Хүрээлэн буй орчныг бохирдуулагч олон хүчин зүйл байдгийн нэг нь хог хаягдал. Манай улс жилд дунджаар 1.4 сая тонн хог “үйлдвэрлэдэг” бөгөөд ахуйн гаралтай хаягдал 60, барилгынх 15, хүнснийх нь 25 хувийг эзэлдэг. Дийлэнхийг нь эзэлж буй ахуйн гаралтай хаягдлыг бууруулахын тулд ангилан ялгах, дахин боловсруулах зайлшгүй шаардлагатай. Булган аймгийн Хишиг-Өндөр сумынхан өдөр тутмын амьдралдаа ангилан ялгах, дахин боловсруулахыг дадал болгож, эко сум болохоор зориод буй. Хишиг-Өндөр сумынхан хог хаягдалтайгаа хэрхэн тэмцэж буй талаар “Эко сум” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Нарантуяатай ярилцлаа.
-Та “Эко сум” төслийг санаачилж, нутагтаа хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Яагаад эл төслийг санаачлан, хэрэгжүүлэх болов?
-Би Иерусламийн Еврэйн их сургуульд Ойрх Дорнод, Ислам судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан юм. Дараа нь Парис дахь Олон улсын харилцаа, стратегийн институтэд төслийн менежментээр суралцаад, дадлага хийсэн төрийн бус байгууллагадаа хагас жил ажилласан. ОУ-ын ТББ-т ажиллаж байхдаа аливаа байгууллага, төсөл яг хэрэгжиж буй газартаа суурин ажиллах ёстой, орон нутгийн байгууллагууд л илүү бодитой үр дүнд хязгаарлагдмал нөөцөөр, богино хугацаанд хүрэх боломжтой гэдгийг ойлгосон. Өнөөгийн ОУ-ын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд нүсэр, үргүй зардал ихээр гаргаж, төдийлөн бодитой үр дүнд хүрдэггүй гэдгийг дотор нь орж байж ойлгосон. Нөхөртэйгээ сайн ярилцсаны эцэст Францаас Монголд ирж, нутагтаа очин хог хаягдлыг бууруулахад бага ч болов нэмэр болохоор шийдсэн. Манай улс гурван сая хүн амтай ч хог хаягдлын хэмжээгээр дэлхийд нэлээд дээгүүр ордог. Төрийн бодлого, иргэний оролцоо муугаас болж хаягдлыг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй. Тиймээс энэ буруу хандлагыг бага ч болов өөрчлөхөөр шийдэж, орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой Экосум ТББ-ыг байгуулж хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
-Гадаадын өндөр хөгжилтэй орныг орхиж, суманд амьдрах шийдвэр гаргажээ. Төсөл хэрэгжүүлэхээр Хишиг-Өндөрт очиход ямар бэрхшээл тулгарав?
-Орон нутаг эзгүйрч, шинэ боловсон хүчин нь дайждаг болоод уджээ. Манай сум мөн л тийм дүр төрхтэй угтсан. Уг нь орон нутагт хийх ажил их, амьдрахад ч таатай шүү дээ. Биднийг анх нутагтаа очиж, хаягдалтай нөхөрлөхөд үнэхээр эндээ ажиллаж амьдраад, хог хаягдлын асуудал дээр тогтвортой ажиллах болов уу гэж эргэлзсэн байх. Одоо бол бүгд л нэгдэж, Хишиг-Өндөрийг эко сум болгохоор хичээж байна.
-Монголчууд хогоо ангилах, дахин боловсруулахдаа маруухан. Ийм дадал зуршлыг иргэдийн өдөр тутмын амьдралд бий болгоход хэцүү байв уу?
-Хүн төрөлхтний бий болгож буйхогийн төрөл зүйл, хэмжээ, бүтэц нь урьд хожид байгаагүйгээр хувьсан өөрчлөгдөж буй. Өмнө нь бүхий л хаягдал байгалийн гаралтай байсан учир ангилан ялгаж, дахин боловсруулдаггүй байсан. Харин өдгөө хог хаягдал хөрс, ус, агаар, орчны бохирдлыг бий болгож, дахин боловсруулахад ч хэцүү болжээ. Тиймээс хүн төрөлхтөн эл аюултай нүүр тулж, хурдацтай өөрчлөлтөд нь дасан зохицох болсон. Өндөр хөгжилтэй орны иргэд хогоо ангилах, дахин боловсруулах соёлд эрт суралцсан нь үнэн. Учир нь тэд үйлдвэрлэгч орон учир хаягдлын хэмжээ, бүтцийг эртнээс мэдэж, иргэдийнхээ өдөр тутмын амьдралд дадал болгосон хэрэг. Харин манайх хэрэглэгч орон учир хаягдлын хор хөнөөл, байгальд учруулах сөрөг талыг нь хожим ухаарсан. Дадал зуршил, хандлагыг өөрчлөх нь хүнд ажил бөгөөд хугацаа шаарддаг. Мөн төрийн зүгээс бодитой шийдэл, зөв менежмент хэрэгжүүлдэггүй нь манай улсад хог хаягдал нэмэгдэж байгаагийн гол шалтгаан болоод зогсохгүй эерэг дадалтай болсон иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Хогоо ангилж хаялаа гээд ачилтын машинууд нь бүгдийг нь холиод, нэг цэгт бөөгнүүлэхээр нэмэргүй шүү дээ.
-Танай төслийн багийнхан гадаадын олон байгууллагатай хамтран ажилладаг юм билээ. Хамтран ажиллаж буй байгууллагынхаа талаар хуваалцаач?
-Төслийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, санхүүжилт олох, баг хамт олон бүрдүүлэх гээд орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах, хөгжлийг дэмжих зорилгоор манай байгууллага өнгөрсөн хугацаанд багагүй ажил хийлээ. Анх “Хогийн менежментийг сайжруулах” төсөл амжилттай хэрэгжүүлж, сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар хуванцар дахин боловсруулах бага оврын автомат машиныг сумандаа хийсэн. Эл төслийг Европын Холбооны SWITCH Asia хөтөлбөрөөс санхүүжүүлж, “Каритас Чех репаблик”, “Монголын тогтвортой хөгжлийн гүүр” төрийн бус байгууллага, “Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв”, Чехийн усны судалгааны агентлагтай хамтран хэрэгжүүлж байна. Мөн энэ оноос “Эко барилга” төслийг Люксембургийн Байгаль орчин, цаг уур, тогтвортой хөгжлийн яамны санхүүжилтээр PADEM төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
-Өөрсдийн зохион бүтээсэн хуванцар бутлах автомат машины тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үү?
-Бид өрхийн хогийн бүтцэд судалгаа хийж, хуванцар хамгийн ихээр хаягддаг болохыг тогтоосон юм. Тиймээс хуванцар дахин боловсруулах бутлагч, хайлуулагч, шахагч гэх жижиг оврын гурван машиныг Англи, Францын сайн дурын инженерүүдийн тусламжтайгаар сумандаа барьсан. Эдгээр машинуудаар зөөлөн хуванцрыг бутлах, хайлуулах боломжтой ч хүчин чадал багатай. Нэг удаагийн шөлний тавагнууд буталж, хайлуулж, хэвд цутгаад сандал хийсэн. Ийм төрлийн хямд үнэтэй хятад бүтээгдэхүүн зах зээлд их учир хэрэглэгч дахин боловсруулсан материалаар хийснийг нь бараг сонгохгүй. Тиймээс төрийн бодлого, иргэдийн оролцоо чухал үүрэгтэй гээд байгаа юм. Манайх ашгийн бус байгууллага учир хаягдлыг дахин ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдгийг иргэдэд ойлгуулахыг л хүссэн. Харин ашиг олох сонирхолтой иргэд энэ мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд тэднийг дэмжих бодлого алга. Хог хаягдлын менежментийг бизнес төдийд харахгүйгээр төр бодлогоороо зохицуулах ёстой. Төрийн хариуцлага. Харин энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд болоод иргэний байгууллагуудтайгаа нягт уялдаатай, хамтарч ажиллавал бодитой шийдэл олох боломжтой байх. Энэ салбарыг төр удирдаж явах ёстой юм.
-Шинэ санаачилга гаргах, технологи туршиж үзэхэд ямар бэрхшээл тулгарав?
-Манай төрийн бус байгууллага 2018 оны аравдугаар сард байгуулагдсан. Ашгийн бус, нийгэмд үйлчлэх зорилготой учир шинэ санаа гаргаж, түүнийгээ туршиж үзэх нь гол ажил. Харамсалтай нь бид ихэнх цагаа санхүүгийн, үйл ажиллагааны, явцын, үр дүнгийн тайлан гэх мэт бичиг цаастай зууралдаж өнгөрөөж байна. Төрийн бус байгууллагыг мөнгө угаах хэрэгсэл болгосон хүмүүсээс болж санхүүжүүлэгч талаас асар өндөр хяналт тавих болсон. Иймээс бид өөрсдөө санхүүгээ босгож, санхүүжүүлэгч талд тогтмол ажлын үр дүнгээ тайлагнаж, давхар хяналт, шалгалт дор ажилладаг. Мөн шийдвэр гаргах үүрэг бүхий хүмүүсийн хүнд суртал, уялдаагүй бодлогын балаг бидний ажилд саад учруулах ч тохиолдол байна.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Анх хэрэгжүүлсэн төсөл маань хогийн менежменттэй холбоотой учир хүмүүс хаягдлын асуудлыг түлхүү анхаардаг гэж ойлгодог. Гэвч бид орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зорилготой учир салбар бүрт хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна. Жишээлбэл, “Эко барилга” төслийн хүрээнд шахмал хөрсөн блок үйлдвэрлэх юм. Энэ нь мод, нүүрсний хэрэглээг багасгаж, агаар, орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй ажлын байр бий болгох давуу талтай. Цаашид энэ мэт шинэ санаачилга гарган нутгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг дотоодоосоо хангах, малчидтай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Булганы Хишиг-Өндрөөр тогтохгүй бусад аймаг, сумуудыг эко болгох боломж бий юү?
-Хишиг-Өндөрт амжилттай хэрэгжүүлсэн төсөл бүрийг аймгийнхаа бусад сумдад нэвтрүүлэх нь ойрын зорилго болоод байна. Манайх эдийн засаг, хүн амын хувьд бусад сумдтай ижил дундаж. Хэрэв манай суманд шинэ санаа маань амжилттай байж чадвал бусад суманд ч хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг.