“Бужо хөтөлж сурцгаая” нэртэй гоё, чамин пэйж хуудас анхаарлыг минь ихэд татав. Уг пэйж хуудсанд оруулсан мэдээллүүд гэгээлэг бас өнгөлөг. Унших тусам амжилтад хөтөлж, сайн сайхан руу чиглүүлж, эерэг цэнэг өгөөд ч байх шиг. Админ руу нь чатаар хандаж, бужо хөтлөхөд хэрэгтэй элдэв чамин хэрэгслээ хаанаас авдгийг нь сонирхов. Төд удалгүй хариулт ирлээ. Уриалгахан бөгөөд илэн далангүй хариулжээ. Ахиулаад өөр зүйлс ч асуулаа. Админ нь ахлах сургуулийн сурагч гэдгийг харилцах явцдаа мэдсэн. Яагаад ч юм түүнтэй ярилцах хүсэл төрөв. Үүнийгээ хэлбэл, хэсэгхэн чимээгүй байснаа ээж, ааваасаа асуучихлаа хэмээгээд эргээд ороод ирсэн. Сонгинохайрхан дүүргийн “Өнөр” цогцолборын 10 дугаар ангийн сурагч Г.Аминатай ярилцлаа. Тэрбээр хичээлийнхээ хажуугаар “Бужо хөтөлж сурцгаая” пэйж хуудас хөгжүүлэн, сурагч бяцхан дүү нар, үе тэнгийнхэнтэйгээ өөрийн сурсан мэдсэнээ хуваалцаж яваа хөдөлмөрч нэгэн ажээ.
-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?
Сайн байцгаана уу. Намайг Ганболдын Амина гэдэг. Би 15 настай 10 дугаар ангид сурдаг.
-Хэдийнээс бужо хөтөлж эхэлсэн бэ?
-Бужо хөтлөөд жил гаруйн хугацаа өнгөрсөн байна.
-Бужо хаанаас үүсэлтэйг судалсан уу?
-Пэйж хуудсаа хөгжүүлж эхлэхдээ хамгийн түрүүнд үүнийг судалсан. Бужог хамгийн товчоор “Энгийн бөгөөд зорилготой амьдрах урлаг” гэж нэрлэдэг. Төрөлхийн ADD буюу анхаарал төвлөрлийн эмгэг өвчтэй RYDER CARROL хэмээх дизайнер залуу анх өөрийнхөө амьдралын хэв маягтаа нийцүүлэн энэхүү төлөвлөх аргыг бүтээсэн юм билээ. Өдгөө энэ урлаг мэт хөгжсөөр байгаа юм.
-Бужо хөтөлснөөр хувь ямар давуу тал, чадвар суух вэ?
-Наад зах нь цагийг зөв хуваарилж сурна. Амьдралын зөв хэв маягтай болдог. Эерэг дадал зуршлыг өөртөө суулгах гэх мэт маш их үр өгөөжтэй. Бужо надад олон талын эерэг нөлөөлөл үзүүлсэн шүү.
-Танай ангийнхан дунд Бужо хөтөлдөг, төлөвлөдөг хүүхэд чамаас өөр бий юу?
-Хоёр хүүхэд байдаг, бид хоорондоо бужо санаагаа хуваалцаад их гоё байдаг. Мөн “Bujo event”-д хамт явах зэрэг цагийг үр дүнтэй өнгөрөөхийг хичээдэг.
-Ямар мэргэжилтэй болъё гэж төлөвлөсөн бэ. Бужо хөтөлдөг болохоор тань мэдээж төлөвлөсөн л байгаа даа гэж бодлоо.
-Тэгэлгүй яах вэ. Шүдний эмч болохоор сэтгэл шулуудаад байгаа.
-“Бужо хөтөлж сурцгаая” нүүр ном хөтлөх санаа хэдийд, юунаас улбаалан төрөв.
-Бужо хөтлөөд хоёр сар болоод үр дүнг нь мэдрээд эхэлсэн. Тиймээс энэ гоё зүйлийг бусдад заая. Хамт хөгжье, тэднийг уриалъя хэмээх бодол төрсөн. Тэгээд өөрийнхөө хэмжээнд нээн хөгжүүлж эхэлсэн.
-Үүнийг хөтөлснөөрөө хувь хүний үзэл бодол, амьдралд тань өөрчлөлт гарав уу?
-Амьдрал гарсан өөрчлөлтийг нэг үгээр хэлэхэд маш цэгцтэй болсон гэж хэлмээр байна.
-Нэлээд олон дагагчтай болжээ. Тэд зөвлөгөө өгөөч гэж сэтгэгдэл олонтаа бичсэн харагдсан. Өөрийгөө хөгжүүлж байж бусдад зөвлөх учиртай. Энэ тал дээр хэн чамайг хамгийн их дэмждэг вэ.
-Хүнээс дэмжлэг авах гэж хэлэхээс илүү өөрөө эрэлхийлж хайж, эрж сураглаж мэдээллээ цуглуулахыг эрмэлздэг.
-Ирээдүйн хүсэл тэмүүлэл, зорилгынхоо талаар хуваалцана уу?
-Шүдний эмч болно гэж дээр хэлсэн. Нэгэнт сонгосон юм чинь энэ чиглэлээр маш сайн сурч, мэргэшнэ. Дадлагатай туршлагатай болсныхоо дараа өөрийн гэсэн шүдний эмнэлэг нээн ажиллуулах хүсэл зорилготой.
-Хамгийн сайхан шинэ жил чинийхээр ямар байвал гоё вэ?
-Миний хувьд шинэ жил гэхээр нэн түрүүнд гацуур мод санаанд ордог. Дуртай баяруудын нэг яах аргагүй мөн. Хамгийн гоё бэлэг авдаг баяр. Хамгийн сайхан шинэ жил гэвэл гэр бүлээрээ ширээ тойрон сууж, халуун уур амьсгал бүрдүүлэх л гоё. Яагаад гэвэл одоогийн нийгэмд бүгд сошиал орчинд амьдарч амьд харилцаа бага багаар үгүй болж байна. Шинэ он гарах нэг орой ч гэсэн хамтдаа хөгжилтэй зүйл ярьж, инээлдвэл тэр миний хамгийн сайхан шинэ жил.