Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Тодруулбал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах үйл ажиллагааны талаар мэдээллээ.
Тэрбээр "12 дугаар сарын 1-ний өдөр програм гацсантай холбоотойгоор 11 дүгээр сарын 29, 30, 12 дугаар сарын 01-нд www.119.mn сайтад бүртгүүлсэн иргэд шинжилгээнийхээ хариуг авах боломжгүй болсон. Бид уг асуудлыг шийдэх зорилгоор үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч иргэдэд мэссэжээр шинжилгээнийх нь хариуг илгээсээр байна.
Тэгвэл дээрх өдрүүдэд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарсан бөгөөд цагдаагийн постууд дээр ажиллаж байгаа албан хаагчдад мэдээлэл очсон. Иргэн та цагдаагийн постод иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулаад шинжилгээний хариугаа харах боломжтой.
Иргэдэд анхааруулахад шинжилгээ өгөхөөр бүртгүүлж, шинжилгээнд хамрагдан хариугаа авснаар орон нутаг руу зорчих ёстой. Түүнээс бус Улаанбаатар хотод шинжилгээ өгөөгүй иргэд орон нутаг руугаа зорчих боломжгүйг албан ёсоор мэдэгдье" гэв.