УАШТ-д зургаан удаа түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарсан шавь Э.Энхсарангийн хамт
Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын хорооны дугуйн дасгалжуулагч С.Төмөрхуяг дэлхийн аварга Б.Тэгшбаярын багш. Тэрбээр орон нутгаас шалгарсан шилдэг дасгалжуулагчийн нэг. Түүний бэлтгэл хийлгэдэг арга барил, техник нутгийнхаа тамирчдыг энэ спортод амжилт гаргахад их нөлөөлж байгаа. Шавь нар нь сүүлийн таван жил УАШТ-д багаараа түрүүлж, аваргын цом гарджээ. 2014 оноос хойш спортын мастер Б.Ханхүү, М.Хүрэлгарав нар УАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол Э.Энхсаран, Э.Жавхланбат нар уулын дугуйн УАШТ-д аваргалж, Монголын шилдэг тамирчнаар шалгарсан юм. Эмэгтэйчүүдээс шавь Э.Энхсаран нь 2017 онд БНСУ-д зохион байгуулсан Олон улсын засмал замын нэг өдрийн уралдаанд түрүүлж, Азийн АШТ-д IV, V байрт шалгарч байв.
-Дугуйн спортынхон өвөл бэлтгэл хийх амаргүй. Цар тахал дэгдсэн хүнд үеийг манай тамирчид боломж болгон харж, бэлтгэлээ дор бүрээ базааж байгаа. Та шавь нартаа өдөрт хэдэн цаг бэлтгэл хийх зөвлөгөө өгдөг вэ?
-Монголын ид хүйтэн одоо эхэлж байна. Цар тахал хаа сайгүй дэгдсэн энэ хүнд үед тамирчид маань гэртээ суурь дугуйн дээр бэлтгэлээ базааж байгаа. Дугуйн спорт тухайн тамирчнаас жингээ барихыг маш их шаарддаг. Тиймээс шавь нартаа өдөр бүр гурван цаг бие даан хичээллэх талаар зөвлөдөг.
-Шавь нараас тань Б.Тэгшбаяр дэлхийн аварга болсон. Спорт сонирхогчид таныг “Монголыг нэрийг дэлхийд гаргасан дугуйчин төрүүллээ” гэж сэтгэл өндөр хүлээж авсныг санаж байна. Шавиа аварга болоход төрж байсан сэтгэгдлээ хуваалцаач?
-Өмнө нь Азиас Монголын тамирчин трак буюу ханан тойргын дугуйн уралдаанд хурд сорьж байсныг сонсоогүй. Надад шавь минь тэр үед Европын туршлагатай тамирчдаас сүрдэж байгаагаа хэлсэн. ДАШТ-д анх удаа оролцсон болохоор эмээх зүйл байсан биз. Шавь минь Швейцарт 45 хоног бэлтгэл хийх хугацаандаа Францад болсон цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Португалынхаас хос хүрэл медаль хүртчихсэн байлаа. Багшийн хувьд түүнийг Швейцарт зохион байгуулах ханан тойргын дугуйн уралдаанд заавал медаль хүртэнэ гэсэн совин төрөөд байв. Тэрбээр шийдэмгий, зоригтой уралдаж, дэлхийн аваргын алтан медалийг эх орондоо авчран ард түмэндээ бэлэг барьж, баярлуулсан даа.
-Дэлхийн шилдгүүд түүнийг харчихаад “Монголын тамирчин түрүүлчихлээ гэж үү дээ” гэж ихэд гайхсан гэдэг. Тэд Азиас аварга төрнө гэж үнэхээр төсөөлөөгүй байх л даа.
-Шавийг минь түрүүлсний дараа гадаадын тамирчин, дасгалжуулагч нар их гайхан, толгой сэгсэрч байсан гэдэг. Б.Тэгшбаярыг Монголын дугуйн спортын түүхэнд байгаагүй амжилт гарган дэлхийн аварга болоход нь бахархаж, өөрийн эрхгүй баярын нулимс дуслуулсан. Би шавиа 15 настай байхад нь дэргэдээ авч, гэртээ нэг өрөө гарган байрлуулаад бэлтгэл хийлгэдэг байсан юм. Бид тэр цагаас аав, хүү хоёр шиг л нэгэндээ дассан.
-Шавийг тань амжилт гаргаснаас хойш Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын сурагчид дугуйгаар хичээллэх сонирхолтой болсон гэл үү?
-Шавийн минь амжилт залууст маш их нөлөөлсөн. Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубээс дэлхийн аварга төрөхөд олон хүүхэд шавь болохоор аав, ээжийгээ дагуулж ирсэн. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 100 гаруй хүүхэд, залуус оролцдог болсноор дугуйн спорт сайн хөгжиж байна.
-Та дугуйтай хэзээ нөхөрлөв. 1970-1980 оны үед Монголын шилдэг дөрвөн спортын төрөлд дугуй багтдаг байсан шүү дээ. Тамирчин байхад тань тэмцээн өрсөлдөөнтэй болдог байв уу?
-Би 1996-2003 он хүртэл дугуйгаар уралдсан. Тухайн үед өнөөгийнх шиг текник, хэрэгсэл элбэг байгаагүй. Гэсэн ч бидний үеийнхэн энэ спортоор сонирхон хичээллэж, эн тэнцүү өрсөлддөг байв. Миний хувьд Ази болон олон улсын уралдаанд Монголын шигшээ багийн зургаан тамирчны тоонд багтаж, уралдаанд оролцдог байлаа.
-Өөрийг тань Монголын дугуйн холбооны шилдэг дасгалжуулагч Н.Нармандах агсны шавь гэж сонссон. Тэр үед багшийнхаа нүдэнд нь хэрхэн өртөв. Шавь нартаа багшийнхаа арга барилаас заадаг уу?
-Аймгийнхаа дасгалжуулагч Э.Энх-Амар багшийн удирдлагад анх бэлтгэл хийж, 1996 оны УАШТ-ээс мөнгөн медаль зүүж билээ. Улаанбаатар хотод 1998 онд ирж, Н.Нармандах багшийн шавь болж, зохион байгуулсан уралдаануудад амжилт гарган спортын мастер цол хүртсэн.
-Та одоо залуучуудыг бэлтгэж, амжилт гаргахад нь анхаарал хандуулдаг болжээ. Дасгалжуулагчаар ажиллаад удаж байна уу?
-2013 оноос Сүхбаатар аймгийн БТСГ-ын дугуйн спортын дасгалжуулагчаар найм дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд УАШТ, олон улс, тив, дэлхийн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож мөнгө, хүрэл гээд нэлээд медаль хүртжээ. Өдгөө 10 гаруй спортын мастер тамирчин төрүүлээд байна.
-Дасгалжуулагчдад ямар бэрхшээл хамгийн их тулгардаг вэ?
-Дугуйн спортод хамгийн хэрэгцээтэй зүйл нь хэрэглэл, материалиуд байдаг. Техникийн хурдаар хөгждөг спорт тул дугуйг нь 2-3 жил болоод солих шаардлагатай. Мэргэжлийн тамирчин уралдааны дугуйгаа 15-25 сая төгрөгөөр худалдаж авдаг болохоор өртөг өндөртэй. Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр, гуравдугаар сарын хооронд болдог. Монголд энэ үед цаг агаар маш хүйтэн байдаг болохоор тамирчдын бэлтгэл сургуулилалт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ мэтчлэн яриад байвал дугуйчдад тулгардаг бэрхшээл олон бий.
-Дугуйн спортын тамирчдад хөрөнгө мөнгөний асуудал их чухал байдаг. Аймаг, сумын тань удирдлага шавь нарыг тань хэр ойлгож дэмждэг бол.
-Манай аймагт дугуйн спорт түлхүү хөгжиж байна. Аймгийн БТСГ болон ЗДТГ тамирчдын олон улсын тэмцээний зардалд МИАТ компани дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархдаг.
-Олон клуб үйл ажиллагаа явуулахын хэрээр өрсөлдөөн өрнөж, сайн тамирчид төрж байна. Та шавь нараа шилдэг болгохын тулд юунд анхаарч ажилладаг вэ?
-Манай “Шилийн богд” дугуйн клубийн тамирчид жил бүр цугларсан бэлтгэлд гарч, хот, орон нутгийн засмал, уулын замд бэлтгэл хийдэг. Дасгалжуулагчийн хувьд залуучуудыг төлөвлөгөөтэй бэлдэхээс гадна тухайн хүүхдийн бие, зан чанарын онцлогт тохирсон арга барилыг сонгож, нэг бүрчлэн тулж ажилладаг.
-Таны өөрийгөө зорилгодоо хүрсэн гэж боддог уу?
-Дасгалжуулагч багш нарт тамирчдаа амжилтад хүргэх хүсэл, зорилго хязгааргүй байдаг юм шүү дээ. Шавь нараасаа олимп болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс аварга төрүүлэхийг хүсдэг.