Монголын хөлбөмбөгийн холбооны Шүүгчийн хэлтсийн дарга, Олон улсын хөлбөмбөгийн холбооны болон Монголын хөлбөмбөгийн I зэрэглэлтэй шүүгч Д.Түмэнбаяртай ярилцлаа. Хөлбөмбөгийн шүүгчийн ажлаасаа зодог тайлсан тэрбээр 17 жилийн туршид 1242 тоглолт шүүжээ.
-Танд ажилдаа хоргодох сэтгэл төрж байна уу?
-Байлгүй яах вэ. Амьдралынхаа 17 жилийг энэ ажилд зориулсан болохоор зодог тайлах шийдвэр гаргахад амаргүй байлаа. Өнөөг хүртэлх хугацаанд хуримтлуулсан туршлагаа ирээдүйг бүтээхийн тулд давуу тал болгож ажиллах нь чухал. Ирэх жил тэмцээн эхлэхээр ажлаа үгүйлж, догдлох байх даа.
-ОУХБХ-ны дүрэмд шүүгчийн насны хязгаарыг тодорхой заасан ч удалгүй хүчингүй болгосон. Уг заалт хэвээрээ болов уу?
-Хоёр жилийн өмнө “45 хүртэлх насны хүн шүүгчээр ажиллана” гэсэн байсныг одоо хүчингүй болгосон. Тухайн хүн шүүгчээр ажиллах шаардлагыг хангаж буй тохиолдолд нас харгалзахгүй.
-Шүүгчийн хэлтэс цаашид бодлогын түвшинд ажиллана гэсэн. Түүн дотор шүүгчдийн тогтвортой ажиллах бололцоог нь хангах тухай байна билээ. Гэтэл энэ улирлаас футзал, талбайн хөлбөмбөгийг салгаснаар шүүгчийн ажил улирлын чанартай болох нь ээ?
-Шүүгч бол мэргэшсэн боловсон хүчин. Янз бүрийн мэргэжилтэй хүмүүс өөрийгөө хөгжүүлэн, чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийх боломж юм. Бидний ирээдүйд мэргэшсэн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд хугацаа шаардлагатай. Тэгэхээр бодлогын түвшинд ажиллах хэрэгтэй боллоо. Саяхан Монголын хөлбөмбөгийн холбоо, ОУХБХ-той хамтраад “Найман жил, найман зорилго” хэмээх төлөвлөгөө боловсруулсан. Шүүгчийн хэлтэс ойрын дөрвөн жилд сургалтад голлон анхаарна. Эхний ээлжинд шүүгчдийг бэлдэх нь чухал. Улмаар дараагийн дөрвөн жилд чанарыг эрхэмлэнэ. Энэ нь бэлдсэн шүүгчдээ дараагийн түвшинд аваачихын төлөө ажиллана гэсэн үг.
-“Шүүгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага байгаа нь тэдний алдааг хаацайлах гээд байгаа юм биш үү” гэх хардлага зарим хүнд байдаг юм билээ.
-Шүүгчийн буруутай үйл ажиллагаанд арга хэмжээ ногдуулсан талаар олон нийтэд төдийлөн мэдээлдэггүй. МХБХ-ны Шүүгчийн хороо дөрвөн гишүүнтэй, шүүгчидтэй холбоотой асуудлуудыг шийддэг. Шүүгч алдаа гаргасан бол хариуцлага хүлээнэ. Ногдуулсан шийтгэлийг мэдээлдэггүй учир олон нийтийн дунд төөрөгдөл үүсэх нь бий. Учир нь дүрмийн хүрээнд энэ талаар мэдээлэх боломжгүй. Шүүгчийн буруутай үйл ажиллагаа нь нотлогдсон тохиолдолд сануулах, тоглолт шүүх эрхийг нь тодорхой хугацаагаар хасах, зэрэглэл бууруулах зэрэг шат дараатай шийтгэл ногдуулдаг. Гэхдээ шүүгчийн алдаа хэзээд санаатай байдаггүй. Хянагч шүүгч тухайн тоглолтод ажиллаж буй шүүгчдийн багийг хянадаг. Тоглолт болгоны дараа хянагч болон талбайн шүүгчийн тайлан гарна. Улмаар хянагч шүүгчийн үнэлгээнээс үндэслээд хариуцлагын асуудлыг шийддэг юм. Тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц шийдвэрийг алдаатай гаргасан бол зайлшгүй хариуцлага тооцно. Үүнд гоол орсон, эсэхийг буруу шийдэх, улаан хуудас өгөх, отон тоглолтоос гоол орсон, эсэх, торгуулийн цохилттой холбоотой шийдвэрүүд багтана.
ШҮҮГЧИЙН ҮГИЙГ ХҮМҮҮС ХУУЛЬ МЭТ ХҮЛЭЭЖ АВДАГ
-Хэдэн жилийн өмнө “Холбооны цом”- ын тэмцээний нэг тоглолтод торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах үеэр “Хоромхон” клубийн эмч буруу шийдвэр гаргалаа хэмээн туслах шүүгч рүү дайрч, улмаар биед нь халдсан.
-Тухайн тоглолтод шүүгч буруу шийдвэр гаргаагүй. Шүүгчийн шийдвэр зөв байсан нь бичлэгээр нотлогдсон. Зөв шийдвэр гаргасныхаа төлөө шүүгч хохирсон. “Шүүгчдээ хариуцлага тооцдоггүй” гэх дайралт маш их байсан. Шүүгч ажлаа зөв хийсэн атал яасан гэж хариуцлага тооцох юм бэ. Шүүгчийн шийдвэр буруу байсан тохиолдолд албан бичгээр тухайн клубт мэдэгдэл хүргэдэг. Тоглолтын үеэр алдаа гарсан даруйд шүүгч шүгэлддэггүй. Тухайн тамирчныг зогсоохын тулд л эсрэг багийн тамирчин нь алдаа хийж байгаа. Тэгэхээр шүүгч алдаа гарсан даруйд тоглолтыг зогсоочихвол цаашид ашигтай довтолгоо хийх боломжийг нь таслах төдийгүй алдаа хийсэн тамирчны зорилгыг биелүүлж буй хэрэг болно. Шүүгч алдаа гарсныг мэдчихээд хоёр секунд хүлээдэг. Гэтэл энэ хооронд хүмүүс орилолдож, шүүгчийг шүглээ үлээснийх нь дараа бусдын амаар шүүлээ гэдэг. Тамирчид шүүгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байснаараа шар, улаан хуудсаар торгуулах нь бий.
-Шүүгчийн хувьд ямар зарчмуудыг баримталдаг вэ?
-Тухайн багийн тамирчид, дасгалжуулагчдын хөдөлмөрийг үнэлж, хүндэлдэг байх ёстой. Тэр түвшинд хүрэхийн тулд ямар их мөнгө, цаг хугацаа зарцуулж, хэр ачаалалтай бэлтгэл сургуулилалт хийж, ямар их өрсөлдөөний ард гарч байгаа вэ гэдгийг ойлгож, тухайн багийнханд хүндлэлтэй хандах нь чухал. Мөн сэтгэл зүйн хувьд хатуужилтай байх ёстой.
-Та 2009-2011 оны хооронд Японд шүүгчээр суралцсан. Япончуудын шүүгчтэй харилцах хандлага ямар байдаг бол.
-Японд суралцах хугацаандаа сургуулийнхаа тэмцээнд шүүгчээр ажилласан. Шүүгч ямар гайхамшигтай хүндлэл хүртдэг болохыг тэнд анх мэдэрч билээ. Тухайн үед Монголд шүүгчээр ажиллахад хараалгаж, доромжлуулж, хөгжөөн дэмжигчдийн дайралтад байнга өртдөг байв. Тиймээс япончуудын хүндлэлийг Монголд бий болгох сон гэх хүсэл сэтгэлд минь жигүүрээ дэлгэсэн. Хүндлэлийг дасгалжуулагч, тамирчин, шүүгчийн хоорондын харилцаа бий болгодог. Тэд хоорондоо дайсан бус,хөлбөмбөгийг хамтдаа хөгжүүлэхийн төлөө яваа нэг баг. Тиймээс бие биенийхээ ажлыг ойлгох нь чухал. Эл спортыг залуучуудад сурталчлахад ч тустай. Сүүлийн үед тамирчдын хандлага эерэг болж байгаа. Энэ нь хөлбөмбөг хөгжиж байгаагийн нэг илрэл. Миний хувьд өөрчлөлтийг хараад урамшдаг. Ганцхан жишээ дурдахад, энэ жилийн “Үндэсний дээд лиг”-ийн аварга “Атлетик 220” клуб өнгөрсөн улиралд шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн шалтгаанаар шар хуудсаар торгуулсан. Гэвч тэд баг доторх ёс зүйн шинэчлэлийг хийж чадсан. Энэ нь тухайн багийн амжилтад, мөн хөлбөмбөгийн хөгжилд эерэгээр нөлөөлж байгаа. Шүүгч ажлаа хийх явцдаа тухайн багийнхны хандлагаас хүндлэлийг мэдэрдэг. Ингэснээр шүүгч, тамирчдын аль аль нь хөлбөмбөгөөс сайхан мэдрэмж хүртэх боломж нээгдэж байгаа юм.
-Таны замналд өнөөг хүртэл эмзэглүүлдэг буруу шийдвэр байдаг уу?
-Бий, бий. Надад тоглолт болгон чухал. Хамгийн мартагдашгүй нь алдаатай шийдвэр байдаг. Миний буруугаас болж тухайн баг хохирч буй учраас маш харамсалтай. Дурсаж яриад байх сайхан зүйл биш л дээ. Сэтгэлд нь сэв суулгах алдаа гаргахгүй байхыг л хичээдэг байлаа.
-Та автобусанд тохиолдсон “их мэдэгч”- ийн балагт явдлынхаа талаар залуу шүүгч нарт сургамж болгох үүндээс ярьдаг даа. Үүнийгээ хуучлаач?
-Шүүгчээр ажиллаад хоёр жил орчим л болж байв. Өөрийгөө шүүгч болчихлоо л гэж бодож байсан үе. ДМЮ клубийн дасгалжуулагч Д.Нанжид “Чи шүүгч юм чинь, нэг юм асууя” гэлээ. Тэгэхээр нь “Өө, асуу асуу” гэхэд “Торгуулийн цохилтоос дамжуулаад гоол хийвэл тооцох уу” гэв. Надад өмнө нь ер тохиолдож байгаагүй зүйл л дээ. “Дамжуулж болохгүй ээ, шууд цохино” гээд хариулчихлаа. Гэтэл автобуснаас буухдаа “Түмээ, торгуулийн цохилтоос дамжуулаад гоол хийж болдог юм шүү” гэж хэлсэн. Тэр үед өөрөөсөө маш их ичсэн. Гэртээ хариад дүрмийн номоо үзтэл, үнэхээр “болно” гэж байна. Энэ үйл явдал надад том сургамж болсон. Шүүгчийн үгийг хүмүүс хууль мэт хүлээж авдаг. Хэрвээ хэн нэгэнд буруу мэдээлэл хэлбэл “Шүүгч хэлсэн болохоор үнэн” гээд итгэнэ. Энэ нь хожим уршиг ихтэй. Тэр явдлаас хойш мэдэхгүй зүйлээ “Би мэдэхгүй байна аа, дүрмийн номоо хараад, эсвэл хүнээс асуугаад хариу хэлье” гэдэг болсон. “Та нарын амнаас гарч буй үг болгон дүрэм. Тиймээс шүүгч нарт “Хэзээ ч мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьж болохгүй” гэж захидаг. Мэдэхгүй байж болно, мартаж болно. Гэтэл хүний асуултад таамгаар хариулбал дараа нь шүүгчээс ам асууна шүү дээ.
-Шүүгч хүнд ойлгомжгүй асуудал гэж байх ёсгүй биз дээ?
-Шүүгч эргэлздэг байж болохгүй. Би “Хэрвээ ойлгомжгүй асуудал байвал нэг тийш нь даруй цэгцэл” гэж шүүгчдэд хэлдэг юм. Ямар нэгэн эргэлзээ байгаа бол маш хурдан шийдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд судла, мэд, асуу. Шүүгчийн шийдэл, шийдвэр үргэлж тодорхой байх ёстой.
-Та нэгэн ярилцлагадаа “Эхнэр минь миний шүүсэн тоглолтуудаас ганцыг нь л үзсэн” гэж ярьсан байна билээ. Тухайн тоглолтын дараа ямар мэдрэмж төрсөн тухайгаа танд хэлсэн үү?
-Миний хувьд чухал тоглолт байсан тул урьж авчирсан юм. Нэг хэсэг хүн муулна, нөгөө нь сайшаана. Муулж байснаа магтана, сайшааснаа гэнэт муулна. Хөлбөмбөг анх үзэж буй тул сонин санагдсан байх. Орой нь “Нэг бол сайшаагаад, эсвэл чамаас муу хүнгүй болчих юм. Яасан хэцүү ажил хийдэг юм бэ” гэсэн. “Та нар тоглолт шүүхээр ирсэн бол зөвхөн тоглолтдоо төвлөр” гэж шүүгч нартаа хэлдэг. Өөрөө ийм шаардлагыг тавьдаг хэрнээ үлгэргүй бол болохгүй шүү дээ.
-Тоглолтын өмнө сэтгэл зүй тань хэрхэн төвлөрдөг вэ?
-Энэ бол хамгийн чухал мөч. Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө ажил дээрээ ирдэг. Хамгийн түрүүнд тоглогчдын нэрийн жагсаалттай танилцаж, тухайн багуудын тоглолтын хэв маяг, онцлогийн тухай боддог. Тоглолт эхлэхээс өмнөх таван минутыг өөртөө зарцуулдаг. Дараа нь шүүгчийн багийнхантайгаа хэрхэн ажиллах тухайгаа ярилцдаг юм.