Бүх нийтээрээ цар тахал тойрсон мэдээлэлд анхаарсан энэ өдрүүдэд нийслэлийн төсвийг хэлэлцэж байна. Монгол Улсын ганц хот, хүн амын тал нь аж төрдөг нийслэл ирэх онд хэдий хэрийн төсөв зарцуулах, үүнийгээ хэрхэн бүрдүүлэх, ямар ажил, бүтээн байгуулалт өрнуулж, иргэдийн амьдрах орчныг яаж сайжруулах гээд Улаанбаатарын уугуул, суугуул хэн бүхэнд хамаатай асуудлууд яригдаж байгаа. Хотын ирэх оны төсвийн талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой ярилцлаа.
-Нийслэлийн төсвийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Ямархуу төсөв орж ирсэн бэ. Ирэх онд нийслэл хэдэн төгрөгийн төсөв зарцуулах нь вэ?
-2020 оны нийслэлийн төсвийг нэг их наяд орчим төгрөгөөр баталсан ч цар тахлын нөхцөл байдлаас болоод татвар хангалттай бүрдээгүй. Нийслэлийн энэ оны төсвийн орлого одоогоор 700 гаруй тэрбумын биелэлттэй яваа. 200 тэрбум орчим төгрөгөөр тасрах төлөвтэй гэсэн үг. Тиймээс ирэх оны төсвийг энэ жилийнхээс 200 тэрбумаар багасган, 820 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, түүнийгээ зарцуулахаар төсөөлж байна.
-Цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүнд нөхцөлд байгаа. Байдал өнгөрсөн жилийнхээс дордохыг ч үгүйсгэхгүй. Орлого бүрдүүлэх талд анхаарал татах шинэ санал, санаачилга гарч байна уу?
-Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан татварын орлогыг энэ жилийнхээр багцаалж, төсөвт төвлөрүүлэх татварын орлогын хэмжээг багасгасныг дээр хэлсэн. Өөр шинэ юм ховор. Орлого бүрдүүлэх талд яагаад ч санал нийлж болохгүй нэг зүйл байгаа нь хүү, торгуулиас 40.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөвт тусгасан явдал. Энэ орлогыг бүрдүүлэхэд замын цагдаа 20.3 тэрбум олж өгөх ёстой гэж байгаа. Хөдөлгөөн зохицуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй замын цагдаа нар нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд иргэдийг торгох үүрэг авна, өдөрт 300-400 мянган төгрөгийн торгууль бич гэсэн үүрэг өгч цагдааг ажилд нь гаргана гэсэн үг шүү дээ. Цагдаа нар энэ үүрэг, төлөвлөгөө биелүүлэхийн тулд хэнийг, яаж торгох вэ гэсэн нүдээр иргэдийг харна гэсэн үг. Энэ нь эргээд иргэдэд юм л бол торгоно, шийтгэнэ гэсэн хатуу нударга болж бууна. Үүнийг би хатуу эсэргүүцэж байгаа. Ийм байх ёсгүй.
-Цагдаа нарт торгууль тавих норм тогтоож өгдөг талаар өмнө нь ч сонсогдож байсан?
-Жил бүрийн төсөвт ийм юм тавьж ирсэн. Үүнийх болих ёстой. Тэдэн тэрбум төгрөгийн торгууль тавь гэж төсөвт суулгах ёсгүй. Эерэгээр бодоход, хүмүүс дүрэм зөрчихгүй, торгууль хүлээх алдаа гаргахгүй бол яах вэ. Төсвийн орлого тасрах уу, алдаа гаргаагүй хүмүүсийг торгох уу гэдэг сонголтод тулна. Нэгэнт төсөвт ингээд тусгачихаар цагдаа нарт өдөрт төдөн төгрөгийн торгууль тавь, тэгэхгүй бол цалинг чинь хасна, арга хэмжээ авна гэдэг ч юм уу, үүрэг өгөөд гаргана. Тэгэхээр хоёр дахь хувилбар руу нь явах магадлал өндөр. Үр дүнд нь иргэд хохирно. Тиймээс энэ маш муу төсөөлөл, ингэж болохгүй гээд байгаа юм.
-40 тэрбум төгрөгийн торгуулийн орлогын талыг замын цагдаа бүрдүүлэх үүрэг хүлээх нь. Үлдсэнийг нь хаанаас бүрдүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Нийслэлийн цагдаагийн газарт 5.4 тэрбум төгрөг тавьсан. Хэв журмын цагдаа нар хүн торгож энэ мөнгийг олно гэсэн үг. Замын хөдөлгөөний удирдлагын төв буюу авто замын камер хардаг нөхдөд 7.5 тэрбум төгрөг тавьсан.
-Торгуулиас тодорхой орлого орж ирэх нь тодорхой. Үүнийг төсөвт суулгахгүйгээр хэрхэх ёстой гэж?
-Зөрчил гаргаагүй хүмүүсийг урьдчилж торгож төсөвт тавих биш, өмнөх жилийн торгуулийн орлогыг дараа жилд нь шилжүүлж, тухайн салбарт нь төсөвлөөд явж болно. Ямар ч байсан заавал ийм хэмжээний торгууль бичих ёстой гэсэн өндөр төлөвлөгөө тавьж, үүрэг өгч хүмүүсийг торгуулах ёсгүй.
-Зарлага талдаа анхаарал татах ямар зүйлс байгаа бол?
-Маш олон зүйл байна. Улаанбаатар цар тахлын хамгийн эрсдэлтэй бүс, маш онцгой нөхцөлд байна. Гэтэл хамгийн гайхмаар нь ирэх жилийн төсөвт “Ковид-19”-тэй холбоотой ганц ч төгрөг тавиагүй. Тэгсэн хэрнээ нөгөө үрэлгэн, дарга нарт зориулсан зардлууд улам өссөн.
Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд гэхэд л 346.1 тэрбум төгрөг зарцуулна. Засаг даргын Тамгын газар, нийслэлийн өмчит үйлдвэрийн 30 гаруй газрын цалин, урамшуулал, ашиглалтын зардал гэх мэтийн тогтмол зардалд зарцуулагдах энэ мөнгө өнгөрсөн жилийнхээс өсөж орж ирсэн. “Ковид-19” гээд айл өрх, аж ахуйн нэгж бүр сорилттой тулгарч, бүсээ чангалж, хэмнэж байхад эд цалин, урсгал зардлаа нэмсэн гэсэн үг. Өөрсдийн цалинг нэмсэн хэрнээ сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн төсвийг 20-30 хувиар танаж, үүнийгээ төсөв хэмнэсэн гэж байгаа. Нийслэлийн Засаг даргын өөрийнх нь шууд удирдлагад байдаг харьяа агентлаг, газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсвийг нэмэгдүүлж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын тогтмол зардлыг хассан нь яаж ч харсан шударга, зөв хандлага биш.
-Ямар газар, агентлагт хэдэн төгрөг нэмж төсөвлөснийг тодруулж болох уу?
-Өмч ашиглалт, удирдлагын газар гэж данхайсан байгууллага бий. Эдний жилийн тогтмол зардал жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Энэ жилийн зардал нь 1.7 тэрбум болж өссөн. Үүний задаргаа байхгүй учраас хэдэн төгрөг нь юунд зарцуулагдаж байгааг бид мэдэхгүй. Хуучин Ерөнхий төлөвлөгөөний газар нэрээ өөрчилж, Хот байгуулалт, хөгжлийн газар болоод, 2.1 тэрбум төгрөгийн төсөв авч байна. Гэтэл тэднийхтэй яг адилхан чиг үүрэгтэй Хот төлөвлөлт, судалгааны институт гэж нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 615 сая төгрөгийн үйл ажиллагааны зардал авах нь. Нэгнээсээ ялгарах юмгүй, яг адилхан үйл ажиллагаа явуулдаг, нэг байгууллага байж болох газрыг хоёр хувааж, тус тусдаа зардал аваад байгаагийн тодорхой жишээ энэ.
Ер нь нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, агентлагууд дарга нарын нэг нэгэндээ өгдөг шагнал болсон. Сонгуульд ажилласан цүнх баригчдаа нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад дарга, менежерээр тавьдаг. Тэгээд тэдэндээ мөнгө төсөвлөж өгдөг. Тухайлбал, Багахангайн мах боловсруулах үйлдвэр байна. Мах боловсруулах, нөөцийн мах бэлтгэх ажлыг хувийн үйлдвэрүүд л нугалдаг болохоос тэр үйлдвэр тийм их үүрэгтэй биш. Хувийн үйлдвэрүүд өөрсдөө зардлаа дааж, ашиг олоод байхад эднийх төсвөөс мөнгө авдаг.
Нийслэлийн төр, захиргааны авто баазад 1.4 тэрбум төгрөг төсөвлөж байна. Төр, засгийн биш, тэргүүнүүдийн биш, нийслэлийн газар, агентлагуудын хурган дарга нарын унааг бэлддэг газар шүү дээ. Энэ жил ядаж ийм их мөнгө зарцуулж машин унахаа больчихож болмоор санагдах юм. Дарга нарын том машинуудад зарцуулах шатахуун, жолоочийн зардал болох 1.4 тэрбум төгрөгийг хэмнэж, өөр зүйлд зарцуулах бүрэн боломжтой. Ямар ч орлого олдоггүй, төсөвт мөнгө төвлөрүүлдэггүй, тэгсэн хэрнээ баахан зардал гаргадаг, хэзээ үр ашиг өгөх нь тодорхойгүй газруудад төсөвлөсөн хөрөнгийг ч эргэж харууштай. Тухайлбал, Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаанд 414 сая, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркт 229 сая, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркт 341, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркт 325, Багахангайн үйлдвэрлэл, технологийн паркт 179 сая, “Улаанбаатар спорт менежмент” компанид хоёр тэрбум төсөвлөсөн.
Мөн Нийгмийн халамжийн сан гээд 2.8 тэрбум төгрөг тавьчихаж. Үүний учрыг олж задлах хэрэгтэй. ХНХЯ гэж босоо удирдлагатай, улсын хэмжээнд халамжийн бодлого хэрэгжүүлдэг, улсын төсвөөс санхүүждэг яам бий. Гэтэл нийслэл дэргэдээ ХНХЯ-тай адилхан чиг үүрэгтэй сан ажиллуулж, ийм их хөрөнгө төсөвлөж, үүнийгээ юунд зарцуулах нь тодорхой бус байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй асуудал. Засаг даргын нөөц хөрөнгө буюу Засаг дарга шууд захиран зарцуулах эрхтэй мөнгө байдаг. Өмнөх жил үүнд долоон тэрбум орчмыг төсөвлөж байсан бол энэ онд 11.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө сар бүр нэг тэрбум төгрөг шууд захиран зарцуулах нь. Энэ бол маш их мөнгө. ИТХ-аар хэлэлцүүлдэггүй, Засаг дарга дур мэдэн үрэх энэ их мөнгийг танаж, өөр хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой.
-Газар, агентлагуудын төсвөөс гадна тодорхой ажил, арга хэмжээнд зориулж багагүй мөнгө тавьдаг. Энэ жилийн тухайд шаардлагагүй ажил, арга хэмжээнд зориулсан төсөв байна гэж харж байна уу?
-Байна аа. Халаалтын зуухны үнийн зөрүүнд 1.3 тэрбум төгрөг төсөвлөсөн харагдсан. Хаанахын, ямар халаалтын зууханд ийм их мөнгө төсөвлөсөн нь сонирхол татаж байна. Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх арга хэмжээ зохион байгуулахад 2.9 тэрбум төгрөг зарцуулахаар оруулж ирсэн. Цар тахлын үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад ийм их мөнгө төсөвлөх нь оновчгүй. Энэ мөнгийг өөр зүйлд зарцуулах хэрэгтэй. Түүнчлэн юунд зарцуулах нь тодорхойгүй, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх арга хэмжээ” гээд 4.5 тэрбум, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал” гээд 1.4 тэрбум төгрөг тавьсан байна. Өнөөдөртөө Улаанбаатарт юу юугүй хамгаалалт, нөхөн сэргээлт хэрэгтэй болж, аюулын харанга дэлдсэн газар байхгүй, энэ бол нэг жилдээ тэвчиж болох зардал. Үүний оронд иргэдийнхээ амьжиргаа, дархлаа, эрүүл мэндийг нөхөн сэргээх хойшлуулшгүй шаардлага бий. Хоол хүнсгүй, түлэх түлшгүй болсон иргэд нийслэлийн хаа сайгүй байгаа биз дээ.
-Нийслэлийн төсвийн зардлаас хэдийг хэмнэж, өөр зүйлд зарцуулах боломжтой талаар тооцож үзсэн болов уу?
-Дээр дурдсан зардлуудыг хэмнэж болно, нийтдээ 200 шахам тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэж харж байгаа.
Хэмнэсэн мөнгөө илүү үр ашигтай зүйлд зарцуулах хувилбар ч байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд энэ жил 138.8 тэрбум төгрөг тавьсан. Нийслэлийн иргэдийн татвараас бүрддэг энэ мөнгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд авдаг. Тэгээд иргэдээс 500 төгрөгийн төлбөр авч үйлчилдэг. Төсөвт тавьсан 138.8 тэрбум төгрөг нийтийн тээврийн нийт зардлын 70 хувь гэж тооцдог. Тэгвэл үүн дээр үлдсэн 30 хувь буюу 40 орчим тэрбум төгрөгийг нэмж төлөөд, нийтийн тээврийг үнэгүй болгочих боломжтой. Ингэвэл цар тахлын хүнд үед иргэдэд зохих дэмжлэг болохоос гадна нийслэлийн хамгийн том асуудал болох замын түгжрэлийг багасгахад нэмэртэй.
-Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нэмэгдсэн. Энэ нь нийслэлийн төсөвт нөлөөлж байгаа юу?
-Нийслэл улсын төсөвт 420.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Өмнө нь 200 орчим тэрбум төгрөг өгдөг байсан. Улсын төсвийн ихэнх хөрөнгө оруулалт Ерөнхий сайд, Сангийн сайдын нутагт тавигддаг гэхээр нийслэлийн иргэдийн төлсөн татвар Хэнтий, Увс аймагт зарцуулагдаж байна гэсэн үг. Уг нь иргэд өөрсдийн амьдрах орчныг сайжруулах, аюулгүй, таатай байлгахад зарцуул гэж татвар төлдөг. Төр тэр зориулалтаар нь л зарцуулах ёстой. Гэтэл таны мөнгөөр Хэнтий аймгаас сонгогдсон Ерөнхий сайд, Увс аймгаас сонгогдсон Сангийн сайд нар тойргоо тойглоод байна. Үүн дээр нийслэлийн Засаг дарга дуугарч, энэ мөнгийг нийслэлд зарцуулъя, энд асуудал их байна гэж хөөцөлдөх ёстой юм.
Бас нэг инээдтэй тоо гарч ирсэн. 360 мянган хүн амтай Баянзүрх дүүрэг жилд нийслэлийн төсөвт зургаа орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Харин 340 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн төсөвт мөнгө өгөхгүй, харин эсрэгээрээ жилд 10 тэрбум төгрөгийн татаас авдаг. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийнхний нийслэлийн төсөвт өгсөн мөнгөнөөс Сонгинохайрхан дүүргийнхэн авдаг гэсэн үг. Гэтэл энэ жилийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг харахаар Баянзүрх дүүрэгт есөн нэр төрлийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Сонгинохайрхан дүүрэгт 18 нэр төрлийн 16.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж. Яагаад гэвэл нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, түүний нэгдүгээр орлогч, төсвийн төсөл боловсруулах ажлыг хариуцаж буй Ж.Сандагсүрэн нар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Тэгш бус хуваарилалт хийснийх нь учир энэ. Ашиг сонирхлын зөрчил гаргаж, тойрогтоо илүү хөрөнгө төсөвлөсөн хэрэг.
Эцсийн эцэст бид өөрийн амьдрах орчныг сайжруулах гэж татвар төлж байхад тэр мөнгө Ерөнхий сайд, нийслэлийн Засаг даргын тойрог руу урсаад байх яаж ч бодсон шударга биш. Харамсалтай нь манайд ийм л явдал болдог. Нийслэлийн төсөв дээр ч энэ нь үргэлжилж байна.