Бээжингийн Эдийн засаг, гадаад худалдааны их сургуулийн докторант, эдийн засагч Д.Дэлгэрсайхантай ярилцлаа. АНУ-ын Колумбын их сургуульд эдийн засгийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрбээр Монголбанкны Валют, эдийн засгийн газрын захирал, ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар ажиллаж байсан юм.
-“Ковид-19” өвчнөөс шалтгаалж, дэлхийн эдийн засаг хүнд сорилт туулж байна. Манай улс ч жилийн турш өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосноор эдийн засаг агшсан. Эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах, иргэдийнхээ амьжиргааг хамгаалахын тулд Засгийн газар өнгөрсөн онд татвар хураахыг хойшлуулах, цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгийг нэмэх арга хэмжээ авлаа. Монголбанк зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, бодлогын хүүгээ бууруулах, жижиг, дунд үйлдвэрийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэв. Зарим эдийн засагч Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл дундуур байна. Харин та төр, засаг оновчтой арга хэмжээ авсан гэж бодож байна уу?
-Колумбын их сургуулийг хамт төгсөгчид маань саяхан “Ковид-19” олон орны бодлогын шийдлүүд” сэдэвт цахим уулзалт хийлээ. Олон орны Сангийн яам, Төвбанкны удирдлагад ажиллаж буй тэд “Ковид-19”-ийн үед авч хэрэгжүүлж буй бодлогуудаа танилцуулсан юм. Монголд баримталж буй бодлогыг бусдынхтай харьцуулахад муу биш, бас онцгой сайн ч биш харагдаж байна. Улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого ерөнхийдөө ижил төстэй байгаа нь харагдлаа. Бодлогын арга хэмжээнүүдээ нээлттэй мэдээлж буй болохоор бусад нь санаа аваад төстэйг хэрэгжүүлж байна. АНУ, Европын томоохон гүрнүүд зэрэг үсрэнгүй хөгжсөн орнуудын бодлогын арга хэмжээ хүчтэй нөлөөтэй байгаа нь цаанаа учиртай. Тэдний валют хөрвөх чадвар сайтай. Тиймээс мөнгөний бодлогын тэлэлт нь хүчтэй нөлөөлж байгаа юм. Харин хөгжиж буй орнууд мөнгөний бодлогоо зөөлрүүлээд, эдийн засгаа тэлэх гэхээр гадаад валютын ханш нь өсчих гээд байдаг. Ханш өсөхөөр гадаад худалдаанд нь дарамт болно. Тиймээс болгоомжилдог. Дэлхий нийтийн баримталж буй бодлого ерөнхийдөө адилхан. Гэвч нөлөөлөл нь харилцан адилгүй байх шиг. Манай улс “Ковид-19” өвчин тархангуут хилээ даруй хаасан тулдаа хэцүү байдлыг урхаг багатайгаар давж байна. Гадаадаас иргэдээ татаж, тусгаарлаж байгаад коронавирусийг дотроо алдчихлаа. Засгийн газар, Улсын онцгой комиссын баримталж буй бодлого зөв. Гэвч хэрэгжилт дээрээ алдлаа.
-Ерөнхий сайд цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөрийг тэглэж буйг танилцуулсан. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах ваучер олгох саналаа дахин гаргалаа. Өмнө нь ийм санал гаргахад Засгийн газар хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Ерөнхийлөгчийн гаргасан саналын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хэн санал, шийдвэр гаргасан, хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлэх гэж байгаа нь чухал биш. Эдийн засгийн идэвхжлийг хаасан ийм үед нэг талаас урсгал зардлыг нь багасах, нөгөө талаас орлогыг нэмэх бодлого баримтлах нь зөв. Цахилгаан, дулаан, усны хэрэглээний төлбөр төлөхгүйгээр зардал багатайгаар үйлдвэрлэл эрхэллээ гэж бодъё. Иргэд орлогогүй бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэн ч худалдаж авахгүй. Тэгэхээр орлогыг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Бусад улс иргэдийнхээ орлогыг нэмэх бодлого хэрэгжүүлж байна. Харин ийм бодлогыг улс төрийн сонгуулийн популист санаархалтай хольж, хутгаж хэрэгжүүлбэл алдаа гарна. Хөл хориотой үед айл өрхүүд хүнс л хэрэглэж байгаа. Өөр хэрэглээгүй болсон. Тэгэхээр хэдэн сар хөл хорио тогтоох вэ, тэр хугацаанд нэг өрх хэдэн төгрөгийн хүнс хэрэглэх вэ гэж тооцоод дэмжлэг үзүүлж болно. Энэ бол маш хялбар тооцоолж болох зүйл.
-Хоёр сар хөл хорио тогтоосны дараа аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орж ажилтнуудаа цомхотгож эхэллээ. Зарим нь үйл ажиллагаагаа явуулж, ажлын байраа хадгалахын тулд хөл хориог сулруулахыг шаардаж байна. Аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, ажлын байрыг хамгаалахын тулд хөл хориог сулруулах хэрэгтэй юү. Эсвэл эдийн засгаа унагаад ч болтугай иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон нь дээр үү?
-Манай улсын эдийн засаг их жижиг. Тиймээс сэргэх нь хурдан. Том улсын эдийн засаг унавал босгох гэж удна. Жижиг эдийн засаг хуримтлал багатай байдаг. Орлого орж ирвэл шууд зарцуулна. Хуримтлалгүй хүн орлого орж ирвэл түүнийгээ шууд зарцуулдаг биз дээ. Түүнтэй адил гэсэн үг. Харин том эдийн засаг хуримтлалтай байдаг. Иргэд, аж ахуйн нэгжүүд эрсдэл буурч, нэлээд итгэл төрсний дараа хуримтлалаа зарцуулдаг. Иймээс эдийн засаг нь удаан сэргэдэг юм. Засгийн газар хоёрдугаар улирлын эхээр вакцин оруулж ирнэ гэж ойлгосон. Вакцин иртэл хоёр сар хөл хориогоо хэвээр хадгалаад тэсэх хэрэгтэй. Бизнес эрхэлж буй хүмүүс хүнд байгааг ойрын жишээнээсээ бэлхнээ харж байна. Бизнесийн үйл ажиллагааг нээлээ гэхэд коронавирусийн халдвар ихээхэн тархвал тэдэнд орлого орохгүй. Үүнээс гадна манай улсын эрүүл мэндийн салбар эмзэг, сул байна. Тиймээс хөл хориог зөөлрүүлэх нь зөв сонголт биш. Харин өрхийн орлогыг дэмжих бодлогыг Засгийн газар нэг улирлын хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Орлоготой тохиолдолд хүмүүс гарч ажил хийх гэж яарахгүй болов уу. Хүнд эрүүл мэнд хамгийн чухал нь.
-Энэ оны эхний хагаст багтаагаад иргэдээ вакцинжуулчих нь, зургадугаар сараас хөл хориог цуцалж, эдийн засаг энэ онд зургаан хувиар өснө гэж Монголбанкныхан тооцоолж байна гэж ойлгосон. Зэс, нүүрс, алт зэрэг экспортын гол түүхий эдийн үнэ өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтөд нэмэр болно гэж төсөөлж байна. Та энэ оны эдийн засгийн төлөвийг хэрхэн таамаглаж байна вэ?
-Монголбанк тийм төсөөлөл хийж буй нь зөв л дөө. Гэхдээ нэг асуудал бий. Муудсан махыг хөлдөөчихлөө гэж бодъё. Идэх гээд гэсгээхэд муудсан хэвээр л байна. Өөрөөр хэлбэл, өмнөх урхаг нь арилахгүй гэсэн үг. “Байнгын дампуурагч” хэмээх цол зүүсэн Аргентин улсын эдийн засаг сэргэж чадахгүй байсаар “Ковид-19”-өөс шалтгаалсан хязгаарлалтад орж “хөлдсөн”. Гэсэхээрээ улам муудна. Хөгжиж буй орнуудын том асуудал их хэмжээний өр болсон. Манай улс ч их хэмжээний өртэй. Дээрээс нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг амжилттай дуусгаж чадаагүй хэдэн орны нэг нь манайх. Хөтөлбөрийг амжилттай дуусгаж чадаагүй гэдэг нь засах ёстой зүйл, хийх ёстой ажил үлдсэн гэсэн үг. Тэгэхээр манайх бас л асуудалтай хэвээр “хөлдсөн”. Иргэдээ вакцинжуулсны дараа бизнесээ үргэлжлүүлж, хилээ нээнэ. Өөрөөр хэлбэл, хаалттай байсан эдийн засаг нээлттэй болно. Эдийн засаг V хэлбэрээр сэргэнэ. Энэ үед сорилтууд гарч ирэх нь тодорхой. Сорилтыг даван туулах бэлтгэлээ одоо хийх нь чухал гэдгийг хэлье. Ам.долларын ханш одоохондоо тогтвортой байна. Бас гадаад валютын нөөц нэмэгдлээ. Эдийн засаг идэвхжилгүй байгаа учраас ханш тогтвортой байж, олборлосон алтаа экспортолж нөөцөө нэмж байна. Эдийн засаг идэвхжихээр ханшаа яах вэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Арилжааны банкуудын муу зээл нийт активын 10 хувьд хүрсэн. Энэ жил муу зээл 20 хувьд хүрнэ гэж төсөөлж байна. Манайд долларжилт их явсан. Банкны секторт долларжилт 30 хувьтай байгаа. Тэгэхээр муу зээлийн 30 хувь нь ам.долларын зээл гэсэн үг. Эдийн засаг сэргэхээр ам.долларын ханш зээлийн чанарт ч дарамт болно гэж төсөөлж байна. Эдийн засаг хямарсан учраас төсөв бүрдэхгүй гэж төсөөлж байж магадгүй. Би төсвийнхөөс илүү мөнгөний бодлого нь дарамттай жил болно гэж төсөөлж байгаа. Төсөвт дарамт ирнэ. Гэхдээ уул уурхайн түүхий эдээс орлогынхоо дийлэнхийг бүрдүүлдэг учраас том дарамт ирэхгүй болов уу. Зургаан сарын дараа сэргэнэ гэж төсөөлж байгаа бол “Ковид-19” намжсаны дараах эдийн засгаа хэрхэн удирдахаа одоо төлөвлөх хэрэгтэй. Бодлого барьж буй хүмүүсийн толгой үүссэн асуудлыг гал унтраах байдлаар шийдвэрлэхэд илүү ажиллаад байх шиг. Нөхцөл байдлыг илүү урт хугацаанд харж байгаа, эсэх нь эргэлзээтэй.
-Санхүүгийн салбарынхан дунд долларжилт газар авах нь, банкууд дахь төгрөгийн хадгаламж энэ жилээс ам.доллар луу хөрвөөд олон улсын зах зээл рүү хөрөнгө оруулалт болж гарах нь гэсэн болгоомжлол хэдийн үүссэн байна лээ.
-Монголд хөрөнгө оруулах өөр хэрэгсэл байхгүй учраас хүмүүс ам.доллар худалдаж авдаг. 2008 оноос хойш уул уурхай, түүнийг дагасан дэд бүтцийн томоохон төслүүдийг хөдөлгөснөөр монголчууд хуримтлалтай болсон. Түүгээрээ хөрөнгө оруулалт хийхгүйгээр, банканд байршуулж ирсэн юм. Эдийн засгийн идэвхжил сулрахаар инфляц буурч байна. Идэвхжүүлэхийн тулд Төвбанк бодлогын хүүгээ буурууллаа. Үүнийг дагаад хадгаламжийн хүү доошилсон. Мөн хадгаламжийн хүүгээс 10 хувийн хүн амын орлогын албан татвар хураагаад эхэлсэн. Ийм өөрчлөлт гарснаар хүмүүс хадгаламжаас өндөр өгөөж өгөх зүйлд хөрөнгө оруулахаар хайх нь мэдээж. Гэтэл Монголд хөрөнгө оруулах олигтой төсөл алга. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд нь санхүүгийн 3-4 өөр тайлан гаргадаг учраас хэн ч итгэж хувьцааг нь авахгүй. Монголын хөрөнгийн биржид өөрийн хөрөнгө нь зах зээлийн үнэлгээнээсээ 3-10 дахин өндөр компаниуд бий. Орлогоо нуухаар зах зээлийн үнэлгээ нь яаж өсөх вэ. Хулхи бараа зардаг газарт хүн итгэхгүй шүү дээ. Засгийн газар, компанийн бонд алга. Хөрөнгө оруулалтын хэрэгсэл бий болгохын тулд Засгийн газар бонд гаргах хэрэгтэй. Нөгөөтээгүүр, төгрөг үнэ цэнтэй, бараа солилцоо хийдэг хэрэгсэл болж чадахгүй байна. Төгрөг хурдан хугацаанд хувьцаа, бонд гэх мэт санхүүгийн хэрэгсэлд хөрвөж, өгөөж бий болгодог байсан бол долларжилт ингэж газар авахгүй.
-“Ковид-19”-ийн дараа эдийн засагт үүсэх сорилтуудыг ямар арга хэмжээ авбал хохирол багатай даван туулах боломжтой бол. Ямар төлөвлөлт хийгээсэй гэж бодож байна вэ?
-Би богино болон урт хугацаанд ямар бодлого баримталбал зохистой вэ, Засгийн газар, Монголбанк ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэгт санаагаа хэлье. Төвбанкийг мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогыг бүү холиосой гэж бодож байна. Хүүгийн бодлого хэрэгжүүлж байгаа нөхцөлд уламжлалт бус бодлого явуулах хэрэггүй. Бодлогын хүү тэг болоод ажиллахаа больсон тохиолдолд л уламжлалт бус бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Дэлхийн улс орнууд бодлогын хүү нь тэгт хүрсний дараа уламжлалт бус бодлого хэрэгжүүлж байна. Монголбанк бодлогын хүүгээс бага хүүтэй санхүүжилт гаргах хэрэггүй. Ингэвэл эдийн засагт ямар ч нөлөө үзүүлэхгүй, нөгөө мөнгөөр нь Төвбанкны үнэт цаас худалдаж аваад буцаад ирнэ. Улс төрийн дарамттай байсан ч уламжлалт бус бодлого явуулж болохгүй. Төвбанк бодлогын хүүгээ бууруулж, зургаан хувьд хүргэсэн. Гэтэл банкууд Төвбанкны үнэт цаасыг долоон их наяд төгрөгөөр худалдаж авчихаад, эдийн засаг руу зээл гаргахгүй байна. Тэгэхээр бодлогын хүүг дахиад бууруулах орон зай үлдсэн байна гэсэн үг. Үнэт цаасан дээр “суучихаад” байгаа долоон их наяд төгрөгийг зах зээл рүү гартал нь бодлогын хүүгээ бууруулмаар санагдаж байна. Монголбанкныхан бодлогын хүүг сулруулбал ханшаа алдчихна гэж болгоомжилж байгаа байх л даа. Нөгөөтээгүүр, арилжааны банкуудад мөнгө гацчихаад байгаа явдал бий. Банк их мөнгө татан төвлөрүүлээд, түүнийгээ гаргах суваггүй болсон гэсэн үг. Банкууд санхүүжилт хийх сувгаа нээх хэрэгтэй. Засгийн газар болон компанийн бонд худалдаж авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Үүнээс гадна хоорондоо болон олон улсын санхүүгийн байгууллага, Засгийн газартай хамтран төслийн санхүүжилт хийж болно.
-Мөнгөний бодлогоор ийм арга хэмжээ авах шаардлагатай юм байж. Тэгвэл Засгийн газар ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Засгийн газрын хийж чадах том зүйл бий. Тэр нь эдийн засагт үр ашигтай төсөл хэрэгжүүлэх. Гэхдээ Засгийн газар өөрөө хэрэгжүүлэхгүй, бодлогоор дэмжээд хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх хэрэгтэй. Хувийн хэвшилдээ тулгуурлаж эдийн засгаа хөгжүүлнэ гэсэн үг. Одоо бол Засгийн газар нь бизнес хийгээд, хувийн хэвшлийнхээ төслийг булааж авчих гээд байгаа буруу хандлага бий. Манайд MCS, “Таванбогд”, МАК, “Шунхлай”, “Бодь” гэх мэт томоохон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компаниуд бий болсон. Тэдэнд нэг, нэг төсөл хариуцуулаад Засгийн газар араас нь дэмжих “мотор” нь болох хэрэгтэй. Төслийн араас дэмжих өөр нэг “мотор” нь олон улсын санхүүгийн байгууллага байвал сайн. Төслийг хэрэгжүүлэх бодлогыг Засгийн газар гаргаж, хувийн хэвшлийнхэн гардан гүйцэтгэнэ, олон улсын санхүүгийн байгууллага санхүүжилт хийж, хяналт тавина гэсэн үг. Бодлого, гүйцэтгэл, хяналт гурав өөр өөр газарт байж төсөл амжилттай хэрэгждэг. Жижиг улсын оршин тогтнох баталгаа нь олон улсын байгууллага байдаг. Манайх НҮБ, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкны гишүүн. Тиймээс эдгээр байгууллагатай төслийн санхүүжилт хийх талаар хэлэлцүүлэг эхлүүлэх хэрэгтэй. Олон улсын харилцаа, дэлхийн чиг хандлагаас хөрөнгө оруулалт татах, хамтран төсөл хэрэгжүүлэх механизм өөрчлөгдсөн нь харагдаж байна. Салхины өөдөөс нулимдаггүй, нулимбал өөрөө бузартана гэсэн үг бий. Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүхийг үзэхэд биднээс шалтгаалсан нэг ч зүйл байдаггүй. Олон улсын харилцаа, дэлхийн чиг хандлагын давлагааг л дагасан байдаг. Бид салхи сөрөх гээд чадахгүй учраас дэлхийн хандлагыг дагаж л таарна. Манж гүрэн мөхөж, урд хөрш задарч байсан учраас 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал Монголд ялсан. Октябрийн хувьсгалын дараа социалист блок үүсгэх шаардлагатай байсан учраас Орос Монголыг нөлөөндөө авсан. Бид мундагтаа 1961 онд НҮБ-д элсээгүй. Энэ бол “хүйтэн дайн”-ы үр дүн эергээр туссан явдал. ЗСБНХУ задарсан учраас манайд ардчилсан хувьсгал ялсан гэх мэтээр манайхаас шалтгаалсан түүх байхгүй. Бид урсгал дагасан л хэрэг. Түүхээс харахад, дэлхий дээр 1880 оноос даяарших процесс идэвхжсэн юм билээ. Энэ үйл явц 1930-аад оны эдийн засгийн хямрал хүртэл үргэлжлээд зогссон. Тэгээд даяарших үйл явц дахиад 1978 оны үеэс хүчтэй сэргэсэн байдаг. Ингээд 2008 оны эдийн засгийн хямрал хүрээд дууссан. Одоо дэлхийд дангаарших үйл явц өрнөж байна. Улс орнууд газар нутгийн төлөө дайтаж, АНУ-ын цагаан арьстнууд Конгрессын ордныг эзэлж байгаа нь дэлхийн дангаарших чиг хандлагын нэг үзэгдэл. Манай улс ийм цаг үед ямар бодлого баримтлахаа тооцох хэрэгтэй. Би олон улсын хөрөнгө орж ирээд, Монголд төсөл хэрэгжүүлнэ гэж итгэхгүй байна. Ийм тохиолдолд хамгийн сайн ажилладаг механизм нь улс улстайгаа хамтрах. Засгийн газар нэг төслийг аль нэг сайн харилцаатай улсдаа барьж очоод хамтарч хэрэгжүүлэхийг ятгах хэрэгтэй. Мэдээжийн хэрэг дээр дурдсанчлан төслийг хувийн хэвшил хэрэгжүүлж, Засгийн газар бодлогоор дэмжинэ. Нөгөө улс санхүүжилт хийнэ гэсэн үг. Хэт үндэсний үзэл давамгайлж байгаа энэ цаг үед ийм л механизм сайн ажиллана. Энэ бол богино хугацаанд хэрэгжүүлж, 2021 онд багтаан тодорхой үр дүн гаргах шаардлагатай бодлогууд.
-Тэгвэл манай улс урт хугацаанд эдийн засгаа хөгжүүлэх ямар бодлого баримтлах хэрэгтэй бол?
-Хувийн итгэл үнэмшлээ товчхон хэлье. Монгол Улсад газрын хэвлийн баялаг бий. Үүнийгээ мөнгө болгоод, иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Боловсролтой, эрүүл хүн жаргалтай байна. Бас чанартай амьдрал бүтээх чадвартай байдаг. Боловсролтой хүн улс орноо хөгжүүлээд явж чадна. Магадгүй 10 жилийн хугацаатай боловсролоо чанаржуулах хөтөлбөр хэрэгжүүлж чадвал цаашид эдийн засаг хурдтай хөгжинө.