Монголын урчуудын эвлэл, “Монгол зураг” нийгэмлэгийн гишүүн, зураач Р.Энхцэцэгийг “Урлан” буландаа урилаа. Тэрбээр шилдэг уран бүтээлчдийн “Гранд арт”, “423”, “Монгол зураг”, “Хавар”, “Эмэгтэйчүүд”, “Бидний зам” зэрэг хамтарсан үзэсгэлэнд бүтээлүүдээ дэлгэж байжээ.
-Та уран зургийн ямар төрлөөр түлхүү туурвидаг вэ?
-Монгол зургийн арга барилаар дагнан туурвиж байгаа.
-Зураач нарын бүтээлдээ түлхүү ашигладаг өнгөөр арга барилаас гадна зан араншинг нь шинжиж болох мэт санагддаг. Таны бүтээлүүдэд ямар өнгө давамгайлдаг бол?
-Дулаан мэдрэмж төрүүлэхүйц тод өнгө давамгайлдаг. Мэргэжил нэгт найз минь “Чи нил ягаан өнгийг зоригтой ашигладаг” гэсэн. Улаан, ягаан зэрэг тод өнгөнд их дуртай. Гэхдээ зөвхөн дуртайгаа бус, олон өнгө ашиглаж зурах сонирхолтой.
-Хүүхэд бүхэн багадаа зурдаг. Та харин хэзээнээс зураач болъё гэж шийдэв?
-Гуравдугаар ангид байхаасаа Хүүхдийн урлан бүтээх төвийн хүүхэлдэйн бэлэг дурсгал бүтээх дугуйланд Д.Гантөгс, Х.Заяат багшийн удирдлагад суралцсан. Дунд сургуулиа төгсөхөд багш нар минь монгол зургаар суралцахыг зөвлөсөн юм. Ингээд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд С.Ганзам багшийн удирдлагад зураач мэргэжил эзэмшсэн.
-Бүтээлийнхээ санааг хэрхэн олж, зохиомжоо яаж гаргадаг вэ?
-Бүтээлийн санаа бүхэн хүний амьдралаас ургадаг. Нэг мэдэхэд л “Тийм, ийм зүйл зурах сан” гээд бодчихсон байдаг. Би бүтээлдээ баяр баясгалан, сайн сайхныг харуулахыг зорьдог. Эхлээд бүтээлийн утга агуулгаа бодож, түүндээ тохируулж зохиомжлоод, эскизээ гаргана. Тэгээд л зурж эхэлдэг дээ.
-Ямар үед таны онгод хөглөгддөг вэ. Ямар орчинд зурах дуртай вэ?
-Баяр баясгалантай, сэтгэл тэнүүн үед онгод хөглөгдөж, тавтай зурдаг. Гэртээ биш, урландаа зурах л хамгийн тухтай. Бас ганцаараа биш, хамт олон, бусад зураачтай хөгжилдөж, бүтээлийнхээ талаар ярилцангаа зурах дуртай.
-Туурвисан бүтээл тань таны санаанд хүрэхгүй байх тохиолдол бий юү?
-Төсөөлснөө зурсан ч арга барил, дүр дүрслэлийн хувьд санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадахгүй байх үе бий. Тийм үед түр хойш нь тавьдаг.
-Бүтээлээ эхлээд өчнөөн сар зурдаг хүн байхад хэдхэн хоногт дуусгачихдаг зураач бий. Хамгийн хурдан, бас удаан зурсан бүтээлийнхээ талаар яриач.
-Янз бүр дээ. Зурах дарааллаа төсөөлөн боддог. Эхлээд ингэнэ, дараа нь тэгнэ гээд л. Тэгж төсөөлж, төлөвлөсөн зургаа хурдан дуусгачихдаг. Зурж байгаад гацаж, яаж дуусгахаа мэдэхгүй болох үе бий. Тийм тохиолдолд ёстой урагшлахгүй, хойш тавихаас аргагүй болдог юм.
-Бүтээлийн шинэ санаа толгойд орж ирэхгүй гацах үе бас бий байх. Тийм тохиолдлоос хэрхэн зугтдаг вэ?
-“Бүтээлээрээ сайн сайхныг үзүүлэх ёстой шүү” гээд л өөртэйгөө ярина, бодно. Хөгжим сонсоно, урлангийнхаа бусад зураачтай ярилцана, сэтгэл зүйн дэмжлэг авна. Тэгээд л урам зоригтойгоор бийрээ барина даа.
-Уран бүтээлч бүхэн “өөрийгөө олох” гэдэг хүндхэн даваатай нүүр тулдаг. Та өөрийгөө олсон уу. Энэ ухагдахууныг хувь уран бүтээлчийн үүднээс юу гэж тайлбарлах вэ?
-Өөрийгөө олохоор хичээж явна. Янз бүрээр зураад, туршаад л. Гэхдээ цаг хугацаа л харуулах бололтой юм. Өөрийн гэсэн онцлогтой, бүтээлээрээ бусдаас ялгардаг уран бүтээлч болохыг хүсэж байна. Би Монголын үндэсний чимэглэлийн дүр дүрслэлийг ашиглаж туурвих дуртай.
-Аливаа бүтээл хэрхэн зураачийнхаа “гарын үсэг”, “нэрийн хуудас” болдог юм бол. Заяамал зүйл үү, эсвэл сургалт, хөдөлмөрөөр олж авдаг уу?
-Зураачийн мэдрэмж, дээр нь маш их хөдөлмөрийн үр шимээр цаг хугацааны уртад бүтээл нь “нэрийн хуудас” болж, эзнээ алдаршуулдаг байх.
-Таны уран бүтээлд нөлөөлдөг гадаад, дотоод хүчин зүйл юу вэ?
-Гадаах орчин, нөхцөлөөс гадна дотоод ертөнц их нөлөөлнө. Цаг агаар, нийгмийн байдал, хувийн амьдрал, тэр ч бүү хэл, сонсож буй хөгжим ч нөлөө үзүүлнэ. Гэхдээ аль болох иймэрхүү хүчин зүйлд автахгүйг хичээдэг.
-Тэгвэл хувийн амьдралын тань эгзэгтэй хормууд хүчтэй туссан бүтээл байгаа юу?
-Бий. 2017 онд “My penthouse” бүтээлээ өөрийн гэсэн гэр оронтой болохыг мөрөөдөж зурж байлаа. Энэ бүтээлээрээ олон улсын залуу уран бүтээлчдийн “Гранд арт” үзэсгэлэнд оролцож, шагналт байрт шалгарч байв. Уг бүтээлийг минь БНСУ-ын Тэжон хотын урлагийн музей сан хөмрөгтөө авсан.
-Дүрслэх урлаг, эзэмшсэн мэргэжил тань танд юу өгсөн бэ?
-Урлаг, тэр дундаа дүрслэх урлаг хүнд гоо зүйн таашаал өгч, зөв хүн болгон төлөвшүүлдэг гэж боддог.
-Монгол зургийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Монгол үндэстний билиг ухаан, өв соёлыг хадгалж, шингээн туурвидаг монгол зураг хэмээх агуу урлагийг олон уран бүтээлч авьяас, мэдрэмжээрээ “ургуулан”, хөгжүүлсээр байгаа.
-Захиалгын зураг, өөрийн сэтгэл зүрхнээс “ургуулсан” бүтээлийн хооронд асар их ялгаа бий байх, тийм үү?
-Мэдээж ялгаатай. Зөвхөн өөрийн бүтээлийг туурвихаас гадна захиалгаар зурах шаардлага гардаг. Захиалгаар зурах нь амьдралд нэмэртэй ч өөрийн уран бүтээл л үлдэцтэй.
-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Жаргалын найман морь зурж байгаа. Олон уран бүтээлч өөр өөрийн өнгө аясаар зурсан байдаг. Монгол зургийн аргаар, миний төсөөллөөр ямар бүтээл “төрөх” нь сонирхолтой санагдаж байна.
-Бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн үү. Анхны үзэсгэлэнгээ ямар байгаасай гэж төсөөлдөг вэ?
-Залуу уран бүтээлч бүр бие даасан үзэсгэлэнгээ гаргах сан гэдэг бодол тээж явдаг байх. Үзэсгэлэнгийнхээ нээлт дээр цэцэг тэврээд зогсож буйгаар хааяа төсөөлдөг. Дэлгэсэн бүтээлүүд минь чанартай байхын зэрэгцээ хүмүүст таалагдаж, багшдаа магтуулаад, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлэн, инээгээд зогсож байгаагаар төсөөлдөг дөө.