Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тээврийн жолооч Д-гийн 1-р хавьтагчтай ойр байсан нэгэн иргэн арваннэгдүгээр сарын 15-нд Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл сумд очсоныг хуулийнхан тогтоожээ. Улмаар аймгийн Онцгой комиссын шуурхай баг тус суманд очиж, яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайн иргэний түргэвчилсэн оношилгооны хариу эерэг гарсан бөгөөд PCR шинжилгээ хийлгэхээр сорьцыг нийслэл рүү илгээхэд батлагдсан байна. Тус суманд шуурхай штабын бүлэг байгуулж, сумын онцгой комисстой хамтран сэжигтэй тохиолдол илэрсэн бүсэд хөл хорионы дэг журам тогтоон, тандалт судалгаа хийн ажиллаж байна. Тухайн иргэн мах, гурил ачсан хүнс тээвэрлэлтийн машинаар Архангайд очсон гэнэ. Цагдаагийн байгууллагаас уг иргэнийг шалгаж байна. Мөн эмч мэргэжилтнүүд түүний уулзсан хүн, явсан чиглэлийг тогтоон ажиллаж эхэлжээ. Урьдчилсан байдлаар тухайн иргэн Архангай аймаг дахь хүүдээ халдвар тараасан нь ил боллоо. Өөрөөр хэлбэл, хөл хорионы үед хотоос гарч Архангайд очсон иргэний хүүгээс шинжилгээ авахад хариу нь мөн эерэг гарлаа. Мөн түүний ойрын хавьтлын 43 хүнийг тусгаарлаж шинжилгээ авах ажил үргэлжилж байна.