Тайзны олон уран бүтээлд тоглож, сонирхолтой дүрүүдээр үзэгчидтэй уулзаж буй жүжигчин Б.Одгэрэлийг ярилцлагадаа урилаа.
-Урлагт дуртай байх, урлагийн мэргэжил сонгон түүгээрээ амьдрах гэдэг өөр өөр ойлголт. Урлагийн чухам юунд татагдаж, энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Багадаа зурдаг, шүлэг бичихээр оролддог, үндэсний дээл, гоёлын хувцас урлаж уралдаанд сойдог, сургуулийнхаа урлагийн үзлэгт ч идэвхтэй оролцдог, олон зүйл сонирхдог байлаа. Эмээ минь их шүтлэгтэй. “Сүрхий мэддэг хүн бий гэнэ. Чамайг үзүүлнэ” гээд намайг ахлах ангид байхад дагуулаад явсан юм. Тэр хүн “Урлагийн хүн болох хүүхэд байна” гэж билээ. Тэгэхэд л “Нээрэн, жүжигчин болбол яадаг бол” гэж бодсон. Мэргэжлийнхээ үнэ цэн, утгыг мэдэхгүй шахам урлагийн сургуульд элссэн ч суралцах хугацаандаа дурлаж, ууссан даа. Одоо эмээдээ их баярладаг юм. Миний эмээ 90 гаруй настай буурай бий.
-Уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлэв?
-Хамгийн анх “Цагдаагийн тангараг” киноны туслах дүрээр камерын өмнө гарсан. Гуравдугаар дамжааны оюутан байхдаа эмэгтэй шилдэг жүжигчний шагнал хүртэж, мэргэжлийн уран бүтээлчдээс урмын үг сонсон, ажлын санал ч авч байлаа. Сургуулиа төгсөөд UBS телевизээс зохион байгуулсан “To be or not to be” уралдаанд амжилттай оролцож, Төрийн шагналт Д.Сосорбарамын “Төгс” жүжиг, Р.Алтансүх агсны “Хунгийн сүүлчийн дуу” кинонд тоглосон.
-Дэлгэцийн уран бүтээлд тоглож тэр бүр харагдахгүй юм. Кино найруулагчдаас санал хэр их авдаг вэ. Хамгийн сүүлд ямар кинонд тоглов?
-“Black box” театрын найруулагч С.Мягмарын бүтээл “Зэрлэг агийн үнэр дундуур” кинонд ажилласан. Өнгөрсөн хугацаанд УДЭТ-т ажиллаж байсан учраас киноны санал ирсэн ч тоглох боломж гардаггүй байлаа. Дэлгэцийн уран бүтээлд тоглохын тулд үндсэн ажлаасаа чөлөө авч, шалтаг тоочиж чаддаггүй байв. Нэг зүйлээ л тууштай, чанартай хийхийг эрмэлздэг, хуучинсаг үзэлтэй хүн шүү дээ, би. Одоо бол тайзнаас таашаал авахын хажуугаар дэлгэцийн уран бүтээлд тоглох хүсэл оволзож байна. Сайн зохиолтой уран бүтээлд зөв сэтгэлгээтэй хамт олонтой ажиллахад бэлэн.
-Дэлгэцийн уран бүтээлийн ямар дүрээр үзэгчидтэй “уулзах”-ыг хүсэж байна вэ?
-Дүр голох эрхгүй шүү дээ. Жүжигчин хүн таашгүй оньсого мэт байж, нэг л янзаараа харагдахаас “зугтах” хэрэгтэй байх. Уг нь би нэлээд зөөлөн зантай. Гэтэл найруулагч нар надад эсрэг болоод хатуу, чанга эмэгтэй, наснаас минь арай ахимаг хүний дүрд тоглуулах санал ихэвчлэн тавьдаг. Уг нь би өөрөө хөгжилтэй, дүрсгүй дүрд их дуртай. Инээдмийн төрлийг хөнгөн, амархан гэж үздэг хүмүүсийн эсрэг бодолтой явдаг. Хэн дуртай нь үзэгчдийг инээлгэж чаддаггүй, хошин мэдрэмж хүн бүрт заяадаггүй.
-Ямар төрлийн дүр, кинонд огт тоглохгүй гэж боддог вэ. Жишээ нь, эротик кинонд тоглуулах санал ирвэл яах бол?
-Зохиол нь таалагдвал ямар ч төрлийн уран бүтээлд ажиллаж чадна. Эротик кино байсан ч зохиол нь таалагдаж, тухайн дүр санаанд минь бууж, мэдрэгдвэл татгалзахгүй. Гэхдээ олон шаардлага тавьж байж ажиллах байх.
-Ном уншиж, кино, жүжиг үзэж, бусад уран бүтээлчийн ур чадвараас суралцан, өөрийгөө хөгжүүлдэг байх. Та ямар төрлийн ном, кинонд шимтдэг вэ?
-Зөвхөн уран бүтээлч, мундаг хүмүүс гэлтгүй эргэн тойрон дахь бүх хүнээс суралцдаг. Хүн бүрт бусдыг татдаг чадвар, авууштай чанар бий. Оюутан байхдаа хурц өрнөлтэй зохиол, кинонд дурладаг байлаа. Яваандаа сонгодгуудтай “танилцаж”, Л.Н.Толстой, А.П.Чеховын бүтээлүүдэд дурласан. Одоо бол Жан Поль Сартр, Эжен Ионеско нарын зохиолчийн гүн ухааны бүтээлүүдэд автаж байна. Анзаарах нь ээ, энгийн, энгийнээс энгийн зүйлд илүү дурлаад байгаа юм уу даа. Гоёчилсон биш, энгийн атлаа найруулагчийн уран шийдэлтэй кинонд шимтдэг болсон.
-Та Сугарын Болормаа багшийн шавь байх аа. “Зэрлэг агийн үнэр дундуур” кинонд багштайгаа хамт тоглосон гэж сонссон. Эл уран бүтээлийнхээ тухай яриач?
-КУДС-ийг С.Болормаа багшийнхаа удирдлагад төгссөн. Би өсвөр насандаа ээжийгээ алдсан юм. Ээжийн хайр, халамжаар дутаж явсан надад багш минь ойр дотно ханддаг байлаа. Одоо ч би багшдаа эрхэлдэг хэвээрээ. Багштайгаа “Зэрлэг агийн үнэр дундуур” кинонд эгч, дүү болж тоглох завшаан олдсон. Киноны зургийг Дундговь аймагт авхуулсан. Кино судлаач, шүүмжлэгчдээс нэлээд өндөр үнэлгээ аваад буй.
-Дээр дурдсан “То bе or not tо bе” уралдаанд оролцсон нь танд ашиг авчирсан уу?
-Ашигтай байлгүй яах вэ. Өөрийгөө хөгжүүлж суралцсан, найз нөхдийн хүрээгээ тэлсэн. Хамгийн гол нь уг уралдаанд оролцсоноор УДЭТ-т ажиллах үүд нээгдсэн гэж боддог.
-УДЭТ-д хэдэн жил ажиллачихав. “Улаан байшин” таныг уран бүтээлчийн хувьд хэрхэн өөрчилсөн бэ?
-Долоон жил ажиллалаа. Тэнд ажиллах хугацаандаа оюун санаа, үзэл бодол, дотоод хүч, мөн чанараа улам хөгжүүлж чадсан гэж боддог. Харагдах үзэмж, бодит байдал өөр л дөө. Би өнөөдрийг хүртэл худал зан, хөнгөн чанараар итгэл үнэмшлээ солихгүй байхыг хичээсээр ирсэн. Аз жаргалын мэдрэмж хүнд өөр өөрөөр ирэх юм. УДЭТ-т орохдоо хөл газар хүрэхгүй баярлаж, аз жаргалтай байлаа. Тэндээс явахдаа ч аз жаргалтайгаар гарсан. Учир нь өөрийгөө улам хөгжүүлэх, өөрөөр харуулах, сорих хүсэлдээ хөтлөгдсөн учраас. Ажлаа аз жаргалтайгаар хийх нь хамгийн үнэт мэдрэмж шүү дээ.
-Та “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын уралдаанд оролцож, эсвэл их л шимтэн үзэж харагддаг. Жүжгийн энэ төрөлд дурласан бололтой?
-“Ялагчдын цуваа” анхдугаар наадамд түрүүлж, үндэсний ялагчаар шалгарч байлаа. Нэг хүний жүжгийн төрөл жүжигчинд хөгжих, өөрийгөө нээх, батлах боломж олгодог. Энэ төрлийн уран бүтээл үзэх ч, тоглох ч дуртай.
-Өнгөрсөн хугацаанд УДЭТ-ын уран бүтээлүүдээс гадна “Black box” театрын “Тамын хаалга”, “Хоёр хүний дэмийрэл”, “Жаалхүү” фильмийн найруулагч Л.Таванбаярын “Эгч, дүү хоёр”, “Альфа” театрын “Фауст” гэхчлэн жүжигт тоглолоо. Өөр өөр төрлийн эдгээр уран бүтээл танд ямар мэдрэмж төрүүлж, туршлага үлдээв?
-Мэдээж өөр өөр тайзан дээр тоглох нь сонирхолтой. Ажиллах арга барилын хувьд ч ялгаатай. Жишээ нь, УДЭТ-ын тайзан дээр зөвхөн урагшаа чиглэлтэй тоглодог бол “Black box”-т жүжигчнээс дөрвөн талт тоглолт шаарддаг. “Эгч, дүү хоёр” жүжгийг гэхэд л кофешопт тоглосон. Энэ нь жүжигчин хүн хаана ч ур чадвараа үзүүлэх боломжтойг харуулна. Үзэгчдийн дунд тэгж тоглох нь жүжигчинд илүү мэдрэмж төрүүлдэг юм билээ. “Альфа” бол пост драм төрлөөр уран бүтээл туурвих шинэ театр. “Фауст”-д мундаг чадалтай жүжигчидтэй, найруулагч М.Батболдтой ажилласандаа олзуурхаж байгаа. Цаашдаа ч олон өөр газарт тоглож, суралцмаар байна. Хэнд ч зэмлүүлэхгүй зүгээр сууснаас зогсолтгүй ажиллаж, мэргэжлийн шүүмжлэл сонсох нь залуу уран бүтээлчид хэрэгтэй гэж боддог.
-Одоо тайзны ямар уран бүтээлд шунаж байгаа вэ?
-Хөгжимт жүжигт тоглохыг мөрөөддөг. Одоогоор шинэхэн театрын анхны уран бүтээлд тоглох санал ирсэн. Гэхдээ ярихад эртдэх байх. Мөн “Альфа” театр Майк Бартлетын “Хайр, хайр, хайр” жүжгийг хүргэхээр төлөвлөсөн. Уг уран бүтээлд оролцоно.
-Уран бүтээл гэдэг хамтын хөдөлмөр ч гэлээ хувь уран бүтээлч өөрийгөө бэлтгэх, хариуцлагатай байх нь хамгийн чухал мэт санагддаг. Та шинэ дүрийн санал аваад өөрийгөө, сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Таргалж, турах зэрэг харагдах байдлаас авхуулаад сэтгэл зүйгээ ч бэлдэнэ. Дүрээ судална, төсөөлнө, заримдаа ажиллах дүрээ зурчихсан суух нь ч бий. Ноогдсон дүр, ажлаа чанартай хийхийг л хүсдэг.
-Тайзан дээр алдаа гаргаж үзээгүй жүжигчин бараг байхгүй байх. Гэхдээ тэр нь хожим дурсамж болоод үлддэг. Танд тийм хөгжилтэй дурсамж бий биз дээ?
-Инээдтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг, эвгүй байдалд орох үе бий. “Тэнгэрийн хүү” жүжигт би Модунд харвуулаад нэлээд өндрөөс доош унадаг хэсэгт тоглодог байв. Уг нь миний унах хэсэгт зузаан гудас тавьчихдаг. Нэг удаагийн тоглолт дээр гудасныхаа хажууд уначихсан. Их өвдсөн ч жүжиг үргэлжилж буй учраас тэсэхээс аргагүй. Тайзны ар луу мөлхөөд орж байлаа.
-Ахмад уран бүтээлчид “Жүжигчин болохын тулд эхлээд маш зөв хүн болж төлөвших хэрэгтэй” гэлцдэг. Таныхаар жүжигчин хүн ямар зан чанар, дадлыг өөртөө заавал төлөвшүүлэх ёстой вэ?
-Юуны түрүүнд бусдад тохиолдсон баяр гуниг, жаргал, зовлонг чин сэтгэлээсээ ойлгож, мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатар “Зовлон үзсэн хүн хэнд ч дийлдэшгүй агуу уран бүтээлч болдог. Тэр бүх мэдрэмжийг биеэрээ мэдэрсэн учраас” гэж надад хэлсэн нь санаанаас гардаггүй.
Бэлтгэсэн: А.Тайшир