ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны хэвлэлийн бага хуралд оролцож, тусгай үүргийн нислэгүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тусгай үүргийн нислэгийг үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан цуцалсан. Өнөөдрийн байдлаар 17 улсад 100 орчим иргэн санхүүгийн хүнд байдалд байна. Бид НҮБ-тай хамтарч ажиллаж 440 гаруй иргэнд санхүүгийн туслалцаа үзүүлж, эх оронд нь авчирсан. Мөн гадаадын улс орнуудаас 2154 хүн яаралтай эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Ойрын хугацаанд 2-3 нислэг хийх талаар судалж байна. Яаралтай ирэх хүсэлтэй хүмүүсийг эдгээр нислэгээр авчирна. Хүнд байгаа байдалд байгаа 100 иргэний заримынх нь тусгаарлах байр, нислэгийн төлбөрийг нь бүрэн дааж авчрах болно. Арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн Хятадаас нүүрсний хязгаарлалт тавьж эхэлсэн. Бид нүүрсний экспортыг тасалдуулахгүйн тулд ажиллаж байна. Монголын талд хийгдсэн PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхөөр яригдаж байна" гэлээ.