Агаарын спортын нэг төрөл болох нисэх загвар Монголд 1965 оноос хөгжсөн түүхтэй. Манай тамирчид чөлөөт нислэг, жолоодлогот, радио удирдлагат төрлөөр хичээллэж, 1970-аад оноос олон улсын тэмцээнд өрсөлддөг болжээ.1977 оноос зарим төрлөөр нь улс, хотын чанартай тэмцээн эх орондоо зохион байгуулж эхэлсэн байна. 1980 онд нисэх загварын тэмцээний дүрэм, цол, зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор оруулсан аж. Дэлхийн агаарын спортын холбоонд манай улс 2010 оны нэгдүгээр сарын 1-нд элсэж, гишүүн нь болсон юм. Энэ спортоор хичээллэж, амжилт гаргасан тамирчид цөөнгүй. Тухайлбал, Төв аймгийн “Залуу зохион бүтээгч төв”-ийн дасгалжуулагч, спортын мастер Ж.Баярбат, тамирчин З.Чингис нар.
Тэд багш, шавь. ОХУ-ын Улаан-Үд хотод “Нисэх загвар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээнийг 2016 онд зохион байгуулахад 120 тамирчин ур чадвараа сорьсноос тавдугаар сургуулийн 8а ангийн сурагч З.Чингис оролцож, F4В төрлөөр 14 хүртэлх насны ангилалд тэргүүн байрт шалгарсан юм. Тус тэмцээнд манай тамирчид багаараа түрүүлж, алтан медаль, цомын эзэн болж байв. Тэгвэл 2017 онд Төвийн бүсийн аварга шалгаруулах нисэх загварын нээлттэй тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 40 гаруй тамирчин таван төрлөөр өрсөлдөхөд насанд хүрэгчдийн F2B ангилалд багш нь түрүүлсэн бол залуучуудынхад шавь нь аваргаар тодорчээ .Тэд ирэх жил Польшийн Варшав хотод зохион байгуулах ДАШТ-д оролцох юм. Багш, шавь хоёртой ярилцлаа.
Ж.БАЯРБАТ: ОНГОЦОО ХЭРХЭН ЖОЛООДОЖ БАЙГААГААC ТАМИРЧНЫ УР ЧАДВАР ХАРАГДДАГ
-Агаарын спортоос нисэх загварынх үзэгчдийн сонирхлыг их татдаг. Та багш, шавьтайгаа олон улсын чанартай тэмцээнд нэг бус удаа оролцсон санагдана.
-Нисэх загварын спорт нас харгалздаггүй. Эл спорт дотроо олон төрөлтэй. Монголын тамирчид F1 чөлөөт нислэг, F2 жолоодлогот, F3 радио удирдлагат төрлөөр хичээллэдэг. Тухайлбал, уран жолоодлогот төрөлд ур чадвараа сорьж, олон удаа амжилт гаргасан Төв аймгийн харьяат Х.Отгонбаатар миний багш. Бид 30 гаруй жил тэмцээнд оролцож байна. Би 2008 оноос “Залуу зохион бүтээгч төв”-ийн дасгалжуулагч багш болсон.
-Онгоцыг нарийн технологи шаардсан материалаар хийдэг тул өндөр өртөгтэй байдаг уу?
-Зарим онгоц хоёр, гурван сая төгрөгөөр үнэлэгдэх нь ч бий. Мэргэжлийн түвшний онгоц 1000-3000 ам.долларын үнэтэй. Хөдөлгүүрийг нь Европын орнуудаас, резинийг нь ОХУ, АНУ-аас захиалдаг. Нислэгийн талбайд алдаа гаргавал онгоцоо ч эвдэх магадлалтай. Амжилт гаргахад хичээл зүтгэлээс гадна туршлага их чухал. Нисэх загварын спортын 16 дасгалыг сурах амаргүй, наанадаж гурван жил зарцуулна. Залуу тамирчдаас сүүлийн үед “Шинэ зуун билэг” сургуулийн сурагч Д.Буяндоржийн ур чадвар их сайжирч байгаа.
-Улаанбаатар хотын тамирчидтай Төв аймгийнхан аваргын төлөө ана мана үзэлцдэг тухай өмнө нь сонсож байлаа.
-Орон нутгаас Төв аймгийнхан хотын тамирчдын хүчтэй өрсөлдөгч болоод байна. Миний хувьд уран жолоодлого бусад төрлөөсөө хамгийн сонирхолтой нь. Тухайн тамирчин онгоцоо агаарт удирдан жолоодож, гэмтээхгүйгээр газардуулах ёстой. Хэрхэн жолоодож байгаагаас нь авьяас, ур чадвар, туршлага нь харагддаг. Манай аймгийн удирдлага, спорт сонирхогчид техник спортын тамирчдаа дэмжиж, тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлдэг тул нисэх загварын спорт Төв аймагт түлхүү хөгжиж байгаа. Тамирчид минь өөрийн гэсэн төв, бэлтгэл сургуулилалт хийх зориулалтын талбайтай.
-Та шавь нараа хэрхэн сонгон авч, дасгалжуулдаг вэ?
-Энэ спортоор тууштай хичээллэдэг шавь нар бий. Тэднээс амжилт гаргасан нь Улаанбаатар хотын болон УАШТ-д тэргүүлж, Азийн аварга шалгаруулах, дэлхийн цом, олон улсын тэмцээнд оролцсон. Манай клубт жилд 20 гаруй хүүхэд хичээллэхээр ирдэг ч тав, зургаа нь л үлддэг. Тамирчин амжилтад хүрэхийн тулд саад бэрхшээлийг даван туулж урагшилдаг шүү дээ. Тиймээс тэвчиж чадсан нь үлдэж, спортын замналаа үргэлжлүүлдэг юм. Нисэх загварын спортын тамирчдын дунд жил бүр А зэрэглэл, спортын цол, зэрэг олгодог тэмцээн зохион байгуулдаг. Энэ спортын уран жолоодлогот төрлийн F2B ангилалд амжилт гаргасан хоёр шавийн минь нэг нь З.Чингис, нөгөө нь Д.Дашдорж. Д.Дашдорж одоо БНСУ-д нисэхийн инженерийн сургуульд суралцдаг. Дэлхийн цомын тэмцээний залуучуудын уран жолоодлогот төрлийн F2B ангилалд шавьтайгаа түрүүлж, аваргын цом гардаж байлаа.
-Амжилт гаргасан шавь нараас тань сайн тамирчин болох ирээдүй хэр харагддаг вэ?
-З.Чингис үеийнхнээсээ хамгийн хичээл зүтгэлтэй нь. Түүнд олон давуу чанар бий. Хэлсэн, зөвлөсөн үгийг маш сайн хүлээж авна. Зан чанарын хувьд тайван, хүлээцтэй, шийдэмгий. Тэмцээнд өмнө нь алдаа гаргасан бол дараагийнхад нь давтдаггүй. Би шавиа мэдрэмж өндөртэй тамирчин гэж үнэлдэг. Онгоцоо нисгэж байхдаа салхины зүг чигийг гайхалтай мэдэрч удирддаг. Тэрбээр тавдугаар сургуулийнхаа багш Ц.Бадамдоржтой F4В төрөлд оролцож түрүүлсэн.
З.ЧИНГИС: ЗОРИЛГОО БОДОЖ, АМЖИЛТ РУУ ТЭМҮҮЛСЭН
-Энэ спортыг яагаад сонгон хичээллэх болов?
-Намайг энэ спортод татан оруулсан хүн бол тавдугаар сургуулийн физикийн багш Ц.Бадамдорж. Багш минь онгоцны загваруудыг хараад өөрөө бүтээдэг юм. Надад нэг өдөр “Техник спортын дүүргийн олимпиад удахгүй болно, чи оролцоод үзээч” гэв. Манай сургуульд олимпиад зохион байгуулахад багш намайг бүх талаар дэмжсэн. Өөрийгөө түрүүлнэ гэж үнэхээр бодоогүй. Түүнээс хойш нисэх загварын спорт сонирхолтой санагдаж, хичээллэхээр шийдсэн юм. Надад уран жолоодлого экстрим төрлийг санагдуулдаг. Тамирчны авьяасаас илүү тооцоолон бодох чадвар шаардана. Би 2018 онд болсон А зэрэглэлийн тэмцээнд амжилттай өрсөлдөж, 2000 оноогоор спортын мастер цол хүртсэн. Намайг амжилт гаргаснаас хойш манай сургуулийн сурагчид энэ спортоор сонирхон хичээллэдэг болсон. Ц.Бадамдорж багш ч шинэ тамирчид төрүүлэхээр хичээж байгаа. Бид 2016 онд ОХУ-ын Улаан-Үдэд болсон нисэх загварын олон улсын нээлттэй тэмцээнд өрсөлдөөд түрүүлж байв. Тэр үед багш механикчаар оролцсон юм.
-Тэмцээнд оролцох онгоцоо өөрөө хийдэг үү, эсвэл гадаадаас захиалдаг уу?
-Онгоцны загвар судлах дуртай. Хамгийн сүүлийн үеийнхээс нь харж байгаад онгоцоо өөрөө бүтээдэг. Монголд онгоцны хөдөлгүүр өндөр үнэтэй. Тэмцээнээс тэмцээнд оролцох тусам туршлагажиж, олон улсын болон ДАШТ-д өрсөлдөж үзмээр санагддаг юм билээ. Дэлхийн цом, олон улсын томоохон тэмцээнд оролцохдоо гадаадаас онгоц захиалдаг. Би одоо оюутан, ШУТИС-ийн нисэх техник, механикийн ангид сурдаг. Өнгөрсөн намар хичээл, сургууль гэж завгүй гүйгээд бэлтгэлээ сайн базаасангүй.