Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргүүлэх малзүйч, доктор Д.Гүрбазартай ярилцлаа. Тэрбээр төөнөж таслах аргаар төлийг хөнгөлснөөр малын ашиг шимийг сайжруулж, түүхий эдийн гарцыг өсгөн, эдийн засгийн үр өгөөжийг нэмж байгаа талаар судалгаа хийж буй юм.
-Та бүхэн махны гарц, шимт чанарыг дээшлүүлэх, малыг эрт үед нь эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эдийнх нь өгөөжийг өсгөх талаар судалгаа хийж буй юм билээ. Энэ талаараа тодруулна уу?
-Бид малын тоог бууруулах, сүрэгт эзлэх таваарын буюу эр малыг цөөрүүлэх, төлийг богино хугацаанд бойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах технологийг хөгжүүлэх эрдэм шинжилгээний ажил хийж буй. Хөдөө аж ахуйн их сургуулийн хүндэт доктор, малын эмч Ч.Нилбаатар, “Маш мах” компанийн захирал Д.Батжаргал нар цахилгаан соронзон долгионы үйлчлэлээр мал хөнгөлөх төхөөрөмж зохион бүтээж, оюуны өмчөөр баталгаажуулсан юм. Энэ төхөөрөмжөөр төлийг төөнөж засах шинэ арга нэвтрүүлээд зургаа орчим жил болж байна. Өдгөө уг аргын мөн чанар, үр дүнг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, батлах зорилгоор ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн судлаачид ажиллаж байгаа юм.
-Төөнөж таслах гэдэг нь уламжлалт аргуудаас ямар ялгаатай вэ. Төлийг ингэж хөнгөлснөөр малаас авах түүхий эдийн гарцыг сайжруулж, эрүүлжүүлэхэд нөлөөлнө гэсэн үг үү?
-Тийм ээ. Малчид эцэг мал тавихаас бусад төлөө хөнгөлж засдаг уламжлалтай. Ингэхдээ дан мэсээр огтлохгүйгээр утаж таслах, эрчилж эрэх, хавчиж боох, хайрах зэрэг аргыг хослуулж, цус алдахаас сэргийлж ирсэн. Ийм зарим арга нь малын төмсгийг болон тэжээгч судлыг хавчин, төмсгийг нь хуухнаг дотор нь тасалж орхидог. Ингэснээр хүнээр төлөөлүүлж хэлбэл мэдрэлийг нь цочроон, маш их уур бухимдалд өртүүлж, биеийн хөгжилд сөрөг нөлөө гарах нөхцөл бүрдүүлдэг. Харин төөнөж таслах арга хэрэглэснээр төмсгийн тэжээгч судлыг гэмтээлгүй зөвхөн үрийн сувгийг нь тасалдаг юм. Үүний үр дүнд төмсгийн үйл ажиллагаа хэвийн үлдэж, эр бэлгийн гормоны нөлөө нь бие махбодоо тэтгэн, өсөлт нь эрчимжих төдийгүй эр эсүүд биед нь шимэгдэн, булчин мах болох боломжтойг бид судалж тогтоосон. Улмаар малын махны гарцыг 30 хүртэлх, уургийнх нь хэмжээг 9-18 хувиар өсгөж байна. Мөн төөнөж таслах аргаар хөнгөлүүлсэн малыг нас гүйцтэл нь буюу урт хугацаанд маллахгүй байж болно. Тухайлбал, хургыг 5-6 сарын дотор 42-50, бярууг 16-18 сарын настайд нь 260-300 кг-д хүргэх боломж бүрдэнэ. Хөнгөлөх арга ажиллагаа нь эр малд хэрэглэх учраас жил бүрийн үхэр, хонины төлийн 25-30 хувийг ингэж засан, түргэн бойжуулж, эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг. Түүнчлэн сүргийн бүтэц, малын тоог зохистой түвшинд барьж, маллагааны зардлыг бууруулж, бэлчээрийн даацыг 20, тэжээлийн зардлыг 15 орчим хувиар хэмнэх тооцоо гарсан. Хургыг найман сартай үед эхээс нь салган малласнаар эхийнх нь тарга тэвээрэг ч нэмэгддэг. Одоогоор уг аргыг Өвөрхангай, Архангайн зарим сум, Төв аймгийн Баяндэлгэрт малчид хэрэглэн, төл хөнгөлж буй. Улмаар улсын хэмжээнд нэвтрүүлж, бэлчээрийн монгол малын махны брэнд бий болгоход анхаарч, судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна, бид. Нэмж хэлэхэд, тус аргыг адуу, тэмээнд ашиглахгүй. Ямаа хөнгөлж болох, эсэх талаар судалж буй бөгөөд мэргэжлийн малзүйчид оюуны өмчөөр баталгаажсан тусгай хэрэгслээр, зохих өртгөөр нь төл хөнгөлнө гэсэн үг.
-Сүүлийн 20 орчим жилд бог малын амьдын жин бараг 10, бодынх 30 кг-аар багассан гэсэн нь хэр бодитой мэдээлэл вэ. Малын амьдын жин багасах нь мах, сүүний гарцын хэмжээ, шимт чанарт сөргөөр нөлөөлөх үү?
-1990-2010 онд мал аж ахуйн салбарын хөгжил зогсонги байдалд орсон. Тус салбарыг удирдан зохион байгуулдаг малзүйч (зоотехникч), малын гаралтай бүтээгдэхүүнийг ангилан ялгаж, анхан шатны боловсруулалт хийдэг таваар судлаач зэрэг мэргэжил бараг үгүй болсон. Малын тоо тасралтгүй өсөж, үржлийн бодлого алдагдан, ялангуяа бог мал, үхрийн амьдын жин, түүхий эдийнх нь чанар буурч, үүлдэрлэг байдал нь доройтсон. Олон жил бойжуулж, арчилж бий болгосон сайн үүлдэр, омгийн мал, амьтны тоо ч цөөрч тэдгээрийн үнэ цэн, ашиглалт үгүй болсон нь нөлөөлсөн. Малын бие давжаарах, ашиг шим буурахад үржүүлгийг зөв хийгээгүй болон бэлчээр, тэжээлийн хүрэлцээ хангамж муудсан нь нөлөөлсөн. Мөн малчид эцэг малыг хотон дотроосоо тавьдаг зэрэг нь малын бие жижгэрэх, тэсвэрт чанар нь буурахад түлхэц болж буй хэрэг. Түүнчлэн өвөл, хаврын улиралд турж, эцсэн мал зун, намарт ч хүчээ бүрэн авч чадахгүй байснаар мах нь хатуурах, өөхөн тарга үүсэх, жилбэгүй төллөн, сүүнийх нь хэмжээ болон шимт бодис нь буурдаг юм билээ. Ийм олон шалтгаан, нөхцөлийн улмаас малын жин дээр дурдсан хэмжээгээр багассаныг үгүйсгэхгүй.
-Тарга, хүчийг нь нэмэх, өвчлөлөөс сэргийлэх зорилгоор малд янз бүрийн тариа хийдэг. Энэ нь мах нь олон улсад үнэгүйдэх, улмаар хүний биед ч сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болж буй гэдэг. Ер нь малынхаа үүлдэр угсааг сайжруулах, эрүүл, баталгаат түүхий эд бэлтгэхэд юунд анхаарвал зохих вэ?
-Манай улсын малын тоог 1990 оны үетэй харьцуулахад өдгөө бараг гурав дахин өссөн ч мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хэмжээ 2.4 дахин буурсан дүн бий. Ийнхүү тоо нь хэт өссөнөөс бэлчээрийн даац, ургамлын шимийг бууруулсан. Энэ нь малын бие махбодын энерги, шимт бодисыг багасган, дархлааг нь бууруулж, нуугдмал байсан вирусүүдийг нь идэвхжүүлж өвчлөмтгий болгоод байгаа хэрэг. Өвдсөн малыг эмнэх, урьдчилан сэргийлэх зорилгоор янз бүрийн эмийг хяналтгүй хэрэглэж байгаа нь үнэн. Эмийн зохисгүй хэрэглээний нөлөөгөөр малд антибиотикийн үлдэгдэл хуримтлагдах нь хүний биед олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна түүхий эдийнх нь чанарт нян судлалын шинжилгээ хийн, үнэлгээ өгөхөд төвөг учруулж, эцсийн үр дүнг тодорхойлох боломж бүрдүүлэхгүй байна. Мөн мах, сүүний найрлагад антибиотик зөвшөөрөгдөх хэмжээнээс ихэдсэнээр хүний бие тодорхой эмийн бодист дасах, хэт мэдрэг болох, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг доголдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Малын эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хууль баталснаар эмийн хэрэглээг хязгаарлах, малын чанарыг сайжруулах боломж бүрдээд байна. Өөрөөр хэлбэл, мал сүргээ малчид нь эзэмшихийн зэрэгцээ мэргэжилтнүүдийн хяналтад байлгаж болно. Эрүүл мал өсгөх урьтал нөхцөл малчны хотноос эхэлдэг. Мал маллагааны уламжлалт арга ажиллагааг сайтар мөрдөн, малаа зөв таргалуулснаар өвчин эмгэгт тэсвэртэй болохын зэрэгцээ чанар сайтай, эрүүл мах, сүү бэлтгэх боломж бүрдэнэ. Дээр дурдсан, төөнөж таслах аргаар төл хөнгөлөхөд ч мэргэжилтнүүдийн оролцоо хэрэгтэй.
-Бэлчээрийн аргаар мал адгуулахад улам бүр бэрхшээлтэй боллоо. Малчид экологийн гаралтай түүхий эд бэлтгэхийн зэрэгцээ бэлчээрээ хамгаалж, хэрхэн байгальд ээлтэй аж төрөх вэ?
-Монгол мал жилийн дөрвөн улиралд бэлчээрлэн, борзон, хужир, шүү, эмийн найрлагатай шимт ургамлыг сонгон идэж, рашааны ундаргатай усаар ундаалдаг. Сонгон идсэн ургамлынх нь өндөр молекулт нэгдлүүд энгийн нэгдэл болон хувирч, түүгээр мах, сүү, ноос, ноолуур бий болдог. Монгол малын махыг сувиллын чанартай хэмээн судар номд бичсэний нууц үүнд бий. Нийт малыг, эсвэл дийлэнхийг нь эрчимжсэн аж ахуйд шилжүүлэх хэрэгтэй гэж хэлж чадахгүй. Ер нь мал, малчин гэхээс илүүтэйгээр бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээр, байгаль орчин доройтон, ургамал ногооны гарц багассан. Хүний буруутай үйлдлүүдээс шалтгаалан малын чанар, ашиг шим нь буураад байгаа. Тиймээс малчид, мэргэжилтнүүд хамтран алдаа эндлээ засан, бэлчээрээ урт хугацаанд, зүй зохистой ашиглах талаар хичээх учиртай.
-Малаа бэлчээрлүүлэхийн зэрэгцээ том биетэй, түүхий эдийн гарц сайтай болгон бойжуулж болох уу?
-Уламжлалт мал аж ахуйг хүн ам сийрэг, бэлчээрийн даац ихтэй, тодорхой бүс нутгуудад хэвээр хадгалах нь зүйтэй. Харин улсын нутаг дэвсгэрийн төв хэсэг, нийслэл орчимд эрчимжсэн аж ахуйг хөгжүүлбэл зохино.
Бие томтой малыг дагнан үржүүлбэл сайн гэж ойлгох нь өрөөсгөл. Том биетэй малаас заавал их ашиг олдоггүй. Учир нь тухайн малд зарцуулах тэжээлийн зардал нэмэгдээд үр ашиг нь дагаад буурдаг. Монгол малыг гаднын цэвэр үүлдрүүдээр эрлийзжүүлэх асуудалд ч нухацтай хандах хэрэгтэй. Тогтоосон бүсэд малын үржил селекц явуулж, цэвэр үүлдрийнхийг гарган авч болно. Түүнээс нийт нутаг дахь монгол малын генфондыг устган, эрлийзжсэн, өндөр ашиг шимт мал болгон хувиргаж хэрхэвч болохгүй. Засгийн газраас эрчимжсэн аж ахуйг дэмжих үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж эхлүүлсэн, үүнийг хаана хаанаа дагаж мөрдөх учиртай.
-Дэлхий нийтээр бэлчээрийн мал, амьтны мах, сүүг хэрэглэх буюу экологийн гаралтай хүнсний хангамжийг өсгөхийг зорьж байна. Манай улс бэлчээр нутгийн хэмжээ том, мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломжтой нь давуу тал болох нь.
-Өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь малыг байран маллагааны загварт шилжүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй технологи нэвтрүүлэн, үр өгөөжийг өндөр түвшинд хүргэжээ. Гэвч мал, амьтны байгалиас заяасан орчин нь эрс өөрчлөгдөж, төрөлхийн зөн билиг нь алдагдан, ашиг шимийнх нь чанар муудсаар байгаа нь анзаарагдаж эхэлсэн. Тиймээс АНУ, Япон зэрэг орон жилийн тодорхой хугацаанд байран маллагаатай мал, амьтнаа бэлчээрлүүлэхэд анхаарч буй. Гэхдээ эдгээр улс газар нутгийнхаа хэмжээ, төлөвлөлтөөс шалтгаалан бэлчээрийн аж ахуйг хөгжүүлэхэд хүндрэл учрах магадлалтай. Түүнчлэн тэжээлийн зардлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн гаралтай дайвар бүтээгдэхүүнийг малдаа өгч байсан нь эргээд хүний биед сөргөөр нөлөөлж буй талаарх мэдээлэл олширлоо. Харин малын тэжээлийн идэмж, шингэцийг нэмэгдүүлэх зорилгоор фермент, ашигтай бактериудыг хэрэглэдэг туршлагууд их болсон. Эрүүл, чийрэг мал идсэн тэжээлээ ашиг шим болгон хувиргах чадвар өндөртэй байдаг. Тодруулбал, эрчимжсэн аж ахуйд бордсон малыг бэлчээрлүүлбэл тэжээл нь шимэгдэн, илүү ашиг өгөх боломж бүрдэнэ. Тиймээс бид тодорхой бүсэд эрчимжсэн болон бэлчээрийн аж ахуйг хослуулан хөгжүүлэх, мал маллагааны уламжлалт аргаа нийт нутгаараа авч үлдэх тухай ярьж, судлаад байгаа хэрэг. Мал өсгөн үржүүлэх аль ч арга, туршлагад мэргэжилтнүүдийн үгийг сонсон, зөвлөгөөг нь авч, хамтран ажиллах шаардлага бий.