Р.Баатархүү нарын нэр бүхий 30 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний 08.30 цагт товлогдсон байсан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 21-ний 08.30 цаг хүртэл хойшлуулав. Учир нь дээрх шүүгдэгчдээс 10 нь Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад хөл хорионд орсон ажээ.
Хэргийг сануулбал, дээрх нэр бүхий этгээдүүд Ховд аймгийн Цэцэг суманд байрлах “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан нь тогтоогдсон. НПГ-аас тус хэрэгт холбогдох хуулийг үндэслэж, яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.