Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Б.Ариунбаяр БНСУ-ын Чонгсон хотод өнгөрсөн жил зохион байгуулсан мөсөнд авиралтын Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн хурдны төрөлд түрүүлсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард мөсөнд авиралтын Азийн аварга шалгаруулах, Дэлхийн цомын тэмцээн дараалж болоход Монголын хоёр тамирчин амжилттай оролцон аваргаар шалгарсны нэг нь та. Элэг нэгтнүүдээ баярлуулсан тэр баярт мөчид юу бодогдов?
-Би тэр үед зорьсон зорилгодоо хүрлээ гэж их баярласан, алтан медаль хүртэхдээ аваргын төлөө авирах гэж буй мэт сандарч догдолсон шүү. Дэлхийн цомын тэмцээний шигшээ дөрөвт үлдэх гараанд өөрт буй боломжоо бүрэн ашиглаж чадсангүй гэж харамссан ч медалийн тавцанд гараад л дотор уужирч билээ. Тамирчин хүний гол зорилго бол амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөх. Алтан соёмбот далбаагаа нөмөрч зогсоод Төрийн дууллаа эгшиглүүлэх мөч хамгийн бахархмаар агшин байсан.
-Та мөсөнд авиралтаар хичээллэдэг цөөн эмэгтэй тамирчны нэг. Эрсдэлтэй спортод өөрийг тань хөл тавиулсан том алхам юу байсан юм бол?
-Багадаа хөнгөн атлетик, жүдогоор хичээллэдэг байсан намайг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо энэ спортод оруулсан. Тэрбээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуулийн биеийн тамирын багш.Биднийг тэмцээн, уралдаанд байнга оролцуулдаг байлаа. Би хананд авиралтаар анх хичээллэсэн юм. Мөсөнд авирахаас эрсдэл багатай болохоор өөрөө ч сонирхолтой. Харин мөсөнд авиралтаар хичээллэж эхлэхдээ аав, ээждээ огт хэлээгүй. Хэр баргийн хүн хичээллэж зүрхэлдэггүй спортод сэтгэл татагдан тэмүүлэхэд гэрийнхэн минь таатай хүлээж аваагүй. Тэд намайг хурц иртэй багаж бариад хад, мөсөнд авирч уралдана гэж ер төсөөлөөгүй байх. Ааваасаа бэлтгэл хийж байгаагаа тас нуусан. Улаанбаатар хотод болсон мөсөнд авиралтын УАШТ-д оролцож, медаль хүртсэнийхээ дараа л хэлсэн. Түүнээс хойш манайхан аажмаар ойлгож, дэмжих болсон шүү. Миний аав, ээж малчин. Хэдийгээр тэмцээн үзэх завгүй ч охиныхоо бүх зүйлд санаа тавьж, амжилт гаргах бүрт урмын үг хайрладаг.
-Монголд авиралтын спорт хэзээ ч хөгжихгүй гэж дүгнэдэг байсан гадаадын дасгалжуулагчдын таагүй бодлыг Н.Хэрлэн та хоёр ам
жилтаараа няцаасан. Манай спорт сонирхогчид тэр цагаас тамирчдаа дэлхийн аварга болох, цаашлаад олимпын наадамд оролцох боломжтойг олж харсан шүү дээ.
-БНСУ-ын Чонгсон хотод 2018 онд болсон дэлхийн цомын цуврал тэмцээнд анх удаа оролцохдоо алдартай тамирчдыг хараад биширсэн. Тэгээд “Би ч гэсэн шагналын тавцанд медаль зүүхээр удахгүй гарах болно” гэж өөртөө зорилго тавьсан юм. Монголд авиралтын төрлүүдээр хичээллэгсэд жилээс жилд хүрээгээ тэлж байна. Хана, хад, ууланд авиралтын спортын давуу талыг олон хүн ойлгох боллоо. Тэр дундаа тамирчид мөсөнд авиралтаар түлхүү хичээллэж, томоохон тэмцээнд өрсөлдөх сонирхолтой нь харагдсан. Намар сэрүүн орохтой зэрэгцээд тамирчид мөс хаана, хэзээ хөлдөх бол гээд чимээ чагнаж эхэлдэг. Манайхан нэг үеэ бодвол байгалийн мөсөн хана хийх туршлагатай болжээ.
-Монголын уулын спортын хамгийн сэтгэл догдлом түүхийг та ч бас бичлээ. Ийм амжилтаар бэлэг барихын тулд уйгагүй хөдөлмөрлөсөн нь лавтай.
-Тийм ээ, өөрийн дуртай спортод амжилт гаргаж, түүхийг нь бичилцэнэ гэдэг бахархал. Амжилт надаас маш их хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөхийг шаардсан. Азийн аварга болоход биднийг дагаад өндөр, үүрэг хариуцлага ирлээ. Энэ бүхэнд дасгалжуулагч багш, клубийн хамт олон, холбоо гээд олон хүний сэтгэл, дэм тус, итгэл найдвар шингэсэн. Түүнээс биш зөвхөн ганцаараа зүтгээд амжилтаас атгаж чадахгүй.
-Мөсөнд авирахаас эмээж, шантарсандаа багшаасаа зугтан гэр лүүгээ харьсан охиныг юу зоригжуулж урагшлуулав?
-Улаанбаатар хотод оюутан болж ирээд аав, ээжийгээ их санасан. Оюутны амралт эхлэнгүүт гэр лүүгээ явахаар зэхэж байтал багш мөсөнд авиралтын тэмцээнд оролцуулах санал тавилаа. Авирахаас айж багшаас зугтаж, хөдөө гэр лүүгээ харьсан. Тухайн үед “Сутайн бор” клубийн тамирчин, спортын мастер О.Сайханжаргал ахыг дагаж, Тэрэлж дэх хиймэл мөсөн хананд бэлтгэл хийхэд авиралтын техник, багаж хэрэгсэл нь хэцүү санагддаг байв. Гэртээ ирээд ээжтэйгээ ярилцахад “Эмэгтэй хүнд эрчүүдээс илүү тэвчээр байдаг юм. Миний охин хичээгээд хичээллээд үз” гэсэн. Ээжийн минь хэлсэн тэр үг мөсөнд авиралтын спортод эргэж ирэхэд эрч хүч, урам зориг өгсөн юм. Дараа жилээс нь тэмцээнд оролцохоор шийдэж, бүх төрлөөр нь авирч үзмээр санагдсан.
-Хэцүү санагдсан тэр үеийг амжилтын өндөрлөгөөс харахад ямар бодол төрдөг вэ?
-Хүмүүс надаас “Эмэгтэй хүүхэд байж ямар эрсдэлтэй спорт сонгодог юм бэ, хэцүү биш үү” гэж асуудаг. Ямар ч үед тусалж дэмждэг “Сутайн бор” клубийн тамирчин болсноороо бахархдаг. Миний хувьд тэмцээнд амжилттай өрсөлдөж багш, хамт олныхоо итгэлийг алдахгүйг хичээдэг. Тамирчин хүн шантарч болно, харин хүсэл, мөрөөдөл, зорилгоосоо хэзээ ч ухарч болохгүй. Бие, сэтгэлийн хатуужлаар өмнөө тулгарсан саад бэрхшээлийг даван туулах нь хамгийн чухал. Хэрвээ хэцүү юм, авирч чадахгүй гээд орхисон бол амжилтад хүрэхгүй байсан.
-Та мөсөнд авиралтаар хичээллэдэг цөөн эмэгтэй тамирчны нэг. Эрсдэлтэй спортод өөрийг тань хөл тавиулсан том алхам юу байсан юм бол?
-Багадаа хөнгөн атлетик, жүдогоор хичээллэдэг байсан намайг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн дасгалжуулагч Х.Нямдоо энэ спортод оруулсан. Тэрбээр Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуулийн биеийн тамирын багш.Биднийг тэмцээн, уралдаанд байнга оролцуулдаг байлаа. Би хананд авиралтаар анх хичээллэсэн юм. Мөсөнд авирахаас эрсдэл багатай болохоор өөрөө ч сонирхолтой. Харин мөсөнд авиралтаар хичээллэж эхлэхдээ аав, ээждээ огт хэлээгүй. Хэр баргийн хүн хичээллэж зүрхэлдэггүй спортод сэтгэл татагдан тэмүүлэхэд гэрийнхэн минь таатай хүлээж аваагүй. Тэд намайг хурц иртэй багаж бариад хад, мөсөнд авирч уралдана гэж ер төсөөлөөгүй байх. Ааваасаа бэлтгэл хийж байгаагаа тас нуусан. Улаанбаатар хотод болсон мөсөнд авиралтын УАШТ-д оролцож, медаль хүртсэнийхээ дараа л хэлсэн. Түүнээс хойш манайхан аажмаар ойлгож, дэмжих болсон шүү. Миний аав, ээж малчин. Хэдийгээр тэмцээн үзэх завгүй ч охиныхоо бүх зүйлд санаа тавьж, амжилт гаргах бүрт урмын үг хайрладаг.
-Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Багшийнхаа хэлснийг бодож, тайван байдаг. Уртын болон эх орны тухай дуу сонсоход төрсөн нутаг, аав, ээж нүдэнд харагдах шиг болдог юм. Багадаа хурдан морь унаж өссөн. Моринд хайртай учраас морьтой давхиж байгаагаар төсөөлж тайвширдаг.
-Таныг амжилт гаргахад хэн үлгэр дуурайл болов?
-Би VI ангиасаа тамирчин болохоор багшийн удирдлагад хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн. Миний амжилт, спортын замнал багшийн минь сэтгэл, зүтгэлтэй салшгүй холбоотой. Тэрбээр уйгагүй хөдөлмөрч зантай. Тамирчдынхаа алдааг олж хараад, өөрт нь хэлж ойлгуулдаг юм.
-Хэцүү хэрнээ мартагдахааргүй дурсамж үлдээсэн тэмцээнээ сонирхуулаач.
-Азийн аварга болсноос илүү Дэлхийн цомын тэмцээнд V байр эзэлсэн минь хамгийн сайхан дурсамж. Би шигшээ наймд шалгарсныхаа дараа маш их түгшиж байлаа. Өрсөлдөгч минь ОХУ-ын шилдэг тамирчин. Түүнийг ялна гэсэн итгэл төрөөгүй ч амжилттай оролцох сон гэдэг найдвар үлдсэн байлаа. Тамирчид замаа сольж, хоёр зам дээр уралдсан. Эхний зам дээр өрсөлдөгчөө ялчихаад өөртөө итгээгүй. Харин хоёр дахид нь хэт сандарч, алдаа гаргасан.
-Спортын энэ төрлийн тамирчдад хамгийн их тулгамддаг ямар асуудал байна вэ?
-Монголд спорт авиралтын шигшээ баг байхгүй, мөн авиралтын хиймэл хана ховор. Говь-Алтай аймгийн Тонхил сумд авиралтын олон улсын стандарт хана барьсан нь орон нутгаас тамирчид бэлтгэх том бүтээн байгуулалт болсон. Үүнд олон хүн сэтгэл өндөр байгаа. Энэ спортын тамирчдад тулгамддаг асуудал цөөнгүй. Бэлтгэл хийхдээ тодорхой хэмжээний хөрөнгө гаргахаас гадна гадаадад зохион байгуулсан тэмцээнд оролцоход зардлын мөнгө олох амаргүй. Бусад орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийх үед санхүүгийн асуудлаас болж хоцорч үлддэг тал бий. Манай клуб тамирчдынхаа санхүү, зардлын асуудлыг бүрэн шийддэгээрээ давуу талтай.
-Гадаадын тэмцээнд оролцох үеэр өрсөлдөгчдөө хараад өөрийнхөө юунд түлхүү анхаарч, хөгжүүлмээр санагдсан бэ?
-Миний бодлоор сэтгэл зүйн бэлтгэлгүй бол бусад бэлтгэл хийгээгүйгээс ялгаагүй. Сандрах, хэт хөөрлөөс болж алдаа гаргах тохиолдол бий. Тиймээс өөрийн сэтгэлзүйд ямар ч үед анхаарал хандуулахыг хичээдэг. Би сандарснаасаа болж нэг зам дээр сайн, нөгөө дээр нь муу авирч алдаа гаргаж байсан. Олон улсын тэмцээнд анх оролцохдоо гадаадын тамирчдаас ур чадвараар тааруухан байсан тул авьяас, туршлагыг нь хараад өөрөөсөө их ичсэн. Мөсөнд авиралтаар Оросын тамирчид алдартай. Тэд дэлхийн чансааны эхний наймд жагсдаг. Харин Монгол, Ираны тамирчид 2017-2018 оноос хүчтэй өрсөлдөгч болсон. Медалийн төлөө манай тамирчид хойд хөршийнхөнтэй ана мана өрсөлддөг. Надад Мариа Толоконинагийн арга барил, техник, ур чадвар их таалагддаг. Түүнээс үлгэр жишээ авахыг хичээдэг юм.
-Тамирчид амарч байгаа энэ үед өөрийгөө хэр хөгжүүлж байна вэ?
-Манай тамирчид одоогоор бэлтгэл хийхгүй байгаа ч цар тахлын хүнд үеийг амжилттай даван туулахын тулд дор бүрнээ хичээж, өөрийгөө олон талаас нь хөгжүүлэхээр зорьж байна. Миний хувьд аав, ээжийнхээ ажилд туслахаас гадна хэлний мэдлэгээ ахиулж, боловсролдоо анхааран, цагийг аль болох үр дүнтэй өнгөрүүлж байгаа.