1987 он. Монголд болсон бие хамгаалах урлагийн гардан тулааны тэмцээнийг шүүж байгаа нь
Боксын олон улсын шүүгч, дасгалжуулагч Ч.Лхагвааг энэ спортоор хичээллэсэн хүүхэд, залуус сайн мэднэ. Тэрбээр Монголын боксын анхны тамирчдын нэг нь. “Барилгачин” нийгэмлэгээс амжилтынхаа гарааг эхлүүлэхдээ шүүгч, дасгалжуулагчийн ажлыг давхар гүйцэтгэсээр иржээ. Тэр л үеэс төрсөн нутагтаа эл спортыг хөгжүүлэхийг бодсон хүсэл мөрөөдлөө биелүүлж, “Буурал аав” клубийг байгуулан, сумынхаа хүүхэд, залуусыг баярлуулжээ. Түүнийг “Хүмүүс” буландаа урьж ярилцлаа.
-Монголд боксын спорт адармаатай зам туулж хөгжсөн юм билээ. Гавьяат дасгалжуулагч Б.Олзот гуай Орост суралцаж ирснийхээ дараа 1964-1967 онд хаалгаа барьсан дугуйлангуудыг нээн, эргэж сэргээхэд бокс тоглохыг мөрөөдөж явсан олон тамирчин баярласан гэдэг.
-Тийм ээ. Үүнээс өмнө 1948 оны долдугаар сарын 11-нд Яармагийн дэнжид Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадмаар гадаа ринг засаж, боксын тэмцээн анх удаа зохион байгуулсан нь тухайн үедээ л содон, сонирхолтой үйл явдал болсон гэдэг. Энэ бол Монголын боксын холбооны түүхэн замналын эхлэл байсан. Монголд боксын спортыг анх хөгжүүлсэн хүн бол Намсрайн Лувсандорж багш. 1963 онд бүх ард түмний II спартакиадын дараа 1964-1967 он хүртэл тодорхой бус шалтгаанаар боксын спортыг хөгжүүлэхийг хориглон, секц дугуйлангуудыг хаасан түүх бий. Хүүхэд, залуусын сонирхлыг ихэд татдаг эл спортын хөгжил зогссон үед Б.Олзот багш 1966 онд Москвагийн Биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгсөж ирээд, сэргээсэн юм. Тэрбээр уйгагүй, шаргуу хөөцөлдсөний дүнд тухайн үеийн МАХН-ын Төв хороогоор боксыг дахин сэргээн хөгжүүлэх шийдвэр гаргуулж чадсан. Ингэж 1967 оноос боксыг сэргээн хөгжүүлэх боломж олдож, шинэ алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Бокс бол зодоон биш, оюун ухаан, бие бялдрын өв тэгш чанарыг хослуулсан спортын нэг төрөл гэдгийг олонд ойлгуулснаар тэр үеийн тамирчид бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээнд оролцдог болж билээ. Тэрбээр шавь нартаа тамирчин хүн даруу төлөв, мэдлэг боловсрол, харилцааны соёл, хатуу сахилга баттай байхыг сургадаг байсан.
-Б.Олзот багш олон шавь төрүүлсэн. Тэрбээр хожим “Би Ч.Лхагвааг боксын шигшээд авах байсан юм. Түүнийг даанч таниагүй алдсан” гэж ярьж байсан гэдэг. Тэгэхээр тэр хүн нь та болж таарах нь ээ.
-Би 1969 оноос эхлэн бокстой нөхөрлөсөн. Б.Олзот багш боксын клубүүдээр явж, шигшээ багт тамирчид сонгож авдаг байв. “Хоршоолол” нийгэмлэгийн гадаа намайг зогсож байтал тэрбээр нэг сүрхий том харснаа яваад орчихлоо. Бэлтгэл хийж байгаа тамирчидтай уулзаж, хоёрыг нь шигшээд авахаар сонгов. Түүнээс хойш арваад жилийн дараа нэг тэмцээний үеэр тэрбээр “Ч.Лхагвааг л боксын шигшээд авах байсан юм. Би даанч таниагүй алдсан даа“ гээд ярьж байхыг нь сонсчихоод их баярлаж билээ.
-Бокс ид тоглодог байсан та тэр үед Б.Олзот багшийн нүдэнд яагаад өртөөгүй юм бол?
-Яривал урт түүх бий. Тамхи гэдэг гайтай зүйл нөлөөлөхгүй юү. Нүдэнд нь татаж харагдсанаас л болсон хэрэг. Залуу явахад алдаж, онохын алийг тэр гэх вэ. Намайг боксоор хичээллэдэг байхад найзууд минь тэмцээн үзэхээр ирдэг байлаа. Би тэр үед Улаанбаатар хотын болон УАШТ-д хэдэн удаа түрүүлсэн юм. Найзууд “Чамаас өрсөлдөгчид тань айж бэргэх юм. Тамхиа хаяад олигтойхон тоглож дээшээ ахиач” гэлээ. Нөхдийн шүүмжлэл надад их тус болсон. Би хэлснийг нь хэрэгжүүлж, 10 жил татсан тамхиа тэр даруй хаяж билээ. Татах гээд хааяа хорхой хүрсэн ч хайрцагтай тамхиа хогийн сав руу шидчихдэг болсон.
-Таны үеийнхэн бөхийн спортод илүү татагддаг байсан шүү дээ. Бокстой хэрхэн нөхөрлөсөн тухайгаа сонирхуулж яриач?
-Булган аймгийн Тэшиг сумын Хужирт бригадын Наадам тал хэмээх газар миний төрсөн нутаг. Манайхан олуулаа. Би есөн хүүхэдтэй өнөр айлд өссөн. Багадаа хар бор ажилд нухлагдаж, нутгийн хүмүүсийг дагаж ан гөрөөнд явж, уул хадаар гүйдэг байсан маань тамирчин болоход их нөлөөлсөн. Надад хөдөөгийн хүндхэн ажлууд нэг талаар бэлтгэл сургуулилалт болдог байв. Эрүүл саруул, өөдрөг яваагаа аав, ээжийн минь ген, алтан нутгийн минь агаар ус, ачит спортын эрч хүч гэж ойлгодог. Би долдугаар ангиа дүүргээд
ОХУ-ын Свердловск мужийн барилгын ТМС-д хоёр жил сурахаар явсан. Манай нутгийн Ч.Баасандорж тэнд Уралын политехникийн дээд сургуульд сурдаг байсан тул түүнтэй уулзаж, ярьж хөөрөх дуртай. Нэг өдөр хооллохоор явж байтал боксын бээлий өмссөн залуус нэг байшингийн гадаа зогсож байгаад орлоо. Сонирхоод шагайтал боксын секцэнд залуучууд хичээллэж байх юм. Бэлтгэл хийж байгаа тамирчдыг хараад л боксоор хичээллэх сонирхол төрөв. Тэнд суралцсан хоёр жил нүд ирмэхийн зуурт өнгөрсөн. Сургуулиа төгсөөд Монголдоо ч ирлээ. Том ах минь хотод Барилгын техникумд сурдаг байсан юм. Сэлбийн гүүрний урдхан талд амьдардаг хамаатныд ах боксын хоёр хос бээлийгээ орхиод явчихна. Нэгийг нь өөрөө, нөгөөг нь найзууддаа өмсгөж байгаад л айлын хашаанд бокс тоглоно шүү дээ. Тэгсэн “Хоршоолол” нийгэмлэгийн боксын секцэнд хичээллэдэг Сэр-Од хэмээх залуу “Б.Мишигдорж дасгалжуулагч биерхүү, хүнд жинд тоглох залуусыг олж ир гэсэн. Чи очиж шалгуулаач” гэлээ. Би дагаж очоод шалгууллаа. Б.Мишигдорж багш намайг бэлтгэл хэд хийлгэснээ ихэд тоож “Чи тэнцлээ. Долоо хоногт гурван удаа бэлтгэл хийнэ, тасалж болохгүй шүү” гэв. Ингэж боксын спортод хөл тавьж, тамирчин болсон. Тэр үед боксын секцэнд хүнд жинд тоглох тамирчин тэр бүр олдохгүй, эрэл сурал болдог байсан юм. Миний спортын амьдралтай “Хоршоолол” нийгэмлэг салшгүй холбоотой. Тамирчин байхдаа тус нийгэмлэгийн клубт зохион байгуулсан УАШТ-д түрүүлж, шагналынхаа салхийг алтан медалиар хагалснаа одоо ч бэлгэшээдэг. Хүмүүс тэр үеэс намайг мэдэж, тоглолтыг маань сонирхож үздэг болсон. Бокстой сонин тохиолдлоор нөхөрлөж, ширэн бээлий өмсөөд тоглоход аав минь дуртай дэмжиж, амжилт гаргавал баярлаж суудаг сан.
-Амжилт гаргасан тамирчныг нутгийнхан нь дэмжиж, очиход нь сэтгэл өндөр угтдаг шүү дээ.
-Тамирчин байхад боксын тэмцээн байсхийгээд л болно. Залуучууд дурлаж их үзнэ. Хотод ажил хөөцөлдөхөөр ирсэн нутгийн нэг өвгөн буцахаасаа өмнө боксын тэмцээн үзэхээр ирэхэд нь би тоглож таарчээ. Өвгөн тэмцээний дараа надтай уулзаж, нутгийн сонин сайхан, ойр зуурын зүйл ярьж байгаад явсан юм. Тэрбээр гэртээ хариад намайг бокс хэрхэн тоглосныг аав, ээж, нутгийнханд сонирхуулахдаа тэнгэрт тултал магтсан гэдэг. Намар аавынхаа хэдэн малын хадлан өвсийг бэлдэхээр очтол нутгийнхан баяр хүргээд жигтэйхэн. Тэгсэн аав “Миний хүү зодооноо хийж л байна уу” гээд асууж билээ. Аав боксын спортыг таатай хүлээж авахад нутгийн хөгшний ярьсан нь их нөлөөлсөн юм билээ. Дүү минь цэргийн алба хаахаар явсан тул би ээлжийн амралтаа авч, аав, ээжийнхээ ажилд тусалж, нэмэр болдог байв. Хүний залуу нас сайхан. Ямар ч хүнд ажлыг бяр, тэнхээгээр ядрахаа мэдэхгүй хийдэг юм шүү дээ. Өвс хадаж, ойгоос түлээ бэлтгэн үхэр тэргээр зөөхөд хүчний бэлтгэл хийснээс ялгаагүй. Би ааваасаа хүч, тэнхээг нь өвлөсөн гэж боддог.
Аав минь их ажилсаг, гарын ур дүйтэй, дуу цөөнтэй, биерхүү хүн байсан. Хэлэх гэсэн санаагаа товчхон үгээр ойлгуулчихна. Айл болгоны гадаа аавын минь хийсэн үхэр тэрэг харагддаг сан.
-Та ажлынхаа зөв чөлөөгөөр боксоор хичээллэж, тэмцээнд оролцдог байв уу?
-Тийм ээ, би “Барилгачин” нийгэмлэгээр овоглож, 21 жил бокс тоглосон. Залуудаа Барилгын яамны харьяа Цахилгаан сантехник угсралтын нэгдсэн тресст, одоогийн “Хүрд” компанид ажилладаг байв. Ажиллахын хажуугаар бэлтгэл хийж, тэмцээнд оролцоно, 10 жилийн боловсрол эзэмшихээр оройн сургуульд сурдаг байлаа. Дараа нь Политехникийн дээд сургуулийн барилгын инженерийн ангийг төгсөж, дээд боловсрол эзэмшсэн. Ажилчнаас эхлээд байгууллагынхаа үйлдвэрчний хорооны дарга, хөдөлмөр хамгаалал, аюулгүй техникийн инженер, биеийн тамирын аргазүйч ажлыг хийж байгаад тэтгэвэрт гарсан. Боксоор насаараа хичээллэж, ОУХМ цол хүртлээ. Үүнээс гадна Ази тивийн болон Дэлхийн гардан тулааны холбооны шүүгч, дасгалжуулагч болсон нь миний спортод гаргасан томоохон амжилт юм даа.
-Төрсөн нутагтаа “Буурал аав” нэртэй боксын клуб байгуулсан гэл үү?
-Булган аймгийн Тэшиг сумын Дашийн Дамбын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн дэргэд 2018 оны есдүгээр сарын 14-нд “Буурал аав” клуб байгуулсан. Үүнд ханийн минь оролцоо их байсан. Боксын спортыг төрсөн нутагтаа хөгжүүлэхээр зорьсон минь ч учиртай. Энэ клубээр овоглож, тэмцээнд оролцдог хүүхдүүд хэтдээ тив, дэлхийн тавцанд Төрийнхөө дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа олимпын тэнгэрт мандуулаасай гэж боддог. Миний энэ мөрөөдөл холгүй байгааг клубийн маань өсвөрийн тамирчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харууллаа. Тамирчид нь боксын спортын техникийг хэдийн эзэмшсэн, рингэн дээр биеэ зөв авч явдаг болсныг хараад үнэхээр баярласан.
-“Буурал аав”-ын тамирчид клубээ амжилтаар мялаав уу?
-Тус клубийн дасгалжуулагч В.Эрдэнэхүү, менежер Ж.Эрхэмбаяр нар сайн ажиллаж байгаа. Сумдаа клубийнхээ аварга шалгаруулах “Аваргын гараа” тэмцээнийг өнгөрсөн аравдугаар сарын 30-31-нд анх удаа зохион байгууллаа. Тэрбээр сумаасаа боксын шилдэг тамирчид төрүүлэхээр их хичээж байгаа. Шавь нар нь өнгөрсөн жилүүдэд аймаг, улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, 50 гаруй медаль хүртсэн байна билээ. Энэ ташрамд, тус сумын Иргэдийн хурлын дарга Б.Батсайхан, сургуулийн захирал С.Сүнжидмаа нар дээрх клубийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, хичээл зүтгэл гаргаж байгаад баярлаж талархсанаа илэрхийлье.