгэн ажлыг хийхээр л өөрийн эрхгүй аз жаргалтай болдог. Хичнээн ядарсан ч байсан хамаагүй эхэлснээ дуусгадаг, түүнээсээ кайф, эрч хүч, сайхан мэдрэмжийг авдаг. Ер нь багаасаа ээжийнхээ нүүр будахыг нь хараад зогсдог байв. Долоон жилийн өмнөөс нүүр будалтын урлагт эргэлт буцалтгүйгээр орсон. Монголдоо суралцаж сонирхол нэгт найзуудтайгаа "Diva beauty academy"-г үүсгэн байгуулж нүүр будалтын сургалт, үйлчилгээг явуулаад долоон жилийг үджээ. Энэ хугацаанд мэргэжил дээшлүүлэх зорилгоор Солонгос, Тайванийг зорьж гадаадад суралцсан. Энэ нь олон улсад гарах хүслийг минь улам бадрааж өгсөн гэж хэлж болно. Манай академийнхан өнгөрсөн хугацаанд үнэхээр их ажилласан, хөдөлмөрлөсөн.
-Нүүр будалт хийхэд модель хамгийн чухал байдаг. Та ихэвчлэн ямар дүр төрхтэй хүнийг сонгож нүүр будалт хийдэг вэ?
-Саяхныг хүртэл Европ төрхтэй модель л хөөрхөн, олон улсад өрсөлдөж чадна гэж боддог байв. Харин бид энэ удаа Монгол гоо үзэсгэлэнгээ дэлхийд гайхуулж чадлаа. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Өөр өөрийн онцлог төрхтэй байдаг.
-Тэгвэл ихэвчлэн ямар төрлийн нүүр будалт хийдэг вэ?
-Нэг төрлийн будалтаар дагнадаг гэж хэлэхэд хэцүү. Нүүр будалт дотроо маш олон төрөлтэй. Бүгд өөр өөрийн гэсэн утга, агуулга, онцлог шинжүүдтэй. Нүүр будалтаар хүнийг яаж л бол яаж л хувиргаж болдог. Нэг ёсны нүүр будалтыг шидэт дохиуртай зүйрлэж болно.
Тухайн орчин, нөхцөл байдалд нь тохируулж будах нь хамгаас чухал. Тайзны, хуримын, гоёлын, кино хувиргалтын, өдөр тутмын гээд л маш олон төрлөөр л ажилладаг.
-Нүүр будалт төгс хийж сурахын тулд хэр их хугацааг зарцуулсан бэ?
-2013 оноос өдийг хүртэл суралцсаар л явна. Гоо сайхан гэдэг цаг минутаар шинэчлэгдэж хөгжиж, шинэ шинэ трэндүүд гарч байдаг салбар. Тэгэхээр цаг үеэ дагаад мэргэжилтнүүд ч гэсэн байнга өөрсдийгөө хөгжүүлж , суралцаж явдаг. Хүн ер нь байнгын л суралцаж байж, илүү амжилтад хүрдэг. Монгол Улс маань аль хэдийн дэлхийтэй хөл нийлүүлэн алхдаг болж. Өөрөөр хэлбэл, дэлхийд Монголыг үнэлж эхэлж байна.
-Ажиглаад байхад хүний нүүр буддаг хүмүүс зурах авьяастай байдаг. Та зураг зурдаг уу?
-Мэдээж зурах авьяастай бол нүүр будалтыг ч сайн хийж чадна. Нүүр будалт хийхэд мэдрэмж хамгийн чухал юм.Мэдрэмж, авьяас нэг хувь байхад л та бусад 99 хувийг өөрийн хичээл зүтгэлээрээ олж авна. Ер нь ямарваа зүйлийг хийхэд байнгын давтамж, хувь хүний зүтгэл л чухал байдаг. Чадахгүй ч гэсэн оролдоод л байвал алхам алхмаар сайжирна.
-Сүүлийн жилүүдэд Монголд мэйк ап артистууд ихээр нэмэгдэж, өрсөлдөөн их болсон шүү дээ. Таны хувьд бусдаас ялгарах онцлог давуу тал юу вэ?
-Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд маш гоё буддаг болсон. Дээрээс нь чадварлаг артистууд, багш нар ч их болж. Бид ч хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байдаг.
Нүүр будалтын зорилго нь хүнийг тэс өөр, огт танихгүй болгох биш. Тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслая гэж боддог. Тиймээс натурал нүүр будалтыг илүү чухалчилдаг. Мөн дан ганц нүүр будахаас илүүтэйгээр арьсаа хэрхэн зөв арчлах, бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сонгож хэрэглэх тал дээр илүү анхаарч ажилладаг.
-Хүний нүүр будах, өөрийгөө будах хоёр юугаараа ялгаатай байдаг вэ?
-Мэдээж ялгаатай. Нөгөө байнгын дадал чинь энд харагдана. Өөрийгөө өдөр бүр байнга буддаг учраас өөрийн царай төрх нүүрний онцлогоо мэдэрчихдэг. Гэхдээ нүүр будагчдын хувьд ялгаагүй л маш олон төрлийн нүүр будалтыг байнгын давтамжтай хийдэг учраас үйлчлүүлэгчээ мэдэрч буддаг.
-Нүүр будалт хийх шинэ содон санаагаа хэрхэн олж авдаг вэ?
-Нүүр буддаг хүмүүсийн мэдрэмж нь өөр өөр байдаг. Дэлхий дээрх бүх л бодит зүйлс дээрээс шинэ содон санааг олж харах боломжтой. Мөн байнгын судалгаа шинжилгээ хийж, өнгөний зохицол, хэлбэр дүрсийг нь харж, шинжилж явдаг даа.
-Монгол эмэгтэйчүүдэд арьс арчилгааны ямар төрөл нь тохиромжтой вэ?
-Нүүр будалтаас илүү чухал зүйл бол арьс арчилгаа. Мэдээж элдэв, асуудалгүй арьсан дээр будалт хийх мэдрэмж хамгийн гоё. Манай бүсгүйчүүдийн гол алдаанууд гэвэл арьсаа дутуу цэвэрлэдэг, буруу бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна, нойр, хоол, хөдөлгөөнөө тэнцвэртэй байлгадаггүй. Өөрөө судалж биш, хүмүүсийн ам дамжсан яриагаар худалдан авалт хийх гэх мэт олон шалтгаантай.
Нүүрний цэвэрлэгээ дутуу хийснээс болж арьсны асуудлуудын 80 хувь үүсдэг. Улмаар арьсэрүүл байдлаа алдаж хөгшрөлт маш хурдан явагдана.
Манай орны цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгал болон орчны бохирдол гээд олон хүчин зүйлүүдээс шалтгаалж байнгын хамгаалалт, арчилгаа шаардагддаг. Арьсаа эрүүл гоё болгоод араас нь өөрийн арьсны онцлогтоо тохирсон бүтээгдэхүүн ашиглан будалтаа хийх хэрэгтэй.
-Охид, бүсгүйчүүд өөрийнхөө гадаад төрх болон арьс арчилгаандаа ихээхэн анхаардаг болж. Энэ жилийн трэнд нүүр будалтын талаар манай уншигчид зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?
-Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд өөрийгөө хайрлах урлагт суралцаж байгаа нь таатай. Хүн болгон өөрийнхөө арьс арчилгаанд анхаарах нь элбэг болж. Мэдээж техникгүй буруу будсан хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүст туслах зорилготойгоор интернет орчинд “Ээгий” косметикс пэйж, “Илүү үзэсгэлэнтэйгээр гэрэлт” группээрээ дамжуулан зөвлөгөө мэдээллийг байнга хүргэдэг.
Нэг үеэ бодоход охид, бүсгүйчүүд харьцангуй сайн мэдээлэлтэй болсон, өөрсдийн арьсанд хэрэглэх бүтээгдэхүүн, түүний найрлагад маш нухацтайгаар ханддаг болсон нь талархууштай.
Дэлхийн гоо сайханчдын олимп тухайн жилийн нүүр будалтын өнгө төрхийг илэрхийлдэг. Энэ жил неон өнгөнүүдийг нүүр будалтанд ихээхэн ашиглаж байна. Мөн хэзээ ч моданаас гарахгүй хувь хүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон натурал будалтууд ноёлсон хэвээр. Өнгөний хувьд зөөлөн дулаан болон завсрын өнгөнүүд их ашиглагдаж буй.
-Манай гоо сайхан, нүүр будалтын салбар дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?
Гоо сайхан нүүр будалтын салбар 10-аад жилийн өмнөөс эрчимтэй хөгжиж эхлээд одоо бол дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж бардам хэлнэ. Бид дэлхийд үнэлэгдэж чадаж байна. Монголд авьяаслаг, чадварлаг залуучууд олноороо төрөн гарч буй. Биднийг бэлтгэсэн дээд үеийнхэн маань их зүйлийг хийж сургасан гэж боддог. Цаашдаа дэлхий рүү, олон улс руу чиглэсэн гоо сайхны, нүүр будалтын шинэ шинэ технологи, техникүүд гарна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
-Хүний нүүрэнд будалт хийх явцад танд ямар мэдрэмж төрдөг вэ ?
-Яг будаж байх үед тухайн хүний бодлыг сайн мэдэрдэг болдог. Ямар будалтыг хүсэж буй, будалт нь таалагдаж байгаа эсэх, хэр аз жаргалтай байна, хэрхэн өөртөө итгэлтэй болдог гээд бүх сэтгэлийг нь хамт мэдэрдэг гэж хэлж болно.
-Таныг нүүр будалтын бүтээгдэхүүн болон арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ээгий” косметиксийг үүсгэн байгуулагч гэдгээр олон хүн танина. Өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнийг Монголд гаргахын тулд юуг хамгийн их чухалчилсан бэ?
-Мэргэжлийн багс, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ээгий” косметикс компаниа байгуулаад гурван жил болж байгаа юм.
Анх залуу хүний хийж бүтээх хүслээр зориглон, судалж, өөрийн зургаан жилийн туршлага дээрээ үндэслэн бүтээгдэхүүнээ шат дараалан үйлдвэрлэж эхэлсэн.
Гаднын нэртэй брэндүүдийн бүтээгдэхүүнтэй эн зэрэгцэх чанартай мөртлөө яг л хэрэглээнд тохирсон, маш хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх нь бидний хамгийн гол зорилго байсан. Бүсгүйчүүдийнхээ хэрэглээнд тохирсон зургаан төрлийн дан болон сет багс, цэвэрлэгч бүтээгдэхүүн, нүүр будалтын дөрвөн цуврал бүтээгдэхүүн, арьс арчилгааны “Грэйс Дэй” цуврал гээд 15 төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаж нийт долоон нэрийн дэлгүүрээр борлуулдаг.
Бүтээгдэхүүн үнэтэй байвал л сайн гэсэн ойлголт ард хоцорсон. Үнэтэй бүтээгдэхүүнүүд реклам зар сурталчилгаа, бүтээгдэхүүний сав баглаа боодолдоо дийлэнхийг нь зарцуулдаг гэсэн судалгаа ч байдаг. Хамгийн чухал зүйл бол бүтээгдэхүүний орц найрлага байх ёстой. Бид аль болох органик, байгалийн гаралтай найрлагуудыг ашиглахыг гол зорилгоо болгодог.
-Шинэ он гараад удаагүй байна. Хүн бүр юуг хийж бүтээх төлөвлөгөөгөө гаргасан байх. Та шинэ онд юу юуг төлөвлөснөө хуваалцаж болох уу?
-Байнгын тэмдэглэл хөтөлдөг. Тухайлбал, долоо хоногийн, улирлын, жилийн, ойрын таван жилийн гээд л төлөвлөгөө зорилгуудаа шинэ оныхоо эхэнд бичиж тэмдэглэж өөртөө байнга сануулж, биелсэн зорилгуудаа дараад явчихдаг.
Энэ жилийн хувьд 2021 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 жилийн ой ирэх есөн сард Япон улсад болно. Түүнд Монгол Улсынхаа шилдгүүдтэй оролцож аваргын цомоо бататгана гэсэн том зорилго өвөртөлж буй.
Мөн “Ээгий” косметикс брэндийн бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөл болгож, салбаруудаа нэмэх, олон улсад салбартай болох гэх мэт зорилгуудаа биелүүлэхийн тулд хичээнэ.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
Тууштай байх, эхэлсэн бол дуусгах, эцсийг нь үзэх , 100 хувь зөв, буруу зүйл байдаггүй гэж боддог. Мөн хүнд төвөг удахгүй байхыг зорьдог. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, дуртай зүйлдээ үнэт цагаа зарцуулах, хичээж зүтгэж байгаа цагт шагнал нэг л өдөр хүрээд ирдэг юм. Нэмж хэлэхэд, нэг будалт хийгээд л дэлхийн аварга болчхож байгаа зүйл огт биш. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөсөн зүтгэсний минь хариу ирлээ гэж бодож байна. Хүн бүрт өөрт оногдсон амьдралын цаг хугацаа гэж байгаа. Тэр хугацаагаа зөв, үр дүнтэйгээр ашиглаарай. Бүхий л зүйлд талархаж сураарай, өөрийгөө хайрлахаа битгий мартаарай гэж залуусдаа хэлмээр байна.