АНУ-д амьдардаг балетчин У.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Сураг нь тод ч бараа нь харагддаггүй тэрбээр эдүгээ балетын олон улсын “World ballet grand prix” уралдааны уран сайхны удирдагч юм. Нийгмийн сүлжээнд хааяа бичих нь жинтэй, Монголын үе үеийн балетчдын хүндлэлийг хүлээсэн түүнийг уншигчдадаа танилцуулахыг хүслээ.
-Холбогдсондоо олзуурхаж байна. Таныг “Балетын домог” гэх юм билээ. Ийм алдар хүндэд хүрсэн замнал, амьдралын тань талаар сонирхож байна. Та хэзээнээс Америкт амьдарч байна вэ?
-1999 оноос хойш энд амьдарч байна. Монголоосоо 1992 онд гарсан юм. Түүнээс хойш эх орондоо дөрвөн удаа, хамгийн сүүлд 2017 онд очсон.
-Бусад хугацаанд бүжиглээд завгүй байв уу?
-Ер нь бол тийм гэх үү дээ. Даруу биш сонсогдох вий дээ, санаа зовж байна. Өөрийгөө товчхон танилцуулъя. Би Улаанбаатарт төрсөн. 1981 онд 12 настайдаа ЗХУ-ын Пермь хот руу Балетын сургуульд суралцахаар явсан юм. Тэр жил найман хүү, найман охин явсны нэг нь би. Сургуульдаа найман жил сурч, 1989 онд төгсөн, улсынхаа Дуурь, бүжгийн театрт хоёр жил хагас ажиллаад, 1992 онд Москвагийн “Русский балет” театрын уран бүтээлч болсон. Тухайн үед Москвад балет тоглодог “Большой театр”, “Станиславский”, “Русский балет”, “Классический балет” гэсэн дөрвөн том театр байлаа. Социалист систем нурж, шинэ тутам ОХУ-д амьдрал сайнгүй болоод эхлэхээр нь олон жил ажилласан театраа орхиод Америкт хүрээд ирсэн. Сайхан орчин, нөхцөл хайсан хэрэг. Монголд ч, Орост ч нэг хэсэг гадаадад, ялангуяа Америкт амьдрах гоё гэж үздэг, моод болоод байлаа шүү дээ. Ирээд “Клийвлэнд Сан Хосе” гэдэг, 52 балетчинтай компанитай гэрээ хийлээ. Оросынхтой харьцуулахад цөөхүүл бүрэлдэхүүнтэй мэт жижиг байгууллага. Оросын Их театр 250, бусад нь 120-140 балетчинтай байсан үе л дээ. Тэнд бол жүжгийн үеэр тайзан дээр сэлэм, жад барьж зогсдог нь ч жинхэнэ бүжигчид байдаг. Тийм мэргэжлийн талбараас сайн дурын уран сайханчдын байгууллагад орчихсон юм шиг санагдаад эхэн үедээ хэцүү байсан. Балетаар Орос илүү гэдгийг мэдсээр байж ирсэн болохоор яая гэх вэ, ажилласан.
-Стресстэж байсан байх нь ээ?
-Ер нь яггүй байсан. Гэсэн ч буцалтай биш, дасан зохицоод амьдрахаас өөр арга байгаагүй. Москвад байхдаа гадаад орнуудаар аялан тоглох үед хоёр сар хагасын хугацаанд 60 тоглолттой байдаг байлаа. Гэтэл энд улирлын тоглолтоор, арванхоёрдугаар сард 7-8, жилд 20 гаруйхан удаа тоглох нь ажилгүй мэт эвгүй. Хэдийгээр принсипал буюу дээд зэргийн гоцлооч ч гэлээ тухайлбал, “Жизель”-д гэхэд ээлжилж гарах нь таалагдаагүй учраас удалгүй чөлөөт уран бүтээлч болсон юм. Тэгж байтал 2003 онд өмнө нь хамт ажиллаж байсан удирдлага В.Гордеев утасдаж, “Харьцангуй завтай болсон юм чинь манайхантай аялан тоглолтод яв л даа” гэснээр Америк, Орос хоёрын дунд хэсэгтээ ирэн, очин бүжиглэсэн. Тайзан дээр тоглохын зэрэгцээ Вашингтон хотын “Кировын балет” сургуульд багшилж байгаад 2008 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсан гэдэг нь өөрийн үүсгэсэн санд 65 нас хүртлээ орлогоосоо тодорхой хувийг хадгалаад байна гэсэн үг.
-“Балетын домог” хэмээх алдар хүнд аль үетэй холбоотой вэ?
-Энэ яах вэ, мэргэжил нэгт уран бүтээлчдийн хэлсэн үг. Хамгийн сүүлд Украины Вадим Писарев “Дэлхийн номер нэг виртуозод төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж бичсэн байсан. Миний 25 жилийн өмнө гаргаж ирсэн зарим үсрэлт, эргэлтийг одоо балетчид хийж эхэлж байгаа болохоор ингэж үнэлсэн бололтой. Тухайн үед би их хэцүү хувилбараар үсэрч, эргэдэг байлаа л даа. Интернэтээс харж болно. Өөрийгөө бусдын хийдэггүйг хөнгөхөн гүйцэтгэж байгаагаа мэддэг байсан. Гэхдээ онгирох юм уу, орон орныхноос илүү байна гэж бардамнадаггүй байлаа. Чадах ёстой л гэж үздэг. Нэг ялгаа бий. Би 23 настайдаа шилбэнийхээ ясанд төмөр суулгуулсан юм. Ачаалал хэрээс хэтэрснээс яс үхжиж, хорхой идсэн мэт болчихсон байсан болохоор мэс засал хийж эмчилсэн. Хөлийн хурууг ч хөдөлгөхөд хэцүү хүнд нөхцөлөөс өндийж дахин бүжиглэсэн. Олон жилийн турш үсрээд буух үед өвддөг байлаа. Гэсэн ч шүд зуугаад л ажилладаг байв. Ийм үедээ ч өөрийн бий болгосон техникийг орхилгүй, “амьтай” байлгасныг миний үеийнхний зарим нь мэддэг болохоор хүндэлдэг байх.
-Тийм өвдөлтийг тэвчиж бүжиглэж л байдаг.
-Ажил юм чинь. Мэргэжлийн дур, өөрийгөө ялан дийлэхийн “өвчин” гэж бий. Балетчид хамгийн тэвчээртэй хүмүүс. ДБЭТ-ын балетын гоцлооч Б.Саруул гэхэд хөлдөө хоёр удаа мэс засал хийлгээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ юу ч болоогүй юм шиг бүжиглэж байна. Театрын бүхий л жүжгийн гол дүрүүдэд олон жил тоглосон түүний хөдөлмөрийг ид ажиллаж буй энэ үед нь төрөөс үнэлдэггүй юм байх даа гэж боддог. Монголд чухал учраас хэлж байгаа юм. Эрүүл мэнд талаас зовлон ижил болохоор би дүүд зөвлөгөө өгдөг.
-Та аргагүй домог юм байна аа. Дэлхийн балетад 25 жилээр түрүүлж алхаж ээ?
-Баярлалаа. Гадаадынхан хэн, хаана, ямар амжилт үзүүлж байсан талаар судалгаа сайтай байдаг. Манайхан төдийлөн анзаардаггүй юм шиг санагддаг. БНСУ-д ажиллаж байгаа балетын гоцлооч О.Ганцоож “Таны тухай ерөөсөө мэддэггүй байж. Бичлэгүүд үзлээ. Та “аймаар” бүжиглэж байжээ” гэсэн. Мэргэжил нэгт нөхөд, дүү нар ойлгосон нь аятайхан санагддаг.
-Орост ажилладаг балетын гоцлооч Р.Булганы амжилтын талаар бичих үедээ та нэлээд бухимдсан байсан. Хүмүүс хов живийг дэвэргэж, хэрэгтэй мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болсон гэсэн байсан уу?
-ОХУ-ын Пермь хотын Дуурь, балетын театрт тус улсын алдарт балетчин Екатерина Максимовагийн нэрэмжит олон улсын уралдааны нээлтэд зориулж шинээр тавьсан “Анюта” балетын гол дүрд тэнд тэргүүлэх гоцлоочоор ажилладаг Р.Булган гуравхан өдөрт бэлтгээд маш өндөр амжилт гаргалаа. Уг дүрийг бүтээх ёстой байсан жүжигчин өвдсөн гэл үү, юутай ч нээлтийн тоглолт нурах аюултай болсон үед тийм богино хугацаанд сураад, бас болоогүй дэлхийн балетын хаан, эдүгээ 80 орчим настай Васильевтай хамт бүжиглэсэн нь манай улсын балетчдын дунд байгаагүй түүхэн амжилт. Гэтэл Монголд энэ тухай огт сонсоогүй юм шиг нам жим байхад нь гайхаад. Балетчид бол мэдсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ дуулаагүй мэт чимээгүй өнгөрөөхөд нь суух аргагүй болоод чадахаараа фэйсбүүкэд дургүйцлээ илэрхийлж бичсэн юм. Сүүлийн үед монголчууд маань анхаарах, ач холбогдол өгөх мэдээлэл аль нь вэ гэдгийг ялгахаа байчихсан мэт. Монгол хүн мэргэжлийн, бараг байж боломгүй өндөр амжилт гаргасан тухай дуулгахад хариу байхгүй. Тэгсэн мөртлөө хэрэггүй, хов жив, хар бараан мэдээ, мэдээлэл, сураг ажигт жигтэйхэн соргог, хөөргөөд л, дэвэргээд л явчихдаг болж. Хийх юмгүй, завтай хүмүүсийн араншин юм болов уу. Битгий ийм муухай байгаач дээ гэж хэлмээр. Р.Булган “Анюта”-гийн гол дүр Анютагийн дүрийг азиудаас анхлан бүтээсэн балетчин боллоо. Мөн балетын хаан Васильевтай бүжиглэсэн анхны монгол эмэгтэй балетчин болсон нь маш чухал үйл явдал. Энэ охиныг Оросын театрын хамгийн нэр хүндтэй “Алтан баг” (Золотая маска) шагналд нэр дэвшүүлсэн байна лээ.
-Энэ “хаан”-тай хамт бүжиглэж байв уу?
-Нэг удаа хамт бүжиглэсэн. Бараг 30-аад жилийн өмнө юм байна.
-Та нэлээд орой гэрлэсэн бололтой.
-Тийм ээ. 2007 онд ханьтайгаа хуримаа хийсэн. 36 настайдаа гэрлэж, 45-тайдаа аав болов. Миний гэргий бас балетчин. Орос, украины эрлийз сайхан бүсгүй бий. Танилцаж үерхэн, олон жил хамт амьдарсан ч эмэгтэй хүнийг тайзнаас нь эрт буулгахгүйг хичээж, гэрлэхийг хойш тавьсаар байсан юм. Бид хөөрхөн охинтой. Хүүхэд минь бас балетаар хичээллэдэг.
-Одоо багшилж байна уу?
-Тийм ээ. Бас зөвлөгөө өгдөг. Орон орноос балетчид байнга холбоотой байдаг.