Дэлхий нийтийг түгшээсэн коронавирусийн халдвар дотоодод тархаад нэг сар болж байна. Эл хугацаанд хатуу хөл хорио тогтоож, халдварын хүрээг хумих үүднээс авч хэрэгжүүлж буй Засгийн газар, эрх бүхий байгууллагуудын шийдвэр, арга хэмжээ нь хүний эрх, тодорхой хууль, журмыг ноцтой зөрчсөөр байгаа юм. Энэ талаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.
-Манай улс цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, арга хэмжээг Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу явуулж чадаж байна уу?
-Чадахгүй байна. Цар тахалтай тэмцэх нэрийн доор Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчих тохиолдол гарсаар байна. Ямар зөрчил гарч буй талаар албан ёсны дүгнэлт, зөвлөмжийг ХЭҮК-оос Шадар сайд, УОК-ын даргад 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд хүргүүлсэн нийт 14 зөвлөмжөөс харж болно. Үүнээс гадна холбогдох газар, албан тушаалтанд хандаж хүний эрхийг хангах арга хэмжээ авахыг иргэний нийгмийн байгууллагуудаас шаардаж байна.
Тухайлбал, цагдаагийн байгууллагаас хууль, тогтоомжид тодорхойлоогүй “олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл”, “худал мэдээ, мэдээлэл” гэдэг ойлголтыг хэрэглэж, зөвхөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд 590 гаруй хүн, хуулийн этгээдийг 290 гаруй сая төгрөгөөр торгож шийтгэжээ. Үүнээс гадна Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмын дагуу олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл гэдгийг цагдаагийн албан хаагч дангаараа тодорхойлох бөгөөд түүний үнэн, зөв тодорхойлсон, эсэхийг хянах механизм алга. Ийм байхад цагдаагийн албан хаагчийн дүгнэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим хаяг, цахим хуудасны хандалтыг хязгаарлах арга хэмжээ авч байна. Засгийн газар, эрх бүхий байгууллагууд бүх хүнд хүртээмжтэй хэлбэрээр, бүрэн, хоёрдмол утгагүйгээр мэдээллийг тухай бүр өгөх үүргээ хэрэгжүүлэх, ингэж мэдээлээгүй нөхцөлд иргэдийг “худал мэдээлэл тараасан” гэж шийтгэхгүй байх ёстой. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан “Ковид-19” удирдамжид зааснаар онцгой байдлын үеийн эрх хэмжээг гагцхүү нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэхээс бус, хүний эрхийн хамгаалагчид, эсвэл сэтгүүлчдийн ажил, үйл хэргийг няцаах, хүчингүй болгох, тэднийг чимээгүй байлгахад ашиглах ёсгүй юм.
-Иргэдийн тээврийн хэрэгсэлд QR код олгож, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа нь хүний халдашгүй эрхийг зөрчих, цаашлаад мөрдөн мөшгөх үйлдэл гэж та шүүмжилсэн. Үүнийг тодруулахгүй юу?
-Нийслэлийн ЗДТГ болон Засгийн газраас “Ковид-19”-тэй тэмцэх нэрийн доор иргэдийн хувийн өгөгдлийг их хэмжээгээр цуглуулах, улмаар мөрдөн мөшгөх гэж буй нь өдөр ирэх бүр тодорхой боллоо. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжаар “Иргэний цахим үнэмлэхийн QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлэх”, “Нийслэлийн гудамж, талбайд зорчиж байгаа иргэд болон төрийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх систем ашиглан бүртгэлжүүлэх”-ээр шийдсэн. Ингэхдээ иргэн гамшгаас хамгаалах чиглэлээр гарсан заавар, зөвлөмж сахих, иргэний үнэмлэхээ биедээ авч явах, “зайлшгүй шаардлагатай” үед иргэнээс тодорхой мэдээлэл авах агуулга бүхий хуулийн зохицуулалтыг иргэний хөдөлгөөнийг хянах, мөшгөх болгож хэрэглэсэн. Мөн УОК-ын чиглэлийн дагуу иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах QR.119.mn системийг нэвтрүүллээ. Энэ системийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс хамтран боловсруулсан гэх. Захиргааны ерөнхий хуулийн 59.1-т зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг захиргааны хэм хэмжээний акт гэдэг. Мөн хуулийн 67.2-т зааснаар тус актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Тэгэхээр УОК-ын чиглэл бол нийтээр заавал дагаж мөрдөх хэм хэмжээ биш. Иргэд зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах QR.119.mn системд QR кодыг уншуулах үүрэггүй. Энэ бол төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуульгүйгээр, дур мэдэн иргэдэд үүрэг хүлээлгэж байгаа нэг жишээ юм. Нөгөө талаар иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй гэх баталгаа бий юү. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах QR.119.mn системд “Ebarimt” аппликэйшн ашиглана гэж албаны хүмүүс мэдэгдсэн. Тус аппликэйшнд “Иргэний хувийн мэдээлэл Хувь хүний нууцын тухай хуулиар хамгаалагдана” гэж тусгасан. Гэвч тус хуульд “Хувь хүн нууцаа өөрөө хамгаална” гэж заасан. Мөн QR.119.mn системд үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого (Terms & Condition; Privacy policy) байхгүй. Гуравдагч этгээдийн боловсруулсан газар зүйн мэдээллийн системийг QR.119.mn ашиглаж байгаа бөгөөд тухайн өгөгдлийг гуравдагч этгээдэд дамжуулах, ашиглуулах, эсэх асуудал тодорхойгүй. Иргэдийн зорчих хөдөлгөөнийг ямар хугацаанд бүртгэх, эдгээр бүртгэлийг хэн хянах, аль байгууллага, ямар үүрэгтэй оролцох гээд олон зүйл маш тодорхойгүй байна.
-Монгол Улс хувийн өгөгдлийг хамгаалах хуульгүй. Ийм байхад иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж байгаа нь ямар эрсдэлтэй вэ. Сэргийлэх арга зам бий юү?
-Иргэдийн байршил, зорчих хөдөлгөөний өгөгдлийг цуглуулах, боловсруулах, хадгалах, ашиглахыг зөвшөөрсөн тусгайлсан хууль Монгол Улсад байхгүй. “Ковид-19” илэрсэн иргэд, хавьтал бүхий олон хүнийг олж, хөдөлгөөнийг нь хянасан. Гэтэл энэ нь зөвхөн хавьтлаар хязгаарлахгүйгээр бүх иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэж, хянах нь хуульд заасан “зайлшгүй”, “тохирсон” арга биш. Тиймээс ХЭҮК-оос байршил тэмдэглэх аппликэйшн, иргэний үнэмлэхийн QR кодыг ашиглахдаа хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж, хувийн өгөгдлийг зөвхөн цар тахалтай тэмцэхэд ашиглах, тараахгүй, задруулахгүй байхад онцгой анхаарах, Хувийн өгөгдөл хамгаалах хуулийн төсөл боловсруулах саналыг хууль санаачлах эрх бүхий албан тушаалтанд уламжлах талаар зөвлөсөн.
-Зорчих хөдөлгөөнтэй холбоотой бусад улсын үлгэр жишээ туршлага юу байна?
-Иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүртгэх, хянах системтэй төстэй систем нэвтрүүлсэн ихэнх улсад нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас өөр зорилгоор буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн үед үргэлжлүүлэн хэрэглэх тохиолдол гарсаар байна. Хүний эрхийг дээдэлдэг улс орнуудын хувьд өвчтөний ойрын болон дам хавьтлыг тогтоож, мэдэгдэх систем бий болгож, ашиглахдаа хамгийн бага хэмжээний мэдээлэл дээр хамгийн аюулгүй байдлаар ажиллах технологийн шийдэл нэвтрүүлсэн. Тэр системийг ашиглах, эсэх нь хувь хүний сонголт бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хувьд хавьтал тогтоох, мэдэгдэх системд бүртгэгдсэн тухайн хувь хүний мэдээллийг нэг сарын дотор устгах арга хэмжээ авдаг. Харин манай улсад хөл хорио дууссан ч бүх иргэний хувийн өгөгдлийг үргэлжлүүлэн цуглуулж, хөдөлгөөнийг мөшгөх нь.
-Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах буюу “Ковид-19” ийн тухай хуулиа манай улс чандлан мөрдөж байна уу?
-Эл хуулийн 7.1-д цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан. Тодруулбал, тус хуулийн 7.1.2-т зааснаар Засгийн газар цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, 7.1.5-д цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэд, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Үндсэндээ “Ковид-19”-ийн түр хуулиа чанд мөрдөхгүй байна. Мөн “Нээлттэй нийгэм форум”-аас танилцуулсан судалгаанд төрөөс гадаадад байгаа иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг тусгайлсан хуулиар бус, Засгийн газрын шийдвэрээр хязгаарласан нь зөрчил болж байгаа тул нэн даруй залруулах.
Гадаадаас ирэхээр хүсэлт гаргасан бүх иргэнээ нөөц, боломжоос шалтгаалан авчирч чадахгүй байгаа тохиолдолд гадаад улс дахь Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан орон гэргүй иргэдийг орон байр, хоол хүнс, ундны цэвэр усаар хангах, халдвараас сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахдаа иргэдийг хянан шалгах механизмыг бус, иргэн өөрөө өөрийгөө хянах механизмыг ашиглах, хэн нэгэнтэй хүнлэг бус, хэрцгий хандахгүй байх, халдашгүй эрхийг нь хүндэтгэх, хувь хүний нууцыг хадгалах хэрэгтэй. Мөн эдгэрээд гарсан хүний гэр, хашааны хаалган дээр “Гэрийн тусгаарлалтад байгаа” гэсэн бичиг наасан нь хүний эрхийг зөрчиж буй хэлбэр. “Эмнести интернэшл” зэрэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 140 гаруй иргэний нийгмийн байгууллага хамтарсан мэдэгдэлдээ Ковид-19 цар тахлаар шалтаглан иргэдийг байнгын цагдан хяналтад байлгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Цар тахлын үргэлжлэх хугацаа 2-3 жил, харин Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх хугацаагүй. Тэгэхээр хуулийн хэрэгжилтэд УИХ, ХЭҮК-оос гадна иргэд хяналт, шаардлага тавьж, дуу хоолойгоо хүргэх нь улам чухал болсоор байна.