Нэгдсэн үндэстний байгууллагаас 1981 онд жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сарын 30-нд Нью-Йорк хотноо болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын XIII бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдсон билээ. Уг хариуцлагатай албанд 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, Д.Гэрэл НҮБ-ын 93 гишүүн улсын дэмжлэгтэйгээр хорооны гишүүн болжээ.
-Юуны түрүүнд танд баяр хүргэе. Та уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 2004 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сурч байх хугацаандаа хараагүй болсон. Сургуулиасаа түр завсарласан ч эргэж ороод төгссөн юм. Дараа нь 2013-2014 оны хооронд АНУ-ын Индиана мужийн Нотрдамын их сургуульд Олон улсын хүний эрхийн чиглэлээр суралцаж, магистрын зэрэг хамгаалсан. Одоогоор хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалан ажиллаж байна.
-Та НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдлоо. 2021-2024 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж ажиллах нь. Ажиллах гэж байгаа хорооныхоо талаар мэдээлэл өгөхгүй юү?
-НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй. 18 гишүүнтэй, гишүүд нь дөрвөн жилийн хугацаатай ажилладаг. Конвенцын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүн хүний бүх эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх, тэднийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, түүнчлэн нэр төр, нандин чанарыг хүндэтгэн дэмжихэд оршино. Хорооны гишүүдийн хувьд хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх ёстой. Мөн дээрх конвенцод нэгдсэн улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хэр хангагдаж байгаа талаар хяналт, үнэлгээ хийх үүрэг хүлээнэ. Үүнээс гадна улс орнуудын Засгийн газраас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх рүү чиглэсэн бодлогын хэрэгжилтийн тайланг хянана. Хэрэв дээр дурдсан бүхэн хангагдаагүй улс байвал тухайн улсын Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнөөс шаардлага тавьж, бас зөвлөмж хүргүүлдэг. Шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлыг хөндөж, хяналт шалгалт хийх эрхтэй юм билээ.
-Та өмнө нь Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалж ажилладаг байсан. Тэгвэл одоо дэлхийн хэмжээнд ажиллах нь. Ямар зорилт тавьж ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Тус хороонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хамгаалж, олон жил зүтгэсэн олон улсын экспертүүд ажилладаг юм. Би саяхан Нью-Йоркт болсон хуралдааны үеэр гишүүн боллоо. Монгол Улсаас анх удаа энэхүү хороонд гишүүнээр ажиллах болсон учир манай улсын нэр хүндэд сайнаар нөлөөлсөн гэж бодож байна. Төрөөс гарч буй бодлого, шийдвэр бүрд тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудлыг тусгаж, хэнийг ч хуулиас гадуур орхихгүй байгаасай гэж би боддог. Учир нь энэ нийгмийг олон төрлийн хүмүүс бүрдүүлж байна шүү дээ. Тиймдээ ч миний бие цаашдын дөрвөн жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг төр засгийн бодлогод тусгахад дуу хоолойгоо хүргэж ажиллана. Угаас төр аливаа шийдвэр гаргахдаа тусгай хэрэгцээт хүмүүсийн дуу хоолойг сонсох ёстой. Яагаад гэвэл тэдний хэрэгцээг энгийн хүн мэдэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний дуу хоолой болно гэдэг хурал цуглаанд махан биеэрээ очиж суухын нэр биш. Эхнээс нь дуустал нь оролцож, гаргасан шийдвэр, зөвлөмжийг сонсож, дараа нь хэрэгжилтэд нь хяналт тавьж, шахаж шаардана. Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог баталгаажуулахын төлөө анхаарал тавина гэж боддог. Тэгж байж бидний асуудлыг төр бодлогодоо тусгана. Төрийн бодлого мэдрэмжтэй байвал дараа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн байр суурь нэмэгдэнэ. Дээрээс нь бодлого шийдвэр гараад хяналт үнэлгээг тавих механизмыг сайжруулахад анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байдаг вэ, тэдний эрхийг хамгаалж чадаж байна уу, хяналт үнэлгээ нь сайжирсан уу гээд бодоод үзээрэй. Монголд гоё сайхан хуулиуд баталдаг. Гэвч хэрэгжилт дээрээ уначихдаг. Би дөрвөн зорилт тавьж ажиллана. Тухайлбал, нэгдүгээрт, бодлого, шийдвэрээ гаргахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн, оновчтой мэдрэмжтэй байлгах, хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, гуравдугаарт, хяналт тавих механизмыг хангахын төлөө явна. Дөрөвдүгээрт, би эмэгтэй хүн учраас эмэгтэйчүүдтэй холбоотой асуудалд илүү анхаарна. Мөн хүүхдийн асуудлыг орхигдуулах учиргүй. Яагаад гэвэл багаас нь хүүхдэд боломжийг нь олгоод зөв сургаж, боловсролтой болговол ирээдүйд нийгэмдээ оролцоотой хүмүүс болно гэсэн итгэлтэй явдаг. Ийм учраас дээрх дөрвөн нийтлэг асуудал дээр нэмж хүүхдийн асуудалд ихээхэн анхаарна гэсэн бодолтой байна.
-Дээр дурдсан ажлуудаасаа хамгийн эхэнд алийг нь “барьж авах” вэ. Ямар арга замаар сайжруулах вэ?
-Их олон арга бий. Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын 33.2 дээр тодорхой заачихсан байдаг. Яг энэ конвенцынхоо хэрэгжилтийг хариуцаж ажилладаг бие даасан механизмтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, бусад улс орнууд Хүний эрхийн үндэсний комисстойгоо хамтран конвенцын хэрэгжилтэд хяналт тавьдаг бүтцийг гаргачихсан байдаг. Эсвэл ХЭҮК дотроо яг энэ конвенцын хэрэгжилтийг хангадаг тусгай алба байгуулах юм уу, энэ асуудлыг хариуцсан гишүүнтэй байдаг. Эрх зөрчигдлөө гэж үзсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд асуудлаа тэр газарт тавьдаг. ХЭҮК нь гомдлыг хүлээж аваад маш хурдан хугацаанд газар дээр нь шалгаад шүүхээр шийдвэрлээд эрхийг нь хамгаалдаг үр дүнтэй механизмтай байж конвенцын хэрэгжилт хангагдана. Тэрнээс биш таны эрх зөрчигдсөн, та бусадтай адил шүүхээр яв гэвэл шүүх дээр чинь яадаг билээ дээ. Маш олон бичиг баримт бүрдүүлнэ, өөрсдийгөө нотлох хэрэг гарахаас авхуулаад асуудал олон бий.
-Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн халамжийн бодлого явуулж буй. Энэ нь олон улсын бодлого, баримталж буй чиглэлтэй нийцдэг болов уу?
-Дэлхий нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага нь цаг хугацаа явахын хэрээр өөрчлөгдөж л байна. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хараад “өө энэ чинь юу ч хийж чадахгүй халамжлуулагч, өвчтөн, бусдаар заавал халамжлуулж байж амьдардаг” гэсэн үзлээр ханддаг байсан. Сүүлд конвенц гарснаас хойш энэ ойлголтыг эвдсэн. Ерөөсөө хөгжлийн бэрхшээл гэдэг нь тухайн хүнээсээ хамаардаггүй юм байна. Нийгэм өөрөө хөгжлийн бэрхшээлийг бий болгодог юм байна. Өөрөөр хэлбэл, хараагүй хүн гараад явахад зам нь хүртээмжтэй, сургуульд сурахад брайль номтой гэх мэтээр хэрэгцээнүүд нь хангагдвал болох юм байна.
-Хөгжлийн бэрхшээлийг нийгэм хэрхэн үүсгэдэг гэж?
-Америкт сурсан манай нэг хараагүй хүн ярьж байсан юм. Юу вэ гэхээр АНУ-д байхдаа хараагүй гэдгээ бараг мартдаг гэж. Гараад явахад бүх юм хүртээмжтэй болохоор тэр. Хэрвээ гараад явахад тэргэнцэртэй хүнд зам нь саадтай байвал тэр чинь хөгжлийн бэрхшээлийг үүсгэж байгаа юм. Тийм байгаа учраас хөгжлийн бэрхшээлийг нийгэм үүсгэдэг гэх ойлголтыг төрүүлдэг. Төр засаг бодлого шийдвэрээ зөв гаргаад явбал биднийг халамжлуулагч гэдэг ойлголт төрөхгүй. Яаж энэ хүмүүсийн мөнгийг нэмэх үү, хэрхэн дэмжих үү гэдэг талаасаа биш яаж нийгэмд оролцуулах уу, яаж боловсрол эзэмшүүлэх үү, яаж ажлын байраар хангах уу гэдэг талаас нь харвал зүгээр. Монгол Улсын хувьд бол эрхэд суурилсан хандлага руу явж байгаа. Тэр процесс хэдийн эхэлсэн гэж харж байна. 2016 онд манайх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай болсон. Тиймээс уг хуулийн үзэл санаа нь энэ хүмүүс чинь эрх эдлэгч юм гэдэг суурь зарчим дээр боловсруулагдсан. Тиймдээ ч энэ жилээс төрөөс гарч буй бодлого халамж гэхээс илүү хөдөлмөрт чиглэж байна. Халамжлах биш хөдөлмөрлөх боломжоор нь хангая гээд. Энэ маш зөв. Өөрөөр хэлбэл, намайг гараад явахад зам маань хүртээмжтэй байх хэрэгтэй. Би траншэйны нүх рүү унамааргүй байна шүү дээ. Хараагүй ч таягтайгаа чөлөөтэй явахад туслах сургалт байх ёстой. Таягаа бариад явна гэдэг чинь хүний аюулгүй байдалтай холбоотой техник. Тиймээс таягны сургалт явуулдаг багштай байх ёстой. Сургалтын тогтолцоотой байх ёстой. Зам харгуй хүртээмжтэй байх учиртай. Тэр хүн боловсрол эзэмшээгүй бол ажил хийж чадахгүй. Тэгэхээр сургуулийн орчин хүртээмжтэй байх ёстой. Тэгээд ажил дээр гарахаар хүлээж авдаг байвал бүүр гоё. Хөгжлийн бэрхшээлийн асуудлыг цогцоор нь ярьж байж, халамжаас хөдөлмөр рүү гэсэн зорилт хэрэгжинэ. Тэгэхээр эргээд нөгөө бодлого л яригдана.
-Та бүхний эрхийг хуулиар бүрэн зохицуулж, хангаж чадаж байна уу?
-Эрх зүйн хүрээнд сүүлийн үед боломжийн болж байгаа. Дээр дурдсанчлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуультай боллоо. Бид тэр хуульдаа гол гол үндсэн эрхийнхээ зарчмуудыг тун сайн тусгаж чадсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тусгай сургуульд, эсвэл энгийн сургуульд явах эрхтэй. Сургуульд тэр хүүхдэд зориулсан хүртээмж, ном хэрэгсэл, сургалтын арга зүйг багш нь мэддэг байх ёстой. Дохио, брайль оруулах ёстой гэх мэт бүх суурь заалтуудыг оруулсан байх ёстой. Мөн барилга байгууламж хүртээмжтэй байх ёстой гэх мэтээр хуульд заасан ч хэрэгжүүлдэггүй. Гол нь хууль, эрх зүйн хувьд хандлага зөв. Гэхдээ үүнийг хэрэгжүүлье гээд явахад хөрс суурь тавигдсан. 100 хувь гэж хэлж чадахгүй ч сайжруулах асуудал байгаа.
-Монгол болон өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэтгэл зүй ямар ялгаатай юу?
-Хандлага хамгийн том асуудал болоод байна. Биднийг өрөвдсөн харцаар хардаг. Монгол Улс маань олон жил социализмаар явсантай энэ холбоотой. Энэ асуудалд хэрхэн хандах суурь ойлголт манайд бүрэн төлөвшөөгүй. Гэтэл Европын бусад улс орнуудад хүний эрхийн талаар ойлголт их өргөн. Одоо Америкт хүчтэй шүүмжилж буй зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхалтын асуудал. Намайг автобусанд суух гэтэл жолооч тэргэнцэртэй хүнд налуу шатыг нь буулгаж өгөхгүй бол ялгаварлан гадуурхалт болно. АНУ-д арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхдагт ард түмэн эмзэг ханддаг. Монголд хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхах асуудлыг сүүлийн жилүүдэд ярьж эхэлсэн. Монголд үүнийг төлөвшүүлэхэд хугацаа хэрэгтэй. Бас хүүхдүүдэд багаас нь зөв ойголт өгөх, ойлгуулах ёстой. Тэгж байж үүнийг өөрчилнө. Гэхдээ Монголд бас гайгүй. Суурь байна.
-Монголчуудад суурь байгаа юм чинь хүүхдүүдээ зөв төлөвшүүлэхэд ядах юмгүй юм биш үү?
-Монголд одоогийн байдлаар 107 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн амын 3.4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүрдүүлж байна. Эдгээр 100 мянга гаруй хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлээд хүн шиг аваад явахад ядах зүйл байхгүй болов уу. Монголчуудад ойлгуулаад өгвөл цаашаа гэдэггүй, хийе гэдэг ард түмэн. АНУ-д эрх ярьж шүүхдэлцвэл юмс хурдан бүтдэг. Монголд эрхээ ярьж шүүхдэхээс илүүтэй ойлголт, хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй юм болов уу.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн үржихүйн асуудал их шүүмжлэл дагуулдаг. Жирэмсэн боллоо гэхэд эмч хүүхдээ авахуулсан нь дээр гэж зөвлөдөг гэх мэт. Энэ асуудлыг судалж байв уу?
-Судалгаа хийж үзэхэд эмч нар “Энэ хүн төрнө гэж юу байхав дээ” гэсэн хандлагаар хандсан байдаг. Уг нь дээрх конвенцод хүний нөхөн үржихүйн асуудлыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр үр хөндөх, үрийн суваг боох нь хориотой. Гэтэл манайд оюуны бэрхшээлтэй хүн жирэмсэн болоход тариа хийсэн асуудал гарч байсан. Хүчээр үр хөнддөг асуудал бий бий. Гадаадад шүүхдээд бөөн юм болдог. Гэтэл Монголд шүүхэд ханддаггүй. Хүн ам бага учраас таньдаг эмч гэдэг утгаараа өршөөдөг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрхээ хамгаалуулах тухай ойлголт сул, дээрээс нь эмч нарын энэ талын мэдлэг ойлголт бага байна. Тэгэхээр мэдээж эмч нарын энэ талын ойлголтыг сайжруулах хэрэгтэй. Ташрамд дурдахад, би НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүн боллоо. Монгол Улсаа төлөөлж ажиллана гэсэн үг. Монгол Улсын Засгийн газар дэмжлээ. Гадаад харилцааны яам маш их хүчин зүтгэл гаргасан. Олон Улсын хэмжээний сонгуульд өрсөлдөхөд дэмжиж ажилласанд талархаж байна. ХНХЯ-наас мөн дэмжсэн. 28 хүн өрсөлдсөн юм билээ. Тэр дотроос гараад ирнэ гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар байна гэдэг нь харагдаж байна. Энэ бол том боломж, мөн хариуцлага гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа.