Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор улсын хэмжээнд бүх шатны цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж цахим болон теле хэлбэрээр зохион байгуулж буй. Тэгвэл сурагчдын теле хичээлийн үзэлт болон хүртээмжийн талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-Коронавирусийн халдвар дотооддоо алдсаны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг хязгаарлаад байгаа энэ үед боловсролын байгууллагаас ямар чиглэл гарган ажиллаж байна вэ?
Дэлхий даяар “КОВИД 19” цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор нийтийн эрүүл мэндийн төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг түр болон бүрэн зогсоосноос үүдэн боловсролд урьд өмнө байгаагүй бэрхшээл тулгарч байна.
Өндөржүүлсэн бэлэн байдал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд юун түрүүнд сургалтын хөтөлбөрт суурилсан боловсролын үйлчилгээний /суралцахуйн/ тасралтгүй байдлыг хангах зорилгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг мэдээллийн технологи ашиглан зайн болон цахим, теле хэлбэрээр зохион байгуулж буй.
Теле, цахим хичээлийн чанар, үр өгөөж, хүүхдүүдийн болон эцэг эх, багш ажилтны сэтгэл зүйн нөхцөл байдал, суралцагчдын хичээл хоцрогдлын байдал зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийж, судалгаанд суурилсан төлөвлөлтүүдийг хийж байна. Тодруулбал, “КОВИД 19” цар тахлын эсрэг боловсролын хариу арга хэмжээ нь тогтвортой, урт хугацаанд хэрэгжих, сайн туршлага бүхий баримт, практик, олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж, түүний гол эх сурвалж, холбоосыг багтаасан цогц үйл ажиллагаа байна гэж харж, төлөвлөсөн.
Мөн гэртээ радио, телевиз, интернетэд холбогдох боломжгүй суралцагчид, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хэвлэмэл сургалтын материал, оффлайн агуулгыг дамжуулах, мэдээллийн технологийн энгийн хувилбаруудыг боловсруулж, туршиж байна. Бас бага орлоготой гэр бүлд дэмжлэг үзүүлэх, дижитал төхөөрөмжөөр хангах бодлогыг хэрэгжүүлэх юм.
-Сурагчдын теле хичээлийн үзэлт, хүртээмж хэр байна вэ?
2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн теле хичээлийг Монголын телевизүүдийн холбооны гишүүн 17 телевиз болон Үндэсний Олон Нийтийн телевизүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тус яамтай хамтран нэвтрүүлж эхэлсэн.
Боловсрол, шинжлэх ухааны яам теле хичээлийн ирц, мэдээллийг 7 хоног бүрээр гаргаж, дүн шинжилгээ хийж байна. 2020 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 04-ний теле хичээлийн ирц сургуулийн өмнөх боловсролд 69 хувьтай, ерөнхий боловсролд 73 хувьтай байна.
-Нийт сурагчдын хэдэн хувь нь теле хичээл үзэх боломжгүй байна вэ?
Дээр дурдсанчлан 70 гаруй хувь нь теле хичээлийг үзэж байна. 10 орчим хувь буюу 12 орчим сургууль цахим платформ хөгжүүлж, Microsoft meet, Goggle classroom, ZOOM зэрэг программ, системүүд ашиглан хичээл сургалтаа үргэлжлүүлж байгаа сайн туршлага ч байгаа юм. Харин сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 903 мянган хүүхдийг хамруулсан судалгаагаар 640 мянган сурагчдын 16 орчим хувь нь теле болон цахим хичээл үзэх техникийн боломж, гэр бүлийн орчин бүрдээгүй гэсэн судалгаа байгаа юм. Боломж, нөхцөл байсаар атал теле, цахим хичээлдээ хамрагдахгүй байгаа хүүхэд бас 6 орчим хувь байна гэсэн үр дүн бий.
-Теле хичээл үзэх боломжгүй байгаа эдгээр сурагчдад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Теле болон цахим хичээл үзэх техникийн боломж гэр бүлийн орчинд бүрдээгүй сурагчдад бие даан гүйцэтгэх дасгал, даалгаврыг хэвлэмэл хэлбэрээр бэлтгэн хүргүүлэх ажлыг орон нутгийн боловсролын байгууллагууд багш нараа чиглүүлэн ажиллаж байна.
Мөн сурагчдад сонсох боломжтойгоор эх хэл, түүх-нийгэм, гадаад хэлний хичээлүүдийг аудио хэлбэрээр бэлтгэн хүргэх ажлыг туршин хэрэгжүүлэхээр болсон.
Сургууль, багш, суралцагчийн санаачилсан ажил, хийсэн бүтээл, амжилтыг харуулах талбар үүсгэх, дундын группүүд бий болгох зэргээр туршлагаа хуваалцаж байна. Мөн орон нутгаас 7 хоног бүр мэдээлэл тайлангаа нэгтгэж, үр дүнгээ хуваалцаж байна.
Хамгийн гол зүйл бол танхимын хичээл, сургалтын үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгуулж байгаа энэ үед тэгш боломж, тэгш хамран сургалт буюу технологид суурилсан боловсролын үйлчилгээ нь өнөөгийн боловсрол, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч, хүүхэд нэг бүрд хүрч ажиллахыг зорьж буй.
- Монгол HD телевизээр арван 12 дугаар ангийн сурагчдын хичээл гардаг. Гэтэл нөхөж үзэх гэхээр ori.mn нэвтэрч үзэх боломжтой гэх юм. Энэ нь төлбөртэй байдаг шүү дээ. Үүн дээр тайлбар өгөх үү?
Ахлах ангийн 12 дугаар ангийн хичээл ЕТV телевизээр давхар гарч эхэлсэн. МҮОНРТ давтан гаргаж байгаа. Мөн econtent.edu.mn сайтад байршуулсан. Үүний зэрэгцээ VTV, TM телевизүүдээр элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлүүд цацагдаж байна.
-Багш сурагчдын уялдаа холбоо хэр байгаа вэ? Үүн дээр ямар хяналт тавин ажиллаж байна вэ?
Теле болон цахим хэлбэрээр хичээл сургалт үргэлжилснээр багш нарт танхимын сургалтаас илүү ачаалал ирдэг, цаг зав шаарддаг, дата, интернет гээд сургалтын зардал нэмэгдэж байгаа нь харагдаж байгаа юм. Гэхдээ үндсэн үүргээ багш нар маань ухамсарлан шинэ нөхцөл байдал, шинэ зохион байгуулалтад зохицож, хувийн ур чадвараа сайжруулан хамтран ажилласаар байна.
-Сурагчид гэртээ теле хичээл үзэж байгаа энэ үед эцэг эхчүүдийн оролцоо маш чухал шүү дээ. Иймд эцэг эхчүүд юу дээр анхаарвал зүгээр вэ?
КОВИД-19 бидэнд маш олон асуудлыг олж харах боломжийг өгч байна. Магадгүй танхимын сургалтын үед багш нар боловсролын үйлчилгээний дийлэнх хувийг нуруундаа үүрдэг байсан бол теле болон цахим хичээлийн үед эцэг эхийн оролцоо ямар чухал болохыг бүгд мэдэж байгаа. Танхимын сургалт нээгдсэн ч хүүхдийнхээ боловсролд эцэг эх ямар их үүрэг оролцоотойг, оролцсоноороо ямар үр дүнд хүрч болохыг бүх түвшиндээ олж харж хамтран ажиллах л чухал.
Эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг Насан туршийн боловсролын үндэсний төвд тулгуурлан хэрэгжүүлж байгаа. Хүмүүжлийн эерэг аргын сургалтуудыг насан туршийн боловсролын теле хичээлүүдээрээ давхар нэвтрүүлж байна.
Танхимын сургалтын үед багш дийлэнх асуудлыг нуруундаа үүрдэг байсан бол зайны сургалтад эсрэгээрээ эцэг эх, асран хамгаалагчаас маш их зүйлийг шаардана. Энэ цаг хугацаанд эцэг эхийн анхаарал халамж, чиглүүлэг сайн байх юм бол танхимын сургалт эхлэхэд төдийн хэмжээгээр хоцрогдол багатай, үр дүнтэй суралцах, бие даан ажиллах чадвартай болсон байх болно
-Ярилцсанд баярлалаа