“Алганы хээ”, “Сүүтэй уулын савдаг” романаар уншигчдын танил болсон зохиолч Б.Эрхэмбаяртай ярилцлаа. Санхүүч, банканд өндөр албан тушаал хашиж ирсэн, өдгөө Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гадаад харилцааны зөвлөх түүнээс утга зохиолын салбарт өөрийн гэсэн дуу хоолой, байр суурьтай болох хүртэлх замнал, бичиж, туурвихын амтанд орж, улмаар олон улсын тавцанд өрсөлдөхөөр төлөвлөх хүртлээ урлагт хүчин зүтгэх болсны учрыг асуулаа. Санхүүч зохиолч лав “Сүүтэй уулын савдаг” бүтээлээрээ уул, ус, улмаар байгаль эхээ төрсөн эцэг, эхийн адил энэрэн хайрлах, хамгаалан, харамлахын ухааныг орчин үеийн амьдрал, өнөөгийн хүмүүсийн оршихуй, хандлага, зан төлөвийн харилцан хамаарал дундаас товойлгон харуулжээ. Уншигчдын талархан хүлээж авсан романаа уран сайхны кино болгохоор зохиолч сэтгэл шулууджээ. Ингэснээр эх болсон дэлхийгээ хүүгийн ёсоор хайрлаж, улс үндэстнээрээ өнө удаан эв найртай амьдрахын учрыг хүн төрөлхтөнд ойлгуулж, монголчуудын уул, усаа эрхэмлэн дээдэлж, зарим нь амь нас, хувь заяагаа энэхүү тэнгэрлэг үйлсэд даатгасан байдаг талаар хэлж, таниулахыг зорьсон гэнэ. Тэрбээр өөрөө продюсероор ажиллах бөгөөд хамтрах уран бүтээлчдийн багаа сонгоод буй аж.
Бичиж, хав дарсан өгүүллэгүүдээ утга зохиолын салбарын хоёрхон танил зохиолч М.Эрдэнэбат, зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр нарт уншуулж, зөвлөгөө өгөхийг хүсэхэд эхнийх нь “Болмоор юм байна. Чи тэгээд өөртөө л зориулж бичээд байдаг юм уу. Бичлэгийн хэв маягаа хэдийн олсон байж, яагаад ингэж хадгалдаг юм бэ, гаргаач” гэхэд нь зориг орж, 20-иод жилийн хугацаанд бичсэн өгүүллэгүүдээсээ дээжлэн “Тасдаж үл болох сарнай” хэмээх номоо хэвлүүлж байжээ.
-Утга зохиолын салбарт хожуухан хөл тавьсан ч ширүүхэн дайрах мэт эрч хүчтэй ажиллаж эхэлсэн талаар тань дуулаад уулзах сэтгэгдэл төрлөө. Та өөрийгөө танилцуулна уу.
-Би банкны мэргэжилтэй. 1994 онд МУИС-ийн банк санхүүгийн ангийг төгссөн. Тухайн үед бид зах зээлийн эдийн засгийн анхдагчууд болж байлаа. Сургуулиа төгссөн цагаас хойш Худалдаа хөгжлийн банкандаа ажилласан. Дунд нь гадаадад суралцаж ирсэн юм. Ардын банк гэж байхад нь ажилд орж, хоёр жил болоод Швед улсын Стокхолмын их сургуульд суралцаж, эдийн засаг, санхүүгээр мэргэшсэн. Сургуульдаа магистраар үргэлжлүүлэн суралцаж дүүргээд 2002 онд цолоо хамгааллаа. Тэндээ хувийн, хэлцлийн санд нягтлан бодогч, оффисын менежер зэргээр гурван жил ажиллаад ирсэн. Зах зээл өрсөлдөөнтэй, тиймдээ ч гадаадын хүмүүст томоохон банканд мэргэжлээрээ ажиллах боломж хомс байсан болохоор олдсон ажлаа хийсэн юм. Санхүүгийн чиглэлийн ажил эрхэлж байсан минь аз гэж боддог. Маш их дадлага, туршлага болсон. 2005 онд ирээд, ажилдаа буцаж орсон цагаас хойш банкныхаа гадаад харилцааг өргөжүүлэх, бонд гаргах, гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт зэргийг хариуцах багт хүчин зүтгэж ирлээ.
-Хэзээ зохиолч болов?
-Зохиолч гэдэг бол их нэр хүндтэй алдар. Өөрийгөө зохиолчийн түвшинд хүлээн зөвшөөрөх хэцүү. Уншигчид бол гаргасан ном таалагдвал “Зохиолч, зохиолч оо” гээд эхэлдэг юм билээ. Миний хувьд өөрөө өөрийгөө зохиолч гэж бодох, дүгнэх, энэ өнцгөөс аливаад хандах амаргүй байсан. Шүлэг, өгүүлэл нэлээд бичиж, блог хөтөлж, байнгын харилцагчидтай болсон ч “Сүүтэй уулын савдаг” романаа бичиж, олон нийтэд уншуулсны дараа, тэдний зүгээс ирсэн хариу үйлдлүүдэд санаа амарснаар сая бусад хүн намайг зохиолч гэж хэлэхэд эвгүйцэхээ больсон. Энэ бүтээлийн мөрөөр уншигчдын уулзалт хийе гэсэн хүсэлт нэлээд ирж байв. Зарим газарт нь очсон. Банкны ажил их болохоор тэр бүр явж чадахгүй ээ. Ингээд хоёр талаас харилцаа үүсээд ирэхээр, мөн өөрийнхөө бичсэнд буюу бүтээлдээ бүрэн дүүрэн итгэлтэй, өөрөөр хэлбэл, нүүр бардам байхаар өөрөө өөрийгөө зохиолч гэж хүлээн зөвшөөрдөг юм шиг. Чухал, хариуцлагатай даваагаар давж л явна.
-Шүлэг, өгүүллэг хэзээнээс оролдож байна вэ?
-Бүр багаасаа, дунд сургуульд байхдаа бичиж эхэлсэн. Гэхдээ бичээд хав дарчихдаг байв. Өөрөө л уншдаг. Өөрөө өөртөө зориулж бичдэг ч юм шиг. Бидний үеийн хүүхдүүд ээж, аавынхаа хэлснээр амьдардаг байлаа. Хүссэнээ хийж болохгүй, буруутах юм шиг санана.
Монголбанкны анхны дэд ерөнхийлөгч байсан нагац ахынхаа нөлөөгөөр банкны мэргэжил эзэмшихээр суралцсан түүхтэй. Уг нь хүүхэд байхын монгол хэл, уран зохиолын хичээлдээ илүү дуртай, зарим хүн намайг энэ талдаа авьяастай гэдэг байлаа. Математик чиглэлд бол онц сурдаг бусад хүүхдийн адил бодчихдог л байсан болохоос дурладаггүй байв. 2000 оны эхээр блог гэдэг юм бий боллоо. Интернэт орчинд өөрийн талбартай болж аваад, юу хүссэнээ бичиж, сонирхсон хүмүүстэй хуваалцдаг болсноор анхлан бусдад дотоод сэтгэлээ нээж байв.
-Түүнээс хойш 20-иод жил өнгөрч. Ингээд бодохоор нэлээд урт хугацаанд бичсэнээ хүмүүст хүргэж, уншигчид, хүрээлэлтэй болсон юм байна шүү дээ.
-Тийм ээ. Уншигчид урам өгч, араас түрж байдаг хүч юм шиг санагддаг. Хар аяндаа гэж ярьдаг даа, түүн шиг бодсоноо буулгаж “Алганы хээ” романаа төрүүлж байлаа. Уншсан хүмүүс таалахад, дахиад бичмээр болсон. Санаа, сэдэв цээжинд байдаг, гагцхүү гаргах уу, үгүй юү гэдэг миний мэдэх хэрэг байсан үе. Ер нь хүмүүст хүргэх гэсэн санаа дотор оволзож байх үед би ууланд алхдаг болсон юм. Амьдралын хэв маягаа өөрчилмөөр санагдаад, байгаагаасаа илүү өндөрт тэмүүлж, агаар, салхи хүсэж, тэгэхдээ бүр өндөр уулын оройд сэнгэнэсэн агаараар цээж дүүрэн амьсгалж, тэр ууланд өөрөө авирсаар байгаад гарчихсандаа сэтгэл ханаж зогсмоор ч юм шиг болоод байлаа. Бодол, хүсэл учиртай юм шиг. Би монгол түмний шүтэн, залбирч, хувь заяагаа даатгадаг ч гэхээр хайрхан уулсын нэг Сутайн өвөрт эхээс төрсөн юм. Манайх тэнд намайг ой гаруйтай болтол суурьшаад хот руу нүүж ирсэн айл. Ээжийг энэ тухай ярихад төрсөн газартаа очих сон гэж бодоогүй ч нэлээд хожуу тэр хайрханд очмоор санагдах болсон. Хөдөө явдаггүй, дуртай ч биш хүүхэд хэрнээ тийшээ зүглэмээр болсон минь өөрт ч сонирхолтой байлаа. Одоогоос таван жилийн өмнө ууланд алхаж эхэлсэн л дээ. Улмаар сүүлдээ тамирчин мэт явдаг болов. Өнгөрсөн сарын эхээр “Сүүтэй уулын савдаг” романаараа уран сайхны кино бүтээх гэж буй тухайгаа найз нөхөд, хамтран ажиллагсад, дэмжигчдэдээ мэдээлж, танилцуулсан юм. Тэр үдэш цугласан хүмүүст манай банкны Б.Мэдрээ ерөнхийлөгч хандаж үг хэлэхдээ “Оффисоос гарах нь ховор, үргэлж тооцоо, гэрээ, хэлцэл, гадаадын түншүүд гэж суудаг, тэгээд ч ийм турьхан “амьтныг” уулчин болсон гэхэд ер итгэдэггүй юм. Гэхдээ итгэхээс өөр аргагүй байдалд ордог юм байна. Тэр жил бид хоёр өнөөх барагддаггүй ажлаараа Москва явах боллоо. Оросын хамгийн том банкуудын төлөөлөлтэй уулзаж, гэрээ хэлцэл хийхээр хоёулхнаа явах гэж байхад, нисэх өглөө ирж чадахгүйгээ хэлдэг байгаа. “Яасан бэ” гэхэд ууланд явж байгаад хавиргаа хугалсан гэлээ. Их гайхсан ч үнэмшихгүй гээд яах билээ, цаг нь тулсан ажилд бэлтгэлгүй хэнийг авч явна гэх билээ, ганцаараа очсон шүү дээ” гэж ярьж байлаа. Би биеэр жижиг. Тийм болохоор тэр юм уу, хүмүүс намайг уулчин, Өмнөд Америкийн хамгийн өндөр ууланд авирч, оргилд нь гарсан, мөн дэлхийн бусад өндөр ууланд ч гарсан гэхээр итгэж яддаг юм. Одоо бол мэдэх нь мэддэг. Төрсөн газартаа очиж, нутгийнхан, алтайчууд “Сүүтэй хайрхан” хэмээн шүтдэг Сутайд хөл тавьж санаагаа гүйцээхтэйгээ зэрэг энэ уул савдагтай, тэр нь эмэгтэй хүн байдаг, савдаг уул, усаа хамгаалж ирсэн гэдэг домогт эзэмдүүлж, роман бичих ажилд шуударсан юм.
-Та “Алганы хээ” романдаа юм л бол хэцүү, туулж барамгүй мэтээр бичиж, дүрсэлж ирсэн 1990-ээд онд олон залуу, гэр бүл шударгаар хөдөлмөрлөж, амжилт олж, тэрхүү он жилүүдийг гэгээлгээр туулсан тухай хөндсөн. Харин “Сүүтэй уулын савдаг” тань тэс өөр сэдэвтэй. Мөнх цаст ян сарьдаг, түүний оргилыг эзлэгч уулчин бүсгүй, хайрхныг насаараа хамгаалж буй өвгөн, хүн чанар, хүн, байгалийн далд холбоо зэргийг адал явдал өрнүүлэн бичсэн. Хэлэх гэсэн гол санаагаа тодруулах уу?
-Амьдрал бол үнэнч сэтгэл, нөхөрлөл, хайр дээр тогтдог юм. Энэ холбоо, орчил нь эх байгалиа дээдлэх, хайрлан хамгаалах мөн чанарт суурилдаг гэдгийг өөрөө танин мэдэж, мэдэрсний үндсэн дээр бусдад хэлэхийг зорьсон. Өнгө, мөнгө, зугаа цэнгэл бол түр зуурынх. Ёс жудаг бүхий, ухаалаг, эгэл энгийн амьдрал ертөнцийг аварна гэсэн үзэл ч гэж хэлж болно. Өнөөгийн бид, ялангуяа асуудлаас асуудлын дунд дөжирчихсөн, хүн чанараа гээж, хөндий хүйтэн, цэвдэг сэтгэлтэй мэт болсон зарим нь энэ тухай бодох сөхөөгүй, өдөр хоногийг өнгөрөөх болсонд шүүмжлэлтэй ханддаг. “Сүүтэй уулын савдаг” бол хэвлүүлснээ тоолбол тав дахь, харин уран зохиолын гэвэл дөрөв дэх ном минь. Түрүүчийн бүтээлүүдэд шүүмжлэгчдийн хэлснийг, бичсэнийг ихэд анхаарч, удаан бодож байж гаргасан. Сэтгэл зүрх минь уран зохиолд татагдаад байдаг, гэтэл бичих авьяас ч юм уу, өгөгдөл нь надад байна уу, болохгүй бол, байхгүй юм бол болих уу, аль эсвэл өөрөөр оролдох уу гэх зэргээр өөрөө өөртэйгөө нэлээд ярьж, зарим талаар бясалгаж бичсэн. Сүүлийн үед нэг бус шүүмжлэгч арилжааны ном бичдэг нөхөд олширлоо гэх зэргээр дуугарч буй нь нөлөөлж, үнэнийг хэлэхэд ном гаргасныхаа дараа тэгж хэлүүлмээргүй санагдаж байсан тул олон талаар хичээж бичсэн л дээ. Гэхдээ цаанаасаа л дурлаж, бичмээр санагдаж туурвисан бүтээл. Азаар уран зохиол бичдэг хүмүүст таалагдсан. Хэн ч энэ ном биш, роман биш гэж хэлээгүй. Харин ч магтуулсан.
-Өмнөх үгийг нь Төрийн соёрхолт зохиолч Д.Норов бичсэн юм билээ. Тэрбээр “Зарим нөхдийн зохиолд ийм гүн, ийм жин, ухаарал бясалгал дутаж байдаг. Тэдний дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэсэн мэт ийм бүтээлтэй таарсандаа олзуурхаж байна” гэсэн байна лээ.
-Бичиж дуусаад үг хэлэх, болоогүй бол шууд үнэнийг өчих хүнд уншуулъя гэж шийдээд, Говь-Алтайн уугуул гэдгийг мэдэж байсан болохоор Д.Норов гуайд хандсан юм. Хэвлүүлэх гэж байсан эхээ өгөөд, “Хэр удаан унших бол” гэж хамгийн түрүүнд бодсон. Тэгтэл хоёр хоногийн дараа “Уншчихлаа. Хоёулаа уулзах уу” гэхээр нь сэтгэл ихэд догдолсон. “Таалагдсан болов уу, яасан бол” гэж бодсоор очиход “Чи сэтгэл бичжээ. Эрээвэр, хураавар түүх бичээгүй аж. Хүний дотоод руу өнгийх гэж оролдсон байна. Сэтгэл бичдэг хүнийг дэмжинэ, хүндэлнэ” гэхээр нь сая санаа амарсан. Баярласандаа болоод юу хэлэхээ ч мэдэхээ больсон. Зөвлөснийх нь дагуу бага зэрэг засах болсон. Домгийн сэдэвтэй, тэгсэн мөртлөө орчин үеийн амьдралын тухай зохиол болохоор чухам яаж засахаа нэлээд бодлоо. Нэг өглөө гэнэт шийдлээ олчих шиг санагдаад хурдхан засаж бичээд, аваачиж үзүүлтэл өнөөх эхийг духанд минь адис өгч байгаа юм шиг хүргэснээ “Болчихжээ. Чиний номд би өмнөх үг бичих хувьтай юм байлгүй. Хур бороо ч орлоо” гэсэн. Бид сүүдрэвчид сууж байтал бороо орж эхэлснийг би анзаараагүй байлаа. Ийм л юм болсон юм. Цаст уулан дахь замыг минь зааж өгсөн хайрхан бол Сутай. Тэнд төрсөн хэрнээ олон жил очоогүй хүүгийн, охины сэтгэлийг дэвсэж гэх үү, ном бичсэндээ баярладаг. Одоо уран сайхны кино болгож Монголын онгон дагшин байгаль, уул, усны гайхамшиг, байгалиа шүтэж, тахин дээдэлж, амьдрал ахуйгаа авч явдаг эгэл жирийн монголчуудын тухай, хүн, байгалийн далд холбооны ч сэдвийг сайтар гарган, таниулсан уран сайхны кино хийж, олон улсын наадмуудад сойно гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ номын агуулга бүхэлдээ зөвхөн Сутай хайрхны тухай биш юм. Монголын бүхий л хайрхны тухай өгүүлэл, дуулал ч гэж ойлгож болно. Таван Богд, Отгонтэнгэр, Мөнххайрхан, Дэлгэрхаан, Мөнхсарьдаг гээд онгон дагшин уул нуруудын алиных нь ч ялгаагүй сүр хүчийг мэдэрсэн өчүүхэн хүний мэдрэмжийг багтаасан. Номын гол дүр Ирмүүн гэдэг эмэгтэй. Өнөөгийн, оффисын ажилтай, 30 гаруй насны бүсгүй. Амьдралдаа тавьсан зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэн ч хүн болж төрсний хувьд хийх ёстой ямар нэгэн, хувь заяаны төөргийн ч юм уу, нэг үйл дутуу юм шиг санагдаад, үндсэндээ бачуурдаг юм. Ямар нэг юм хийх ёстой гэдгээ мэдээд байдаг ч юу хийхээ мэддэггүй тийм бүсгүй хэрхэн шийдэн, зориглож аян замд гарснаар, ямар гээчийн адал явдал туулдаг, тэр хоорондоо амь эрсэдсэн хэд хэдэн тохиолдлыг хэрхэн давж гарсан тухай өгүүлнэ.
-Уншаагүй хүмүүст тун сонирхолтой, таавар мэт санагдах байх. Уншсан хүмүүс романаар кино хийх гэж байгааг дуулаад баярлах болов уу?
-Зарим найз, нөхдөдөө хэлсэн. Мөн дээр хэлсэнчлэн танилцуулах үдэшлэг зохион байгуулсны дараа амжилт хүсэж, юугаар тусалж, дэмжих вэ хэмээн асууж утасдсан, уулзсан хүн олон. Зураг авах ажлаа болж өгвөл таслахгүй төлөвлөсөн хугацаандаа амжуулахыг хичээж байна.