Төгөлдөр хуурч Н.Лигдэнг “Уран бүтээлч” буландаа урилаа.
-Та Хөгжим бүжгийн коллежийн “бүтээгдэхүүн” үү?
-Би 2010 онд хуучнаар Хөгжим бүжгийн коллеж, одоогийн Монгол Улсын Консерваторт төгөлдөр хуурч мэргэжил эзэмшсэн. 2013 онд СУИС-ийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн. 2015-2018 онд ХБНГУ-ын “Гёте” институтийн дэргэдэх GMUB жааз хөгжмийн тэнхимд суралцаж, мэргэжлээ дээшлүүлсэн.
-Төгөлдөр хууртай хэчнээн жил нөхөрлөв. Яагаад энэ хөгжимд хорхойссон юм бол?
-Ээж минь намайг багад унтуулахдаа сонгодог хөгжим, тэр дундаа А.Вивалди, В.Моцартын бүтээлүүдээс, мөн Италийн уянгалаг поп хөгжмөөс, тухайлбал, Пупогийн дуунуудаас сонсгодог байсан гэдэг. Ингэж гэр бүлийнхэн минь намайг дэмжсэнээр таван настайгаасаа төгөлдөр хуур хөгжимд шимтэн, өнөөдрийг хүртэл тоглож, бас суралцсаар явна.
-Хөгжмөөр тухайн уран бүтээлийг хүнд ойлгуулна гэдэг амаргүй байх. Таны хувьд хөгжмөөрөө дамжуулан хэлэх гэсэн зүйлээ илэрхийлж чаддаг уу?
-Дууны утгыг сонсогчид үгээр нь төвөггүй ойлгоно. Харин хөгжмийг дахин дахин сонсоод эгшиг дуурьслаар дамжуулж утгыг нь ойлгож мэдэрдэг байх. Би ч бас сонсогчдод тэр сайхан мэдрэмжийг зүрх сэтгэл, биеэрээ дамжуулан утгыг нь хүргэх сэн гэж хичээдэг юм.
-Хөгжмөө тоглох үедээ юу мэдэрдэг вэ?
-Тухайн дуу, хөгжмийн зохиолоос хамаараад өөр өөр мэдрэмж төрдөг. Тэр үеийн мэдрэмжийг одоо үгээр илэрхийлэх амаргүй байна.
-Та төгөлдөр хуурыг юутай зүйрлэх бол?
-Гэр бүлийн минь нэг гишүүн гэж боддог.
-Яагаад?
-Ухаан орсон цагаасаа л хөгжимтэйгөө нөхөрлөсөн болохоор гэр бүлээс дутахгүй үнэ цэнтэй зүйл мэт санагддаг юм.
-Төгөлдөр хуургүйгээр та өөрийгөө төсөөлж байв уу?
-Бодож үзээгүй юм байна. Төсөөлөхөд ч бэрх юм аа.
-Ер нь сонгодог урлаг хүнд юу өгдөг юм бэ?
-Би хүн бүрийг сонгодог урлагийн аль нэг төрлөөр хичээллээсэй гэж хүсдэг. Сонгодог урлагтай танилцаж, хичээллэснээр хүүхдийн суурь хүмүүжилд эергээр нөлөөлөхөөс гадна гоо зүйн өндөр мэдрэмж, зөв төлөвшил олгодог.
-“Амжилтын ард 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас бий” гэдэг. Энэ үг хөгжмийн ертөнцөд тохирох уу?
-Би хөгжимчдийг хөнгөн атлетикийн тамирчидтай зүйрлүүлэх дуртай. Тамирчин хүн амжилтаа нэг секунд, нэг долиор ахиулахын тулд маш их тэсвэр хатуужил гаргаж, асар их цаг хугацаа зарцуулан өөрийгөө бэлддэг. Хөгжимчин хүн ч бас үүнтэй адил цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг юм.
-Таныхаар хөгжимчин хүний амжилтыг юугаар хэмжих вэ. Олон орны алдартай танхимуудад тоглож, өөрийн ур чадвараа дэлхийн үзэгчдэд болон мэргэжлийн хүмүүст хүргэснээр нь хэмжих үү?
-Бага зүйлээс том амжилт бий болдог гэж бодож байна. Дэлхийн нэр хүндтэй уралдаанд оролцож шагнал авснаар амжилтыг хэмжиж болно л доо. Харин минийхээр бол төлөвлөсөн ажлаа дуусгаж ард нь гарах, мөн хийсэн ажлаараа бага ч болов зүйл бүтээсэн бол энэ нь амжилт.
-Үлгэр дуурайл авдаг, сонсох дуртай төгөлдөр хуурч бий юү?
-Бахархдаг, үлгэрлэдэг уран бүтээлч олон. Жишээ нь, Билли Эванс, Оскар Петерсон нар бол жааз хөгжмийн суут төлөөлөгч. Мөн Монголын үе үеийн төгөлдөр хуурчдаа сонсдог. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, хөгжмийн найруулагч А.Болорхүү, “A-sound” хамтлагийн төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх ах зэргээс гадна өөрийнхөө үеийн мэргэжил нэгт найзуудаасаа үлгэр дуурайл авдаг. Эдгээр төгөлдөр хуурчийн тоглож буй арга барил, тайзан дээр биеэ хэрхэн авч явж байгаагаас суралцах гэж хичээдэг.
-Аль хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг тоглох илүү дуртай вэ. Яагаад?
-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын уран бүтээлүүдийг шимтэн сонсож, тоглох дуртай. Учир нь уг хөгжмийн зохиолчийн бүтээлүүд нь дахин давтагдашгүй гайхалтай, бодолд автуулдаг. Тийм ч болохоор ууган хүүдээ уг хөгжмийн зохиолчийн нэрийг өгсөн.
-Орчин үеийн хамтлаг, дуучдын олон бүтээлд та тоглосон юм билээ. Сүүлийн үед ямар уран бүтээлд төвлөрч байна вэ?
-“Хурд”, “Чоно”, “Андууд” хамтлаг, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Дашдондог, дуучин Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Б.Замбалгарав, Б.Нацагдорж гээд цөөнгүй уран бүтээлчтэй ажиллажээ. Сүүлийн үед “Жонон” хамтлагтай хамтарч ардын дууч Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолтын хөгжмийн найруулгыг хийж байна.
-Төгөлдөр хуурын гоцлолууд сонсогчдод хүргэх төлөвлөгөө бий юү?
-Төлөвлөсөн зүйл бий. Монгол ардын дуунуудын төгөлдөр хуурт зориулсан найруулгуудаас бүрдсэн цомгоо бэлтгэж байна. Мөн хамтарч ажилладаг дуучдынхаа уран бүтээлийг төгөлдөр хуур хөгжимд найруулан үзэгчдэд хүргэхээр зэхэж байгаа. Бас өөрийн “Grooving high” хамтлагийн уран бүтээлүүдийг хүргэнэ.
-Ярилцлагаа саваагүй асуултаар өндөрлөе. Та ямар ямар төгөлдөр хуур дээр тоглож үзсэн бэ?
-Одоогоор “Элегия”, “Ямаха”, “Kurzweil”, “Korg”, “Roland”, “Kawai”, “Nord”, “Steinway” зэрэг төгөлдөр хуураар тоглосон байна.