Хүн төрөлхтнийг хөл хорионоос “суллах” ганц арга нь өдгөө вакцин болоод буй. Манай улс энэ оны I улиралд багтаан хүн амынхаа тодорхой хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна гэж холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. Ийм боломж манайд бий юү, вакцинаа захиалсан уу зэрэг асуултад хариулт авахаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.
-Коронавирусийн эсрэг вакциныг энэ оны эхний улиралд багтаан оруулж ирэхээ Засгийн газар, УОК-ынхон мэдэгдсэн. Харин зарим эрдэмтэн, судлаач вакцин огт захиалаагүй, заасан хугацаандаа дархлаажуулалт хийж амжихгүй гэдгийг хэлж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
-Монгол Улс хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах тооцоолол, үндэслэлээ өнгөрсөн онд гарган, аль улсад үйлдвэрлэсэн вакцин чанарын шаардлага хангахыг хүлээн, тандалт, судалгаа тасралтгүй хийж, бэлтгэлээ ч хангасаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хүн амын 60 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг шат дараатай захиалж байгаа. Эхний ээлжид хүн амын 20 хувийг дархлаажуулах талаар ярьж буй нь вакцины үйлдвэрлэлтэй шууд холбоотой. Дэлхий дахинд вакцин гарган авах, үйлдвэрлэх, түүний дараа тодорхой шаардлага, шалгууруудыг хангах хүртэл багагүй хугацаа зарцуулж байгааг олон нийт мэдэх байх.
-Вакциныг ямар үндэслэл, шалгуураар сонгож байгаа вэ?
-Манай улс Дархлаажуулалтын болон Эмийн тухай хуулийнхаа дагуу чанарын шаардлага хангасан, ДЭМБ болон бусад хяналтын бай
гууллагаар баталгаажсан вакциныг л оруулж ирнэ. 2020 оны төгсгөлд ДЭМБ-ынхан АНУ болон Германы эрдэмтдийн боловсруулж гарган авсан, 90-ээс дээш хувийн өндөр үр дүнтэй нь тогтоогдсон “Pfizer”, “BioNTech” компанийн вакциныг бүртгэлээ. Өөрөөр хэлбэл, уг вакциныг манай улс оруулж ирэх боломж бүрдсэн гэсэн үг. Бүх улс орон вакцин авахын төлөө ажиллаж буй. Манайх ч гэсэн аль болох хурдан оруулж ирэхээр бэлтгэл хангаж байна.
-ДЭМБ улс орнуудыг вакцинаас хоцроохгүй, хэт өндөр үнээр нийлүүлэхээс сэргийлэх, тэгш хүртээх зорилгоор “Ковакс” механизмыг хэрэгжүүлж байгаа. Үүнд хамрагдсан улс орнуудын хүн амынх нь 20 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг эхний ээлжид нийлүүлэхээ ДЭМБ мэдэгдсэн. Манайх үүний дагуу вакцинаа тоо ёсоор нь авч чадах болов уу?
-“Ковакс” механизмыг зөвхөн хөгжиж буй болон ядуу буурай оронд зориулсан юм биш. Уг хөтөлбөрт өдгөө дэлхийн бараг бүх улс орон хамрагджээ. Коронавирусийн вакциныг улс орнуудад тэгш хүртээх зорилгоор боловсруулсан уг механизмд манай улс өнгөрсөн долдугаар сард нэгдсэн. “Ковакс”-т хамрагдсан улс орнуудын хөгжлийн түвшнээс үл хамаарч, бүгдэд нь эхний ээлжид хүн амынх нь 20 хувийг дархлаажуулах вакцин нийлүүлнэ. Тэгэхээр манай улс 600 гаруй мянган хүн/тун вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд тоо ёсоор нь оруулж ирнэ гэсэн үг.
-Үүнд хэчнээн төгрөг шаардлагатай вэ. Санхүүжилтийг нь хэрхэн шийдсэн юм бол?
-Дархлаажуулалтын тухай хуулиар хүн амыг вакцинжуулах бүх зардлыг Засгийн газраас гаргадаг. Энэ удаад ч гэсэн санхүүжилтийг нь төрөөс бүрэн шийдэж байгаа. Бусад улсад ч ялгаагүй, Засгийн газар нь вакциныхаа зардлыг хариуцдаг. Харин санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээ улс бүр өөрсдөө шийднэ. “Ковакс”-т хамрагдсан улс орнуудын иргэдийнх нь 20 хувьд хүрэлцэхүйц вакциныг үйлдвэрлэж амжихгүй бол эхний ээлжид 3-5 хувийг нь дархлаажуулах хэмжээгээр нийлүүлнэ гэхчлэн аль болох бүгдэд нь хүртээхээр ажиллаж буй юм билээ. Вакцины үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, нөөц бүрдмэгц үлдсэн 15 хувийг нь нийлүүлэх зэргээр зохицуулахаа мэдэгдсэн. Тухайн үйлдвэрлэгчийн нэг хүн/тун вакцины үнэ ямар байхаас хамаарч дагалдах тариур, хэрэгсэл, аюулгүйн хайрцаг, тээврийн болон дархлаажуулалтын нэгжид хүргэж, хуваарилах зардал нэмэгдэнэ. Одоогоор нийт санхүүжилтийн хэмжээ тодорхой болоогүй ч их хэмжээний мөнгө шаардлагатай нь ойлгомжтой.
-Нэн тэргүүнд ямар бүлгийн хүмүүсийг дархлаажуулах вэ?
-Нэгдүгээрт, коронавирусийн халдварын голомтод үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулна. Дараа нь онцгой байдал, цэрэг, цагдаа зэрэг хүчний, төрийн байгууллагынхныг хамруулахаар төлөвлөсөн. Мөн өндөр настнууд, архаг, суурь эмгэгтэй хүмүүст хийнэ. Коронавирусийн ихэнх вакциныг 18- аас дээш насныханд хийх заалттайгаар бүтээж байна. Тэгэхээр хүүхдүүдийг одоохондоо дархлаажуулалтад хамруулахгүй гэсэн үг.
-Манай улс “Ковакс”-ын хүрээнд хүн амынхаа 20 хувийг дархлаажуулна. Харин үлдсэн 40 хувийг хэрхэн вакцинжуулах вэ. Өөр арга зам, эх үүсвэрээс вакцин оруулж ирэх боломжтой юу?
-Хүн амын 40 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг бид зах зээлээс худалдаж авах зэрэг арга зам бий. Аль улсын ямар вакциныг ДЭМБ бүртгэн, баталгаажуулахаас шалтгаалж, Засгийн газраас тухай бүрт нь импортлохоор төлөвлөсөн.
-ДЭМБ-ын бүртгэсэн ганц вакцин нь 70 градусын хүйтэнд хадгалах заалттай. Харин манай эрүүл мэндийн байгууллагуудын, тэр дундаа аймаг, дүүргийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж эл шаардлагыг хангаж чадах уу?
-Дэлхийн хэмжээнд вакцин гарган авах, үйлдвэрлэж эхэлснээс хойш манай улс хүн амаа дархлаажуулах бэлтгэлээ хангасаар ирсэн. Өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд вакцин хадгалах 2-8 градусын зориулалтын хөргөгч бий. Мөн аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдийг 15-25 градусын хөлдөөгчөөр бүрэн хангасан. Гол анхаарах асуудал нь вакциныг 70 градусын хүйтэнд хадгалахад шаардлагатай тоног төхөөрөмжийг аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд нийлүүлэх юм. Манай эрүүл мэндийн томоохон төв, эмнэлгүүд 70-86 градусын хөлдөөгч бүхий тоног төхөөрөмжтэй. Нөөцөд нь ч цөөнгүй бий. ХӨСҮТ-д одоогоор 1400 литрийн ийм хөлдөөгчийн нөөц байна. Харин аймаг, дүүргийн хэмжээнд вакциныг 70 градуст хадгалах боломжгүй учраас тэдэнд шаардлагатай хөргүүрийн тоног төхөөрөмжүүдийг авахаар ЭМЯ-нд захиалга өгсөн.