Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Өнөржаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Яг одоо” аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэгчидтэй хэрхэн тэмцэж буй талаараа мэдээлэл өгсөн юм.
-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Энэ өдрүүдэд жендерт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхээр ажиллаж байна. Үр дүнд нь зарим хохирогчид хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлж, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүллээ. Мөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Яг одоо” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх аянд нэгдсэн. Арваннэгдүгээр сарын 25-ны өдрөөс энэ сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран цөөнгүй ажил зохион байгуулсан. Аяныг маань Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл дэмжин ажиллаж буй.
-Аяны хүрээнд хийсэн гол ажлаа ярина уу?
-Аяны хүрээнд зургаан заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлсэн. Төлөвлөгөөний хамгийн гол ажил нь Баянгол дүүргийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Түр хамгаалах байрыг шинээр ашиглалтад оруулах зорилт байна. Бид дүүрэгтээ Түр хамгаалах байртай болсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон хохирогч, хүүхэд, эмэгтэйчүүдэд хариу үйлчилгээг шуурхай үзүүлэхээс гадна тэдний зөрчигдсөн эрхийг түргэн шуурхай сэргээх мөн хорооны хамтарсан багийн үйл ажиллагаанд чухал хэрэгтэй ажил болох юм.
-Хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хэр ирэв?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл цөөнгүй ирдэг. Тухай бүрд нь очиж тусламж үзүүлэн, хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэдэг. Хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос хойш манай 102 дугаарын утсанд хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 113 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 61 дуудлага мэдээллийг гомдол мэдээллийн бүртгэлд авч хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл тодорхой хувиар багассан.
-Танай хэлтэс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй хүмүүсийн судалгааг гаргасан уу?
-Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй этгээдийн судалгаа гаргасан. 2020 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй 171 иргэнийг хяналтад авч, өөрсдийг нь болон ар гэрийнхнийг нь сургалтад хамруулж, жендерт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар мэдээлэл өгсөн. Мөн хохирогч хаана хандах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл ямар хариуцлага тооцох талаар тодорхой хэлж, анхааруулга өгсөн. Өдгөө хороо хариуцсан хэсгийн байцаагч, хорооны цагдаа нар тэднийг дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлж, хяналт тавин ажиллаж байна.