Амжилт санаснаар ирдэг зүйл биш. Спортын талбар дахь өрсөлдөөн дундаас авьяас, ур чадвараараа цойлж, олонд танигдах бүр ч амаргүй. Итгэл найдвар, дайчин зан чанар, уйгагүй хичээл зүтгэлээр саад бэрхшээл, шалгуур сорил, алдаа оноо, адармаатай замыг даван туулсан олон тамирчин бий. Тэдний нэг нь Волейболын холбооны тэргүүн, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “Алтайн барс” багийн холбон тоглогч, “Залуу Монгол” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ч.Отгонбаяр. Тэрбээр волейболтой нөхөрлөсөн цагаасаа сэтгэл хөдөлгөм, сонирхолтой агшнуудыг тоглолтын талбайд харуулж, спорт сонирхогчдын онцолж хардаг тамирчдын нэг болсон билээ. Түүнтэй ярилцлаа.
-Дуулиан шуугиантай спортын ертөнц нам гүмхэн байна. Гэхдээ тамирчид зүгээр суухыг хүсэхгүй нь лавтай. Шинэ онд ямар зорилготой ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Монгол орны өнцөг булан бүрт амьдран суугаа мянга мянган спорт сонирхогч нарт шинэ оны мэнд хүргэе. Цар тахлын хүнд үеийн хохирол, уналтыг тамирчид даван туулж байгаа ч амжилт гаргаж, алдрын тавцанд зогсох хүсэл мөрөөдлөөсөө ухрахгүй байх хэрэгтэй. Өнгөрсөн жил хойшлуулсан ажлуудаа шинэ онд амжуулах зорилго тавьсан. Төлөвлөсөн ажлынхаа заримаас, мөн тэмцээн зохион байгуулах системээ ч өөрчиллөө. Волейболын үндэсний дээд лиг эргэж сэргэсэн тул дасгалжуулагч, болон тамирчид мэргэжлийн түвшинд бэлтгэлээ хийх ёстой. Тамирчид спортоос түр холдоход, үзэгчид тэмцээн уралдаангүй удахаар ямар аз жаргалгүй болдгийг дэлхий нийтээрээ харлаа. Олон оронд одоо спортын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулж байна. Манай спорт сонирхогчдод ч гэсэн үзэх сэн гэх хүлээлт үүссэн. Волейболын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулж цахимаар дамжуулж технологийн шийдлийг даруй гүйцэтгэх шаардлагатай болсон. Бид тодорхой хэмжээний хөрөнгө гарган, эхнээс нь шийдэж байна. Манай холбоо өмнө нь телевизийн спортын сувагтай хамтардаг байсан бол өөрийн медиа албатай болсноор бүх тэмцээнийг шууд дамжуулах боломжтой боллоо. Цахим сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, тамирчдын хөгжил, дасгалжуулагчийн үзэл бодол, спортын салбарт зүтгэж яваа хүмүүсийн яриаг хойч үеийнхэндээ сургамж болгон үлдээх зорилгоор подкаст нэвтрүүлэг хийж эхэлсэн.
-Спорттой нөхөрлөсөн түүхээс тань сонирхъё. Хэн нэгэн хичээллэ гэж зөвлөв үү?
-Аав, ээжийгээ волейболын тэмцээнд оролцоход нь дагаж явдаг байсан. Хүүхэд байхдаа тоглохыг нь харахаар заал руу байсхийгээд гүйчихнэ. Би 2001 онд дасгалжуулагч Б.Уранчимэг багшийн удирлагад хичээллэж, волейболын ертөнцөд хөл тавьж байлаа. Багш минь энэ спортын мөн чанарыг сайтар ойлгуулж, багаар ажиллах чадварт суралцахад зөв чиглүүлсэн. Түүний арга барил их өвөрмөц. Хүүхдүүдийг хүчилж сургах бус өөрийнх нь хүсэл, сонирхолд тулгуурлан аажмаар татаж оруулдаг байв. Дуртай спортынхоо секцэнд хамрагдан, мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж зөв төлөвшсөн олон тамирчин бий. Тэдний нэг нь би. Волейбол намайг хөгжүүлж, жинхэнэ хүн болгосон болохоор энэ спортын давуу тал, ялалт, амжилт, гайхамшгийг бусдад ойлгуулж явна.
-Өнөөгийн нөхцөлд тамирчид зөвхөн спортын замналаар амьдрах амаргүй. Тиймээс ажиллахын хажуугаар зав гарган хичээллэж, амжилтад хүрч байгаа харагддаг.
-Монголд тамирчны замналаар амьдрахад баталгаа байхгүй. Спортыг ойлгож, дэмждэггүй нийгэмд дасгалжуулагчид ажиллаж байна. Тухтай амьдрах орон байргүй хэрнээ шавь нарынхаа төлөө өөрийгөө мартаж зүтгэдэг багш цөөнгүй. Монголын төр засаг, спортын байгууллага, холбоод амьдрал ахуйг нь дэмжээд, бэлтгэл хийх орчин нөхцөлийг нь бүрдүүлбэл Азийн орнуудын хэмжээнд тамирчдаа бэлтгэх ур чадвар, туршлага бий. Би одоо ”Медальд хүрэх зам” спорт менежментийн компани байгуулан ажиллаж байна. ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг менежментийн мэргэжлээр төгссөн. Мөн “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуульд багш дасгалжуулагч мэргэжлээр суралцсан. Надад дуртай зүйлээ хийж яваа минь жаргалтай санагддаг. Гэр бүл минь ойлгож, дэмждэг болохоор энэ спортод тулгамдаж буй асуудал, зорьж буй зүйлдээ өөрийгөө бүрэн зориулахад дэмжлэг бий гэж боддог.
-Лигийн өрсөлдөөн дунд тамирчин болж, тоглолтын талбарт үлджээ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, би 2001 онд тамирчин болж, таван жилийн дараа волейболын лигт тоглож эхэлсэн. 2008 оноос хойш шигшээ багт хамрагдан бэлтгэл хийж, 2010, 2017, 2018 оны шигшээ багийн бүрдэхүүнд оролцон тоглож байна. Өөрийгөө аль болох хөгжүүлэхийг хичээж, клубүүдийн болон УАШТ-д оролцдог. 2019 онд болсон волейболын үндэсний дээд лигийн тэмцээнд “Алтайн барс” багт аваргын төлөө тоглож, мөнгөн медаль хүртсэн. Тус багийн бүрэлдэхүүнд 2016 оноос хойш дөрвөн жилийн гэрээ байгуулж тоглох болсон. Гал гарсан тоглолтыг үзэх гэж олон жил хүлээсэн хөгжөөн дэмжигчдийн цангааг тайлж, сэтгэлийг нь огшоосон тэр лигт онцлох, содон зүйл их байсан шүү.
-Тэмцээнийг сонирхолтой болгохын тулд багтаа Японоос легионер тоглогчдыг урьж авчирсан гэл үү?
-Монголын волейболын спортын хойч ирээдүй болсон залуу тамирчдын ур чадвар гадаадын тоглогчдоос дутахааргүй хэмжээнд хүрсэн нь бахархал төрүүлсэн. Тэдний тоглолтын тэсрэлт, сэтгэл хөдлөлөөс үзэгчид хамгийн гоё, сонирхолтой агшнуудыг олж харсан гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ спортод шинэчлэл хийж, салхи оруулъя гэж санал тавьснаар “Алтайн барс” багийн дасгалжуулагч Б.Мөнхнаран, Б.Мөнгөндөл, ахлагч А.Мөнхбаяр бид нар зөвлөлдөн, Япон улсаас легионер тоглогчдыг урихаар ярилцсан юм. Бид багтаа чөлөөт хамгаалагч, довтлогч авчрахаар санал нэгдэж билээ. Би багийн холбон тоглогч тул тус улсыг зорьж, Монгол тамирчидтай өндрөөрөө ойролцоо тоглогчдыг сонгосон. Бидний гол зорилго үзэгч, волейболын мэргэжилтнүүдэд лигт намхан легионер хэрхэн ур чадвараа гаргаж, ямар арга барил, тактик, техникээр тоглож буйг харуулахыг хүссэн юм. “Хасу мега старс” багт тоглосон АНУ-ын легионер лигийн дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Би суудлаасаа өндөлзтөл огшиж үздэг хөгжөөн дэмжигчидтэй, ийм халуун уур амьсгалтай тэмцээнийг ойрд харсангүй. Дэлхий нийтээрээ завгүй хөдөлмөрлөж байхад Монголын үзэгчид тэмцээн үзэхээр ирсэн нь сэтгэл маш их хөдөлгөлөө” гэж байлаа. Тэр лиг өмнө нь өрсөлдөөнтэй болдог байсан уур амьсгалыг тэр чигээр нь эргүүлээд авчрах шиг санагдсан.
-Нэг хэсэгтээ л тасарчихсан байсан үзэгчдийг тэр тэмцээн эргүүлж авчирсан гэдэгтэй санал нийлж байна. Спортын төв ордонд тухлах завгүй гүйсэн нөхдийг ч гэсэн цэнхэр дэлгэцийн өмнө уясан гэдэгт эргэлздэггүй.
-Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан тэр жил багуудтайгаа хамтарч, лигийн тэмцээнийг зохион байгуулахаар ажилласан. Найман жил завсарласан лигийн тэмцээн эргэн сэргэсэн нь тамирчдыг хөглөсөн төдийгүй хөгжөөн дэмжигчдэд урам зориг өгсөн. Өмнөх тоглолтуудаас өөр болж, хуучныг халан, шинэ рүү тэмүүлсэн, мөн залуу тамирчдын хувьд анхны оролцсон лиг гэдгээрээ мартагдахааргүй тэмцээн болж өндөрлөснийг дурдах нь зүйтэй. Тамирчид нэгнийхээ тоглолтын арга барил, техникээс суралцаж, туршлага хуримтлуулан, алдаа дутагдлаа шүүн тунгааж, дүгнэсэн болов уу. Үзэгчид ч гэсэн гадаадын легионер тоглогч биеэ яаж зөв авч явах, тоглолтын үед үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарлахыг хараад бахархсан байх.
-Шавь нараа Азийн орнуудын багуудтай туршлага солилцох зорилготой бэлтгэж буй тань SBN телевизийн “Медальд хүрэх зам” нэвтрүүлгээр гарсан.Тэр нэвтрүүлэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн байна билээ.
-Волейболд татагдаж, тамирчин болохоор ирсэн хүүхдүүдэд өөрийн сурсан бүх зүйлээ харамгүй заахыг боддог. Энэ спортод амжилт гаргахыг хүсдэг нэгэн байхад зөв төлөвшин хүмүүжихийг зорьдог нь ч бий. Хүүхдүүдэд анхан, дунд шатны сургалтыг зааж, мэргэжлийн тамирчин болохыг нь сонгон авч, БНСУ-н Гүми хотын волейболын холбоотой хамтран зохион байгуулсан ажил юм. Тэнд очоод 18 насныхны шигшээ багийнхантай нөхөрсөг уулзалт тоглоглол бэлтгэл хийж, олон клубийн багтай нөхөрсөн тоглолт хийн туршлага солилцсон. Монгол, БНСУ-ын тамирчдын соёлын ялгаа, хамтарсан бэлтгэлээр багш дасгалжуулагч, хүүхдүүдийн зан чанар, хүмүүжлийг харуулахыг зорьсон. Манай хүүхдүүд тамирчидтай нь туршлага солилцохдоо богино хугацаанд амжилт гаргах боломжийг олж харсан. Шавь нар маань 2019 онд болсон өсвөрийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, Э.Гансүх шилдгийн шилдэг тамирчин болсон. Бид гаргасан амжилтдаа онгирч болохгүй. Хойшид бататгаж, ур чадвараа ахиулахын тулд хичээж хөдөлмөрлөх ёстой. Япон, БНСУ-ын тамирчидтай энэ жил нөхөрсөг уулзалт, хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшилж, ирэх жил зохион байгуулах боллоо.
-Хамтарсан бэлтгэл хийх үед шавь нарынхаа тоглолтын юун дээр анхаарч, хөгжүүлмээр санагдсан бэ?
-Нөхөрсөг уулзалтын үеэр солонгос дасгалжуулагчидтай санал бодлоо солилцоход бидний ажилдаа дуртай, энэ спортод хайртай байдаг нь таалагдсан. Тэд “Бид волейболын спортоор хоол олж идэж байгаа тул гол зорилгоо болгосон. Тиймээс тамирчдынхаа ур чадварыг ахиулж, амжилтад хүргэхийн тулд шат дараалсан сургалтаар тухайлбал, бага, ахлах нас, коллежийн түвшинд бэлтгэж, мэргэжлийн тамирчин болгохыг зорьдог” гэж байлаа. Монголд спортын төрлүүд мэргэжлийн түвшинд хөгжтөл багагүй хугацааг туулах байх. А.Мөнхбаяр ахлагчтай “Алтайн барс” клубийнхэн шилдэг тамирчид бэлтгэх зорилгоор хүүхдүүдийг шат дараалсан системээр бэлтгэдэг. Энэ нь бүх насныхны тэмцээнд клубийн багаа оролцуулдаг гэсэн үг. Монголд тамирчдын хөдөлмөрийг ойлгодог, спортод дуртай хүмүүс энэ салбарыг дэмжиж, эдийн засгийн хөшүүрэг нь болж яваа. Гадаадын орнуудын лигийн тэмцээн шиг хэдэн тэрбумаар нь ашиг олдог бол Монголд спортын салбарт хөл тавих бизнесмэн олон байх биз. Монголчууд ийм тогтолцоог судлах цаг нь болсон. “Алтайн барс” багийн тамирчин Б.Анхбаярт Японы легионер “Чамд Тайландын багт тоглох боломж, ур чадвар байна. Тоглох уу” гэж санал тавьсан. Тэрбээр тэр үед МУИС-ийг хараахан төгсөж амжаагүй байсан тул үлдсэн. Бид саяхан өсөх ирээдүйтэй таван тамирчныг БНСУ руу бүрэн тэтгэлэгтэй явууллаа. Монголын тамирчдыг гадаадад хойшид бэлтгэх нь тэдний үр дүнгээс ихээхэн шалтгаалах юм. Манай хоёр тамирчин БНСУ-ын клубийн багт бэлтгэл хийхээр тун удахгүй зорино. Хамгийн гол нь тамирчдаа гадаадад системтэй бэлтгэвэл багийн спортод амжилт гаргах боломжтой.Харин мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж ирсэн тамирчдаа хойшид Монголдоо хувь нэмэр оруулж, дасгалжуулагчаар ажиллуулбал гэсэн бодол төрдөг.
-Европынхон Монголд багийн спорт хөгжих хэцүү. Наад зах нь 50 жил зарцуулна гэж дүгнэдэг байсан нь саяхан. Тэдний энэ ойлголтыг манай эмэгтэй сагсчид халж, Токиогийн олимпод оролцох эрх авч алмайруулсан шүү дээ.
-Монголд багийн спорт хөгжиж байна. Олон жилийн дараа амжилт гаргана гэсэн тэдний ташаа бодлыг манай сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн амжилтаараа харууллаа. Бид хичээвэл өнөөдөр ч амжилт гаргах боломжтой. Хөгжихийн тулд тууштай, найдвартай байж, хийж, хэрэгжүүлэхээр зорьсон ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, амьдралынхаа зорилго, ялалт, амжилтын түлхүүр болгох хэрэгтэй. Би шинэ оны өмнөхөн спортын сэтгэлзүйч дэд профессор Ш.Долгор эгчтэй дасгалжуулагч багш ямар байх ёстой, тамирчдаа амжилтад хүргэхийг тулд хэрхэн ажиллах тухай подкаст ярилцлага хийсэн. Тамирчдад сэтгэлзүйч хамгийн хэрэгтэй. Тамирчид сэтгэлзүйчтэй зөвхөн тэмцээний үед бус анх бэлтгэгдэх үеэсээ хамтран ажиллавал амжилт гаргана.
-Волейболын дасгалжуулагчдад хамгийн их тулгамддаг ямар асуудал байдаг вэ?
-Тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэе гэвэл шаталсан сургалтаар хичээллүүлэх, дасгалжуулагчид шилдгүүдийг төрүүлэхийн тулд өндөр хариуцлагатай ажиллах нь зүйтэй. Шигшээ багт хөл тавьж буй тамирчид тоглолтын өөр арга барил, техниктэй байдаг. Тиймээс багийн тамирчдыг мэргэжлийнх болгохын тулд багаас нь алдаа, дутагдлыг нь засаж, нэг системд оруулах шаардлагатай. Тэгэхээр бага насныхны шатны сургалтыг дасгалжуулагч багш нь ямар системээр зааж байгааг судлах ёстой юм. Багийн спортоос волейбол олон үзэгчтэй. Монголд тамирчдаа дэмжих хөгжөөн дэмжигчдийн нөөц бий. Боловсон хүчин сайн ажиллавал чанартай тамирчдыг ч бэлтгэх боломжтой. Сайн тамирчинтай болохын тулд дасгалжуулагч, боловсон хүчний хамтын ажиллагаа уялдаатай байх нь чухал.
-Тамирчид гэр бүлээ спортын талбараас сонгосон байдаг. Эхнэр тань тамирчин уу?
-Манай эхнэр аялал жуучлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Надтай гэрлэхээсээ өмнө тамирчинтай суухгүй гэж боддог байсан гэдэг. Спортын давуу талыг тэр үед сайн ойлгоогүй, өнгөцхөн хардаг байсан болов уу гэж санагдсан. Одоо волейболын спортыг хөгжүүлэхээр хамтран зүтгэж байна. Гэр бүл минь дэмжиж байхад би ажилдаа сэтгэл гаргаж зүтгэх ёстой гэж боддог.
-Багийн спортын тамирчдыг хүүхэд байхаас нь бэлтгэн зөв төлөвшүүлснээр нэгнийхээ зан чанарыг мэдэж, нэгдмэл зорилго тэмүүлэлтэй болж амжилт гаргадаг шиг санагдсан.
-Тиймээ, нэгнийхээ зан чанарыг мэддэг болно гэдэг маш чухал, багийн спортоор хичээллэсэн хүүхэд нийгэмд зөв хүн болж төлөвшдөг. Хүүхэд байхаас нь спорт тоглоомын аргаар хүүхдийг төлөвшүүлж, далд авьяасыг нь нээн илрүүлбэл өндөр амжилт гаргах бүрэн болмжтой гэж хардаг. Үүний эхлэл бол эцэг эхчүүд юм. Би АНУ-ын Колорода муж улсад волейболын сургалт зохион байгуулахдаа эцэг, эхчүүд хүүхдээ маш сайн дэмжихийг харсан. Багийнх нь эцэг, эх гэр бүлийн найзууд болсон байдаг юм билээ. Тэд хүүхдийнхээ хичээллэдэг спортын давуу тал, өрсөлдөгч багийнх нь тоглолтын тактикийг хүртэл судалдаг. Манай эцэг, эхчүүд ч гэсэн тэднээс санаа авах нь зөв. Хүүхдээ тэмцээнд амжилт гаргаад баярлаж байгаа сэтгэлийнх нь догдлол, баяр хөөрийг ирж үзэх хэрэгтэй. Залууст хандаж “Та нар волейболын спортоос үр өгөөж авсан бол сурсан бүхнээ эргээд зориулаарай. Хүн болгон ойлгон, дэмжих сэтгэл байвал спорт хөгжих боломж нээлттэй. Спортыг зугаа цэнгэл төдийгөөр бүү хар. Сонирхдог спортдоо сэтгэлгүй хандвал амжилт гаргахгүй. Тамирчин хүн эерэг хандлагатай байхад зөв төлөвшиж хүмүүждэг юм” гэж хэлье.