БЗД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн халдвар авсан бөгөөд хоёр хүүхэд нь тусгаарлах байрнаас гарч ирээд гэртээ очих гэтэл гэр рүү нь оруулаагүй тохиолдол гарчээ. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Халдвар авсан иргэний хүүхдүүдийг өчигдөр орой шинээр бий болгосон хүүхэд түр хамгаалах байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, аваачаад байна. Тухайн хүүхдүүдийг тусгаарлах байрнаас гараад гэртээ орох гэтэл байрны СӨХ болон иргэд гэрт нь оруулахгүй байсан юм байна.
Өнөөдөр коронавирус тусаад эмчлэгдэж байгаа иргэд болон хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, гутаан доромжлохгүй байх ёстой талаар Цар тахалтай тэмцэх тухай хуульд тодорхой зааж өгсөн байдаг. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр мэргэжлийн анги байгуулан ажиллаж буй" гэлээ.