Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөө өглөө буюу нэгдүгээр сарын 13-ны 07:47 минутад 4,2 магнитудтай газар дахин хөдөлжээ.
Мөн өчигдрийн Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн талаар тус аймгийн Онцгой комисоос мэдээлэл өглөө.
Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан хэлэхдээ "Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн газар хөдлөлийн тоог харахад өссөн хандлагатай байна. Цаашид ойр ойр давтагдах магадлал өндөр. Иймд гамшгийг хэрхэн эрсдэл багатай даван туулах тухай төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа.
Аймгийн хэмжээнд 1,750 орчим барилга байгууламж байгаагаас 220 орчимд нь л эрсдэлийн үнэлгээг хийсэн байдаг. Бусад барилгад эрсдэлийн үнэлгээг хийх, шинээр баригдаж буй барилга байгууламжид стандартыг мөрдүүлж ажиллана. Мөрөн суманд ус, дулааны шугам сүлжээний байгууллагуудад гэмтэл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байгаа.
Барилга объектын тухайд Ханх, Ренчинлхүмбэ, Цагаанннуур, Чандмань-Өндөр, Баянзүрх, Түнэл зэрэг суманд ерөниий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн байр, Засаг даргын Тамгын газрын байрны хана тааз цуурсан, цонхны шил цуурсан тухай мэдээлэл ирүүлж байна" гэж хэлэв.
Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан хэлэхдээ "Аймгийн Онцгой комиссын даргын хувьд газар хөдлөлтийн улмаас үүссэн нөхцөл байдлыг бүх сумд руу холбогдож тодруулах үүрэг өгсөн. Газар хөдөлсөн голомт Ханх суманд бий учир тус сумын Засаг даргатай холбогдон тогтмол мэдээлэл авч байгаа. Эдгээрээс харвал шүүгээн дээрх юм унасан, авдар дээр байсан зурагт унаж хагарсан, гал тогооны шүүгээнээс аяга таваг унаж хагарсан гэх мэт тохиолдол бий" гэлээ.