Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхны байгаль орчинд учруулах балаг дуусахгүй бололтой. Өмнө тус компанийнхан хэд хэдэн удаа цианид натри алдаж, амьтан ургамал хордуулсан билээ. Өнөөдөр өглөө ч уг үйл явдал давтагдлаа. Завхан гол болон Их нууруудын ай савд байнга заналхийлж, аюулгүй байдалд нөлөөлж буй "Баян-Айраг эксплорэйшн” компанийн үйл ажиллагааг зогсоосон хэмээн төрийн байгууллагаас удаа дараа албан ёсоор мэдээлсэн. Бодит байдал дээр уг компанийнхан олборлолт хийсээр байгаа билээ. Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоос орон нутагт юу болоод байгааг тодрууллаа.
-“Баян-Айраг эксплорэйшн” дахин цианит алдлаа. Үүний дагуу хяналт шалгалтын ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Тус компанийн цианитийн хоолой задарсан гэх мэдээлэл 08.00 цагт ирсэн. Ослыг мэдсэн даруйдаа хавхлагыг хааж сулруулсан уусмалын гоожилтыг зогсоосон 08.23 цагт сумын Байгаль орчны байцаагчид мэдээлсэн. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас байгаль орчны болон хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагч нарын баг шуурхай очиж ажилласан. Үүнээс гадна Завхан аймгийн Засаг даргын 2020 оны А/447 тоот захирамжаар томилогдсон Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 13.20 цагт хэргийн газарт очсон. “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уусмалын танкнаас боловсруулах үйлдвэр лүү уусмал дамжуулах 110 мм-ийн хуванцар шугам хоолой задарч, цианидтай уусмал гадаа талбайд алдсан байсан. Уг хэргийн газарт ажиллаж уурхайн үйл ажиллагааг зогсоосон.
-Хэдий хэмжээний хохирол учруулсныг тогтоосон уу?
-Үйлдвэрийн дамжуулах хоолой наалтаараа задарснаас болж 553 ам метр талбайд 1120 литр буюу 1.2 тонн цианид асгарсан. Асгарсан цианидыг соруулж, нуруулдан уусгах талбайд буцааж асгасан. Улмаар хэр гүн нэвчсэн эсэхийг тодруулахаар хөрс, алдагдсан цианидаас дээж авч, нийслэл рүү шинжилгээнд илгээсэн. Хяналтын нийт 11 цооног байгаагаас үйлдвэрийн орчмын таван цооногоос тус бүр 1.2 литр дээж авсан. Мөн цианидын хоолой задарсан нь технологио стандарт зөрчиж угсарсан уу, хүний буруутай үйл ажиллагаанаас болсон уу гэдгийг тодруулна. Цагдаагийн газраас, шүүх шинжилгээний албатай хамтран цианид алдсан гэх газрын ойр орчим хэргийн газрын үзлэг явуулж байна. Химийн бодисын үлдэгдлийг тооцож гаргахад дөрвөн агуулахад натрийн цианид 157 тонн, азотын хүчил 5600 литр, идэмхий натри 12 тонн бодис байсан. Агуулахуудад лац тавьж тэмдэглэл хөтөлж зургаар баталгаажуулсан. Мөн баяжуулах үйлдвэр дотор цианид найруулах танкийг лацдаж, тэмдэглэл үйлдлээ. Үйлдвэрт ашиглахаар агуулахаас татсан байсан гурван тонн цианид, 1250 кг натрийн гидроксид байсныг мөн лацадсан. Ер нь тус үйлдвэрт ашиглагдаж байгаа есөн төрлийн химийн бодисыг үлдэгдэлтэй нь тулгаж тэмдэглэсэн. Үүнд хүнсний сод 1175кг-1100кг, азотын хүчил 5600 литр байсан.
-Тус компанийнхан өмнө нь хэчнээн удаа дээрхтэй адил зөрчил гаргаж байв?
-“Баян-Айраг эксплорэйшн” компани Завхан аймгийн Дөрвөлжин сумд 2011 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2017 онд цианидын хоолойг дур мэдэж нээсэн тохиолдол гарч байсан. Завханы Цагдаагийн газрын даргаар ахлуулсан баг ажиллаж зөрчлийг арилгаж байсан. 2019 онд үерийн ус хүчтэй орж ирснээс шалтгаалан хоолой нь задарч байсан юм. Өнөөдөр бас цианид асгарсан тохиолдол давтагдсан. 2017 оноос өмнө хоёр удаа цианид асгарч байжээ.
-Одоо ямар хариуцлага тооцох вэ?
-Төрийн хяналт шалгалтын хуульд юу гэж заасны дагуу хяналт тавина. Мөн Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцдог. Мэргэжлийн хяналтын байгууллага эдгээр хуульд заасны дагуу арга хэмжээ л авдаг. Ер нь удаа дараа ийм зөрчил гаргаж буй учраас хамтарсан багийн хяналт шалгалт дууссаны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандаж, тухайн компанийн лицензийг цуцлуулах санал тавихаар ярилцаж байна.