Бүжигчин, бүжиг дэглээч, “Сити” их сургуулийн багш Х.Ууганбатыг “Уран бүтээлч” буландаа урьж, ярилцлаа.
-Бүжгийн урлагаар багаасаа хичээллэж байж амжилтад хүрдэг. Тийм ч болохоор ээж, аав, эсвэл ойр дотнын хүмүүс нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг бүжгийн урлагт хэн хөтөлсөн бэ?
-Цэцэрлэгт полка бүжиглэж байснаа санадаг. Харин сургуульд ороод бүжгийн дугуйланд суралцаж эхэлсэн. Тэгээд хүүхдийн урлагийн наадамд монгол бүжгээр оролцдог байв. Эмээ минь ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио”, нагац эгч хуучнаар Барилгачдын соёлын ордны дэргэдэх “Ундраа” чуулгад бүжигчин байсан юм. “Эмээ, эгчийнхээ авьяасыг өвлөлөө” гээд гэр бүлийнхэн минь их дэмждэг байлаа. Тэд л намайг урлагт хөтөлсөн.
-Та хэн багшийн гарын шавь бэ. Мэргэжлээ хаана эзэмшсэн бэ?
-Дунд сургуулиа төгсөөд жүжигчин болохоор СУИС-д шалгуулсан. Шалгалтын үеэр Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар “Чи бүжигчин болох хүүхэд байна. Бүжгийн ангид шалгуул” гэсний дагуу шалгуулж, тэнцээд Б.Жаргал багшийн удирдлагад СУИС-д элссэн. Уг нь бүжгийн найруулагч, дэглээчийн ангид орохыг хүссэн ч коллеж төгссөн юм уу, мэргэжлийн бүжигчдийг л элсүүлнэ гэсэн юм. Тиймээс хоёрдугаар дамжаанаасаа энэ чиглэлээр суралцах боломж олдож, төгссөн. Ч.Чулуунчимэг, М.Мөнгөнцэцэг, Д.Дашлхагва, Т.Ариунаа, Д.Энхбаатар нарын мундаг багшийн шавь байснаараа бахархдаг. Бүжгийн бүх л төрлийг сонирхож хичээллэхийн зэрэгцээ циркийн урлаг, гимнастикийг ч хослуулахыг оролддог. Одоо багшилдаг учраас мэдлэгээ зузаатгах үүднээс урлаг судлалаар докторын зэрэг горилохоор суралцаж байна.
-Бүжигчин байхын амтыг хэзээ анх мэдэрч, шунав?
-М.Мөнгөнцэцэг багшийн “Дөрөө” монгол модерн бүжгэн жүжиг миний ажилласан бүрэн хэмжээний анхны уран бүтээл. Оюутан байхдаа эл бүтээлд бүжиглэх үедээ мэргэжилдээ шунан дурласан. Мэргэжлийн бүжигчдэд чирэгдэж, ядарсан ч даваад л гарсан. Сайхан мэдрэмж авсан учраас тэр.
-Балетмейстер Д.Дашлхагвын “Их эзэн хааны театр”-т ажиллаж байсныг тань мэдэх юм. Тэнд хэдэн ажил ажилласан бэ?
-Сургуулиа төгсөөд “Их эзэн хааны театр”-т бүжигчин, бүжиг дэглээчээр ажилласан. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг. Д.Дашлхагва багшаасаа олон ч зүйл сурсан даа. Надад орчин үеийн, сонгодог, жааз, тэр ч бүү хэл, шоу бүжгийн төрлөөр өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон. Тэнд ажиллах хугацаандаа олон гайхалтай уран бүтээлд ажилласан. Тэдгээрийн дотроос БНСУ-ын бүжиг дэглээч Сон Ён Илийн дэглэж, Д.Дашлхагва багшийн найруулсан “Бодлын үнэр” модерн балетын гол дүрд бүжиглэсэн минь санаанаас гардаггүй.
-Олонх бүжигчин нас жаахан ахихаараа бүжиг дэглээч болж, эсвэл багшилдаг. Та “Сити” их сургуульд багшилдаг юм билээ. Залуу хүн уран бүтээл хийхээс багшлахыг илүүд үзсэн нь ямар учиртай вэ?
-2014-2015 оны хичээлийн жилээс “Сити” их сургуульд багшилж эхэлсэн. “Жаахан эртдэх вий” гэж эмээсэн ч багш нар минь “Өөрт байгаа жаахан “зүйл”-ээ бусдаас хэзээ ч бүү харамла” гэснийг санаж урамшсан. Нөгөө талаас багшлах нь өөрийгөө хөгжүүлэх бас нэг боломж гэж харсан. Орчин үед бүжгийн ихэнх төрөл, тэр тусмаа бүжгэн жүжгүүдэд урлагийн олон төрлийг хослуулдаг болсон. Тухайлбал, зөвхөн бүжиглэхээс гадна жүжиглэдэг, циркийн үзүүлбэрийг ч хослуулдаг. Дэлхийн түвшинтэй эн зэрэгцэх multitalent буюу олон талт авьяастай, хувьсан өөрчлөгдөх чадвартай бүжгийн жүжигчин бэлтгэх нь миний болон манай хамт олны зорилго.
-Бүжгийн олон төрлөөр хичээллэдэг гэсэн.
-Бүх л төрлийг мэддэг, оролддог, болж өгвөл бүжиглэхийг хүсдэг. Спорт бүжиг болон гудамжны бүжигт жаахан тааруу. Найруулагч, бүжиг дэглээч хүн тухайн уран бүтээлийнхээ бүх л зүйлийг сэтгэлдээ “буулгадаг” шүү дээ. Тэгэхээр зөвхөн бүжгээс гадна олон талын мэдлэгтэй байх шаардлагатай. Тэр бүхэнд суралцаж явна.
-Хувийн студи байгуулсан гэсэн үү. Ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-2014 онд бүжигчин хоёр эгчтэйгээ нийлж “O&U” нэртэй продакшн байгуулсан ч жил гаруй ажиллаад бүтэлгүйтсэн. Үнэндээ туршлагагүйтсэн л дээ. Одоо бие даан “Ukaanaa” бүжгийн студи байгуулан ажиллаж байгаа. Бүжигчид бэлтгэхээс гадна гадаадад ажилд зуучилдаг.
-Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Ямар утга учиртай бүтээл, дүрд бүжиглэж буйгаас шалтгаалаад өөр өөр мэдрэмж төрдөг. Тайзан дээр гарахдаа би дотоод хүнээ сул тавьдаг. Яг л салхи, ус, гал шигээр өөрийгөө мэдэрдэг.
-Сэтгэл зүйн байдал бүжигчинд маш их нөлөөлдөг байх. Сэтгэл санаа тогтворгүй үедээ тайзан дээр гарахдаа өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Ихээхэн нөлөөтэй. Сэтгэл санаа тогтворгүй байсан ч түүнийгээ илэрхийлэх эрхгүй. Тухайн бүжгийн дүр, утга санааг санаж, биеэ барих л ёстой.
-Өөрийгөө бүжгээс хол амьдарч байгаагаар төсөөлж үзсэн үү?
-Үнэхээр төсөөлж чадахгүй байна. Бодож ч байгаагүй.
-Бүжигчин байх хэцүү, шантрах үе олон ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсэхээс өөр аргагүй гэдэг. Танд шантрах үе олон тохиосон уу?
-Хатуу салбар шүү дээ. Яг үнэндээ цаг наргүй ажиллана, олигтой цалин хөлсгүй. Гэхдээ л тайзан дээр гарах бүртээ жаргалтай болчихдог. Бүжигчид энэ л мэдрэмжийг дахин дахин авах гэж мэргэжилдээ шунан дурладаг байх.
-Түрүүн хэлсэнчлэн манайд бүжгийн урлагийн үнэлэмж муу, үзэгчдийн хүрээ ч хумигдмал. Боломж, ирээдүйгээ бодвол гадаадын театрт юм уу, продакшнд ажиллавал илүү нэр хүндтэй, мөн санхүүгийн хувьд ч үнэлэмж өндөр байх. Танд гадаадад ажиллах хүсэл бий юү?
-Манайд үнэлэмж үнэхээр муу. Уран бүтээл хийх боломж ч хомс. Ёстой л бор зүрхээрээ, мэргэжилдээ дуртайдаа л ажилладаг даа, бүжигчид. Гэтэл гадаадын театр, компаниуд манай бүжигчдийн чадварыг өндрөөр үнэлдэг. Би ч гадаадад ажиллаж байсан. Дахин явахыг ч үгүйсгэхгүй.
-Бүжигчин богино “настай” мэргэжил шүү дээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө юу юу хийж амжуулмаар байна вэ?
-Тэтгэвэрт гарахаараа хийнэ гэж төлөвлөсөн зүйл олон бий. Гэхдээ тэр болтол чадаж л байвал бүжиглэнэ. Авьяас чадвар, хүсэл эрмэлзэл хоцрогдохгүй, гологдохгүй бол бүжиглээд л байна. Залуу насны л ажил гэдэг улиг болсон ойлголтыг “хаях” хэрэгтэй гэж боддог.
-Ахмад бүжигчид, дэглээч нар дундаас багшаа хэмээн бодож хүндэлдэг, мэргэжлийн зөвлөгөө авдаг хүн бий юү?
-Олон бий. Бүжигчин, дэглээч бүрийн арга барил, мэдрэмж өөр. Тэр бүхнээс харж суралцахыг хичээдэг. Тухайлбал, үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын Ч.Сэсээрхүү ах, Т.Содгэрэл эгч шиг мэдрэмжтэй бүжигчин болохыг, Н.Номин-Эрдэнэ эгч шиг өөрийгөө эвдэж, өөрчилж сурахыг, ДБЭТ-ын “од”, Гавьяат жүжигчин Г.Цолмон эгч шиг чадвартай, мөнхийн залуугаараа байхыг, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ах шиг Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэхийг мөрөөдөж, үлгэр дуурайл авдаг. Бүжиг дэглээчдээс Д.Дашлхагва, М.Мөнгөнцэцэг багш нараасаа үлгэрлэдэг.
-Гадаадын хэн гэж бүжигчин, дэглээчийг биширч, үлгэр дуурайл авдаг вэ?
-Дунд сургуульд байхаасаа л бүжиг дэглээч Миа Майклс, Соня Тайех нарыг биширдэг байлаа. Одоо ч зарим бүтээлийг нь үзэхэд хөнгөн гуниглаж, эсвэл нисэх мэт болдог.
-Та сургуулилалт хийх, тоглолтод оролцох, хичээл заах гээд л цаг наргүй ажилладаг. Заримдаа бусад шиг өөр мэргэжил эзэмшиж, цаг нартай ажил хийх байж дээ гэж боддог уу?
-Шантармаар үе бий. Гэхдээ “Өөр мэргэжил сонгох байж дээ” гэж хэзээ ч боддоггүй. Би мэргэжилдээ хайртай. Цаг зав муутай нь үнэн ч амжуулах л ёстой гэж бодож, хичээдэг. Олон ажил амжуулах тусам л хүн илүү их зүйл сурч, хөгжинө шүү дээ.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Эзэмшсэн мэргэжил тань танд ямар зөв дадал суулгав?
-Багадаа бие жаахан султай, амархан өвдчихдөг байлаа. Бүжгээр хичээллэснээр эрүүл, эрч хүчтэй бие бялдартай болсон. Биеэ зөв авч явахаас гадна өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон. Өөртөө итгэлтэй, сайхан ажил төрөлтэй, сайн найзууд, хамт олонтой, шавь нартай, аз жаргалтай хүн болгосон. Урлагаас олж авсан зүйлээ дурдвал олон. Гэхдээ тэр хэрээр золиосолсон зүйлүүд ч бий.