ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцуулж байна.
Тэрбээр, "Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 19680 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн. Тодруулбал, Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсэн. Долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байна. Сэлэнгэд дөрвөн тохиолдол нэмэгдсэн. Үүний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан. Дархан-Уул аймагт нэг тохиолдол нэмэгдсэн бөгөөд уг тохиолдлын тандалт судалгааны ажлыг явуулж байна. Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй.
Монгол Улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн бол 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байгаа" гэв.